Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 169

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгч Г.О, Б.Ө, М.У, өсвөр насны шүүгдэгч Б.Т болон тэдний өмгөөлөгч Ө.Өлзиймаа,

Шүүгдэгч Б.Х, өсвөр насны шүүгдэгч Э.Т, тэдний өмгөөлөгч Л.Оюунсувд,

Шүүгдэгч А.З, түүний өмгөөлөгч Б.Дамба, Д.Энхбаатар,

Өсвөр насны шүүгдэгч А.У, түүний хууль ёсны төлөөлөгч, эцэг М.А,

Өсвөр насны шүүгдэгч Э.Т, түүний хууль ёсны төлөөлөгч, эх Т.Э,

Өсвөр насны шүүгдэгч Б.Т, түүний хууль ёсны төлөөлөгч, эх Б.Л нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт А.З, Х овогт Б.Т, Т овогт Э.Т, Х овогт А.У, Б овогт Б.Х, Б овогт Г.О, Ж овогт Б.Ө нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918003810343 дугаартай эрүүгийн хэргийг Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1998 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч, автозасварчин мэргэжилтэй, ГХ ХХК-нд туслах ажилтан ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ........ тоот оршин суух Б овогт А.З,

 

Монгол Улсын иргэн, 2002 оны 05 дугаар сарын 01-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эцэг,эхийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 23-р хороо, .......... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Б.Т,

 

Монгол Улсын иргэн, 2003 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 16 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургуулийн 10В ангийн сурагч, ам бүл 3, эх, эгчийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 23-р хороо, ........ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Т овогт Э.Т,

 

Монгол Улсын иргэн, 2001 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Ромашка бүрэн дунд сургуулийн 12А бүлгийн сурагч, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 23-р хороо, ......... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт А.У,

 

Монгол Улсын иргэн, 1999 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 25-р хороо, ............ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Б.Х,

 

Монгол Улсын иргэн, 2000 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, Будда таун ХХК, туслах ажилтан, ам бүл-3, эх, дүүгийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 19-р хороо, .......... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Г.О,

 

Монгол Улсын иргэн, 1998 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Өлзий чандмань” дэлгүүрт худалдагч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 6-р хороо, ............. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ж овогт Б.Ө,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас А.З, Б.Т, Э.Т, А.У, Б.Х, Г.О, Б.Ө нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

 

     ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

А.Золбаяр, А.З, Б.Т, Э.Т, А.У, Б.Х, Г.О, Б.Ө нар нь 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр бүлэглэн Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрээс сэтгэцэд нөлөөлөх бодис болох дельта-9-тетрагидроканнабинолын агууламж бүхий ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж, 63-12УНЕ улсын дугаартай Тоёото приус 20 маркийн тээврийн хэрэгсэлд хадгалсан болох нь:

 

Гэрч Б.Х “...Би тус өдөр буюу 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэн Дархан сумын 5, 6, 7, 8 дугаар багийн нутаг дэвсгэрийг хариуцан ажиллаж байсан юм. Орой 19 цаг 35 минутын орчимд Дархан сумын 12 багийн нутаг дэвсгэрийн арын шинэ замын ертөнцийн зүгээр зүүн талаас эхний уулзвараар хойд зүгт салаад ойролцоогоор 100 орчим метр зайд шороон зам хэсэгт хар өнгөтэй 62-13УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл явж байхаар нь уг тээврийн хэрэгслийг зогсоож шалгасан юм. Уг машин дотор байсан хүмүүсийн нэрийг нь асууж тодруулахад А.З, Б.Т, Э.Т, А.У, Б.Х, Г.О, Б.Ө гэх 16-20 орчим насны 7 нь өсвөр насны эрэгтэй хүүхдүүд зорчиж байсан. Уг хүүхдүүдийг машинаас буулгаад машин дотор талыг шалгахад машины суудал доогуур гялгар торонд ногоон өнгийн ургамал бүхий зүйл хийчихсэн авч явж байсан. Би тухайн үед хар тамхины мансууруулах үйлчилгээтэй ургамал түүж авч явж байна гэж сэжиг таамаглал төрсөн тул тухайн асуудлыг жижүүрийн бүрэлдэхүүнээр шалгуулах нь зүйтэй гэж бодоод 10 буюу ерөнхий жижүүрт мэдэгдэж тухайн газраас шууд дагуулж яваад цагдаагийн газарт ирж жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 88/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн 3396 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн 1 дугаартай 306г цэвэр жинтэй, 2 дугаартай зиплок түгжээ бүхий 7 г цэвэр жинтэй, 2 дугаартай 304 г цэвэр жинтэй, 3 дугаартай 206 г цэвэр жинтэй, 4 дугаартай 228 г цэвэр жинтэй, 5 дугаартай 143 г цэвэр жинтэй, 6 дугаартай 56 г цэвэр жинтэй, 7 дугаартай 44 г цэвэр жинтэй, 8 дугаартай 2 г цэвэр жинтэй ургамал тус бүрд дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илрэв. дельта-9-тетрагидроканнабинол /delta-9- tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын жагсаалтанд багтдаг” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 160-165/,

