Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 138/ШШ2017/00034

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би Х.Зоригтхүүд холбогдох "Саатуулах байрны зардал 46850 төгрөг гаргуулах тухай" Дорнод аймаг дахьЦагдаагийн газрын нэхэмжлэлийг 2016 оны 12 сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Дорнод аймаг дахь Цагдаагийн газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хоньчийн Зоригтхүү нь 2016 оны 12 сарын 21-ний өдөр Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 01 тоот шийтгэвэрээр Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар 7 хоногийн баривчлах шийтгэл ногдуулсныг тус цагдаагийн газрын саатуулах байранд эдэлж гараад, төлөгдвөл зохих 42700 төгрөг, 2016 оны 12 сарын 20-ны өдрийн саатуулах байрны төлбөр 4150 төгрөг, нийт 46850 төгрөгийг төлөөгүй байх тул уг төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, 34-63 тоотод оршин суух, ЖЭ53101014 регистрийн дугаартай, Боржигон овогт Хоньчийн Зоригтхүү шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Цагдаагийн газрын эрүүлжүүлэх баривчлах байранд 7 хоног баривчлагдсан. Цагдаагийн газраас нэхэмжилсэн баривчлах байрны төлбөр 46850 төгрөгийг 2017 оны 2 сард багтаан төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч Х.Зоригтхүү нь Захиргааны хариуцлагын тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар 2016 оны 12 сарын 21-ний өдөр Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 01 дүгээр шийтгэвэрээр 7 хоногийн хугацаагаар баривчлагдан шийтгэл эдэлсэн болох нь зохигчийн нэхэмжлэл,тайлбар болон Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 сарын 21-ний өдрийн 01 дүгээр шийтгэвэр, баривчлагдсан хүний хувийн хэрэг зэрэг баримтаар тогтоогдож байна.

Хариуцагч Х.Зоригтхүү нь саатуулах байрны төлбөр 46850 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Боржигон овогт Хоньчийн Зоригтхүү саатуулах байрны зардал 46850 /дөчин зургаан мянга найман зуун тавь/ төгрөгийг нэхэмжлэгч Дорнод аймаг дахь Цагдаагийн газарт төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 4550 төгрөгөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Х.Зоригтхүүгээс улсын тэмдэгтийн хураамжид 2275 төгрөг гаргуулж төсвийн орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын шатанд гомдол гаргах, тухайн асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

        ШҮҮГЧ                                    Б.ТҮМЭНЦЭЦЭГ