Шүүх | Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэнджавын Байгалмаа |
Хэргийн индекс | 159/2018/0007/З |
Дугаар | 159/ШШ2018/0018 |
Огноо | 2018-08-09 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 159/ШШ2018/0018
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Байгалмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогдох,
“Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/116 дугаартай захирамжийн “*******” ХХК-д холбогдох хэсгээс “*******” ХХК-ний эзэмшлийн Ашигт малтмалын ******87Х, *****88Х тусгай зөвшөөрлийн талбайтай давхцаж буй хэсгээр хүчингүй болгуулах, “*******” ХХК-ний түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын СЭ-0055Х, СЭ-0054Х дугаартай тусгай зөвшөөрлүүдийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: “*******” ХХК-ийн захирал *******
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэдөш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “*******” ХХК нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутаг дэвсгэрт 1996 оноос хойш уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тус нутаг дэвсгэрт ашигт малтмалын хайгуулын *****7Х, ****8Х тусгай зөвшөөрлүүдийг эзэмшдэг болно.
Гэтэл 2015 оноос эхлэн Сэлэнгэ аймгийн Засаг дарга нь тус хоёр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад шаардлагатай Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд гарын үсэг зурж өгөөгүй, эс үйлдэхүй гаргаснаас болж 14487Х, 14488Х тоот лицензүүдийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлагдахгүй өдийг хүрсэн. Ийнхүү байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж өгөхгүй болохоор тусгай зөвшөөрлөө сунгуулах хүсэлтийг Ашигт малтмалын Газрын тосны газарт өгөх боломжгүй, сунгагдах хүсэлтийн бүрдэл хангагдахгүй өдийг хүрсэн.
Тиймээс Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргыг хариуцагчаар татаж захиргааны хэрэг үүсгүүлэн шалгуулсны дагуу Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгохоор 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр тухайн үед Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус хэргийг хянан шийдвэрлээд:
1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 04 дүгээр шийдвэр гарсан. Тухайн шийдвэрээр /6 дугаар нүүр 21-30 мөр/ “Гэтэл хариуцагч хуульд заасан хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчээс ирүүлсэн 2015 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хайгуулын ажлын төлөвлөгөө гэж ойлгож, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хууль тогтоомжоор олгогдсон эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа нь нэхэмжлэгч “*******” ХХК-ний хайгуулын****87Х,****88Х тоот лицензүүдийн байгаль орчныг хамгаалах менежментийн 2015 оны төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүй гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “*******” ХХК-ны хайгуулын ****87Х, ****8Х тоот лицензүүдийн байгаль орчны менежментийн 2015 оны төлөвлөгөөг батлахыг Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргад даалгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ” гэж үндэслэж шийдвэрлэсэн.
2.Уг шийдвэрт хариуцагч талаас гомдол гаргахад 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр давж заалдах журмаар хэлэлцээд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 221/МА2017/0258 дугаар магадлал гарсан. Уг магадлалд /6 дугаар нүүр 23-29/: Хэрэгт авагдсан баримтуудаар “*******” ХХК байгаль орчны менежментийн 2015 оны төлөвлөгөөг батлуулахаар Орхонтуул сумын Засаг даргад хүргүүлсэн нь тогтоогдсон, өөрөөр хэлбэл уг төлөвлөгөөг хүлээн аваад хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг дарга ******* 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1/321 дүгээр албан бичгээр “Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөтэй танилцаад ... байгаль хамгаалах төлөвлөгөөг батлах боломжгүй талаар “*******” ХХК-д мэдэгдсэн нь үүнийг нотолж байна” гэж шийдвэрийг хэвээр үлдээсэн.
3.Монгол Улсын Дээд шүүх тус магадлалыг 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хянаад 240 дүгээр тогтоол гаргаж, магадлалыг хэвээр үлдээсэн.
Ийнхүү 3 шатны шүүхээс Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоосон бөгөөд энэхүү 3 шатны шүүхийн шийдвэрийг АМГТГ-т тухай бүрт нь хүргүүлж байсан боловч “*******” ХХК-ний эзэмшлийн 14487Х, 14488Х тусгай зөвшөөрлүүдийг цаашид сунгах боломжгүй тухай мэдэгдсэн. Ингэхдээ хугацаандаа сунгуулах хүсэлт гаргаж байгаагүй гэж татгалзсан бөгөөд энэхүү татгалзал буюу эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгохоор Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэл гаргаж, тус шүүхээс 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 128/ШЗ2017/5600 дугаар “Захиргааны хэрэг үүсгэх тухай” захирамж гаргаж захиргааны хэрэг үүссэн болно.
Гэтэл энэхүү захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хооронд манай эзэмшлийн 14487Х, 14488Х талбайтай давхцуулаад “Роксидоллс” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын СЭ-0055Х, СЭ-0054Х дугаартай тусгай зөвшөөрлүүдийг Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/116 дугаартай захирамжаар олгосон болохыг Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 1/85 дугаар Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд ирүүлсэн албан тоотоор мэдсэн болно.
Ийнхүү Сэлэнгэ аймгийн Засаг дарга нь “*******” ХХК-ний эзэмшлийн талбайд давхардуулан тусгай зөвшөөрөл олгохын сацуу тус талбайд 1996 оноос хойш хайгуулын ажил хийлгэж байгаа “алтны нөөц” бүхий талбайд “хайрга, дайрга”-ны зориулалтаар өөрийн эрх хэмжээгээ хэтрүүлж тусгай зөвшөөрөл олгосон байна.
Тус “*******” ХХК-ний эзэмшлийн 14487Х, 14488Х талбайд Монгол Улсын эрдэс баялагийн зөвлөлөөс нөөцийг баталж, ТЭЗҮ хийгдсэн алтны шороон орд бүхий талбай болно. Энэхүү 10 гаруй жилийн хайгуулын ажил болон улсын нөөцөд хүлээн авсан талбайд хайрга олборлох буюу түгээмэл тархацтай гэж үзэж захирамж гаргаж, тусгай зөвшөөрөл олгосон үйлдэл нь хууль бус байх тул Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/116 дугаартай захирамжийн “Роксидоллс” ХХК-д холбогдох хэсгээс талбайтай давхцаж буй хэсгээр хүчингүй болгож, зөвхөн давхцалтай хэсгээрээ хүчингүй болгуулах хүсэлттэй байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, аймгийн засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс хүлээн зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:
“*******” ХХК-иас “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль”-ийн 13 дугаар зүйлд зааснаар түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэн 2017 оны 01 дүгээр сарын 30-нд гаргасан хүсэлт, өргөдлийг 2018 оны 01 дүгээр сарын 30-нд хүлээн авч судлаад, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст шүүлт хийлгэсэн.
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 7/1296 тоот албан бичгээр “Зөвшөөрөл олгох боломжтой” гэж хариу ирүүлсэн дүгнэлтийг үндэслэн Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/116 дугаартай захирамжаар “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл”-ийг олгосон. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгчийн зөвхөн давхцалтай хэсгээр хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “*******” ХХК-иас Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр татагдан оролцож дараах тайлбарыг хүргүүлж байна.
“*******” ХХК нь Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/116 дугаар захирамжийн “*******” ХХК-д холбогдох хэсгээс “*******” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын 14487Х, 14488Х тусгай зөвшөөрлийн талбайтай давхцаж буй хэсгээр хүчингүй болгуулах, “*******” ХХК-ийн Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын СЭ-0055Х, СЭ-0054Х дугаартай тусгай зөвшөөрлүүдийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг Сэлэнгэ аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ.
Гэвч “*******” ХХК-ийн 14487Х, 14488Х тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүд нь 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс буюу 3 жилийн өмнө “дуусгавар” болсон байхад “*******” ХХК-ийн Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын СЭ-0055Х, СЭ-0054Х дугаартай тусгай зөвшөөрлүүдийг “хүчингүй болсон” 14487Х, 14488Х тусгай зөвшөөрлийн талбайтай давхцаж буй хэсгээр хүчингүй болгуулах, улмаар бүхэлд нь хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан Монгол Улсын аль ч хуультай нийцэхгүй байна.
Манай компани нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт СЭ-0054Х, СЭ-0055Х тоот түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгаас зохих хууль журмын дагуу авсан. Энэ тусгай зөвшөөрлийг хүссэн өргөдөл өгөхөд давхцлыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс шүүж “давхцалгүй” гэсэн хариуг Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газарт хүргүүлснээр СЭ-0054Х, СЭ-0055Х тоот тусгай зөвшөөрлүүд олгогдсон юм. Манай компани СЭ-0054Х, СЭ-0055Х тоот тусгай зөвшөөрлүүдийг авсан үеэс хойш геологи судалгааны ажлууд гүйцэтгэж нилээд хэмжээний зардал гаргачихаад байгаа билээ.
Мөн “*******” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “ “*******” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын 14487Х, 14488Х тусгай зөвшөөрлийг хугацаа сунгахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, сунгахыг даалгах” нэхэмжлэл гаргаад байгаа юм. “*******” ХХК нь дээрх тусгай зөвшөөрлүүдтэйгээ холбоотой “Сунгах хугацааг хойшлуулах тухай” гэх мэт албан бичгүүд хүргүүлсэн гэх боловч Монгол улсад мөрдөгдөж буй Ашигт малтмалын тухай хуулинд “Сунгах хугацааг хойшлуулах тухай” ямар ч заалт байхгүй юм. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана ...” гэж заасны дагуу бүрэн гүйцэд өргөдөл гаргаж хугацааг сунгуулаагүй тул 53 дугаар зүйлд заасны дагуу 14487Х, 14488Х тоот тусгай зөвшөөрлүүд дуусгавар болсон байдаг.
Иймд “*******” ХХК-ийн хүчин төгөлдөр бус буюу дуусгавар болсон 14488Х, 14487Х тусгай зөвшөөрөлтэй холбогдуулан гаргасан “Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/116 дугаар захирамжийн “*******” ХХК-д холбогдох хэсгээс “*******” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын 14487Х, 14488Х тусгай зөвшөөрлийн талбайтай давхцаж буй хэсгээр хүчингүй болгуулах, “*******” ХХК-ийн Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын СЭ-0055Х, СЭ-0054Х дугаартай тусгай зөвшөөрлүүдийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Сэлэнгэ аймгийн Засаг дарга нь 2017 оны 03 сарын 24-ний өдрийн А/116 тоот захирамжаар “*******” ХХК-д Орхонтуул сумын нутаг дэвсгэрт байрлах Замт, Гүн, Хөх хад талбайн тодорхой солбилцолд хайрга дайрга хийх ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосон захирамж гаргажээ.
Нэхэмжлэгч “Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/116 дугаартай захирамжийн “*******” ХХК-д холбогдох хэсгээс “*******” ХХК-ний эзэмшлийн Ашигт малтмалын 14487Х, 14488Х тусгай зөвшөөрлийн талбайтай давхцаж буй хэсгээр хүчингүй болгуулах, “*******” ХХК-ний түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын СЭ-0055Х, СЭ-0054Х дугаартай тусгай зөвшөөрлүүдийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, хэргийн оролцогч нарын өмгөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу нотлох баримт бүрдүүлэн шалган судлахад:
Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 43 дугаар албан бичигт “*******” ХХК-ийн 14487Х, 14488Х тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдэд холбогдох болон “*******” ХХК-ийн ХА-43000065, ХА-43000066 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд холбогдох баримтууд “*******” ХХК-ийн 14487 тоот тусгай зөвшөөрлийн талбай давхцалгүй, 14488Х тоот тусгай зөвшөөрлийн талбай давхцалтай болохыг харуулсан кадастрийн зураг зэргийг харуулсан баримтаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгч “*******” ХХК-ийн захирал ******* нь Нэхэмжлэлийн шаардлагаа “Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/116 тоот захирамжийн “*******” ХХК-д холбогдох хэсгээс “*******” ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй давхцаж буй хэсгийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасаныг, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага дээрхи нөхцлөөр багасгасаныг хүлээн зөвшөөрснийг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт “Тусгай зөвшөөрөл эзэмшигч шүүхэд гомдол гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэр гартал тухайн талбайд шинээр тусгай зөвшөөрөл олгохгүй” гэж заасан байх бөгөөд Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/116 тоот “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” захирамжаар “*******” ХХК-д ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон газар нь “*******” ХХК-ийн маргаантай байсан тусгай зөвшөөрөлтэй газартай давхцуулан олгосон нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.2, 106.3 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.6, 64 дүгээр зүйлийн 64.1, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/116 тоот захирамжийн “*******” ХХК-д холбогдох хэсгээс “*******” ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй давхцаж буй хэсгийг хүчингүй болгосугай.
2. 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, давж заалдах журмаар гомдол гаргаагүй этгээд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг тус тус дурьдусгай.
ШҮҮГЧ Ц.БАЙГАЛМАА