Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 180

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,

Шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Э.Э-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2018000780052 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3 эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг, ............тоотод оршин суух, урьд 5 удаагийн ял шийтгэлтэй, Б овогт Э.Э,

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 2.6 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн” гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

   ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Э.Э нь 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг, Баяндавааны 1-10 тоотод Б.Д маргалдан, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

 

Хохирогч А.Д “...***** намайг орон дээр сууж миний дээрээс хөлөөрөө миний толгой, нуруу, бөөрлүү дэвсээд эхэлсэн, тэгэхээр нь хөлөөрөө өшиглөж холдуулсан, тэр хооронд ***** эгч гэрэл асаасан бөгөөд ***** тэр хооронд гартаа хутга бариад надруу дайрсан,  *****гийн дүү Х дундуур орж ирээд салгасан юм. Удалгүй ээж ирээд намайг эмнэлэг рүү аваад явсан, эмнэлэгт очоод үзүүлэхэд  миний зүүн гарын бугалга хэсэгт хутгалагдсан оромтой, тэр газраас нь цус гарч байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 71-73/,

 

Гэрч Б.Э “...Д надад ***** янхан ногоон Ч утсаар ярьж байна гэж хэлэхээр нь би юун янхантай яриад байгаа юм алив, утас аваад ир гэхэд ***** миний гар утсыг надруу шидээд өгчхөөр нь чи хүнийг яагаад янханаар хэлээд байдаг юм бэ гэж хэлээд  Д алгадаад хоорондоо  цохиж зодолдоод өнхрөлдөөд унахаар нь би ***** руу чи яахаараа хүүхэд цохиж зодоод байгаа юм бэ гэж хэлээд салгаад амбаараас хөөгөөд гаргасан” гэх мэдүүлэг /хх-ийн 76-77/,

 

Гэрч Г.Л “...2019 оны 08 сарын 17-ны өдөр жижүүртэй байх хугацаанд 23 цаг 00 минутанд Д гэх хүн хүнд зодуулсан гэж яриад ирсэн бөгөөд биед нь үзлэг хийхэд зүүн гарын бугалгад 0,4 см орчим хатгагдсан шархтай мөн зүүн чихэнд зулгарсан шархтай байсан. Ингээд шарханд 1 ширхэг зангилаат оёдол тавьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 81-82/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 868 дугаартай “...Б.Д биед зүүн бугалганд шарх, зүүн чихэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл болно. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 95-96/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар,

 

2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ариг” зочид буудалд Б.Б эрх чөлөөнд халдан шатны уруу түлхэж унаган эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь:

 

Хохирогч Б.Б “...2020 оны 01 сарын 15-ны өдрийн 17 цагийн орчимд Рина эгч намайг дуудаад би бракын шинэ баригдсан 6 давхар байрны 1 давхарт 51 тоотод орсон чинь Р эгч, Ш ах, Ш ахын 2 найз ***** нар архи ууж  дуусчхаад  ***** түрүүлж гараад  араас нь би гарсан. Би ганцаараа Арбат руу таксидаад очсон. ***** тэнд байж таараад  намайг цуг явья гээд байхаар нь би салаад Ариг  буудалд орсон чинь Т гээд таньдаг ахтай таараад 7 номерын өрөөнд орсон. Тулгаа ахын найзууд байсан. Тэгээд сууж байсан чинь буудлын зохион байгуулагч Ш эгч орж ирээд “чамайг энд хүн хайгаад байна” гэхээр нь би гараад  шатны тэнд очсон чинь ***** ирээд явъя гэхээр би явахгүй гэсэн чинь явъя гээд маргалдаад би *****г алгадсан чинь ***** намайг зөрүүлээд алгадаад түлхсэн чинь би шатны уруу хойшоо саваад унасан. Унахдаа яг ар дагзаараа саваад унасан. Тэгсэн чинь ***** хажуугаар гараад  зугтаагаад гараад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 6/,

 

Гэрч Д.Шн “...нэг жижигхэн биетэй бор куртка өмссөн залуу орж ирээд  манай эхнэр сая орж ирсэн гээд хайгаад байхаар нь  7 номерын өрөөнд үзсэн чинь нөгөө *****гэх эмэгтэй байж байсан. Тэгсэн чинь тэр хоёр маргалдаад *****би чиний эхнэр биш гээд яриад байсан. Тэгэхээр нь би та 2 гарч хэрэлд гэсэн чинь тэр 2 текний тэнд очоод маргалдаж байсан чинь *****тэр залууг алгадахад тэр залуу зөрүүлээд Б алгадаад *****шатны уруу өнхрөөд унасан, нөгөө залуу гараад явсан. Б дагзны хэсгээс цус гарсан байхаар нь би нойлын цаас авч өгөөд цагдаа, түргэнд дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 10/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 117 дугаартай “...Б.Б биед дагзанд шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 13/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Иймд Э.Э хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 2.6 дахь хэсэгт заасан “хоёр, түүнээс олон хүнийг” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч Б.Б, А.Д нар гэмт хэргийн улмаас өөрсдийн эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Э.Э эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “нэг бүлэгт заасан санаатай гэм хэргийг 2 түүнээс дээш удаа үйлдсэн” хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх боловч уг шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж болгон заасан байх тул хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч Э.Э эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба эрхэлсэн тодорхой ажилгүй, цалин орлогогүй тул түүнд 560 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт өдөрт наймаас дээшгүй цагаар ажиллуулахыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, энэ хэрэгт цагдан хоригдсон 38 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, нийт 304 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг, энэ тогтоолоор оногдуулсан 560 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж, биечлэн эдлэх ялын хэмжээг 256 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Эрдэнэсүхэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Э.Э-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 2.6 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Э.Э-д 560 /таван зуун жар/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Э.Э энэ хэрэгт цагдан хоригдсон 38 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 304 цагаар тооцон эдлэх ялаас хасаж, биечлэн эдлэх ялыг 256 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Э Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт өдөрт наймаас дээшгүй цагаар ажиллуулахыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Б.Б, А.Д нар нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хортой холбогдох нэхэмжлэлээ холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.ГЭРЭЛТ-ОД