| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Надмидын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 177/2017/0151/э |
| Дугаар | 03 |
| Огноо | 2018-01-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Я.Дина |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 03
Ц.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Б.Дамба, шүүгч Н.Мөнхжаргал, нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Я.Дина, шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Д.Бунжаа, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Лхагважав, нарийн бичгийн дарга А.Тамираа нарыг оролцуулан
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 137 дугаар шийтгэх тогтоолтой, Ц.Б-д холбогдох эрүүгийн 1735000000081 дугаартай хэргийг насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-гийн давж заалдсан гомдлыг үндэслэн, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1995 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Увс аймгийн Бөхмөрөн суманд төрсөн, эрэгтэй, 23 настай, Увс аймгийн Бөхмөрөн сумын Жигэртэй багт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй Аовогт Ц-ийн Б нь Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутагт дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч Д.М-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А овогт Ц-ийн Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг 340 /гурван зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болох, Шүүгдэгч Ц.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж шийдвэрлэжээ.
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б давж заалдах гомдолдоо: ”2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 137 дугаартай Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх Ц.Б-д эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 340 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн. Анхан шатны шүүх Ц. Б-д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэхдээ мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 7-д заасан нөхцлийг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б надад болон насанд хүрээгүй хохирогч миний дүү Д. М бид хоёрт шүүх хурал болох талаар 2017 оны 11 сарын 17-ны орой ажил тарсны дараа 19 цагт мэдэгдсэн. Хуулинд заасны дагуу бид шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргах, өмгөөлөгч авах эрх ашгаа хамгаалуулах бололцоог хангах боломжийг олгохгүйгээр шүүгдэгчийн эрх ашгийг хамгаалж, дан ганц шүүгдэгч, түүний өмгөөлөгчийг оролцуулж шүүх хуралдааныг хийсэнд гомдолтой байна. Шүүх нь Ц.Бд холбогдох хэргийн шүүх хуралдааныг ажил тарсны дараа мэдэгдсэн тул өмгөөлөгч авах эрх ашгаа хамгаалуулах боломжоор хангах нөхцлийг олгоогүй, шууд 11 цагт хурал орж шийдвэр гаргасан. Биднийг өмгөөлөгч авч хэргийн материал танилцуулах нөхцлөөр хангаагүй. Хохирогчийн эрх ашгийг хангах бүрэн боломжтой байсан. Биднийг өмгөөлөгч авах боломжийг хангаж шүүх хуралдааныг хуулинд заасны дагуу хойшлуулах хуулийн заалтыг зөрчсөн. Би болон миний насанд хүрээгүй дүү хууль мэдэхгүй тиймээс энэ талаар бид өмгөөлөгч оролцуулж зөрчигдсөн эрхээ хамгаалуулах байсан. Энэ эрхийг шүүх олгоогүй юм. Гэтэл шүүгдэгч нь өмгөөлөгчтэйгээ оролцоод миний дүүгийн эд эрхтэн гэмтээсэн эмчилгээний зардлаа төлөөгүй байхад шүүх түүнд хэт нэг талыг барьж 340 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэсэнд гомдолтой байна. Иймд 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 137 дугаартай Увс аймаг дахь сум сундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. Жич: Давж заалдах шатны шүүхэд миний бие өмгөөлөгчтэй оролцох болно.” гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, насанд хүрээгүй хохирогч Д.М-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.
Ц.Б нь 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Улаангом сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч Д.Мөнх-Эрдэнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь :
Насанд хүрээгүй хохирогч Д.М-ийн “ Би 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 15 цаг 30 минутын орчимд Нийгэмлэгийн заалнаас гараад сургууль руугаа явж байтал замд Гивааны талбайн сагсны шийдний дэргэд Таа гэх танил ах байхаар очиж мэнд ус мэдээд ойр зуурын зүйл ярилцаж байтал хажуугаас нэг танихгүй залуу ирээд намайг доошоо хараад зогсож байтал доороос дээш чиглэлтэй ам орчимд нэг удаа өлгөж цохисон юм...Миний үүдэн доод шүд сэтэрсэн, дээд баруун талын шүд хугарч унасан, баруун эрүү уг орчмоороо хөндүүрлэж өвдөж байна” гэх мэдүүлэг/хх-ийн 4-6 тал/,
Насанд хүрээгүй гэрч А.Б-гийн “..Тэр залуу Д.Мөнх-Эрдэнийг Таатай уулзаад энгийн зүйл яриад доошоо тонгойгоод зогсож байхад хүрч ирээд хажуугаас нь шууд үгийн зөрүүгүй дээшээ өлгөөд цохичихсон. Нэг удаа л цохисон” гэх мэдүүлэг/ хх-ийн 7 тал/,
Насанд хүрээгүй гэрч Ж.Б-гийн “..Д.Мөнх-Эрдэнэ тэдний нэг болох Таа гэх залууг танидаг гээд түүнтэй очиж уулзсан бид хажууханд нь зогсож байтал сагсны шийдний дэргэдээс нэг согтуу залуу ирээд Д.Мөнх-Эрдэний нүүр үрүү нэг удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 8 тал/,
Насанд хүрээгүй гэрч Г.Ш-ын “..Ц.Б нь согтуу байсан бөгөөд ямар нэгэн шалтгаангүй үг хэлэхгүй шууд ирээд Д.М-ийг цохисон. Д.М-ний амнаас цус гарч байх шиг байсан. Амаа дараад байсан.дээд шүд нь хугарсан байсан. Доод шүд нь сэтэрсэн бололтой байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 9 тал/,
Гэрч П.Т-ын “...Ц.Б хүрч ирэнгүүтээ юу ч ярилгүй шууд Д.Мөнх-Эрдэний нүүр үрүү нэг удаа цохисон юм. Ц.Б дахин цохих гэхээр нь би түүнийг барьж аваад цааш нь сандал дээр суулгасан. Д.М шүд гэж ёолж байснаа гар утсаа гаргаж ирээд эгчдээ болон цагдаад болсон явдлыг хэлсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 11 тал,
Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 700 дугаартай шинжээч эмчийн “Иргэн Д.Мөнх-Эрдэнийн биед гэмтэл учирсан байна. Дээд эрүүний 1 шүд /12/ дунд хэсгээр хугарсан, 21, 41 дүгээр шүдний паалан эмтэрч унасан гэмтэл үүссэн байна. Дээрхи гэмтэл нь гадны хатуу мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтэл нь гэмтлийн өөрийнх нь хэлж байгаа цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Уг гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө “ гэх дүгнэлт зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон, анхан шатны шүүх хэргийн үйл баримтын талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн, уг дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Мөрдөн байцаалт, шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулсан байх ба шүүхээс бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн явдал гараагүй байна.
Насанд хүрээгүй хохирогч Д.М-ийн хууль ёсны төлөөгч Д.Бийн “...Шүүх хуралдааны товыг 2017 оны 11 сарын 17-ны орой ажил тарсны дараа 19 цагт мэдэгдсэн юм. Хуулинд заасны дагуу бид шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргах, өмгөөлөгч авах эрх ашгаа хамгаалуулах бололцоог хангах боломжийг олгохгүйгээр шүүгдэгчийн эрх ашгийг хамгаалж, дан ганц шүүгдэгч, түүний өмгөөлөгчийг оролцуулж шүүх хуралдааныг хийсэнд гомдолтой байна. Мөн миний дүүгийн эд эрхтэнг гэмтээсэн эмчилгээний зардлаа төлөөгүй байхад шүүх түүнд хэт нэг талыг барьж 340 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэсэнд гомдолтой байна” гэх гомдлын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлаж үзвэл:
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл буюу бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг шүүх хүлээн авсанаас хойш мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 5-т зааснаар 72 цагийн дотор хянан шийдвэрлэхээр хуульчилсан бөгөөд Ц.Бд холбогдох эрүүгийн хэрэг нь дээрхи хуулийн заалтанд хамаарч байна.
Анхан шатны шүүх Ц.Б-д холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, мөн өдрөө шүүх хуралдааныг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 11 цагаас хийхээр товлож, хэргийн оролцогч нарт шүүх хуралдааны товыг 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр мэдэгдсэн байна.
Насанд хүрээгүй хохирогч Д.М-ний хууль ёсны төлөөлөгч Д.Б-т шүүх хуралдааны товыг 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 16 цаг 50 минутад мэдэгджээ./ хх-ийн 62 тал/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэнээс хойш шүүх хуралдаан болох хүртэл хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд биечлэн оролцох, өмгөөлөгч авах талаар ямар нэгэн хүсэлт шүүх хуралдаанд ирүүлээгүй байх бөгөөд анхан шатны шүүх шүүх хуралдаан эхлэхийн өмнө хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй тул шүүх хуралдааныг хойшлуулах эсэх асуудлыг хэлэлцээд шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэлгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 7-т зааснаар шүүх хуралдааныг явуулсан нь хуулийг зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.
Түүнчилэн хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт тэдгээрийн эрх үүргийг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр тайлбарлаж өгсөн байна.
2. Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн Ц.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүхээс түүнд ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан ял шийтгэл оногдуулжээ.
Мөн анхан шатны шүүх насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэргийн шүүхээр жич нэхэмжлэн шийдвэрлүүлэх эрхтэй болохыг зааж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-ийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-ийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ЖАМБАЛСҮРЭН
ШҮҮГЧИД Б.ДАМБА
Н.МӨНХЖАРГАЛ