Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 118/2021/0038/З |
Дугаар | 221/МА2021/0693 |
Огноо | 2021-12-17 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2021/0693
Ш.О-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгч Ш.О, түүний өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б нарыг оролцуулан Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 40 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Ш.О-ын нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Оюумаагийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 40 дүгээр шийдвэрээр:
“...Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 ,29.3, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 21 дүгээр зүйлийн 21.1, 22 дугаар зүйлийн 22.1, Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Завхан аймгийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/208 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий иргэн Ш.О-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э давж заалдах гомдолдоо:
“...Анхан шатны шүүхийн үндэслэх хэсэгт “ ... Иймд 2016 оны А/121 дүгээр захирамжийн Ш.О-ын нэрээр 2008 оны 53 дугаар захирамжинд залруулга хийхээр тусгагдсан бөгөөд хариуцагчаас уг алдааг илэрхий алдаатай адилтган үзэж, 2021 оны А/208 дугаар захирамжаар хүчингүй болгохоор шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй”, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3-д “Засаг дарга захирамж хууль тогтоомжинд нийцээгүй бол өөрөө өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж заасантай нийцсэн байна гэж үндэслэлгүй дүгнэсэн гэж үзэж байна.
Иргэн Ш.О-ийн Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиар баталгаажсан газар өмчлөх эрхэнд захиргааны байгууллага халдаж захиргааны шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийг хэрэгжүүлээгүй, үндэслэл нь тодорхойгүйгээр тус хуулийг ноцтой зөрчсөн байдаг.
Гэтэл анхан шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлаж буюу Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д зааснаар захиргааны актыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгосон захиргааны байгууллагын шийдвэрийг үндэслэлтэй гэж дүгнэсэн байдаг.
Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасан агуулга нь илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй гэж заасан болохоос тус заалтыг үндэслэн захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох боломжгүй байдлаар хуульчилсан байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь заалт нь Засаг даргын нийтлэг эрх бөгөөд захиргааны актыг хүчингүй болгож байгаа тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийг голлон үндэслэн шийдвэр гаргах ёстой.
Иймд Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 40 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн заалдах гомдлын хүрээнд хянаад, хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Ш.О нь Завхан аймгийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай А/208 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар маргаж байна.
Анх Завхан аймгийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 156 дугаар захирамжаар Б.Түмэнхүү нь Улиастай сумын Жаргалант багийн Нарлаг энгэрийн хэсэг, 2 дугаар гудамжны 1 тоот хаягт байршилтай 720 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөх эрхтэй болсон ба тус газрыг 2007 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Ш.О, Ш.С, Д.А нарт бэлэглэжээ. Хожим Ш.Сарангэрэл, Д.А нар газрын өөрт ногдох хэсгийн өмчлөх эрхийг Ш.О-д шилжүүлсэн тул нэхэмжлэгч нь 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс уг газрыг бүхэлд нь дангаар өмчлөх эрхтэй болсон байна.
Завхан аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/121 дүгээр захирамжаар “..газраа өмчилсөн ... иргэний талбайн хэмжээ, оршин суугаа хаягийг зөрүүтэй бичсэн зөрчил илэрсэн тул залруулах...” зорилгоор тухайн газрын хэмжээг томосгож 1051 хэмжээтэй болгон Ш.О-д өмчлүүлсэн ба үүнээс 5 хоногийн дараа дээрх газраасаа 282 м.кв хэмжээтэй газрыг өөрийн эгч Ш.С-д бэлэглэсэн тул үлдсэн 769 м.кв газрын өмчлөгчөөр тус тус улсын бүртгэлд бүртгүүлж, баталгаажуулсан байх боловч аймгийн Засаг даргаас 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/208 дугаар захирамжаар газар өмчлөгчдийн оршин суугаа хаяг, газрын хэмжээг зөрүүтэй бичсэн зөрчлийг арилган залруулах зорилгоор урьд гаргасан 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/121 дүгээр захирамжийн Ш.О-д холбогдох хэсгийг хүчингүй болгохоор шийдвэрлэжээ.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “...Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана” гэж зааснаар хуульд заасан шаардлагыг хангасан иргэний өргөдлийн дагуу Засаг даргын захирамжаар газар өмчлүүлнэ.
Гэтэл нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн авсан 282 м.кв газрын тухайд Ш.О-д өмчлүүлэхээр шийдвэрлэсэн аливаа эрх бүхий Засаг даргын захирамж, шийдвэр байхгүй байх тул анхан шатны шүүхийн “...нэхэмжлэгчийн шүүхээр сэргээлгэхээр шаардаж буй эрх, ашиг сонирхол нь хууль ёсны байж гэмээ нь шүүхээр хамгаалагдах, шүүх уг зөрчигдсөн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг өмнөх байдалд нь сэргээн тогтоох...” гэх гомдол хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт болжээ.
Учир нь маргаан бүхий газрыг анх олгосон гэх Завхан аймгийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 156 дугаар захирамжид нэхэмжлэгч Ш.О-ын өмчлөхийг хүсэж буй 282 м.кв талбайг олгоогүй, хэрэгт авагдсан баримтуудаар дээрх захирамжаас хойш нэхэмжлэгчид нэмж газар өмчлүүлэх шийдвэр огт гараагүй бөгөөд маргаан бүхий А/208 дугаар захирамжаар өмнө гаргасан А/121 дүгээр захирамжийг зөвхөн засах агуулга, үндэслэлээр гарсан тул хариуцагчаас нэхэмжлэгчид Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасны үндсэн дээр газар өмчлөх эрх олгосон шийдвэр гэж үзэхгүй.
Ийнхүү нэгэнт нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг өмчлөх эрхгүй байхад газар өмчилсөн нь буруу учир түүнийг хариуцагч захиргааны байгууллагаас Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.3-д заасан иргэнд газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн газар өмчлүүлэх шийдвэр гаргах, газар өмчлүүлэх талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах эрх хэмжээнийхээ хүрээнд өмнө гаргасан шийдвэрийн алдааг илрүүлж, Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасны дагуу захиргааны актын илэрхий алдааг зассан учир Завхан аймгийн Засаг даргыг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Нөгөөтэйгүүр, Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй.” гэж зааснаар захиргааны байгууллагаас өөрийн гаргасан шийдвэрийг хуульд нийцүүлэн засах эрх өөрт нь хадгалагддаг бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 40 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ш.О-ын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарласан гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА