| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2017/00125/И |
| Дугаар | 145 |
| Огноо | 2017-02-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 145
Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Увс аймгийн Өндөрхангай сумын 4 дүгээр багт оршин суух, 1966 онд төрсөн, 51 настай, эмэгтэй, РД:ОК66090606, Тайж овогт Жамбалрагчаагийн Энхтайвангийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Энхтайван шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 1966 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, 51 настай, 6 хүүхэд төрүүлж өсгөсөн. Би 1980 онд сургуулиас гарч 1981 оны 6 дугаар сараас эхлэн Увс аймгийн Өндөрхангай сумын “Шинэ зам” нэгдэлд аав, ээждээ туслах малчнаар 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж байсан. Тухайын үед хөдөлмөрийн дэвтрээ авч чадаагүй байтал нэгдэл тарсан учраас шүүхэд хандаж байна. Иймд миний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Надтай хамт ажиллаж байсан Г.Оюунгэрэл, Б.Янжмаа нарыг гэрчээр асууж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Энхтайван нь Увс аймгийн Өндөрхангай сумын “Шинэ зам” нэгдэлд 1981 оны 6 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. Увс аймгийн Өндөрхангай сумын “Шинэ зам” нэгдлийн захиргаанаас 1983 оны 7 дугаар сарын 11-ний өдөр шагнасан “Сайшаалын үнэмлэх”,
2. Увс аймгийн Намын хороо, АДХ-ын Гүйцэтгэх захиргаанаас 1987 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр шагнасан “Диплом”,
3. БНМАУ-ын Хөдөө аж ахуй, Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамнаас 1988 оны 2 дугаар сарын 18-ны өдөр шагнасан “Диплом”,
4. Увс аймгийн Өндөрхангай сумын “Шинэ зам” нэгдлийн зөвлөлөөс 1989 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр шагнасан “100 давсан хувьтны гэрчилгээ”,
5. Увс аймгийн Өндөрхангай сумын “Шинэ зам” нэгдлийн зөвлөлөөс 1990 оны 2 дугаар сарын 25-ны өдөр шагнасан “100 давсан хувьтны гэрчилгээ”,
6. Увс аймгийн Архивын тасгаас ирүүлсэн “Увс аймгийн Өндөрхангай сумын “Шинэ зам” нэгдлийн 1981-1989 оны хоорондох цалинг шүүхэд түүнтэй холбоотой баримт гараагүй нь үнэн болно” гэх тодорхойлолт,
7. Гэрч Г.Оюунгэрэлийн шүүхэд өгсөн: “Би 1982 оноос эхлэн Увс аймгийн Өндөрхангай сумын “Шинэ зам” нэгдлийн сумын төвийн фермерт илгээлтийн малчнаар 1985 оныг дуустал ажиллаад, 1986 оноос сумын 8 жилийн дунд сургуульд 1997 он хүртэл гал тогоонд туслах тогооч, дотуур байрны үйлчлэгчээр тус тус ажилласан юм. 1982 онд намайг 8 дугаар анги төгсөөд илгээтээр нэгдэлд малчнаар очиход Ж.Энхтайван нь тус нэгдлийн Жаргалант бригадад малчнаар ажиллаж байсан бөгөөд намайг 1986 онд сургуульд руу шилжихэд нэгдэлдээ ажиллаад үлдсэн хүн юм. Миний санаж байгаагаар Ж.Энхтайван баг дээрээ бригдадуудаас ирсэн малыг сааж байсан. Тэр саалийг өвөл нь сумын төв рүү иргэдэд түгээдэг, зун нь шууд цөцгий заводад нийлүүдэг байлаа. Биднийг ажиллах хугацаанд залуу хүмүүст идэвхижүүлэх зорилгоор шагнал урамшуулал их олгодог, Ж.Энхтайван олон шагнал урамшуулал авч байсан” гэх мэдүүлэг,
8. Гэрч Б.Янжмаагийн шүүхэд өгсөн: “Би 1963 оноос эхлэн Увс аймгийн Өндөрхангай сумын “Шинэ зам” нэгдлийн Жаргалант бригадад нөхрийн хамтаар 1992 онд нэгдэл хувьчлагдах ажилласан юм. Миний санаж байгаагаар Ж.Энхтайван нь 1981 оноос эхлэн тус нэгдлийн Жаргалант бригадад 1992 оныг дуустал мал малласан. Ер нь хар багаасаа аав, ээжийн хамтаар мал дээр гарч эхэлсэн бөгөөд түүний нөхөр н.Ганбаатар нь мөн нэгдэлд насаараа мал малласан, одоо гэр бүлээрээ сумандаа малаа маллаад амьдарч байна. Ж.Энхтайван нь ажиллах хугацаандаа олон шагнал урамшуулал авч байсан. Увс аймгийн Өндөрхангай сумын “Шинэ зам” нэгдлийн даргаар н.Памж, н.Цэрэннадмид гэх хүмүүс ажиллаж байсан юм” гэх мэдүүлэг,
9. Гэрч Г.Оюунгэрэлийн Увс аймгийн Увс аймгийн Өндөрхангай сумын “Шинэ зам” нэгдэлд ажиллаж нотлох түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 572 тоот шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б.Янжмаагийн Увс аймгийн Увс аймгийн Өндөрхангай сумын “Шинэ зам” нэгдэлд ажиллаж нотлох түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч Ж.Энхтайван нь Увс аймгийн Өндөрхангай сумын “Шинэ зам” нэгдэлд 1981 оны 6 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь ажиллаж байхдаа шагнуулсан сайшаалын үнэмлэх, диплом, 100 давсан хувьтны гэрчилгээ, гэрч Г.Оюунгэрэл, Б.Янжмаа нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Ж.Энхтайвангийн Увс аймгийн Өндөрхангай сумын “Шинэ зам” нэгдэлд 1981 оны 6 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал 9 жил, 7 сар малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Энхтайвангийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Ж.Энхтайванд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч “Миний бие Өндөрхангай сумаас 35 км хөдөө амьдардаг, мал харах хүнгүй, цас ихтэй учраас дахин шүүхэд ирэх боломжгүй байна. Энэ байдлыг харгалзан үзэж намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдэж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Тайж овогт Жамбалрагчаагийн Энхтайвангийн Увс аймгийн Өндөрхангай сумын “Шинэ зам” нэгдэлд 1981 оны 6 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал 9 /ес/ жил, 7 /долоо/ сар малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.Энхтайвангийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР