Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 170

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов,

Хохирогч Д.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Золзаяа,

Шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт О.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2018000000084 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1981 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, уул уурхайн оператор мэргэжилтэй, Буриад талхны үйлдвэрт түгээгч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт  Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг, ......... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт О.Б,

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

  1. Шүүгдэгч О.Б нь 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг, ........ тоотод оршин суух иргэн Ц.Д байшингийн цонхоор нэвтэрч орж хар өнгийн эрэгтэй булган малгай, хар өнгийн эрэгтэй савхин куртка, хар өнгийн гэртэй, бор өнгийн иштэй хутга, тогооны өрөм зэргийг хулгайлж 414,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Ц.Д “...Одоо бодоод байхад 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр шиг санаж байна. Ажлаа тараад гэртээ иртэл байшингийн тамбарын цонхыг хөшиж онгойлгоод хулгай орж эд зүйлс алдагдсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 215/,

 

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 212-213/,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 216- 217/,

 

Гэрч Г.Бы “...эхэндээ мэдээгүй байж байгаад сүүлдээ сахлын машинаа хайгаад олдохгүй болохоор нь гэрээс эд зүйлс алдагдаж хулгай орсныг мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 222/,

 

“Капитал зууч” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн “...Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар 454,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хх-ийн 236-237/,

 

Шүүгдэгч О.Б “...вакум цонхны хэлийг түлхээд онгойлгож ороод эрэгтэй хүний савхин куртик, булган малгай, тогооны өрөм, хутга зэргийг авсан. Мөнгөн бөгж сахлын машин аваагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 241/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хохирогч 2 ширхэг мөнгөн бөгж, сахлын машин алдагдсан гэж мэдүүлж байх боловч шүүгдэгч уг эд зүйлийг авсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул уг үйлдэл, холбогдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

  1. 2019 оны 10 дугаар сард Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг, ........... тоотод оршин суух иргэн Б.М байшингийн цонхыг эвдэн орж Тошиба брэндийн зөөврийн компьютер,  дагалдах хэрэгсэл болох чихэвч, цэнэглэгч, мауз буюу хулгана, маузны дэвсгэр зэргийг хулгайлж 185,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Б.М “...Би Дархан сумын 3-р баг ..... тоотод амьдардаг. 2019 оны 10 дугаар сард өдрийг сайн мэдэхгүй байна, манай гэрт хулгай орж нөүтбүүк алга болсон, тухайн үед цагдаад дуудлага өгөөгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 186/,

 

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 182-183/,

 

“Капитал зууч” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн “...Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар 185,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хх-ийн 193-194/, 

 

Шүүгдэгч О.Б “...2019 оны 10 сард худгаас ус авах гээд явж байтал 3, 4-р анги болов уу гэмээр нэг эмэгтэй хүүхэд миний хажуугаар гарахдаа ээжтэйгээ “гэрийн түлхүүрийг хаалганы хажууд трубанд хийсэн” гэж ярихыг сонсож гэрийн түлхүүрийг аваад тошиба брэндийн нөүтбүүк дагалдах хэрэгслийн хамт аваад түлхүүрээр нь цоожлоод түлхүүрээ байсан газар нь хийсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 198/ зэрэг нотлох баримтуудаар,

 

  1. 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг, ........... тоотод оршин суух иргэн Д.А байшингийн цонхоор нэвтэрч хөөрөг, хөөрөгний даалин зэрэг зүйлийг хулгайлж 280,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Д.Ам “...Би Дарханд ирээд юмаа бүртгэж үзэхэд манай байшингийн тамбарын вакум цонхны бариулын харалдаа нүх гаргаад цоолоод тэрүүгээрээ хөшиж онгойлгож ороод дотор бүргэд хаалгыг хөшөөд эвдчихсэн байсан. Тэгээд юм аа бүртгэж үзэхэд сервантанд байсан сүүлийн үеийн дунд гарын чүнчигноров хөөрөг, зүү ороосон бөөрөн дээрээ 2 очир зөрүүлсэн цэнхэр оруулгатай шар эрээн өнгийн даалингийн хамт алга болсон байсан” гэх мэдүүлэг/хх-ийн 10-11/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 03/,

 

