Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 182

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхзул,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,

Шүүгдэгч С.Ш нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ш овогт С.Ш-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2018000000180 дугаартай дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1962 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Булган аймгийн Тэшиг суманд төрсөн, 58 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Өндөр насны тэтгэвэрт, ам бүл-3, нөхөр хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, .......... тоотод түр оршин суух, Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг Дэвшил 1-08 тоотод үндсэн хаягтай, 2002 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 50 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 90.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Ш овогт С.Ш,

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас С.Ш-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.Ш нь согтуурсан үедээ 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 19 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг ............ тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Б толгойн тус газар нь дагзны хуйхны шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

Хохирогч Б.Б “...2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 10 цагийн орчим Оргил төв ороод 0.5 литрийн Түмний хишиг нэртэй архи аваад Б гээд манай найз ирээд Б манай эхнэр Ш бид 3 хувааж уусан. Тэр архийг ууж дуусаад дахин 1 шил архи аваад хувааж уусан. Тэгээд юу болсныг би мэдэхгүй байна. Нэг мэдсэн чинь миний толгойноос цус гарчихсан байсан. Б цагдаа, түргэн дуудаад эмнэлэг орж оёдол тавиулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 6/,

Гэрч Д.С “...биднийг очиход түргэн тусламжийн эмч ирчихсэн тухайн айлаас Бадрал гэх эрэгтэйг эмнэлэг рүү аваад гарч байсан. Түүнтэй хамт найз нь гэх Б гэх хүн хамт байсан. Б, Б нартай эмнэлэг рүү хүргүүлэхээс өмнө ярилцлага хийхэд Б “би Б түүний эхнэр Ш нартай архи ууж байтал Ш ширээн дээр байсан таваг Б руу шидээд толгойг нь хага цохичихлоо, би 103 болон цагдаа руу дуудлага өгсөн” гэж хэлсэн. Ингээд тэр айлд ороход тэр айлын шалан дээгүүр цус мэт зүйл болсон, орны урд хагархай таваг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 10/,

 

Гэрч Ж.Б “...фейс үзээд сууж байтал Б газраар хэвтэж байгаад орлуугаа гарах гээд бостол эхнэр Ш нь “чи зайлаач эндээс яваач” гээд ширээн дээр байсан тавгыг аваад Б толгойн ард нь цохиод таваг хагарсан. Тэгээд Б толгойноос цус гараад эхлэхээр нь би сандраад эмнэлэг, цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 14/,

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 308 дугаартай “...Б.Б биед дагзны хуйхны шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно” гэх дүгнэлт /хх-ийн 16-17/,

 

Хохирогч Б.Б яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 18-19/,

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-4/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан байна.

 

С.Ш хохирогч Б.Б нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3-р зүйлд заасан уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээд болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байх ба шүүгдэгч С.Ш нь хохирогч таваг шидэж Б.Б биед дагз хуйхны шарх гэмтэл учруулсан үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй байна.

 

Иймд шүүгдэгч С.Ш хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх шинжтэй үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцож, прокурорын 500 нэгжээр торгох ялын саналыг түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, тэтгэвэрт байдаг, бага хэмжээний орлоготой зэргийг харгалзан багасгаж торгох ялын доод хэмжээгээр буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг 9 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч шүүгдэгч нар эвлэрсэн /хохирогч, шүүгдэгч нарын гаргасан баталгаа, хэргийн 59-60/ байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш овогт С.Ш-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ш овогт С.Ш-т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ш-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 9 сарын хугацаанд сар бүр 50,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

 

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ш-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ГЭРЭЛТ-ОД