| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2017/00603/И |
| Дугаар | 140 |
| Огноо | 2017-02-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 140
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалан тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, Өнөр хороолол, 12 дугаар байрны 260 тоотод оршин суух, 1967 онд төрсөн, эмэгтэй, РД: ЧР67102668, Зуутраг овогт Загирын Оюундэлгэрийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 25 дугаар байрны 6 тоотод оршин суух, 1981 онд төрсөн, эрэгтэй, РД:ОЮ81051410, Боржигон овогт Ядамцоогийн Хонгорзул,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 25 дугаар байрны 6 тоотод оршин суух, 1985 онд төрсөн, эмэгтэй, РД:ОО85050965, Бөхөөнхөн овогт Эрдэнэ-Очирын Ариунбилэг нарт холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 6.000.000 төгрөг, алданги 2.910.000 төгрөг, нийт 8.910.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, байрны метр квадратын зөрүү болон хэмжилт хийлгэсэн төлбөр нийт 9.670.300 төгрөг гаргуулах, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Болормаа, хариуцагч Я.Хонгорзул, Э.Ариунбилэг, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Лхагважав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.Оюундэлгэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие
З.Оюундэлгэр нь Я.Хонгорзул, Э.Ариунбилэг нартай харилцан ярилцаж тохиролцоод 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу миний бие нь 12.545.600 төгрөгийг 2 сар, 3 хоногийн хугацаатай хүүгүй зээлсэн болно. Зээлийн гэрээний дагуу мөнгийг 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 450.000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр үлдэгдэл 12.095.600 төгрөгийг төлөх ёстой байсан. Зээлдэгч нар эхний төлөлт болох 450.000 төгрөгийг хугацаа хэтэрч цувуулж өгсөн, дараа нь 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 95.600 төгрөг өгсөн, үлдэгдэл мөнгөнөөс 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 6.000.000 төгрөг өгсөн. Гэтэл зээлийн гэрээнд заасны дагуу үүргээ гүйцэтгэхдээ 6 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 12.000.000 төгрөгийн төлөлт дээр 7 хоногийн хугацаа хэтрүүлсэн. Зээлийн гэрээний үлдэгдэл 6.000.000 төгрөгийг гэрээнд заасан хугацаа өнгөрчихөөд байхад зээлдэгч Я.Хонгорзул, Э.Ариунбилэг нар нь одоог хүртэл төлөхгүй байгаа бөгөөд уулзаад мөнгөө нэхэхэд “Чаддаг юм бол шүүхээр шийдүүлээд ав” гэж хэлсэн. Мөн зээлийн гэрээгээр хүүгүй мөнгө зээлсэн боловч, гэрээнд заасан хугацаанд үүргээ гүйцэтгээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор тохирсон болно. Иймд зээлдэгч Я.Хонгорзул, Э.Ариунбилэг нараас зээлийн үүргийн гүйцэтгэлд 6.000.000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл хугацаа хэтэрсэн 90 хоногийн алданги 2.910.000 төгрөг, нийт 8.910.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлага хэвээр байгаа. Нэхэмжлэлээ дэмжиж байна. Миний бие З.Оюундэлгэрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр энэхүү шүүх хуралдаанд оролцож байгаа. 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр З.Оюундэлгэр нь Я.Хонгорзултай зээлийн гэрээ байгуулж, 12.545.600 төгрөг зээлүүлсэн байдаг. Я.Хонгорзул нь 2016 оны 4 дүгээр сарын 25-нд 450.000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 30-нд 95.600 төгрөг, 6 дугаар сарын 22-нд 6.000.000 төгрөг тус тус төлсөн. Үлдсэн мөнгөө төлөхгүй 90 хоногийн хугацаа хэтэрсэн тул уг хоногийн алданги тооцож нийт 8.910.000 төгрөг нэхэмжилж байгаа юм байна. Зээлийн үлдэгдэл 6.000.000 төгрөг, түүний алданги 2.910.000 нийт 8.910.000 төгрөгийг Я.Хонгорзул, Э.