Гэрч Н.Х “...Г аав ээж нь настай хүмүүс бөгөөд аавыг нь А гэдэг юм. Би хашаагаар нь ороод хропоо үзээд байшингийнх нь урд байж байтал Г байшин руугаа ороод удаагүй гарч ирээд хулгай орчихсон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь тамбарын хаалгаар нь шагайж харахад байшингийн дотор бүргэд хаалга онгорхой эвдчихсэн байдалтай байсан. Тэгээд бид хоёр ороод цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 14/,

 

Хөөрөг хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэлд /хх-ийн 7-8/,

 

“Капитал зууч” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “...Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 580,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хх-ийн 16-17/,

 

Шүүгдэгч О.Б “...2020 оны 01 сарын 13-ны өдөр 08-09 цагийн үед 95-р брак руу ажилдаа явж байсан юм. явах замдаа ТМС-ийн арын толгойн үерийн далангийн ард эзэнгүй айл байхаар нь хашааны хаалгыг гараа оруулаад гадна талаас онгойлгосон. Байшингийн үүдний амбаарын вакум цонхыг түлхэж ороод дотроо бүргэд хаалгатай болохоор үүдэнд нь байсан лоомоор бүргэд хаалгыг хөшиж ороод айлын сервантанд дээр ил байсан шар эрээн даалинтай хөөргийг аваад буцаад гарсан. Даалин нь гээгдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 24/ зэрэг нотлох баримтуудаар,

 

  1. 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг, .......... тоотод оршин суух Д.О гэрийн хаалганы цоожыг мушгин нэвтэрч 42 инчийн ЛЖИ маркийн телевизорыг хулгайлж, 300,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь :

 

Хохирогч Д.О “...2020 оны 01 сарын 27-ны орой 20 цагийн үед хорооллын гэрээс юм авах гэж очтол хаалга нь онгорхой цоожийг нь эвдэж ороод ЛЖ маркийн 42 инчийн хар өнгийн зурагт алдагдсан байсан” гэх мэдүүлэг, /хх 155-156 тал/

 

Гэрч Л.М “...2020 оны 01 сарын 27-ны орой 20 цагийн үед хорооллын гэрээс юм авах гээд очтол зурагт алга болсон байсан” гэх мэдүүлэг/хх-ийн 159-160/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 146/,

 

Эд зүйл хураан хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 148-149/,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураг /хх-ийн 150-154/,

 

“Капитал зууч” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн “...Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар 300,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хх-ийн 164-165/, 

 

Шүүгдэгч О.Б “...Би гэр рүүгээ харих замдаа ТМС-ийн талд ойрд хүн ирээгүй бололтой, яндангаас утаа гарахгүй эзэнгүй айл байхаар нь хашааны хаалгыг онгойлгож ороод Монгол гэр байхаар нь үүдний амбаарын хаалгыг мушгиж ороод 42 инчийн хар зурагт аваад боогоод гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 162/ зэрэг нотлох баримтуудаар,

 

  1. 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5-р баг, .......... тоотод оршин суух Г.Н байшингийн бүргэд хаалгыг эвдлэн нэвтэрч, жижиг оврын харуул, модны цахилгаан хөрөө хулгайлж 400,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Г.Н “...2020 оны 01 сарын 27-нд ирэхэд манай байшингийн 2 цонхыг хагалж эвдсэн онгорхой, хаалганы цоожийг хөшиж онгойлгосон байдалтай байсан. Дотроос модны хөрөө, 30 метрийн урттай уртасгагч алдагдсан байсан. ...манай байшингийн бүргэд хаалга эвдэлсэн байсан” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 60-61/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /2 дугаар хх-ийн 52,

 

Иргэний нэхэмжлэгч Г.Б “...Би 2020 оны 01 сарын сүүлзэр Шинэ захад модон эдлэлийн лангуун дээрээ зогсож байтал нэг залуу ирээд надад зарах жижиг харуул байна, хямдхан зарчихмаар байна, та авах уу гэсэн. Тэгэхээр нь би хулгайн эд зүйлс биш биз дээ гэхэд тийм юм байхгүй гээд 130,000 төгрөгөөр бэлнээр тоолж өгсөн...” гэх мэдүүлэг /2 дугааар хх-ийн 62/,

 

Эд зүйл баримт бичиг хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хх-ийн 56-58/,

 

Капитал зууч ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “...Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар 850,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт, цахилгаан хөрөө, харуулыг 400,000 төгрөгөөр үнэлсэн эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /2 дугаар хх-ийн 68-69/, 

