Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 194

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхзул,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,

Шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт И овогт Б.О-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918001530160 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1984 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, “Грийн магнолиа” ХХК-д касс ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум, 15 дугаар баг, ........... тоотод оршин суух И овогт Б.О,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Б.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

                                                                                                                                

Шүүгдэгч Б.О нь 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн хооронд Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг, Альфа-Констракшн ХХК-ийн Ромео супермаркат хүнсний худалдааны дэлгүүрт кассаар ажиллаж байхдаа итгэмжлэн хариуцуулсан эд зүйл, мөнгийг завшиж 1,016,935 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Д.С “...2016 оны хавар О ажилгүй байгаа юм байна гээд нягтлан ажилтай байсан А дагуулаад ирэхээр нь дхин алдаа гаргахгүй сайн ажиллах талаар хэлж анхааруулаад ээлжийн худалдагчаар ажилд авсан. Тэгээд 2018 оны 07 дугаар сарын эхэн хүртэл ажиллаж байгаад О өр төлбөр дийлдэхээ болиод ирэхэд нягтлан Насанжаргал надад утсаар хэлээд О ажлаас нь гаргалаа өөр хүн авч ажиллууллаа гэсэн. Тэгээд 2018 оны 12 дугаар сард Дархан-Уул аймагт ирээд өөрөө хариуцаад цагдаагийн байгууллагад материалаа бүрдүүлж өгсөн. ...харин цөөн таних яг дэлгүүрт лангуун дээр тулаад гуйсан хүмүүст бага хэмжээний үнийн дүнгээр, хугацаатай /маргааш, нөгөөдөр эсхүл цалин буухаар/ бараа бүтээгдэхүүн зээлээр олгодог байсан. Миний мэдэх зөвшөөрөл олгосон хүмүүс эргээгээд зээлж авсан бараа бүтээгдэхүүний мөнгийг өгдөг байсан. ...ээлжийн худалдагчаар ажиллах гэрээтэй нэг ажиллахдаа 14 хоног тасралтгүй өглөө 8:00 цагаас орой 23:00 цаг хүртэл ажиллах 14 хоногийн цалин 350,000 төгрөг, 14 хоногийн дундаж орлого нь 2,200,000 төгрөгнөөс дээш гарсан тохиолдолд 350,000 төгрөгийн цалин дээр 50,000 төгрөгийн нэмэгдэл урамшууллын цалинтай. Унааны мөнгө гэж 1,000-2,000 төгрөг, хоолны мөнгө 3,000 төгрөг тооцож цалингаас гадна олгодог байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 176-178/,

 

Гэрч Б.А “...намайг ажлаас гарч байхад О нь кассчингаар ажиллаж байгаад үлдсэн. Ямар ч байсан  намайг гарч байхад ***** айлуудаас авах авлагатай байсан. Гэхдээ яг ямар айлаас хичнээн төгрөгийн нийт авлагатай байсан талаар мэдэхгүй байна. Айлуудаас авах ёстой мөнгийг бол цалингаас суутгадаггүй. Харин тооллогоор гарсан барааны дутагдлын мөнгийг цалингаас бодож суутгадаг” гэх мэдүүлэг /хх-ийн 188-189/,

 

2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Хараат бус аудиторын “...Б.О нь ажиллаж байх хугацаандаа доорх байдлаар дутагдлыг гаргасан байна. Орон сууцны оршин суугчдад өөрийн хариуцаж байгаа бараа материалаас зээл олгож 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар авлагын дүн 3,806,783 төгрөг,  дэлгүүрээс өөрийн хэрэгцээнд авсан барааны Мобайл банкаар өөрийн дансаар оруулсан 2018 оны 05 дугаар сарын 02-ноос 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдрүүдэд 172,975 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 21-нээс 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрүүдэд 275,210 төгрөг, нийт 448,685 төгрөг. Мобикомын нэгж борлуулалтаас 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр өөрийн утасны төлбөрийг төлсөн 68,250 төгрөг, нийт дутагдлын дүн 5,211,581 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 226-228/,

 

Шүүгдэгч Б.О “...Би 2015 оны 06 дугаар сард Ромео хүнсний дэлгүүрт анх кассаар ажилд ороод 2015 оны 09 дүгээр сард ажлаасаа гарсан. Ажлын байр маань 1000 орчим мкв талбайтай, хяналтын камертай бөгөөд тус газар заалны худалдагч, хамгаалагч, касс гэх ажлын байр зайлшгүй байх шаардлагатай ч касс нь ганцаараа ажилладаг. Касс нь 14 хоног амраад, 14 ажилладаг. 2016 оны 03 дугаар сард ***** эгч над руу залган ажлын санал тавьсан тул би ажилдаа буцаад орсон. Ажлын ачаалал өндөр, сарын 300,000 төгрөгийн цалинтай бөгөөд тооллого хийх бүрт 50,000 орчим төгрөгийн дутагдал гарч, тухай бүр цалингаасаа суутгуулан төлдөг. Би ер нь цалин гэж бэлэн мөнгө огт авч байгаагүй. Харин цалингийнхаа оронд гэртээ шаардлагатай бараагаа авдаг байсан. Хохирол гэх 1,016,935 төгрөгөөс 500,000 төгрөгийг бэлнээр авч, дансанд байсан 448,685 төгрөгийг цалиндаа суутган авч, 68,250 төгрөгөөр өөрийн гар утасныхаа төлбөрийг төлсөн” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Прокуророос Б.Ог  2018 оны 05 дугаар сарын 02-ноос 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдрүүдэд мобайл банкаар орсон 172,975 төгрөг, мөн 2018 оны 06 дугаар сарын 21-нээс 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрүүдэд мобайл банкаар орсон 275,210 төгрөг, нийт 448,685 төгрөг,  Мобикомын нэгж борлуулалтаас 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр өөрийн утасны төлбөрийг төлсөн 68,250 төгрөг, бэлэн 500,000 төгрөг, нийт  1,016,935 төгрөгийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр дур мэдэн авч хувийн хэрэгцээндээ ашигласан буюу “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэж яллах дүгнэлт үйлджээ.

 

Шүүгдэгч Б.О нь итгэмжлэн хариуцаж байсан хөрөнгөөс дээрх 1,016,935 төгрөгийг завшсан байдал хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Шинжээч нийт дутагдлын дүнг 5,211,581 гэж тогтоосон байх ба энэ дүнд өмчлөгчийн зөвшөөрлөөр оршин суугчдад өөрийн хариуцаж байсан бараа материалаас зээл олгосон дүнг оруулан тооцжээ. Өмчлөгчийн зөвшөөрлөөр бусдад зээл олгосон нь бусдын эд хөрөнгийг завших хэрэгт хамааралгүй ба 1,016,935 төгрөгийг завшсан гэж үзэн яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Б.О бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, бага хэмжээнээс дээш буюу 1,016,935 төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол нэхэмжлэлийн талаар:

 

Шүүгдэгч Б.О нь хохирогч Д.С хохирлын мөнгө болох 1,016,935 төгрөгийг төлөхөөр завсарлага авсан хугацаанд хохирлын мөнгийг төлөх гэсэн боловч хохирогч Д.С холбогдож чадаагүй байх тул шүүгдэгч Б.*****ийн  Хаанбанкны ***** тоот дансыг хохирлын хэмжээгээр буюу 1,016,935 төгрөгийн хэмжээнд битүүмжилсэн боловч шүүгдэгч нь шүүх хурлын дараа хохирогч Д.С Хаанбанкны...........тоот дансанд хохирлын мөнгийг тушааж, шилжүүлгийн баримтыг авч ирсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байх ба тус шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 540 дугаартай “эд хөрөнгө битүүмжлэх” тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч нь өглөө 8:00 цагаас орой 23:00 цаг хүртэл ажиллаад 14 хоногт 350,000 төгрөгийн цалин авдаг байсан байх ба ажлын нөхцөлийн хувьд хүнд нөхцөлд ажиллаж, хувийн хэрэгцээт зүйлсээ авах замаар хөдөлмөрийн хөлсөө тооцуулдаг байсан болох нь шүүгдэгч болон хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Мөн хохирогч нь дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэн явуулахдаа үйлчлүүлэгч нараас гар утсаар шилжүүлсэн төлбөрийг худалдагч буюу Б.О-ийн хувийн дансыг ашиглан хүлээн авдаг байсан нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна.

 

Шүүгдэгч Б.О эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн гарчигт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өмнө “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ” гэснийг “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж өөрчлөлт оруулснаар мөн зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар бүх төрлийн ялаас чөлөөлөх агуулга нэмэгдсэн.

Өөрөөр хэлбэл өмнө зөвхөн хорих ялаас чөлөөлж болохоор байсныг шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн нөхцөлд шүүх торгох, нийтэд тустай ажил хийлгэх болон гурван жилээс доош хугацаагаар хорих ялаас чөлөөлж болохоор хуульчилсан байна.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших ба шүүгдэгч Б.О нь нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлийн амь зуулгыг ганцаараа ажиллан залгуулдаг, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн хэргээ чин шударгаар хүлээн мэдүүлсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон дээр дурдсан хөнгөрүүлэх нөхцөл  байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан аль ч төрлийн ялыг оногдуулах шаардлагагүй байх ба эрүүгийн хариуцлагын зорилго нэгэнт хангагдсан байна гэж үзэв.

 

Нэгэнт эрүүгийн хариуцлага буюу ялын зорилго хангагдсан гэж үзсэн тул албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй байна.

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн болон хураасан хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч И овогт Б.О-т бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан И овогт Б.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын  12-ны өдрийн 540 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх” тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ГЭРЭЛТ-ОД