Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 0010

 

Ц.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй

   иргэний хэргийн тухай

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Сосорбарам даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, шүүгч Т.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгч Ц.Эрдэнэчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг, хариуцагч Б.Батбаатар, хариуцагчийн өмгөөлөгч Д.Содномдорж нарыг оролцуулан хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 80 дугаар шийдвэртэй,                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

Нэхэмжлэгч: Ц.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:    Б.Батбаатарт  холбогдох

Торхны үнэ, алданга нийт 11,250,000 /арван нэгэн сая хоёр зуун тавин мянга/ төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагчийн 6,920,000 /зургаан сая есөн зуун хорин мянга/ төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Ц.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Эрдэнэчимэг нь хариуцагч Батбаатарт 8х10 хэмжээтэй орон нутгийн гоожинтой торхыг 7,500,000 төгрөгөөр үнэ тохирсон зээлээр худалдаж 3 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан юм. Гэрээнд заасан хугацаанд Батбаатар нь үүргээ биелүүлээгүй тохиолдолд торхны үнэ болох 7,500,000 төгрөгийг хэтрүүлсэн хоног тутамд 0,5%-иар алданги тооцохоор болсон. Гэвч гэрээний хугацаа дуусахад болон түүнээс хойш Батбаатар мөнгөө өгөөгүй учир түүнээс торхны үнийг авахаар удаа дараа шаардсан боловч уулзахгүй зугтах болсон. Гэрээнд заасан хугацаа хэтрээд жил гаран хугацаа буюу 465 хоног болсон тул хэтрүүлсэн хоног тутамд алданги тооцоход үндсэн үүргийн 50%-иас хэтэрч байгаа учир 7,500,000 төгрөгийн 50% болох 3,750,000 төгрөгийг нэмж гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд торхны үнэ 7,500,000 төгрөг, алданги 3,750,000 төгрөг, нийт 11,250,000 төгрөгийг Б.Батбаатараас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2015 оны 04 дүгээр сарын 10-ны үед санагдаж байна би иргэн Батбаатарын гуйлтаар өөрт байсан 8*10 харьцаатай 58 ширхэг модтой торхыг 7,500,000 төгрөгөөр харилцан тохиролцож зарсан. 2015 оны 7 дугаар сарын 15-ны уг мөнгийг нь өгөхөөр гэрээ байгуулсан боловч Батбаатар нь боломжгүй байна хэсэг хүлээгээч гэж хэлсээр 2016 оны 2 сар гарсан. Ингээд өгөхгүй сүүлдээ утсаа авахгүй олдохгүй болохоор нь шүүхэд өгөхөд Батбаатар надтай ирж уулзаад шүүхээс нэхэмжлэлээ авчих мөнгийг чинь 2016-5-01-н гээд байхлаар нь тухайн үед Батбаатарыг бодоод нэхэмжлэлээ буцааж авсан. 2016 оны 6 сар гараад дахин уулзахад мөнгө өгөх боломжгүй торхыг чинь улс хураагаад авчихсан гэж хэлээд өнөөдрийг хүртэл өгөхгүй биднийг хохироож байна. Иймд Б.Батбаатараас торхны үндсэн үнэ 7,500,000, хугацаа хэтрүүлсний алданги 3,750,000 төгрөг, нийт 11,250,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Батбаатар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид хоёр харилцан тохиролцож 7,500,000 төгрөгт бодож 8*10 хэмжээтэй 54 ширхэг модтой торх худалдаж авсан нь үнэн. Тэрнээс гэрээнд зааснаар бэлэн мөнгө зээлж аваагүй, гэрээг Батбаатарын эхнэр Эрдэнэчимэгтэй хийсэн ба торхны үнийг 2015 оны 7 дугаар сарын 15-ны өдөр өгөхөөр тохиролцож гэрээ хийсэн юм. Баттулга нь тухайн үед надад гарал үүслийн бичиг өгөөгүй, уг модыг би Улаанбаатар хот руу ачиж тээвэрлэж яваад хууль бусаар мод тээвэрлэсэн гэх үндэслэлээр хураалгасан. Надад хэлэхдээ чи ачаад явж бай ардаас чинь гарал үүслийн бичиг өгнө гэж хэлчхээд өгөөгүй. Уг модноос болж би маш их хохирч машинаа журмын хашаанд хийлгэж, мөн торгуулийн төлбөр, өмгөөлөгч авсны хөлс гэх мэт зардал надаас гарсан ба хураалгасан модоо одоо болтол авч чадаагүй. Иймд тухайн үед надад бичиг баримтгүй мод өгсөн тул төлөх боломжгүй гэж бодож байгаа гэжээ.

Хариуцагч Б.Батбаатар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ... УБ хот руу ачиж яваад хураалгахад гарсан зардал болох  өмгөөлөгчийн хөлс 1 сая төгрөг, олох байсан орлого 5 сая төгрөг, журмын хашааны төлбөр 270,000 төгрөг, шатахууны зардалд 650,000 төгрөг, нийт 6,920,000 төгрөгийг Эрдэнэчимэгээс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Эрдэнэчимэг сөрөг нэхэмжлэлд өгсөн хариу тайлбартаа: ... Батбаатар нь манай нөхөр Баттулгаас 27 ширхэг мод худалдан авсан гэж нэхэмжлэлдээ бичсэн байна. Гэвч үнэндээ 8x10 хэмжээтэй торхыг 3 сарын дараа мөнгийг нь өгнө гэж зээлээр худалдаж авсан. Өөрөөр хэлбэл ийм хэмжээтэй торхонд 27 ширхэг мод ордоггүй юм. Манайхаас авсан торхонд 58 ширхэг мод орсон. Батбаатар хэдий мод хураалгасан байлаа ч энэ нь яг манай нөхрөөс авсан торхны мод мөн гэдгийг нотлох баримт байхгүй байна. ... Гоожин болон гарал үүслийн бичиггүй мод өгснөөс болж Улаанбаатар хот руу орохдоо баригдаж цагдаагийн байгууллагад шалгагдаж хохирсон гэж байгаа боловч тухайн үед уг торхыг орон нутгийн гоожинг нь дагалдуулан түүнд өгсөн бөгөөд Улаанбатар хот руу ачих гэж байгааг нь бид мэдээгүй. Ачаад яв гэж хэн ч хэлээгүй байхад өөрийн буруутай үйлдлээс учирсан хохирлыг надаас нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэлд дурдсан зардлууд нь Батбаатарын өөрийнх нь 100% буруутай үйлдэл ашиг хонжоо олох гэсэн сэдэл зорилгоос нь болж гарсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.  

... Иймд надад холбогдуулан гаргасан 6,920,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттулга шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: ... Тухайн үед модонд орон нутгийн гоожин, хяналтын хуудас гэж л өгдөг байсан. Харин УБ явахад гарал үүсэл авдаг байсан байх би Батбаатартай торхны наймаа хийсэн болохоос биш УБ хот ачиж яваад хүн өг гэж хэлээгүй. Иймд шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 80 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 248 дугаар зүйлийн 248.2-д зааснаар хариуцагч Б.Батбаатараас торхны үнэ 7,500,000 /долоон сая таван зуун мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Эрдэнэчимэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,750,000 /гурван сая долоон зуун тавин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 254.6, 255 дугаар зүйлийн 255.1-д зааснаар хариуцагч Б.Батбаатарын 6,920,000 /зургаан сая есөн зуун хорин мянга/ төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 194,950 /нэг зуун ерэн дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Батбаатараас 134,950 /нэг зуун гучин дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Эрдэнэчимэгт олгохоор тус тус шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Батбаатар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх ... Эрдэнэчимэгээс Батбаатар торх худалдан авсан тул 7,500,000 /долоон сая таван зуун мянган/ төгрөгийг Б.Батбаатараас гаргуулж Ц.Эрдэнэчимэгт олгохоор шийдвэрлэсэн. Иргэний тухай хуулийн 243 зүйлийн 243.1-т зааснаар “...түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчид шилжүүлэх...” гэж заасан байна. ... Анхан шатны шүүх Ц.Эрдэнэчимэг, Б.Батбаатар бид хоёрын хооронд байгуулсан гэрээг худалдах, худалдан авах гэрээ гэж үзсэн мөртлөө бичиг баримтгүй торх хүлээлгэн өгсөн Ц.Эрдэнэчимэгээс болж иргэн Б.Батбаатар намайг хохироосонг нотлох баримтын хүрээнд үнэлээгүйд гомдолтой байна.

Анхан шатны шүүх өмгөөлөч Д.Содномдоржийг тус шүүх хуралд оролцуулаагүйд гомдолтой байна. Учир нь нэхэмжлэгч Ц.Эрдэнэчимэг өмгөөлөгчтэй хамт оролцсон. Мөн өмгөөлөгч Д.Содномдорж сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартай танилцаагүй байхад шүүх хурал болсонд гомдолтой байна. ... Ц.Эрдэнэчимэг нь шүүхэд 3 удаа нэхэмжлэл гаргахад нэг шүүгч дээр удаа дараа хуваарилагдаж байсан нь шүүч энэ хэрэг дээр ашиг сонирхлын зөрчилтэй байсан гэж үзэж байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01-р сарын 17-ны өдрийн 80 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч Ц.Эрдэнэчимэг нь хариуцагч Б.Батбаатартай торхны үнэ, алданга нийт 11,250,000 /арван нэгэн сая хоёр зуун тавин мянга/ төгрөг гаргуулах, Хариуцагч Б.Батбаатар нэхэмжлэгч Ц.Эрдэнэчимэгээс 6,920,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ

Шүүх нэхэмжлэгч Ц.Эрдэнэчимэгт 2017 оны 01 дүгээр сарын 02 -ны өдөр сөрөг нэхэмжлэлийг гардуулж өгсөн ба нэхэмжлэгчийн хариу тайлбар, өмгөөлөгчийн гаргасан хүсэлт, гэрч асуусан тайлбар зэрэг баримтуудыг хариуцагч, болон түүний өмгөөлөгчид танилцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсаны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Түүнчлэн шүүх өмгөөлөгч Д.Содномдоржийн гаргасан шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзаж улмаар шүүх хуралдаанд өмгөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь талуудын мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй  гэж үзэхээр байна.

Иймд хариуцагч Б.Батбаатарын “... өмгөөлөгч Д.Содномдоржийг шүүх хуралд оролцуулаагүй, сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартай танилцаагүй...” гэсэн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 80 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,050 /нэг зуун гучин дөрвөн мянга тавь/ төгрөгийг  шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Б.СОСОРБАРАМ

             ШҮҮГЧИД                            Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                   Т.ГАНБАТ