 

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-10/,

 

Гэрчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 35-57/,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 58/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн 3390, 3395, 3393, 3394, 3391, 3537, 3392, 3402 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 174-221/ болон шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Өсвөр насны шүүгдэгч, шүүгдэгч нарын түүж, хадгалсан гэх ургамал нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын жагсаалтанд багтдаг дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/-ын агууламж бүхий болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч А.З, Б.Т, Э.Т, А.У, Б.Х, Г.О, Б.Ө нарыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

 

Хохирол, хор уршгийн талаар:

 

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн улмаас мөнгөн дүнгээр илэрхийлэх хохирол тогтоогддоггүй боловч Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэнд, нийтийн болон үндэсний ашиг сонирхолд ноцтой хор хохирол учруулдгаараа ноцтой гэмт хэрэгт тооцогддог.

 

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нь хүний уураг тархи, мэдрэлийн системийг гэмтээдэг ба хар тамхийг анх хэрэглэж эхлэхдээ “Ганц нэг удаа татлаа гээд орчихгүй” хэмээн найдаж, түүндээ лавшран, дараа дараагийн удаа хэрэглэсээр нэг мэдэхэд бүр мөсөн орж, бие сэтгэлээ захирч чадахгүй болж,  донтох эмгэгийг үүсгэснээр юу ч хийхээс буцахгүй байдалд оруулдаг тул хор уршгийг мөнгөөр илэрхийлэх боломжгүй юм.

 

 

Ял, эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “ гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” хүндрүүлэх нөхцөл байдалд тогдоогдож байх ба “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Өсвөр насны шүүгдэгч Б.Т, Э.Т нар нь шийтгэх тогтоол гарах үед 18 нас хүрээгүй, ерөнхий боловсролын сургуулийн сургуульд суралцдаг, Э.Т эх Т.Э,  Б.Т эх Б.Л нарт Б.Т, Э.Т нарыг хараа хяналтдаа байлгаж, хянан хүмүүжүүлэх хүсэлт гаргасан, өсвөр насны шүүгдэгч нар амжилттай суралцан ахин гэмт хэрэгт холбогдохгүй байж чадна гэж амлалт өгсөн зэргийг харгалзан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч А.З, Г.О, Б.Х, А.У, Б.Ө нар нь шийтгэл тогтоол гарах үед 18 насанд хүрсэн байх боловч анх удаа хорих ял оногдуулж болох хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэгт холбогдсон зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүр 1 жилийн хугацаагаар тэнсэв.

 

А.З, Б.Т, Э.Т, А.У, Б.Х, Г.О, Б.Ө нарт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, төлөв томоотой байх, гэм буруугаа ухамсарлаж, хөдөлмөрлөх, амьдрах зөв арга барилд суралцах, өгсөн амлалтдаа хүрэхийг анхааруулж, хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож хорих ял оногдуулах болохыг сануулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нар нь дээрх гэмт хэргийг үйлдэхдээ бусдын өмчлөлийн Тоёота приус-20 маркийн 63-12 УНЕ улсын дугаартай хар өнгийн суудлын авто ашигласан байх ба автомашины үнийг шинжээч Капитал зууч ХХК нь 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр автомашины зах зээлийн үнэ 7.500.000 төгрөг, Кости Эстимэйт ХХК нь 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр автомшины зах зээлийн үнэ 6.200.000 төгрөгөөр тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд хэрэгт авагдсан байна.

 

Иймд дээрх шинжээчийн дүгнэлтүүдээс шүүгдэгч нарт ашигтай байдлаар буюу Кости Эстимэйт ХХК нь 6.200.000 төгрөгөөр тогтоосон шинжээчийн дүгнэлтийг шүүх үнэлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хууль тогтоогч “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэдэгт гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгохоор зааж 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл” гэж заасан нь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна гэсэн агуулгатай байна.

 

Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан тохиолдолд тээврийн хэрэгслийг хураана гэх зохицуулалт нь бусдын өмчлөлийн тээврийн хэрэгслийг гэмт хэрэгт ашигласан тохиолдолд гэмт хэрэгт хамааралгүй этгээдийн хөрөнгийг хурааж болохгүй гэсэн агуулгатай ба тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг ял, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй тул гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч нарын хэрэгт оролцсон оролцоо, тэдний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч А.З 4,200,000, шүүгдэгч Г.О, Б.Х, А.У, Б.Ө нараас тус бүр 500000 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэж, өсвөр насны шүүгдэгч Б.Т, Э.Т нараас гаргуулах төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын  16-ны өдрийн 62 дугаартай “Г.О, Б.Т, Э.Т, Б.Х, А.У, Б.Ө нарыг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамжийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч А.З нь энэ хэрэгт 49 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, шүүгдэгч Г.О, Б.Т, Э.Т, Б.Х, А.У, Б.Ө  нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 8 ширхэг ууттай ногоон өнгийн ургамал бүхий зүйл, 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт хуйлж нүхэлж хийсэн 2 ширхэг нүхтэй жижиг усны сав 1 ширхэг, 3 хос ажлын бээлий, А.З, Б.Т, Э.Т, А.У, Б.Х, Г.О, Б.Ө нарын мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаагаар хурааж авсан А.У гэж хаягласан 3395 гэж дугаарласан, Б.Т гэж хаягласан 3390 гэж дугаарласан, Г.О гэж хаягласан 3394 гэж дугаарласан, 3394, Э.Т гэж хаягласан 3537 дугаарласан, Б.Ө гэж хаягласан 3393 гэж дугаарласан, Б.Х гэж хаягласан 3391 гэж дугаарласан ууттай ногоон өнгийн ургамал бүхий зүйл, мөн яллагдагч нарын 197, 198, 199, 200, 201, 202, 203 дугаартай зөвшөөрлөөр хураан авсан толгойн үс зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгчдэгч Б.Т, Э.Т, А.У, Б.Х, Г.О, Б.Ө нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч А.З-т авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Б овогт А.З, Х овогт Б.Т, Т овогт Э.Т, Х овогт А.У, Б овогт Б.Х, Б овогт Г.О, Ж овогт Б.Ө нарыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Б овогт А.З, Х овогт А.У, Б овогт Б.Х, Б овогт Г.О,  Ж овогт Б.Ө нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр  Х овогт А.У, Б овогт Б.Х, Б овогт Г.О,  Ж овогт Б.Ө нарт нарыг тус тус 1 /нэг/ жил, Б овогт А.З 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын  хугацаагаар тэнсссүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Х овогт Б.Т, Т овогт Э.Т нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд А.З, Б.Т, Э.Т, А.У, Б.Х, Г.О, Б.Ө нарт оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг сануулж, шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Т, Э.Т нарыг хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг эх Б.Л, Т.Э нарт даалгасугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.3, 7.5 дугаар зүйлийн 1, 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Тоёота приус-20 маркийн 63-12 УНЕ улсын дугаартай хар өнгийн суудлын автомашины үнэ 6,200,000 /зургаан сая хоёр зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч А.З 4,200,000 /дөрвөн сая хоёр зуун мянга/ шүүгдэгч Г.О, Б.Х, А.У, Б.Ө нараас тус бүр 500,000 /таван зуун мянга/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

  1. Шүүгдэгч А.З авсан барьцаа болох Дархан-Уул аймаг Сум дундын шүүхийн тамгын газрын барьцаа хөрөнгийн 1190005350 тоот дансанд байгаа 3,000,000 /гурван сая/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хөрөнгө хураах албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

 

  1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын  16-ны өдрийн 62 дугаартай “А.З, Б.Т, Э.Т, А.У, Б.Х, Г.О, Б.Ө  нарыг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамжийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

  1. Шүүгдэгч А.З энэ хэрэг 49 хоног цагдан хоригдсон, бусад шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, өсвөр насны шүүгдэгч Б.Т, Э.Т нараас гаргуулах төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 8 ширхэг ууттай ногоон өнгийн ургамал бүхий зүйл, 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт хуйлж нүхэлж хийсэн 2 ширхэг нүхтэй жижиг усны сав 1 ширхэг, 3 хос ажлын бээлий, Г.О, Б.Т, Э.Т, Б.Х, А.З, А.У, Б.Ө нарын мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаагаар хурааж авсан А.Учрал гэж хаягласан 3395 гэж дугаарласан, Б.Т гэж хаягласан 3390 гэж дугаарласан, Г.О гэж хаягласан 3394 гэж дугаарласан, 3394, Э.Т хаягласан 3537 дугаарласан, Б.Ө гэж хаягласан 3393 гэж дугаарласан, Б.Х гэж хаягласан 3391 гэж дугаарласан ууттай ногоон өнгийн ургамал бүхий зүйл, мөн яллагдагч нарын 197, 198, 199, 200, 201, 202, 203 дугаартай зөвшөөрлөөр хураан авсан толгойн үс зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.О, Б.Т, Э.Т, Б.Х, А.У, Б.Ө нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч А.З авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ГЭРЭЛТ-ОД