 

Шүүгдэгч О.Б “...хашаанаас олсон нуман хэлбэртэй төмрөөр хөшиж онгойлгоод байшингийн үүдний өрөөнөөс харуултай модны цахилгаан хөрөөг аваад гарсан. Тэр хөрөөгөө модон тавилга зардаг хүнд 130,000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг/2 дугаар хх-ийн 80-81/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хохирогч уртасгагч алдагдсан гэж мэдүүлж байх боловч шүүгдэгч 60,000 төгрөгийн үнэ бүхий уртасгагчийг авсан болох нь тогтоогдохгүй байх тул уг үйлдэл, холбогдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

  1. 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт......... байрлах иргэн Б.Т байшингийн цонхоор нэвтрэн орж нарны гэрлээр ажилладаг 12 вольтын зурагт, антенн, костюм, пиджак, жижиг хөрөө, цахилгаан харуул, плита зүсэгч, цахилгаан зүлгүүр, электрон жин зэргийг хулгайлж 1,430,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Б.Т “...2020 оны 01 сарын 31-ний өдөр манай ажилтан Дагва 13 цагийн орчим залгаад танай Дархан хүнсний урд талд байрлах хүлэмжийн хашаанд хулгай орсон юм шиг байна, амбаарын үүдний хаалга дэлгээтэй, байшингийн хойд талын цонх онгорхой байдалтай, дотор тал нь эмх замбаараагүй байна гэсэн” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 21-22/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /2 дугаар хх-ийн 02,

 

Хохирогч Б.Т Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /2 дугаар хх-ийн 03/,

 

Иргэний нэхэмжлэгч Д.Э “...О.Б хөрөө авсан гэж оронд нь 50,000 төгрөгөөр бодоод 8 шуудай нүүрс, 6 шуудай мод өгсөн ба нийлээд 51,000 төгрөг болж байгаа бөгөөд одоо 50,000 төгрөг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 24/,

 

Иргэний нэхэмжлэгч А.Б “...Би Б цахилгаан хөрөө, цахилгаан харуул, цахилгаан зүлгүүрийг “ахын маань юмнууд, зарах гэсэн юм” гэхээр нь хулгайн эд зүйл гэдгийг мэдэлгүй 50,000 төгрөгөөр худалдаж аваад бэлнээр 50,000 төгрөгийг өгөөд явуулсан. Би түүнийг багаас нь мэддэг болохоор айхтар гомдол санал байхгүй, түүнээс нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 26/,

 

Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /2 дугаар хх-ийн 4-7/,

 

Эд зүйлс хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2 дугаар хх-ийн 11-19/,

 

“Капитал зууч” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн “...Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар 1,430,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /2 дугаар хх-ийн 33-34/, 

 

Капитал зууч ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “...Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар 1,430,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /2 дугаар хх-ийн 38-39/, 

 

Шүүгдэгч О.Б “...Хашааг нь давж орж байшингийнх жижиг вакум цонхыг хөшиж онгойлгоод байшинд орсон. ...Угаалгын машин дээр байсан электрон жин, авдрыг онгойлгоод 12 вольтоор ажилладаг жижиг зурагтыг антенны хамт аваад цонхоороо буцаад гарсан. Тэгээд тэр байшингийн тусдаа нэг амбаарын хаалгыг жийгээд татаж онгойлгоод дотроос нь цахилгаан харуул цахилгаан зүлгүүр, плита зүсэгч, хөрөө, эрэгтэй хүний костюм пиджак зэргийг аваад дугуйтай чемоданыг авч авсан юмнуудаа хийгээд гарсан” гэх мэдүүлэг/2 дугаар хх-ийн 46-47/ зэрэг нотлох баримтуудаар,

 

  1. 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг, .......... тоотоос иргэн Ц.Д байшингийн цонхыг эвдэн орж 5 кг цагаан будаа, 2 кг элсэн чихэр, 30 кг үхрийн цул мах, 15 литр сүү, 2 ширхэг слава гоймон зэрэг эд зүйл хулгайлж 401,100 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Ц.Д “...Би эхнэрийн хамт Дархан сумын 3-р баг .......... тоотод 2020 оны 02 сарын 01-ний өдөр 17 цагийн орчим төрсөн дүү болох Д.М гэрт очиж хоночихоод 2020 оны 02 сарын 02-ны өдөр 14 цагийн орчим гэртээ буцаж иртэл байшингийн үүдний тамбарын вакум цонхны салхивчаар хулгай орж гэрээс эд зүйлс алдагдсан байсан. ...манай гэрээс 5 кг цагаан будаа, элсэн чихэр 1 кг-р 10 уут, үхрийн мах, жижиг хуваасан гуяны мах байсан, сүү 2 литрийн түмний кола савалсан 4 ширхэг...” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70/,

 

Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 60/,

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 61-65/,

 

Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 66-67/,

 

Капитал зууч ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “...Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 401,100 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хх-ийн 74-75/, 

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 17 дугаартай шинжээчийн “...хэргийн газраас бэхжүүлэн авсан гэх 1 ширхэг гутлын мөр О.Б зүүн хөлийн өмсгөлтэй гутлын мөртэй ерөнхий шинж тэмдгээрээ тохирч байна”  гэх дүгнэлт /хх-ийн 80-81/,

 

Шүүгдэгч О.Б “...2020 оны 02 сарын 02-ны өдөр хулгай хийсэн айлын цаана байдаг танил айлаасаа машины хроп асуух гээд очсон чинь хүн байхгүй байсан, буцахдаа эзэнгүй айл хайгаад байшингийн хаалга цоожтой байхаар нь хашааны ар талаар давж ороод хаалга нь цоожтой байхаар нь үүдний амбаарын вакум цонхыг хөшиж онгойлгоод хөргөгчин дотроос шуудайнд хийгээд авч гарсан. Махыг Буян зах дээр танихгүй хүнд 25,000 төгрөгөөр зарсан. Бусад юмнуудыг буцаан өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 89/ бусад нотлох баримтуудаар,

 

  1. 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг, ........... тоотод оршин суух иргэн Д.Ш байшингийн цонхыг эвдэн орж ааруул, шар тос, бууз, үхрийн мах зэрэг эд зүйл хулгайлж 195,185 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Д.Ш “...12 цагийн үед эргээд гэртээ иртэл манай гэрийн хойд талд байрлах байшингийн хаалга болон цоожийг эвдэн хулгайч орж гэрийн хойд талд байрлах 3 кг ааруул, 3 кг шар тос, 25 шуудайтай бууз, үхрийн цул мах алдагдсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 116-117/,

 

Гэрч Д.Т “...Би 2020 оны 02 сарын 10-ны өглөө эрт 06 цагийн үед эхнэр хүүхдийн хамт ажил явдалд оролцох гээд явсан. Тэгээд 11 цагийн гэртээ ирээд байж байтал цагдаа нар ирчихсэн, танайх усны тэрэгтэй юу гэхээр нь байгаа гээд харуулах гэтэл байхгүй болсон байсан. Тэгтэл манай арын хашаанд оруулаад хаячихсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 118/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 17 дугаартай шинжээчийн “…хэргийн газраас бэхжүүлэн авсан гэх 4 ширхэг гутлын мөр нь  харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Хэргийн газраас бэхжүүлэн авсан 4 ширхэг гутлын мөр О.Б баруун болон зүүн хөлийн өмсгөлтэй гутлын улны мөртэй ерөнхий шинж тэмдгээрээ тохирч байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 124-125/,

 

“Капитал зууч” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “...Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар 195,185 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хх-ийн 132-133/, 

 

Хэргийн газар үзлэг тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын схем зураг /хх-ийн 97-105/,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 106-113/,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 114/,

 

Шүүгдэгч О.Б “...Хашаанаас эрэгтэй, эмэгтэй 2 хүн гараад хашааны хаалгаа цоожлоод машинд суугаад явахаар нь гэрт нь хүн байхгүй гэж бодоод хашааны хаалгаар нь ороод хашаанаас хавтгай төмөр аваад байшингийн цоожийг хөшиж онгойлгоод 25 шуудайтай бууз, үхрийн мах, шар тос, ааруул зэргийг аваад танихгүй айлын хашаанаас түрдэг тэрэг аваад юмнуудаа шуудайнд хийж тэргэн дээрээ тавиад гэр рүүгээ аваачиж машиныхаа багажинд хийсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 139/ зэргээр хангалттай нотлогдож тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч О.Б хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол нэхэмжлэлийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч нь нийт 8 удаагийн үйлдлээр бусдад 3,605,285 төгрөгийн хохирол учруулснаас ихэнх хохирлыг биет байдлаар болон мөнгөөр төлж барагдуулсан, хохирогч Ц.Д 2 удаагийн үйлдлээр учруулсан хохирол, эвдсэн хаалганы 50,000 төгрөгийн хохирлоос хүлээлгэж өгсөн эд зүйлийн үнэлгээ, бэлнээр өгсөн 220,000 төгрөгийг хасаж тооцвол 226,000 төгрөг төлөөгүй, хохирогч Д.А даалин, эвдсэн хаалганы үнэ 380,000 төгрөг төлөөгүй, хохирогч Г.Н эвдсэн хаалганы үнэ 200,000 төгрөг төлөөгүй, иргэний нэхэмжлэгч Д.Э хулгайн эд зүйлийг хураан авч хохирогчид буцаан олгосон, хулгайн эд зүйлийг худалдан авсан гэх 50,000 төгрөгийг төлөөгүй, иргэний нэхэмжлэгч  Г.Б хөрөө, харуулыг хураан авч хохирогчид буцаан олгосон, уг хөрөө харуулыг зарсан гэх 130,000 төгрөгийг тус тус төлөөгүй байх тул шүүгдэгчээс 986,000 төгрөг гаргуулж дээрх нэр бүхий хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас хулгайлсан эд зүйлийн нийт үнэлгээ 3,605,285 төгрөг байх ба уг тооцоонд гэмт хэрэг үйлдэх үедээ эвдсэн хаалга, цонхны үнэлгээг оруулан тооцоогүй, хаалга, цонх эвдсэнийг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцон шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хохирогч Б.М, Д.О, Д.Ш, Б.Т, иргэний нэхэмжлэгч А.Б нарт төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч О.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд учруулсан хохирлын ихэнх хэсгийн нөхөн төлсөн хөнгөрүүлэх, нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг  2 түүнээс дээш удаа үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Шүүгдэгч хамгийн сүүлд үйлдсэн гэмт хэрэгтээ баривчлагдсаны дараа өмнө үйлдсэн хэргээ бүгдийг сайн дураар, шударгаар хүлээн мэдүүлж, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлсийг худалдан борлуулсан газрыг заан өгч гэмт хэргийг илрүүлэх, түүний улмаас учирсан хохирлыг арилгахад дэмжлэг үзүүлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн болон хураасан хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, цагдан хоригдсон 7 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар О.Б 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг, Малчины 4-44 тоотод оршин суух иргэн Ц.Д байшингийн цонхоор нэвтэрч сахлын машин, 2 ширхэг бөгж хулгайлсан гэх,  2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5-р баг, Цагаан нуурын 6-45А тоотод оршин суух Г.Н байшингийн бүргэд хаалгыг эвдлэн нэвтэрч уртасгагч залгуур хулгайлсан гэх үйлдэл, холбогдол хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1.  Б овогт О.Б хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш буюу 3,605,285 төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар Б овогт О.Б-д 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Б-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар о.Баянмөнхийн энэ хэрэгт цагдан хоригдсон 7 хоногийг хорих ялын 7 хоногоор тооцон эдлэх ялаас хассугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б нийт 986,000 төгрөг гаргуулж, Дархан-Уул айммгийн Дархан сумын 3 дугаар баг....... тоотоод оршин суух Б овогт Ц.Д-д 226,000 /хоёр зуун хорин зургаан мянга/ төгрөг, Дархан-Уул айммгийн Дархан сумын 5 дугаар баг, ........оршин суух Т овогт Д.А-д 380,000 /гурван зуун наян мянга/ төгрөг, Дархан-Уул айммгийн Дархан сумын 5 дугаар баг, ............. тооотод оршин суух Ц овогт Г.Н-д 200,000 /хоёр зуун мянга/ төгрөг, иргэний нэхэмжлэгч Дархан-Уул айммгийн Дархан сумын 7 дугаар баг, ......... тоотод оршин суух Б овогт Д.Э-д 50,000 /тавин мянга/, иргэний нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг, ....... тоотод оршин суух Д овогт Г.Б-д 130,000 /нэг зуун гучин мянга/ төгрөг тус тус олгосугай.

 

  1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ГЭРЭЛТ-ОД