Ариунбилэг нараас гаргуулж өгнө үү. Зээлийн гэрээний хувьд хүчин төгөлдөр гэж үзэж байгаа. Учир нь эрх зүйн бүрэн чадамжтай, эрх, үүргээ ойлгосон насанд хүрсэн иргэд хоорондоо гарын үсэг зурж баталгаажуулсан гэрээ байгаа юм. Мөн метр квадратын дутуу болон хэмжилт хийлгэсэн хөлс гэх нийт 9.670.300 төгрөг гаргуулах болон зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Я.Хонгорзул шүүхэд шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Миний бие Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, Галдан бошигт хорооллын 25 дугаар байранд 52.49 метр квадрат талбай бүхий 2 өрөө байрыг 2016 оны 5 дугаар сарын 21-ний өдөр худалдан авсан бөгөөд бидэнд анх байраа үзүүлэхдээ “52 метр квадрат” гэж байсан боловч “Үл хөдлөх хөрөнгө худалдан авах гэрээ” хийх үед 52.49 метр квадрат болон хувирсан. Тус гэрээнд сууцны бус зориулалттай туслах талбай болох тагтыг 100% бүтнээр байрны метр квадратад оруулж тооцсон ба тухайн үед Барилгын хууль тогтоомжийн дагуу тагтыг 0.3%-иар тооцож хасах байсан байна. Бид тухайн үед хуулийн болон орон сууцны талаарх мэдлэг байгаагүй учир “Мөнгөн хээ” ХХК-ийн 52.49 м.кв гэдэг үгэнд нь итгэж гэрээ хийсэн. Бид анх байранд орохдоо З.Оюундэлгэрт 11.000.000 төгрөг өгч орсон. Дараа нь 2016 оны 4 дүгээр сарын 12-нд банкнаас байрны үнийн дүнгийн 70 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө болох 44.000.000 төгрөгийг тус компаний дансанд шилжүүлсэн, улмаар 2016 оны 4 дүгээр сарын 25-нд 95.600 төгрөгийг бэлнээр, 2016 оны 6 дугаар сарын 22-нд 6.000.000 төгрөгийг Б.Баттүшигийн дансанд тус тус шилжүүлсэн, үлдэгдэл 6.000.000 төгрөгийг манай орон сууцны зээл МИК-д худалдагдсаны дараа буюу эхнэр бид хоёр цалингийн зээл авах эрх үүссэн үед авч төлөхөөр тохиролцсон. Гэтэл тус компани уг тохиролцоогоо зөрчиж, хүчин төгөлдөр бус гэж тооцогдох гэрээний дагуу алданги тооцож нэхэмжилсэнийг хүлээн зөвшөөрөхгүй тухайгаа хариуцагчийн тайлбарт дэлгэрэнгүй тусгасан билээ. 2016 оны 2 дугаар сард аймгийн ЗДТГ-ын Барилгын мэргэжилтэн С.Ганхуяг, 8 дугаар сард Дулааны 2-р станцын мэргэжлийн хүмүүсээр байрны талбайн метр квадрат хэмждэг зориулалтын электрон багажаар хэмжилт хийлгүүлэхэд манай байр 48 метр квадрат болох нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл уг компаний гаргаж өгсөн барилгын зураг нь худлаа байгааг дээрхи хүмүүс батлан хэлж байсан. Улмаар миний бие уг хэмжилтийг баталгаажуулж тус аймагт барилгын метр квадрат хэмжих эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж болох “Оюу сувд дэлгэрэх” ХХК-иар худалдан авсан байрныхаа метр квадратын хэмжилтийг хийлгэхэд 48.11 метр квадрат буюу 4.38 метр квадрат дутсан нь хөдлөшгүй нотлох баримтаар тогтоогдсон болно. Би байрны урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл болох 12.000.000 төгрөгөөс 6.000.000 төгрөгийг “Мөнгөн хээ” ХХК-ийн захирал Х.Батчулууны хүү Б.Баттүшигийн Хас банк дахь дансанд 2016 оны 6 дугаар сарын 22-нд шилжүүлсэн. Ганцхан миний худалдан авсан байрны метр квадрат дутаж байгаа биш бүх оршин суугчдын байрны метр квадрат дутаж байгаа нь үнэн бөгөөд байрны метр квадратын зөрүү болох 4.38x1.280.000=5.606.400 төгрөг, хэмжилт хийлгэсэн төлбөр 48.000 төгрөг, уг орон сууцны бүх айлыг 1.200.000 төгрөгөөр тооцож оруулсан байхад манайхыг 1.280.000 тооцож байранд оруулсан нь хууль бус бөгөөд, иймд метр квадратын зөрүү болох 80x48.11=3.848.800 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 167.100 төгрөг нийтдээ 5.606.400+48.000+3.848.800+167.100=9.670.300 төгрөгийг тус компаниас гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Мөн 2016 оны 6 дугаар сарын 12-ны өдөр илт хууль бус аргаар байгуулагдсан зээлийн гэх гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар сөрөг нөхэмжлэл гаргаж байна” гэжээ.
Хариуцагч Я.Хонгорзул шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би шүүхэд тайлбар гаргаж өгөхдөө дэлгэрэнгүй бичсэн байгаа. Зээлийн гэрээнд гарын үсэг зурахдаа Иргэний хуулийн 59, 60 дугаар зүйлийг зөрчиж байгуулагдсан. Илт хууль бус, худалдан авагчийг ноцтой төөрөгдөлд оруулж гарын үсэг зуруулсан гэж үзэж байгаа. Тухайн үед ямар нөхцөл байдалд зээлийн гэх гэрээ байгуулагдсан гэдгийг бидний хажууд тэр тусмаа байгаагүй Б.Баттулга гуай нотлох ямар ч боломжгүй нь хэн бүхэнд тодорхой байхад намайг гүжирдэн гүтгэсэнд гомдолтой байна. Миний бичсэн тайлбар дотор худал зүйл нэг ч байхгүй гэдгийг байрны оршин суугчид нотлоно. Шүүхээс гэрчээр дуудаж мэдүүлэг авсан зөвхөн 4 хүний өгсөн мэдүүлгээс үзэхэд л Иргэний хуулийн 59, 60 дугаар зүйлийг зөрчиж байгуулсан уг зээлийн гэх гэрээ хүчин төгөлдөр бус болох нь нотлогдож байна. “Мөнгөн хээ” ХХК нь анх айлуудыг оруулахдаа орон нутгийн телевизүүдэд зар өгч, уг байранд орсон хүмүүсийн дунд автомашины сугалаатай хэмээн худал сурталчилж байж хүмүүсийг оруулсан нь үнэн бөгөөд үүнийг тухайн САМА, МВС телевизүүд болон байрны оршин суугчид бүрэн нотлоно. Одоог хүртэл уг амлалт нь биелээгүй байгаа бөгөөд оршин суугчдыг байрандаа оруулахын тулд Увс аймгийн олон нийтийн дунд худал зар явуулж автомашинаар түрий барьж оршин суугчдыг хууран мэхэлсэн болох нь тодорхой байна. Уг компаний явуулж байсан реклам нь САМА телевизэд хадгалагдаж байгаа бөгөөд уг бичлэгийг миний бие утсан дээрээ хуулбарлаж авсан болно. Б.Баттулга гуай намайг З.Оюундэлгэртэй зээлийн гэрээ байгуулах саналыг өөрөө гаргасан гэж гүжирдэн гүтгэжээ. Би тийм санал гаргаагүй бөгөөд гаргах ч боломжгүй гэдгийг шүүх тогтооно гэдэгт бүрэн итгэлтэй байна. Уг зээлийн гэх хууль бус гэрээг байгуулсан орон сууцны айлууд гэрээ байгуулах саналыг хэн гаргасан гэдгийг нь бүрэн нотлож байгаа. Гэрчүүдээс авсан мэдүүлгээр ч, зээлийн гэх гэрээ байгуулах саналыг хэн гаргасан гэдэг нь нотлогдож байгаа билээ. “Мөнгөн хээ” ХХК-ийн захирал Б.Батчулуун, түүний эхнэр З.Оюундэлгэр, хүү Б.Баттүшиг нар нь банкнаас орон сууцны үнийн дүнгийн 70 хувьтай тэнцэх хэмжээний зээлийг оршин суугчийн нэрээр гаргуулж авахын тулд тухайн хүний /тухайлбал миний/ нэрээр өөрөө өөрийнхөө дансанд мөнгө оруулан гаргах байдлаар банкны зээлийн эдийн засагчид зээлийн материал бүрдүүлж өгсөн. Өөрөө өөрийнхөө дансанд мөнгө оруулан гаргаж байгаа энэхүү үйлдэл нь өөрт нь ямарваа нэг хохиролгүй бөгөөд мөнгө зээлсэн гэж үзэх боломжгүй юм. Харин үүнийхээ дараа тухайн иргэнд банкнаас зээл олгохоор шийдвэр гармагц өөрийнхөө дансанд өөрөөсөө оруулан гаргасан мөнгөө тухайн иргэнээр шуурхай төлүүлж авахаар зээлийн гэрээ гэх, тухайн иргэн төлөх боломжгүй нөхцөл, хугацаатай, хугацаанд нь төлөөгүй тохиолдолд өндөр алданги тооцогдох гэрээг хууль бус аргаар байгуулахаар оршин суугчдыг хууран мэхэлж гарын үсэг зуруулсан нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа билээ. Уг зээлийн гэх хууль бус гэрээг оршин суугчидтай байгуулахдаа ихэвчлэн тухайн иргэний банкнаас авсан зээл нь Монгол банкны дэргэдэх Монголын Ипотекийн корпорац /МИК/-д худалдагдсаны дараа цалингийн зээл авч төлөхөөр тохиролцож гарын үсэг зуруулсан нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа билээ. Өөрөөр хэлбэл “Тухайн гэрээний нөхцөл болон хугацааг огт мөрдөхгүй, танай зээл МИК-д бүртгэгдсэний дараа үлдэгдэл мөнгөө өгч болно” хэмээн оршин суугчдыг хууран мэхэлж, түүнчлэн ипотекийн гэрээгээр барьцаалан хүч түрэх аргаар гэрээ байгуулсан болох нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байна. Манай Увс аймгийн барилгын компаниуд нэр хүндээ бодсон ч гэсэн, хэзээ ч ийм зүйлд холбогдож байгаагүй юм билээ. Улаанбаатар хотын компани аргагүй өөр байдаг юм байна. Нэмэлт мэдээлэл өгөхөд тухайн иргэний банктай байгуулсан орон сууцны зээлийг Монгол банкны дэргэдэх Монголын Ипотекийн Корпорац /МИК/ худалдан авсаны дараа уг оршин суугч дараагийн зээл авах эрх үүсдэг бөгөөд энэ хүртэл ямарваа зээл тухайн иргэнд олгогдохгүй, зээл олгох боломжгүй, зээл олгохоос татгалздаг гэдгийг банкны эдийн засагчид нотолно. Гэтэл З.Оюундэлгэр нь үүнийг мэдсээр байж, тухайн иргэнтэй хууль бус аргаар байгуулсан зээлийн гэх гэрээгээ баримтлан, бэлнээр мөнгө өгч зээлүүлсэн мэтээр иргэдийг “Мөнгөө өг, өгөхгүй бол шүүхэд өгнө шүү” хэмээн байнга дарамталж, цалингаас өөр орлогогүй, амьдрах гэж ядаж яваа иргэдийг хохироож байгааг зээлийн гэх гэрээг түүнтэй байгуулсан оршин суугчид болон шүүхэд мэдүүлэг өгсөн гэрчүүд нотлож байна. Намайг орон сууцны зээл авах үед “Мөнгөн хээ” ХХК-ийн захирал Б.Батчулуун түүний эхнэр З.Оюундэлгэр, хүү Б.Баттүшиг нар бүгд хамт байсан бөгөөд, миний нэрээр өөрийнхөө дансанд өөрөөсөө мөнгө оруулан гаргах процесс Хаан банкны 2 давхарын VIР теллерийн өрөөнд 10 хүрэхгүй минутад болоод өнгөрсөн. Өөрөөр хэлбэл, өөрийнхөө дансанд өөрийнхөө мөнгийг миний нэрээр хийлгүүлсэн. Манай эхнэр “Бусад байртай харьцуулахад тааз нь намхан, цонхоор хүйтэн их орж байна” гэж хэлсний төлөө орой нь манай гэрт орж ирж загнаж, З.Оюундэлгэрийн дарамт, заналхийлэлд өртөж байсан тохиолдол урьд нь гарч байсан. Б.Баттулга гуай намайг хүний эрхийн хуульч хэмээн З.Оюундэлгэрийг дарамталсан, ёс зүйгүй хүн гэжээ. Би хэзээ ч тийм зүйл хийх хүн биш гэдгийг миний найз нөхөд, урьд нь ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа байгууллага, хамт олон бүрэн нотолно. Байрны метр квадрат зөрүүтэй болох нь “Оюу сувд дэлгэрэх” ХХК болон “Барилгын инженерүүд” ХХК-ийн хийсэн хэмжилтүүдээр тус тус тогтоогдож байна. Иймд З.Оюундэлгэрийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Э.Ариунбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бид байраа 52.49 метр квадрат гэдгийг З.Оюундэлгэрийн амаар хэлсэн үгэнд хууртаж авсан. Байр авах гэж байхад уг барилгын зураг үзнэ гэхэд зураг төслөө үзүүлээгүй. Уг байранд ороод харахад жижиг харагдаж байсан. Бид тухайн үед түүний хэлснээр 52.49 метр квадрат хэмжээтэй байранд орж байна гэж ойлгосон. Тэгээд З.Оюундэлгэрт байрыг хэмжих шаардлага тавьж үзсэн боловч хариуд нь бид стандартын дагуу барилга барьдаг хүмүүс гэж хэлсэн. Тэгээд тэдний үгэнд эргэлзээд хэмжилт хийлгэхэд 48.02 метр квадрат байсан. Удалгүй З.Оюундэлгэр байрны урьдчилгаанд зээлдүүлсэн мөнгөө нэхсэн бөгөөд бид энэ байрны метр квадрат дутуу байна гэхэд урдаас “чиний хэмждэг зүйл биш , чи чадахгүй” гэж хэлсэн. Тэгээд гэрээ байгуулахдаа дарамт үзүүлж байж гарын үсэг зуруулж аваад явсан. Бидэнд худал хэлж дутуу метр квадраттай байрыг тухайн үед зараагүй бол бид гэр орноо зараад байранд орохгүй л байсан. Байрны бүх зүйл стандартын бус байгаа. Харин байрны чанарын хувьд тусдаа дэлгэрэнгүй бичсэн байгаа. 20-30 см цууралт өгчихсөн байгаа. Өнгөрсөн зун аймгийн хэмжээнд бороо ихээр орж гамшгийн байдал үүссэн бөгөөд энэ үед байрны чанар бүрэн танигдсан. Дутуу метр квадраттай байр зарсанд гомдолтой байна. Бид нарын сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.Оюундэлгэр нь хариуцагч Я.Хонгорзул, Э.Ариунбилэг нарт холбогдуулан зээлийг гэрээнийг гүйцэтгээгүй үүрэг буюу 8.910.000 төгрөг гаргуулах, хариуцагч Я.Хонгорзул, Э.Ариунбилэг нар нь “Мөнгөн хээ” ХХК-иас байрны метр квадратын зөрүү болон хэмжилт хийлгэсэн төлбөрт нийт 9.670.300 төгрөг гаргуулах, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.
Нэхэмжлэгч З.Оюундэлгэр, хариуцагч Я.Хонгорзул, Э.Ариунбилэг нар 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 12.545.600 төгрөгийг 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 450.000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 12.095.600 төгрөг төлөхөөр, энэ хугацаанд хүүгүйгээр зээл олгохоор тохицролцсон байх ба талуудын хооронд Иргэний хуулийн 2814 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Хариуцагч Я.Хонгорзул, Э.Ариунбилэг нар нь зээлийн гэрээний үүрэгт нийт 6.545.600 төгрөг төлсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба одоо зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 6.000.000 төгрөг үлдсэн ба хариуцагч нар нь “Энэхүү гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ тул хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү” хэмээн маргаж байна.
Зээлийн гэрээний 2.3-т “Зээлдэгч нь үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлнө” гэж заасан ба нэхэмжлэгч З.Оюундэлгэр нь 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл 90 хоногийн алданги 2.910.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасантай нийцсэн, мөн хариуцагч Я.Хонгорзул, Э.Ариунбилэг нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй тул хугацаа хэтэрсэн хоног тутамд ногдох алданги төлөх үндэслэлтэй байна.
Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч Я.Хонгорзул, Э.Ариунбилэг нараас нийт 8.910.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч З.Оюундэлгэрт олгох үндэслэлтэй байна.
Байрны метр квадратын зөрүү болон хэмжилт хийлгэсэн төлбөрт нийт 9.670.300 төгрөг гаргуулах, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан байна.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, Галдан бошигт хорооллын 25 дугаар байрны 6 тоотод байрлах, 2 өрөө орон сууцыг 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр “Орон сууц захиалгаар бариулах хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулсан боловч энэхүү гэрээ нь утга агуулгаараа Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243 дугаар зүйлд заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.
Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
Харин худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авах үедээ уг эд хөрөнгийг хүлээн авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдахыг Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заажээ.
“Мөнгөн хээ” ХХК нь худалдан авагчийн өмчлөлд гэрээнд заасан хэмжээнээс бага хэмжээтэй буюу доголдолтой орон сууц шилжүүлсэн хэмээн “Оюу сувд дэлгэрэх” ХХК болон “Барилгын инженерүүд” ХХК-ийн байрны метр квадратад хэмжилт хийсэн хэмжилтүүдийг ирүүлсэн ба “Оюу сувд дэлгэрэх” ХХК-ийн 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн ¹16/10 тоот “Сууц өрөө, тасалгааны хэмжилт хийж, түүний талбайг тооцсон тэмдэглэл гэх баримтыг нотлох баримтаар үнэлээгүй ба учир нь уг хэмжилтийг хийсэн М.Оюунцэцэг нь тухайн хэмжилт хийх үедээ Барилгын хөгжлийн төвийн “Барилгын нэгдсэн мэдээллийн сан”-д бүртгэгдээгүй байхдаа хийжээ.
Харин “Барилгын инженерүүд” ХХК-ийн 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн “Увс аймаг Улаангом сумын “Мөнгөн хээ” ХХК-ийн 24 айлын орон сууцны 6 тоотын дотор талбайн хэмжилтийн зургаар энэхүү байрны нийт талбай нь 48.71 метр квадрат буюу 3.78 мерт квадратаар дутуу болох нь тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгчийн худалдаж авсан орон сууцны талбайн хэмжээ нь гэрээнд заасан 52.49 метр квадратад хүрээгүй буюу “Мөнгөн хээ” ХХК-ийн худалдсан үл хөдлөх эд хөрөнгө нь Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-т зааснаар биет байдлын доголдолтой болох нь тогтоогджээ.
Харин Я.Хонгорзул, Э.Ариунбилэг нар нь орон сууцыг хүлээн авах үедээ талбайн хэмжээ дутуу гэх доголдлын талаар мэдэх боломжтой байхад хүлээн авсан тул Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1-д зааснаар шаардах эрхээ алджээ.
Мөн 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан ба энэхүү гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ болох нь Иргэний хуулийн 43.2.1-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зурсан байгаа тул хэлцэл хийсэн байна. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасан хууран мэхэлж хийсэн хэлцэл, мөн хуулийн 60 дугаар зүйлд заасан хүч хэрэглэж хийсэн хэлцэл болох нь тогтоогдохгүй байна.
Гэрч З.Энхээ, О.Зонховжав, П.Дашдаваа, Б.Одбаяр нарын мэдүүлэгт З.Оюундэлгэр болон Я.Хонгорзул, Э.Ариунбилэг нартай байгуулсан гэрээний талаар бус харин өөрсдийн байгуулсан гэрээний талаар мэдүүлсэн байна. Иймд энэхүү мэдүүлгүүдээр З.Оюундэлгэрийн Я.Хонгорзул, Э.Ариунбилэг нартай байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөрт тооцох боломжгүй юм.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1-т зааснаар хариуцагч нарын гаргасан байрны метр квадратын зөрүү болон хэмжилт хийлгэсэн төлбөрт нийт 9.670.300 төгрөг гаргуулах, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч З.Оюундэлгэрийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157.510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.Хонгорзул, Э.Ариунбилэг нараас 157.510 төгрөг гаргуулж нэхэмжлэгч З.Оюундэлгэрт олгож, хариуцагч Я.Хонгорзул, Э.Ариунбилэг нараас сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 169.675 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Я.Хонгорзул, Э.Ариунбилэг нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 8.910.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч З.Оюундэлгэрт олгосугай.
2. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар “Мөнгөн хээ” ХХК-иас байрны метр квадратын зөрүү болон хэмжилт хийлгэсэн төлбөрт нийт 9.670.300 төгрөг гаргуулах, зээлийн гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай хариуцагч Я.Хонгорзул, Э.Ариунбилэг нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч З.Оюундэлгэрийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157.510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.Хонгорзул, Э.Ариунбилэг нараас 157.510 төгрөг гаргуулж нэхэмжлэгч З.Оюундэлгэрт олгож, хариуцагч Я.Хонгорзул, Э.Ариунбилэг нараас сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 169.675 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР