Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2018/01025

 

“Х” ХХК-ийн Дархан салбарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 168 дугаар шийдвэр

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 25 дугаар магадлалтай

“Х” ХХК-ийн Дархан салбарын нэхэмжлэлтэй

Б.О-т холбогдох

Хадгаламжийн хүүгийн шимтгэл 9 991 545.20 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч Б.О-ын хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Атарбямба, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.О- нь манай банктай 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр малчны хугацаатай хадгаламжийн гэрээ байгуулж, 140 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 15.6 хувийн хүүтэй тус банкинд хадгалуулсан. Харилцагч 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хадгаламжийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, банк хадгаламжид байршуулсан 140 000 000 төгрөг, хадгаламжийн хуримтлагдсан хүү 13 053 369 төгрөг, нийт 153 053 369 төгрөгийг хариуцагч Б.О-т олгосон. Тухайн хугацаатай хадгаламжийн гэрээнд зааснаар харилцагч гэрээт хугацаанаас нь өмнө хадгаламжийн гэрээг цуцлах тохиолдолд бууруулсан хүү жилийн 3.6 хувиар тооцож 3 065 424 төгрөгийн хүүг харилцагчид олгохоос банк харилцагчид олгосон 13 053 369 төгрөгийн хүүнээс бууруулсан хүүнд олгох 3 065 424 төгрөгийг хасч тооцоход 9 987 945 төгрөгийн хадгаламжийн хүүг харилцагчид илүү олгосон байна. Харилцагч Б.О-т илүү олгосон хүүг буцаан төлөх талаар утсаар олон удаа холбогдон мэдэгдэхэд харилцагч төлөхөөс татгалзсан. Иймд 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хадгаламжийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсны хүүгийн шимтгэл 9 987 945 төгрөгийг Б.О-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ банкны салбараар олон жил үйлчлүүлж байсан бөгөөд мөнгөө хугацаат хадгаламжаас буцаан авахад сүүлийн сарын хүүг бууруулсан хүүгийн хувь хэмжээгээр тооцон боддог байсан. 2016 оны 01 дүгээр сарын 27-ны хадгаламжид ч гэсэн гэрээнд гарын үсэг зуруулсан болохоос биш тийм нарийн ойлголт надад өгөөгүй. Хаан банк үйлчлүүлэгчдээ сайтар үнэн зөв ойлголт өгөхгүйгээр үйлчлүүлэгчээ төөрөгдүүлж гэрээ байгуулсан бол эрх тэгш биш хүчин төгөлдөр бус гэрээг байгуулсан гэж үзнэ. Бууруулсан хүүг ингэж төлөх болсон бол мөнгөө хадгаламжид хадгалах гэрээг хийгүй байсан. Банкны хариуцлагагүй үйлдлээс болж үйлчлүүлэгчид олгосон мөнгийг буцаан авна гэсэн заалт бидний гэрээнд байхгүй тул би хохирох ёсгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 168 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Б.О-аас 9 987 945 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хаан банкны Дархан салбарт олгож, нэхэмжлэлийн үлдэх 3 600 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 757 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.О-аас улсын тэмдэгтийн хураамж 174 757 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хаан банкны Дархан салбарт олгож шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 25 дугаар магадлалаар: Хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 168 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174 757 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 25 тоот магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлээгүйгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий биш гэж үзэж хяналтын журмаар дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

Давж заалдах шатны шүүх нь банкны удирдлага ажилтандаа бууруулсан хүүний талаар ойлголт өгөөгүйг анхаарсангүй. Ойлголт өгсөн бол илүү мөнгө өгөхгүй байсан. Банк нь манай ажилтны буруутай үйлдлээс болсон, арга хэмжээ авсан гэдэг боловч ямар сургалт үйл ажиллагаа явуулаад байхад алдаа гарсан хэрхэн хариуцлага тооцсон талаар материал байдаггүй бөгөөд банк нь ажилтныхаа буруутай ажиллагааг нотолж чадаагүй. Иймд банкны удирдлагын буруутай ажиллагааг гэрээг тэгш харилцааны үндсэн дээр ойлголцож хийсэн нь хоёр талын аль нэгэнд тохох нь шудрага, хууль ёсонд нийцэхгүй байна.

Нөгөө талаар Хаан банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 73 тоот тушаалаар батлагдсан Малчны хадгаламжийн журмыг хүчинтэй гэж үзэхээр байгаа. Энэ дагуу 2 тал хадгаламжийн гэрээг хийсэн нь ойлгогддог.

 Хаан банк бид хоёрын хооронд хэлцэл гэрээ хийгдээд, харилцан тооцоо бодогдоод дуусчихсан хойно 1 жил гаруй болсны дараа банк давуу байдлаа ашиглан миний эрх ашигт ноцтойгоор халдан хадгаламжийн гэрээнд эрх тэгш бус байдлаар хандаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Эхлээд гэрээний нөхцөл үр дагаврыг тохирох болохоос дараа нь зөрчих ёсгүй байх. Хадгаламжийн гэрээ харилцан эрх тэгш байдлын үндсэн дээр хийгдэх ёстой гэж ойлгож байна. Би мөнгөө хадгалуулахдаа банкны хүнээс урьдынх шиг хугацаа дуусахаас өмнө мөнгөө авбал сүүлийн сарын хүүг бууруулсан хүүгийн хувь хэмжээгээр бодно биз дээ гэж асууж байсан. Тэгэхэд тийм гэсэн. Ийм ойлголцлын үндсэн дээр гэрээ хийгдсэн.

Хадгаламжийн гэрээг маш жижгээр үйлчлүүлэгч уншихын аргагүй бичсэн болохоор сайн танилцаагүй, шинэ өөр ойлголт өгөөгүй болохоор гарын үсэг зурсан. Бууруулсан хүүг урьдынх шиг биш өөрөөр тооцож авах байсныг ойлгуулсан бол би 140.0 сая төгрөгийг хадгалуулахгүй байсан. Нөгөө талаар хугацаат хадгаламжийнхаа хугацааг дуусахаар мөнгөө авах байсан. Мөн дараа нь дахин 100.0 сая төгрөг хадгалуулахгүй байсан. Энэ үйлдлүүд банк бид хоёрыг бууруулсан хүүгийн талаар адил ойлголттой байсныг давхар давхар нотлоно. Банкны хүн ч гэсэн надтай нэг ойлголттой байсан. Үүнийг банкны удирдлага гуйвуулан ашиглаж байна. Эцсийн эцэст банкны удирдлагын өөрсдийн буруутай ажиллагаа харагдаж байна. Тиймгүй байсан бол надад мөнгийг нэг сарын бууруулсан хүүгээр тооцож олгохгүй байсан. Би залилж юм уу хууран мэхэлж илүү мөнгө аваагүй, банк тэр даруйдаа надад хандаагүй нь банкны ажилтанд хүртэл бууруулсан хүү шинэчлэгдсэн талаар ойлголт өгөөгүй байсан байна. Банк депозит бүтээгдэхүүний бодлого журам гэгчийг шүүх хурал дээр гаргаж өгсөн.

Нэхэмжлэлийг гаргаж өгөхөд болон хадгаламжийн гэрээг хийхэд энэ талаар огт дурдаагүй, ойлголт өгөөгүйгээр барахгүй банкны ажилтан мэдээлээгүй байсныг харуулж байна. Банкны гаргаж өгсөн Хаан банкны гүйцэтгэх захирлын 2016 оны 01 дүгээр сарын 17-ны 73 тоот тушаалаар батласан Малчдын хадгаламжийн журмыг өөрчилсөн, хүчингүй болгосон тушаал хавтас хэрэгт байдаггүй. Энэ журмын 2.5-д “гэрээт хугацааны дундуур зарлагын гүйлгээ зайлшгүй хийгдэх тохиолдолд дансанд хугацаа алдалт хийгдэх бөгөөд өмнөх сарын эцсээс хаагдах өдрийг хүртэлх хугацааны хүүг бууруулсан хүүгийн хувь хэмжээгээр тооцон харилцах дансанд хадгаламжийн үлдэгдлийн хамт шилжүүлнэ” гэсэн заалт, мөн 4.2.3 дахь “Хугацааны дундуур бэлэн ба бэлэн бусаар зарлага гарган хаагдах” гэсэн хүснэгтэд “өмнөх сарын эцсээс хугацаа алдах өдрийг хүртэлх хугацаанд хуримтлагдсан хүүгийн дүнгээр энэхүү журмын 3.1-д заасан бууруулан олгох хүүгээр тооцно” гэсний дагуу би өмнө нь мөнгөө хадгалуулаад авахдаа сүүлийн сард бууруулсан хүүг тооцуулаад мөнгөө авч байсан. Энэ нь мөнгөө хадгалуулахдаа бууруулсан хүүгийн талаар урьдын адил ойлголттой байсныг батлана.

Энэ журам өөрчлөгдсөн өөр журам гарсныг шүүх хурал болох өдөр банк гаргаж өгөх биш гэрээ хийхдээ энэ талаар ойлголт өгөх ёстой байх. Банк тушаал журмаа үндэслэн хадгаламжийн гэрээний бууруулсан хүүний өөрчлөлтийг гэрээнд хийх ёстой гэж үзэж байна. Банк урьд нь надад санамж бичиг, аудитын дүгнэлтээр илүү хүүний мөнгө олгосон байна гэдэг ч хавтаст хэрэгт нотолгоо болгосон санамж бичгээр асуудлыг шийдэхгүй бөгөөд аудитын дүгнэлт гэгчид миний нэр байдаггүй. Нөгөө талаар 2016 оны 01 дүгээр сарын 27-ны хадгаламжийн гэрээний 2.25 дугаар заалтыг үндэс болгодог ч хадгаламжийн гэрээний бууруулсан хүүг өөрчлөхөд удирдлага болгоод байгаа Депозит бүтээгдэхүүний бодлого, журам гэгчийг банкны захирал биш гүйцэтгэх захирлын орлогч 2014 оны 01 дүгээр сарын 07-ны 13 тоот тушаалаар батласан байдаг.

Тэгэхээр малчдын хадгаламжийн журмыг батласан гүйцэтгэх захирлын 2016 оны 01 дүгээр сарын 17-ны 73 тоот тушаалыг орлогч нь хүчингүй болгохгүй нь ойлгомжтой тул 73 тоот тушаалыг хүчинтэй гэж үзэхээр байгаа бөгөөд би болон банкны ажилтан бид хоёр бууруулсан хүүгийн талаар нэг ойлголттой байсан тул надад мөнгө олгосон нь хууль бус биш юм. Банк нь манай ажилтны буруутай хариуцлагагүй үйлдлээс болсон гэж тайлбарладаг ч тэдний хариуцлагыг үйлчлүүлэгч үүрч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэгдэж таарахгүй. Үндэслэлгүй хөрөнгөжих эрх нь надад олгогдоогүйг анхаарна уу. Надаас шалтгаалан үндэслэлгүй хөрөнгөжих ямар ч боломжгүй юм.

Банк улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн 190000941 тоот дансанд хийх ёстой энэ дансанд төлсөн нь харагдаагүй.

Банк надаас мөнгө гаргуулах гэж байгаа нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэх заалт мөн Хадгаламжийн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн гэрээний 4.1.1-д “үйлчилгээний талаар үнэн зөв мэдээлэл, заавар зөвлөмжийг харилцагчид өгөх” гэсэн заалтыг зөрчиж байна.

Хадгаламжийн гэрээ байгуулж гэрээ дуусгавар болсны дараа банкны ажилтны буруутай үйлдлээс болсон гэж хэзээ хойно надаас мөнгө гаргуулах гэж байгаа үйлдэл нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.12-т заасан “үүргээ зөрчсөнөөс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардах нөгөө талын эрхийг хязгаарласан” гэсэн заалтыг зөрчихийн зэрэгцээ Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн гэрээний Стандарт нөхцөлийн хүчин төгөлдөр бус шаардлага тавьж байна гэж үзэж байна.

Иймд Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 25 тоот магадлалыг хүчингүй болгон Хаан банкны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн Дархан салбар Б.О-т холбогдуулан хадгаламжийн хүүгийн шимтгэлд илүү шилжүүлсэн 9 991 945.20 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, “банкны өгсөн мөнгийг авсан тул буцааж өгөх үндэслэлгүй” гэж маргажээ.

 

Хариуцагч Б.О- нь 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр “Х” ХХК-ийн Шинэ Дархан салбартай “Малчны хугацаатай хадгаламжийн гэрээ”-г байгуулж, 140 000 000 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай хадгалуулсан бөгөөд 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хадгаламжийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, банкинд хадгалуулсан мөнгөө авахад банк хадгалуулсан 140 000 000 төгрөгийг, хадгаламжийн хуримтлагдсан хүү 13 053 369.86 төгрөгийн хамт нийт 153 053 369.86 төгрөгийг харилцагчид олгожээ.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.11.-д “гэрээг хугацаанаас өмнө цуцалсан тохиолдолд олгох бууруулсан хүү /жилийн/ 3.60%” байхаар тохиролцсон бөгөөд харилцагчийн хадгаламжийн хүүд 3 065 424.66 төгрөг олгох байтал банкны ажилтан хуримтлагдсан хүүг бууруулсан хүүгээр бус хадгаламжийн хүүгээр тооцож, 9 987 945.20 төгрөгийг илүү олгосон үйл баримт тогтоогджээ.

 

Анхан шатны шүүх хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

 

Хоёр шатны шүүх үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээс хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д зааснаар “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” бол хөрөнгө авсан этгээдийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж, хөрөнгө шилжүүлсэн этгээд уг хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч Б.О-, “Х” ХХК-ийн хооронд Хадгаламжийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн бөгөөд хадгалуулагч гэрээг цуцалж, хадгалуулсан хөрөнгөө хүүгийн хамт буцааж авахаар шаардсаныг үндэслэн банк хадгалуулсан мөнгийг хүүгийн хамт олгосноор талууд гэрээний үүргээ биелүүлжээ.

 

Зохигчдын хооронд Мөнгөн хадгаламжийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн талаар хоёр шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна. 

Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1.-д “банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь хадгалуулагчийн мөнгийг хадгалах, хадгалуулсан мөнгийг тухайн мөнгөн тэмдэгтээр хүүгийн хамт буцаан олгох үүрэг хүлээнэ” гэж, 454.4.-т “хадгалуулагч хэдийд ч гэрээг цуцалж, хадгалуулсан мөнгөө хүүгийн хамт буцаан авах эрхтэй” гэж зохицуулсан байх тул хариуцагч Б.О- мөнгөн хадгаламжийн гэрээг цуцалж, хадгалуулсан мөнгөө хүүгийн хамт авсан нь хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй байна.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4.-т зааснаар хадгалагч нь “мөнгөн хадгаламжийн хүүгийн хэмжээг үнэн зөв бодож, олгох” үүрэгтэйг зохицуулжээ.

Хугацаатай хадгаламжийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах тохиолдолд хадгаламжийн хүүг бууруулан тооцох тухай гэрээний тохиролцоог үндэслэж хадгалуулагчийн хадгаламжийн мөнгийг хүүгийн хамт үнэн зөв тооцож олгох үүрэг нь хадгалагч “Х” ХХК-д хамаарах тул хадгаламжийн хүүг алдаатай тооцож олгосонд хадгалуулагчийг буруутгах үндэслэлгүй.

Иймд хадгаламжийн хүүгийн шимтгэлд илүү төлсөн 9 987 945.20 төгрөгийг нотариатын зардал 3 600 төгрөгийн хамт хариуцагчаас гаргуулах нэхэмжлэгчийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 168 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 25 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Б.О-аас 9 991 545.20 төгрөгийг гаргуулахыг хүссэн “Х” ХХК-ийн Дархан салбарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Б.О-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174 757 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                      Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                Х.ЭРДЭНЭСУВД