| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2020/0151/Э |
| Дугаар | 168 |
| Огноо | 2020-04-28 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 168
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов,
Хохирогч М.У,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,
Шүүгдэгч М.Э,
Шинжээч Д.Ө нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт Х овогт М.Э-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2018001960151 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, экскаваторын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эгч, дүүгийн хамт Дархан-Уул аймгийн Шарын гол сум ......... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадваргүй, Х овогт М.Э,
Холбогдсон хэргийн талаар:
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас М.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.Э нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 2020 оны 02 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт баг …. тоотод иргэн М.У хутгаар хатгаж баруун бугалганы шарх бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч М.У ...” Би Шарын голын сум Санжинт баг ......... тоотод өөрийн жаахан охин болон дүү Э хамт амьдардаг юм. Манай дүү Э багадаа гайгүй хүүхэд байсан бөгөөд 6-7 жилийн өмнө ааш авир нь хувирч сэтгэцийн өвчтэй болж хувирсан. Ингээд намайг байнга янз бүрээр хэлж хэл амаар доромжилж уурладаг байсан. 2020 оны 02 сарын 26-ны орой бид 3 унтаж амрах гээд охинтой галын өрөөний шүүгээн дотроос бор иштэй хутга гаргаж ирээд би үхмээр байна гэхээр нь би түүнийг үхэж яах гээд байгаа юм бэ гэж хэлээд загнасан чинь би та нарыг ална гэж хэлээд орны хажууд ирээд миний зүүн гарын булчингийн ойролцоо хутгаараа нэг удаа зүссэн” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/,
Гэрч М.У “...Э нь миний төрсөн дүү байгаа юм. Э нь унаж татдаг өвчтэй группт байдаг. 2017-2018 онд Улаанбаатар хот Шар хадны сэтгэцийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. 2020 оны 02 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Урангэрэлийг хутгалж гэмтээсэн байна лээ. Үүнийг би маргааш өглөө нь буюу 27-ны өглөө У над руу утсаар ярьж намайг Э хутгалчихлаа гэж хэлэхэд нь мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 14/,
Гэрч М.У “...би Э багаас нь буюу 2 сартайгаас нь өсгөж хүн болгосон бөгөөд татаж унадаг өвчтэй байсан. Гэтэл том болох тусам зан ааш нь эвдэрч эгч нарыгаа байнга айлган дарамталж эхэлсэн. Юм л бол хутга шөвөг барих гээд байдаг. Бид нарыг ална, та нар намайг дандаа дарамталдаг, та нар намайг хараалгасан гэх мэтээр янз бүрийн юм ярьж сэтгэцийн өвчин нь илэрч эхэлсэн. Би өөрөө хөдөө мал дээр байдаг, харин Э нь дүү У хамт Шарын гол сумын төвд амьдардаг ба сүүлд У над руу утсаар яриад таныг цагдаагийн газраас дуудуулж байна гэж хэлэхээр нь яасан юу болсон талаар асуухад Эрхбаяр хэд хоногийн өмнө намайг хутгалж гэмтээсэн тэр талаар асуух байх гэж хэлсэн. Энэ үед би У-ийг Э-т хутгалуулсан талаар мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 15/,
Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 224 дугаартай “...М.У биед баруун бугалган дахь шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүртэй багажийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. М.У биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 17-18/ зэргээр хангалттай нотлогдож тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч М.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж үзлээ.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч М.У ...“түүнээс нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн 12/ гэж мэдүүлсэн байх ба шүүгдэгч М.Э бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.
Ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Гэрч М.У “...2017-2018 онд Улаанбаатар хот Шар хадны сэтгэцийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 14/,
Гэрч М.У “...сэтгэцийн өвчин нь дийлдэхгүй болохоор нь Улаанбаатар хотын Шар хадны эмнэлэг болон Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн харьяа сэтгэцийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15/,
Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэцийн тасгийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн №15/20 дугаартай “...М овогтой Э нь уналт, таталт, зан төрхийн өөрчлөлттэй байна. Энэ нь сэтгэцийн өвчний ангилалд хамаардаг учир үйлдсэн хэргийнхээ үйлдлийг тайлбарлах, мэдүүлэх чадваргүй болно. Уналт, таталт, зан төрхийн өөрчлөлт байгаа тул түүнд албадан эмчилгээ шаардлагатай болно. Албадан эмчилгээг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн тусгай тасагт хийлгэх саналтай, М.Э нь хэрэг хариуцах чадваргүй болно” гэх Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн сэтгэцийн байдал тогтоосон магадлагаа /хх-ийн 23/,
Шүүгдэгч М.Э өвчний түүх /хх-ийн 47-66/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч нь сэтгэцийн өвчтэй, гэмт хэрэг үйлдэхээс өмнө болон үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан болох нь тогтоогдож байна.
Эрүүгийн хариуцлага нь ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд “Сэтгэцийн эмгэг, оюун ухааны хомсдлын улмаас өөрийн үйлдлийн бодит шинж чанар, аюултай байдлыг ухамсарлах, удирдан жолоодох чадваргүй болсныг хэрэг хариуцах чадваргүйд тооцно, гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан хүнд ял оногдуулахгүйгээр энэ хуульд заасан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэнэ” гэж заасан тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан ял оногдуулах үндэслэлгүй ба эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах эсвэл сэтгэцийн байдал нь өөртөө болон бусдад аюул учруулахааргүй гэж үзвэл эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхгүйгээр сэтгэцийн эрүүл мэндийн холбогдох байгууллагад эмчлүүлэх, асран хамгаалагчид халамжлуулахаар шилжүүлэх шийдвэр гаргахаар хуульчилжээ.
Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн хэргийн шинж чанар буюу хохирогчийг хэвтэж байхад нь хутгаар гэмтээсэн байдал, шүүх сэтгэцийн шинжээч эмч нарын дүгнэлт, шүүх хуралдаанд оролцсон сэтгэцийн эмчийн шинжээчийн санал зэргийг харгалзан Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн тусгай тасагт 6 сарын хугацаагаар эмчлүүлэхээр шийдвэрлэж, өөртөө болон бусдад аюул учруулж болзошгүй байдлыг харгалзан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авав.
М.Э авсан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээний хугацааг сунгах, өөрчлөх, зогсоох эсэхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжээчийн дүгнэлтийг үндэслэн эмчилж буй эмнэлгийн оршин байгаа нутаг дэвсгэрийн харьяа шүүх шийдвэрлэх, хэрэг хариуцах чадваргүй байдал арилсан бол шүүхээс уг албадлагын арга хэмжээг зогсоож ял оногдуулах, шүүхээс түүнд оногдуулсан ялаас эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан болон цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон хасаж үлдсэн ялыг эдлүүлэх болохыг дурдах нь зүйтэй байна.
Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 9-р сарын 21-ний өдрийн А/240, А/369 тоот хамтарсан тушаалаар баталсан журам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 190 дүгээр зүйлд заасны дагуу эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхийг Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн тусгай тасаг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.
Шүүгдэгч М.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн иштэй, ишэн дээрээ 3 ширхэг тав бүхий хадаастай ажлын хэсэг нь 16.5 см урттай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Э урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1, 19.3, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт М.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1, 7.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт М.Э-т эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн тусгай тасагт 6 /зургаа/ сарын хугацаагаар албадан эмчлүүлсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 190 дүгээр зүйл, Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 9-р сарын 21-ний өдрийн А/240, А/369 тоот хамтарсан тушаалаар баталсан журамд заасны дагуу эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхийг Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн тусгай тасаг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 4, 5, 8 дахь хэсэгт зааснаар М.Э-т авсан эмнэлгийн чанартай арга хэмжээний хугацааг сунгах, өөрчлөх, зогсоох эсэхийг шинжээчийн дүгнэлтийг үндэслэн эмчилж буй эмнэлгийн оршин байгаа нутаг дэвсгэрийн харьяа шүүх шийдвэрлэх, хэрэг хариуцах чадваргүй байдал арилсан бол шүүхээс уг албадлагын арга хэмжээг зогсоож ял оногдуулах, шүүхээс түүнд оногдуулсан ялаас эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан болон цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон хасаж үлдсэн ялыг эдлүүлэх болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт шүүгдэгч М.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн иштэй, ишэн дээрээ 3 ширхэг тав бүхий хадаастай ажлын хэсэг нь 16.5 см урттай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Э урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.Эрхбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД