Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 86

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,

Нарийн бичгийн дарга Т.М,

Улсын яллагч Б.Д, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э,

Шүүгдэгч Н.Ү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овгийн Н.Ү-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, ... настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, урьд Дорноговь аймгийн Сайншанд сум дахь сум дундын 1 дүгээр шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ний өдрийн ... дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн гэх, Г овогт Н.Ү,

Холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч Н.Ү нь 2019 оны 11 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5 дугаар багт хашаанд байсан О.Б-н эзэмшлийн ... улсын дугаартай “Норд бенз” маркийн тээврийн хэрэгслийн “Делкор” маркийн 200 амперметртэй 2 ширхэг аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 700,000 /долоон зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Н.Ү мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Миний бие 2019 оны 11 дүгээр сарын 08-наас 2019 оны 11 дүгээр сарын 09-нд шилжих шөнө 22 цагийн орчимд тус сумын 5 дугаар багт байсан ... улсын дугаартай “Норд бенз” маркийн авто машины 2 ширхэг “Delkor” нэртэй аккумуляторыг ганцаараа авто машинаас нь хулгайлан авч урд талын хашаанд ойр байрлалтай өөрийн танил Б хашаанд оруулж нууж орхисон бөгөөд тухайн өдрийн маргааш нь би Б-д “аккумулятор авах хүн байна уу? би хүнээс авлагатай байсан өрөндөө авсан” гэж худлаа хэлсэн тэгээд тухайн аккумуляторыг Б нь надад зарж өгсөн юм. Би бусдын авто машины аккумуляторыг хулгайлсан үйлдэлээ хүлээн зөвшөөрч байна. Б нь хулгайн эд зүйл гэж мэдээгүй, би түүнд өрөндөө авсан гэж хэлсэн болохоор Б надад тухайн аккумуляторыг зарж борлуулж өгсөн юм. Миний буруу тухайн үедээ би согтуу байсан, Б-с авах ёстой мөнгөө авах л ёстой байх, гэхдээ аккумуляторыг нь хулгайлж авдаг нь миний буруу хэргээ хүлээж байна...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна хөнгөн ял шийтгэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-51/,

- Хохирогч О.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би хувиараа өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай Волво маркийн автомашин, ... улсын дугаартай Норд Бенз маркийн автомашинаар Эрээн, Улаанбаатар хооронд болон М ХХК, Х ХХК-нуудтай гэрээгээр ачаа тээвэр хийдэг. 2019 оны 11 дүгээр сарын 08-ны 10-21 цагийн хооронд Замын-Үүд сумын өртөөний гудамжинд гагнуур хийдэг С гэдэг хүнээр ... улсын дугаартай Норд бенз маркийн автомашиндаа гагнуур хийлгэж, орой 22 цагийн үед Замын-Үүд сумын 5 дугаар багт садангийн ах Ч-н байшингийнх нь гадаа ... улсын дугаартай Норд Бенз маркийн автомашинаа аваачиж тавиад Замын-Үүд сум 1 дүгээр багт гэртээ харьсан. 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өглөө 09 цаг 30 минутын орчим ... улсын дугаартай Норд Бенз маркийн автомашинаасаа данхраад авах гээд Замын-Үүд сум 5 дугаар багт очсон чинь миний машины аккумуляторын тагыг нь хагалаад 2 ширхэг аккумулятор, аккумуляторын 3 ширхэг цахилгааны холбоос утсыг тасдаад аваад явсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15/,

- Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5 дугаар багт эхнэрийн хамт амьдардаг. Манай эхнэр Д Х бөөний төвийн 2 давхарт оёдолчин хийдэг, би тодорхой эрхэлсэн ажилгүй. 2019 оны 11 дүгээр сарын 3, 4-ний өдрийн орчим манай найз М миний ... дугаарын гар утас руу залгаад намайг Дундговь аймаг руу хамт яваад ачаа хүргэж өгөөд ирье гэхээр нь би зөвшөөрч манай найз М-н ... улсын дугаартай Донгфэнг маркийн автомашинтай Дундговь аймгийн төвийн сургуульд хөл бөмбөгийн талбайн материал хүргэж өгсөн. 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өглөө Дорноговь аймгийн Даланжаргалан сумын алаг толгойн нүүрсийн уурхайгаас 5 тонн нүүрс худалдан авч М-н ... улсын дугаартай Донгфэнг маркийн автомашинд ачиж орой 19 цагийн орчим Замын-Үүд суманд ирсэн. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5 дугаар багт манай гэрийн хашаанд М-н ... улсын дугаартай Донгфэнг маркийн автомашиныг 5 тонн нүүрсийг нь буулгалгүй хонуулсан. 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 10 цагийн орчим манай найз М манай гэрт ирээд ... улсын дугаартай Донгфэнг маркийн автомашинаа янзалж байгаад 12 цагийн үед М бид хоёр М-н ... улсын дугаартай Донгфэнг маркийн автомашины тэвшин дээр ачсан нүүрснээс буулгаж байхад манай найз Б ирээд хамт нүүрс буулгалцсан. ... улсын дугаартай Донгфэнг маркийн автомашинаас 2 тонн орчим нүүрс буулгаад ... улсын дугаартай Донгфэнг маркийн автомашиныг М-н хашаанд нь хүргэж өгөхөөр М, Б бид гурав хамт явсан. М-н хашаанд ... улсын дугаартай Донгфэнг маркийн автомашиныг 15 цагийн орчим хүргэж өгөөд манай найз Б гэртээ харина гээд явсан, би гэртээ харьж түлээний мод хөрөөдөөд байж байсан чинь манай найз Ү манай гэрт нэг шил ерөөл нэртэй 0.5 граммын архитай ирсэн. Ү-н авч ирсэн нэг шил ерөөл нэртэй 0.5 граммын архийг нь манай гэрийн хашаанд Ү бид хоёр хувааж ууж дуусаад 19 цаг өнгөрч байхад Ү-г гэрт нь хүргэж өгөөд эхнэр Д-н ажил дээр очоод 21 цаг өнгөрч байхад эхнэр Д-н хамт гэртээ харьж хоол хийж идээд унтсан. 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өглөө 10 цагийн үед М манай гэрт цэнхэр өнгийн Тоёота приус-20 маркийн машинтайгаа ирж намайг авч, замаараа манай найз Б-н хашаанд байсан Б, Ү, Б нарыг нүүрс буулгахаар авч явсан. М-н цэнхэр өнгийн Тоёота приус-20 маркийн автомашины дугаарыг нь мэдэхгүй байна. ... улсын дугаартай Донгфэнг маркийн автомашинд ачигдсан нүүрсийг М-н хашаанд 2019 оны 11 дүгээр сарын 09-ний 17 цагийн үед буулгаж дуусахад М-н эхнэр Б надад 20,0000 төгрөгийг нүүрс буулгасаны хөлс гэж хэлж өгсөн... Ү манай гэрт нүүрч буулгаагүй. М, Б бид гурав буулгасан. 2019 оны 11 сарын 08-ны орой Б манай хашаанд ... улсын дугаартай Норд бенз маркийн автомашинаа авчирж таньсныг мэдээгүй. 2019 оны 11 сарын 09-ний өглөө босоход манай хашаанд Б-н ... улсын дугаартай Норд бенз маркийн машин байсан. Тэгээд би нүүрснийхээ ойр орчмоор эргэж явахад Б-н автомашины аккумуляторын суурины таг нь газар байсан... Б цагдаатай хамт ирээд машины 2 аккумулятор алга болсон байна гэж хэлэхэд нь мэдсэн...“ гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-7/,

- Гэрч Г.Х мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би одоо Замын-Үүд суманд үйл ажиллагаа явуулдаг буудалд ажилладаг ба бага охин Б-н охин З, М, Д, Т нарын хамт амьдардаг. 2019 оны 11 дүгээр сарын 02, 03-ны өдрийн орчим Ү хөдөөнөөс ирлээ гээд манай гэрт ирсэн. Би 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өглөө 08 цаг 30 минутанд ажилдаа явахаар гэрээсээ гарахад Ү босчихсон зурагт үзээд сууж байсан. Орой ажлаа тараад 20 цагийн үед гэртээ ирэхэд Ү байхгүй байсан ба 2 хоног ирж хоноогүй. 2019 оны 11 дүгээр сарын 10-ны орой 21 цагийн үед Ү жаахан архи үнэртүүлчихсэн орж ирээд хоол идчихээд унтсан...“ гэсэн мэдүүлэг /хх-ийн 8/,

- Гэрч О.Т мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өглөө 08 цаг өнгөрч байхад байшингийнхаа үүдний өрөөний цонхны рамыг янзлахаар салгаад байж байсан чинь Ү манай гэрт ирсэн. Би Ү-н хамт байшингийнхаа үүдний өрөөний цонхыг салгаж аваад байж байсан чинь М, Б хоёр 09 цагийн үед М-н дугаарыг нь мэдэхгүй байна цэнхэр өнгийн Тоёота приус-20 маркийн автомашинтай манай гэрт ирээд М-н хашаанд нүүрс буулгалцаад өг гэхээр нь Ү бид хоёр зөвшөөрч М, Б хоёртой хамт М-н гэр лүү явсан. М-н гэрт 09 цаг өнгөрч байхад очоод М-н дугаарыг нь мэдэхгүй байна ачааны том автомашинаас 3,4 тонн орчим нүүрсийг Б, Ү, М бид дөрөв буулгаж 14 цагийн үед дууссан. М-н гэрт нүүрс буулгаж дуусаад манай гэр лүү Б, Ү бид гурав явган алхаж явсан. Манай гэр лүү явах замдаа Э худалдааны төв рүү Б, Ү хоёр ороод гарч ирэхдээ С нэртэй 0.5 граммын 2 шил архи авч гарч ирсэн. Манай гэрт очоод Б, Ү хоёрын Э худалдааны төвөөс худалдан авсан С нэртэй 0.5 грамм 2 шил архины 1 шилийг хувааж ууж байсан чинь цагдаа ирээд бид нарыг цагдаагийн хэлтэс рүү авч явсан...“ гэсэн мэдүүлэг /хх-ийн 9/,

- Гэрч Д.С мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт хувиараа гагнуур хийдэг. 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Б өөрийнхөө ... улсын дугаартай Норд бенз маркийн автомашиндаа запас дугуйны суурь, чиргүүлийн порчикны түгжээнүүдийг гагнуулж авч явсан. 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өглөө 09 цаг өнгөрч байхад би гагнуурын газраа нээгээд байж байсан чинь 11 цагийн орчим миний ... дугаарын гар утас руу манай найз А-н ... дугаараас дуудлага ирэхээр нь би гар утсаа авсан надтай ярьсан. Б гэдэг залуу надтай ярихдаа аккумулятор авах уу гэж асуухаар нь би Б-с ямар аккумулятор юм, ямар нэгэн асуудал байхгүй биз гэж асуусан чинь 2 ширхэг том аккумулятор байна, ямар нэгэн асуудал байхгүй гэж хэлэхээр нь би Б-г аваад хүрээд ир гэж хэлсэн. Б нь манай найз А-н ... дугаарын гар утаснаас надтай ярьсанаас хойш 20 минутын дараа дүүтэйгээ хамт цагаан өнгийн тоёота приус-20 маркийн автомашинтай дугаарыг нь санахгүй байна ирсэн. Б дүүтэйгээ хамт цагаан өнгийн тоёота приус-20 маркийн автомашинтай ирэхдээ 2 ширхэг хар өнгийн 200 амперметртэй аккумулятор авч ирэхээр нь би Б-с янз бүрийн ноотой, хулгайн эд зүйл биш биз дээ гэж асуусан чинь Б надад хэлэхдээ асуудалгүй хүнээс өрөндөө авсан юм гэж хэлсэн. Би Б-с аккумулятораа хэдэн төгрөгөөр зарах юм гэж асуусан чинь Б 50,000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Тэгээд би Б-д бэлнээр 1 ширхэг 50 юань, 1 ширхэг 5,000 төгрөг, 2 ширхэг 10,000 төгрөг, 5 ширхэг 1,000 төгрөг өгч 2 ширхэг аккумуляторыг нь авсан....“ гэсэн мэдүүлэг /хх-ийн 10/,

- Гэрч Ч.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би Н.Ү-тай 2019 оны 11 сарын 08-ны өдөр танилцсан. Ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Ү-тай танилцахад ачааны том автомашины жолооч хийдэг гэж байсан... 2019 оны 11 сарын 09-ний өглөө 07 цагийн үед Ү манай гэрт орж ирээд 2 ширхэг аккумулятор байна зарах гэсэн юм гэхээр нь би хаана байгаа юм гэсэн чинь гадаа байна гэж хэлсэн. Тэгээд Ү бид хоёр манай гэрээс гарч ирсэн чинь хогийн поошигны хажууд 2 ширхэг том аккумулятор тавьсан байсан. Ү бид хоёр тэр 2 ширхэг том аккумуляторыг манай хашаанд байсан манай дүү Б-н саарал өнгийн дугаарыг нь санахгүй байна УАЗ-469 маркийн автомашинд оруулж арын суудал дээр нь тавьсан. Тэгээд Ү авч ирсэн 2 ширхэг аккумулятороо авах хүн олоё гэхээр нь би Ү-тай хамт гэрээсээ гарч явсан. Манай гэрээс гараад явж байхдаа Ү надад манай гэрт авч ирсэн 2 ширхэг аккумуляторыг хүнээс өрөндөө авсан юм гэж хэлж байсан ба аккумулятор авдаг миний таньдаг хүн байгаа гэж хэлээд А захын ар талд нэг айлд очсон. А захын ар талд очсон айлд нь хүн байхгүй байхаар нь би А захын ойролцоо байдаг дугуй засварын гадаа аккумулятор авна гэсэн бичиг байсныг хэлсэн чинь Ү өө тэд нар чинь хямдхан авдаг юмаа гэж хэлсэн. Тэгээд Ү бид хоёр манай гэр лүү явж байгаад Ү замдаа Т-н гэрийн гадаа үлдэж би гэрлүүгээ орсон. Би гэртээ байж байгаад 12 цагийн үед гэрээсээ гарч Ү-г хайсан чинь Э бөөний төвийн ар талын гудамжинд айлын хашаанд Ү, Б, Т, Э нар нүүрс буулгаад байж байхаар нь би Ү-г дуудаж манай гэрт байгаа 2 ширхэг аккумуляторыг чинь яах юм бэ гэсэн чинь өөрөө мэдээд зарчих гэж хэлсэн. Ү-г манай гэрт авч ирсэн 2 ширхэг аккумулятороо намайг өөрөө мэдээд зарчих гэхээр нь би гагнуур хийдэг гаргүй С-н гар утас руу залгаж 2 ширхэг аккумлятор байна авах уу гэж асуусан чинь аваад ир үзье гэхээр нь би өртөөний гудамжинд гагнуур хийдэг С-н гагнуурын газар 2 ширхэг аккумулятораа дүү Б-г гуйж хүргүүлсэн. Одоо С-н гар утасны дугаарыг нь санахгүй байна. Гагнуурчин С-д 2 ширхэг аккумулятораа үзүүлээд хэдэн төгрөгөөр авах гэж С-с асуусан чинь С 2 аккумуляторыг чинь нийлүүлээд 50,000 төгрөгөөр авна гэж хэлэхээр нь би зөвшөөрч Ү-н манай гэрт авч ирсэн 2 ширхэг аккумуляторыг нь 50,000 төгрөгөөр С-д зарсан...“ гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37/,

- Гэрч Х.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “...Ч.Б ах бид хоёр гэрээс хамт гарч ирээд аккумулятор нэг газар хүргээд өгчих гэхээр нь би хаашаа хүргүүлэх юм гэж асуусан чинь өртөөний гудамжинд гэхээр нь зөвшөөрсөн. Ч.Б ах бид хоёр гэрээс хамт гарч ирээд эндээс юм аваадахая гэж хэлээд миний эзэмшлийн ... улсын дугаартай УАЗ 31512 маркийн автомашины арын суудал дээрээс 2 ширхэг том автомашины аккумуляторыг авч миний ... улсын дугаартай Тоёота пирус-20 маркийн цагаан өнгийн автомашины багажинд хийж өртөөний гудамж руу явсан. Ч.Б, С нар 2 ширхэг аккумуляторыг С-н амбаар руу зөөсөн....“ гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40/,

- “А” ХХК-ний үнэлгээний дүгнэлт /хх-ийн 17-19/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 22-23/,

- Н.Ү-н иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягын тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 64-65/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн болсон үйл баримтын талаар үзэхэд:  Н.Ү нь 2019 оны 11 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5 дугаар багт хашаанд байсан О.Б-н эзэмшлийн ... улсын дугаартай “Норд бенз” маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг аккумуляторыг авсан үйл баримт болсон байна.

Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын прокуророос шүүгдэгч Н.Ү нь 2019 оны 11 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5 дугаар багт хашаанд байсан О.Б-н эзэмшлийн ... улсын дугаартай “Норд бенз” маркийн тээврийн хэрэгслийн “Делкор” маркийн 200 амперметртэй 2 ширхэг аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ. 

Шүүгдэгч  Н.Ү нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд болон хохирогч О.Б-н “...2019 оны 11 дүгээр сарын 09-ний өглөө 09 цаг 30 минутын орчимд ... улсын дугаартай Норт бенз маркийн автомашинаасаа данхраат авах гээд Замын-Үүд сумын 5-р багт очсон чинь миний машины аккумуляторын тагыг хагалаад 2 ширхэг аккумулятор, аккумуляторын 3 ширхэг цахилгааны холбоос утсыг тасдаад аваад явсан байсан...” гэсэн, гэрч Д.Б “...2019 оны 11 дүгээр сарын 09-ний өглөө босоход манай хашаанд Б-н ... улсын дугаартай Норд бенз маркийн автомашин байсан. Тэгээд нүүрснийхээ ойр орчмоор эргэж явахад Б-н ... улсын дугаартай Норд бенз маркийн автомашины аккумуляторын суурины таг нь газар байсан...” гэсэн, гэрч Д.С-н “...Б дүүтэйгээ хамт цагаан өнгийн тоёота Приус-20 маркийн автомашинтай ирэхдээ 2 ширхэг хар өнгийн 200 амперметртэй аккумулятор авч ирэхээр нь би Б-с янз бүрийн ноотой хулгайн эд зүйл биш биз дээ гэж асуусан чинь Б надад хэлэхдээ асуудалгүй хүнээс өрөндөө авсан юм гэж хэлсэн. Би Б-с аккумулятороо хэдэн төгрөгөөр зарах юм гэж асуусан чинь Б 50,000 төгрөгөөр зарна гэж хэлсэн… 2 ширхэг акумляторыг нь авсан...” гэсэн, гэрч Ч.Б-н “...Ү надад манай гэрт авч ирсэн 2 ширхэг аккумуляторыг хүнээс өрөндөө авсан юм гэж хэлж байсан ба аккумулятор авдаг миний таньдаг хүн байгаа гэж хэлээд А захын ар талд айлд очсон… би Ү-г дуудаж манай гэрт байгаа 2 ширхэг аккумуляторыг чинь яах юм бэ гэсэн чинь өөрөө мэдээд зарчих гэж хэлсэн. Ү-н манай гэрт авчирсан 2 ширхэг аккумулятороо намайг өөрөө мэдээд зарчих гэхээр нь би гагнуур хийдэг гаргүй С-н гар утас руу залгаж 2 ширхэг аккумулятор байна авах уу гэж асуусан чинь аваад ир үзье гэхээр би дүү Б-г гуйж хүргүүлсэн. Ү-н манай гэрт авч ирсэн 2 ширхэг аккумуляторыг нь 50,000 төгрөгөөр С-д зарсан...” гэсэн, гэрч Х.Б-н “…Ч.Б ах бид хоёр гэрээс хамт гарч ирээд аккумулятор нэг газар хүргээд өг гэхээр нь би хаашаа хүргүүлэх юм гэж асуусан чинь өртөөний гудамжинд гэхээр нь зөвшөөрсөн. Ч.Б ах бид хоёр гэрээс хамт гарч ирээд эндээс юм аваадахая гэж хэлээд миний эзэмшлийн ... улсын дугаартай  УАЗ 31512 маркийн автомашины арын суудал дээрээс 2 ширхэг том автомашины  аккумуляторыг авч миний ... улсын дугаартай Тоёота пирус-20 маркийн цагаан өнгийн автомашины багажинд хийж өртөөний гудамж руу явсан. Ч.Б, С нар 2 ширхэг аккумуляторыг С-н амбаар руу зөөсөн  ...” гэсэн мэдүүлгүүд, А ХХК-ний үнэлгээний дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.Ү-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Ү-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учирсан хохирол арилсан зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөргүй зэрэг байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан ял оногдуулахгүйгээр тэнсэж, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэв.

Хохирогч О.Б нь хохирлыг бүрэн барагдуулсан гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Н.Ү нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Делкор” маркийн 200 амперметртэй 2 ширхэг аккумуляторыг улсын яллагч устгуулахаар санал тавьсан боловч уг эд зүйл нь ашиглах боломжтой гэж шүүгдэгч мэдүүлсэн ба шүүх ашиглах боломжтой, боломжгүй  эсэхэд дүгнэлт хийх боломжгүй байна. Хуульд зааснаар шүүх гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, эд мөрийн баримтыг хохирол төлбөр төлөх, улсын орлого болгох, устгах зэргээр шийдвэрлэх бөгөөд уг эд зүйлийг устгах болон улсын орлогод оруулахаар шийдвэрлэхэд хүндрэлтэй байх тул шүүгдэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г овогт Н.Ү-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г овогт Н.Ү-д хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнссэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ү нь дээрх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Н.Ү нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Делкор” гэсэн бичигтэй 2 ширхэг аккумуляторыг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Н.Ү-д олгосугай.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ү-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

7. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Б.Н