| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 138/2016/01524/И |
| Дугаар | 138/ШШ2017/00043 |
| Огноо | 2017-01-06 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 138/ШШ2017/00043
Монгол Улсын нэрийн өмнөөс
Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт байрлах, 9029443 регистрийн дугаартай, Цагдаагийн газрын хүсэлттэй,
Дорнод аймгийн Хэрлэн сумын 9-р баг 15-р байрны 73 тоотод оршин суух, ЖЭ65090311 регистрийн дугаартай, Хөгдүүд овогт Цэдэвсүрэнгийн Ганзоригийг албадан эмчилгээнд хамруулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Д.Жавзандулам, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Ганзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Дорнод аймаг дахь Цагдаагийн газар шүүхэд гаргасан хүсэлт болон тус байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жавзандулам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ц.Ганзориг нь эмнэлгийн дүгнэлтээр хохирогчид учруулах эрсдэлийн түвшин өндөр гарсан учир Монгол Улсын Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “Согтуурах донтой этгээдийг албадан эмчилгээнд хамруулна” гэсэн заалтын дагуу албадан эмчилгээнд хамруулах хүсэлт гаргаж байна. Ц.Ганзориг нь байнга архидан согтуурч, гэр бүлийнхээ гишүүдийг хэл амаар доромжилж, орилж хашгирч, мөнгө нэхэж тав тухыг алдагдуулдаг, мөн олон нийтийн газар зах дээр орилж хашгирч бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг, согтуугаар гудамж талбайд амь насаа алдах эрсдэлтэй юм. Гэр бүлдээ болон бусад хүмүүст байнга агсан согтуу тавьж ахуйн дуудлагаар удаа дараа ирж саатуулагддаг. Иймээс зайлшгүй албадан эмчилгээнд хамрагдах шаардлагатай байна гэв.
Гуравдагч этгээд Ц.Ганзориг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие архи уудаг нь үнэн. Намайг эмнэлгийн дүгнэлтээр эрсдэлийн түвшин өндөр гарсан учраас цагдаагийн байгууллага албадан эмчилгээнд хамруулах хүсэлт гаргасан байна. Би сүүлийн хоёр сар архи огт уугаагүй. Миний охин Улаанбаатар хотод ажил хийхээр явсан учир би түүний 8 сартай /зээг/ хүүхдийг харж асарч байгаа. Цаашид өөрийн ухамсраар архинаас гарах хүсэлтэй байна. Миний хувьд архи уухгүй байгаа учир архины эмчилгээнд явмааргүй байна гэв.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Монгол Улсын Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасны дагуу Дорнод аймаг дахь Цагдаагийн газар нь Хөгдүүд овогт Цэдэвсүрэнгийн Ганзоригийг албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.
Ц.Ганзориг нь архи согтууруулах ундааг байнга хэтрүүлэн хэрэглэдэг, гэр бүлийн гишүүдийнхээ болон олон нийтийн газар бусдын амгалан тайван байдлыг алдагдуулан сэтгэл зүйн дарамтанд байлгаж, айлган сүрдүүлж сэтгэл санааны болон бие махбодын хүчирхийлэл үйлддэг болох нь эхнэр Ц.Амарсанаагийн тайлбар, Хэрлэн сумын 9-р багийн Засаг даргын тодорхойлолт, албадан саатуулагдсан хүний бүртгэл, тэмдэглэлүүд, Захиргааны зөрчлийн талаарх гомдол мэдээллийн бүртгэл зэрэг бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Ц.Ганзориг нь “сүүлийн 2 сар архи уухгүй байгаа” гэж тайлбарлаж байгаа боловч архи хэрэглэхгүй байгаа талаархи нотлох баримтыг шүүхэд гаргаж нотлоогүй,
нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч “түүнийг өөрийн ухамсраар архинаас гарч, засрал хүмүүжил олох боломжгүй, бусдад болон өөртөө хохирол учруулах эрсдэлийн түвшин өндөр, зайлшгүй албадан эмчилгээнд хамруулах шаардлагатай” гэж тайлбарлаж байгаа нь шүүхэд ирүүлсэн Зүүн Бүсийн Оношилгоо Эмчилгээний төвийн эмнэлгийн комиссын 2016 оны 09 сарын 06-ны өдрийн “Архинд донтох өвчтэй” гэсэн дүгнэлт, удаа дараалан нийгмийн хэв журмыг зөрчсөн талаарх бичгийн баримт болон ар гэрийнх нь гаргасан хүсэлт зэргээр тогтоогдож байх тул албадан эмчилгээнд хамруулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иймээс Ц.Ганзоригийг Монгол Улсын Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасны дагуу албадан эмчилгээнд хамруулахаар шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснааар Хөгдүүд овогт Цэдэвсүрэнгийн Ганзоригийг албадан эмчлүүлсүгэй.
2. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар Ц.Ганзоригийг албадан эмчлэх газарт хүргэх ажиллагааг гүйцэтгэхийг Дорнод аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Дорнод аймаг дахь Цагдаагийн газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т зааснаар 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нар мөн хуулийн 119.4-т заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