| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2017/00103/И |
| Дугаар | 148 |
| Огноо | 2017-02-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 148
Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр баг, 7 дугаар гудамжны 11 тоотод оршин суух, 1959 онд төрсөн, 58 настай, эрэгтэй, РД:ОЮ59040611, Боржигон овогт Сандагийн Ганболдын ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Ганболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Ганболд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь 1959 онд төрсөн, 58 настай. Би 1978 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт тракторчнаар ажилд орж 1992 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж байсан. Гэтэл 1992 онд ажлаас чөлөөлөгдсөн тушаал болон хөдөлмөрийн дэвтэр гээгдсэн тул миний 1978 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт тракторчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Увс аймгийн архивт Нэгдэл дундын үйлдвэрийн цалингийн баримт шилжиж ирээгүй тул цалингийн тодорхойлолт гаргах боломжгүй гэсэн хариу өгсөн” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Ганболд нь Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1978 оны 8 дугаар сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал тракторчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1978 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 69 тоот “Ажилд томилох тухай” тушаалд “Трактор комбайны курс төгссөн Сандаг овогтой Ганболдыг 1978 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн механикжсан салаанд тракторчноор авч ажиллуулсугай” гэжээ,
2. Сандаг овогтой Ганболдод 1979 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр олгосон тракторч-машинчийн үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
3. Нэгдэл дундын үйлдвэрийн зөвлөлөөс 1980 оны 12 дугаар сарын 30-ны өдөр С.Ганболдыг шагнасан баярын бичиг,
4. Нэгдэл дундын үйлдвэрийн зөвлөлөөс 1985 оны 7 дугаар сарын 20-ны өдөр С.Ганболдыг шагнасан сайшаалын үнэмлэх,
5. Увс аймгийн Архивын тасгаас 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдөр гаргаж ирүүлсэн “Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн цалингийн баримт манай архивт шилжиж ирээгүй нь үнэн болно” гэх архивын лавлагаа,
6. Гэрч Ж.Өлзийхишигийн шүүхэд өгсөн: “Би 1977 оны 11 дүгээр сараас эхлэн Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт туслах ажилчнаар 1991 оныг дуустал ажиллаад, 1992 оноос “Нэгдэлчин” ББХК-д туслах ажилчнаар 1993 оныг 4 дүгээр сар хүртэл ажилласан юм. С.Ганболд нь 1978 оноос эхлэн Нэгдэл дундын үйлдвэрт тракторчнаар ажилд орж тус байгууллага хувьчлагдах хүртэл ажиллаад Нэгдэл дундын үйлдвэр нь “Чандмань Оргил” ББХК болон “Нэгдэлчин” ББХК болж хуваагдахад би “Нэгдэлчин” ББХК-д, С.Ганболд “Чандмань Оргил” ББХК-д орж ажилласан юм. Тухайн үед манай байгууллага нь барилга барих, ногоо тарих зэрэг үйл ажиллагаа явуулдаг байлаа. Би өөрөө барилгын бригадад, С.Ганболд модны бригадад харьяалагдаж байсан” гэх мэдүүлэг,
7. Гэрч Д.Бат-Эрдэнийн шүүхэд өгсөн: “Би 1970 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт хөрөө рамчнаар 1992 оны 3 дугаар сарыг дуустал ажиллаад, 1992 оны 4 дүгээр сараас эхлэн “Чандмань Оргил” ББХК-д мод бэлтгэгч рамчнаар 2010 он хүртэл ажилласан юм. С.Ганболд нь 1978 оноос эхлэн Нэгдэл дундын үйлдвэрт тракторчнаар ажилд орж тус байгууллага хувьчлагдах хүртэл ажиллаад Нэгдэл дундын үйлдвэр нь “Чандмань Оргил” ББХК болон “Нэгдэлчин” ББХК болж хуваагдахад би “Нэгдэлчин” ББХК-д, С.Ганболд надтай цуг “Чандмань Оргил” ББХК-д орж ажилласан юм. С.Ганболд нь мод цагаатгах уулын трактор барьдаг байсан юм /уулнаас унасан мод бэлтгэдэг/. С.Ганболд бид хоёр хоёулаа модны бригадад харьяалагдаж байсан” гэх мэдүүлэг,
8. Гэрч Ж.Өлзийхишигийн Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт ажиллаж байсныг нотлох түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 396 тоот шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Д.Бат-Эрдэнийн Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт ажиллаж байсныг нотлох түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч С.Ганболд нь Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1978 оны 8 дугаар сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал тракторчноор ажиллаж байсан болох нь Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1978 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 69 тоот “Ажилд томилох тухай” тушаал, С.Ганболдод 1979 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр олгосон тракторч-машинчийн үнэмлэх, ажиллаж байхдаа шагнуулсан баярын бичиг, сайшаалын үнэмлэх, гэрч Ж.Өлзийхишиг, Д.Бат-Эрдэнэ нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч С.Ганболдын Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1978 оны 8 дугаар сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал 14 жил, 5 сар тракторчноор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Ганболдын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Сандагийн Ганболдын Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1978 оны 8 дугаар сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал 14 /арван дөрөв/ жил, 5 /тав/ сар тракторчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч С.Ганболдын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР