Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 208

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,

Хохирогч Б.Д,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд,

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч О.А,

Өсвөр насны шүүгдэгч Т.Н нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х овогт Т.Н-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2018000000170 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 2003 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Увс аймгийн Хяргас суманд төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Дархан Өргөө политехникийн коллежийн 1 дүгээр курсын оюутан, ам бүл 7, эцэг, эх, ах, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг......... тоотод оршин суух хаягтай, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 434 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар зан үйлээ засах үүрэг хүлээлгэсэн, Х овогт Т.Н,

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Өсвөр насны шүүгдэгч Т.Н нь согтуурсан үедээ 2020 оны 03 дугаар сарын 21-ний шөнийн 03 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, ..........тоотод оршин суух Б.Д байшингийн цонхоор нэвтэрч, хар өнгийн түрийвч, бор өнгийн түрийвч, бэлэн мөнгө 108,500 төргөрийг нууцаар, хууль бусаар авч нийт 123,500 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Б.Д “...2020 оны 03 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 03 цагийн үед манай эхнэр ***** надад манай гэрийн түцэн дотор юм дуугараад байна гэж хэлсэн. Тэгээд би босоод түц рүү харсан чинь түцэн дотор танихгүй хүүхэд зогсож байсан, ...манай эхнэр охин хоёрын гал тогооны өрөөнд байсан хар өнгийн түрийвч, бор өнгийн түрийвч алга болсон байна гэж хэлсэн. Би тухайн хүүхдээс түрийвч хаана байна гэж асуутал би аваагүй гэж хэлсэн. Манай гэр рүү тухайн этгээд хаалга талын цонхоор нэвтэрч орсон юм байна лээ. Хохирол төлбөрөө авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, уг 2 түрийвчинд нийлээд 108,500 төгрөг байсан юм билээ” гэх мэдүүлэг /хх-ийн 19-23/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-6, 9-12/,

 

Өсвөр насны шүүгдэгч Т.Н согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 13/,

 

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-15/,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 16/,

 

Гэрч Ц.И “...02 цаг өнгөрч байхад Н “би маргааш хот явна, гэр рүүгээ явлаа” гэж хэлээд гараад явсан. Н унтчихаад яв гэж хэлсэн чинь үгэнд орохгүй гараад явсан. Н бид нартай уулзаад хамт архи ууж байхдаа тэр авч ирсэн архины ихэнхийг нь уусан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 24/,

 

“Капитал зууч” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн “...үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар 15,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хх-ийн 32-33/,

 

Өсвөр насны шүүгдэгч Т.Н “...Би ганцаараа түц рүү явж очоод тамхи авах гээд цонхыг нь тогшиход хүн гарч ирэхгүй болохоор нь баруун талаар нь тойроод байшингийн баруун талын цонхыг цоожны цүүгээр хөшиж онгойлгоод дотогшоо орсон. Байшин дотроос хар өнгийн түрийвч 1 ширхэг, бор өнгийн түрийвч 1 ширхэгийг аваад гарах гэж байгаад гэрийн эзэнд нь баригдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Т.Н нь гэмт хэрэг үйлдэх үедээ 16 нас 5 сар 11 хоногтой байсан болох нь хэрэгт авагдсан төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Иймд өсвөр насны шүүгдэгч Т.Н хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээний хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол нэхэмжлэлийн талаар:

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2 ширхэг түрийвч, бэлэн 108,500 төгрөгийг  хохирогч буцаан авсан байх тул шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгчөөс гаргуулах төлбөргүй байна.

 

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

 

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч О.А нь шүүх хуралдаанд “Т.Н нь миний хоёр дахь хүүхэд. Манайх 5 хүүхэдтэй, ам бүл долуулаа амьдардаг. Би зун мал маллаж, намар хүүхдийн сургууль цэцэрлэг орохоор төвд ирж амьдардаг. Өнгөрсөн 6 дугаар сард хүүхдийн хурим гээд ажилтай байсан. Энэ хугацаанд хүү маань хэрэгт холбогдож болчимгүй зүйл хийсэн байсан, миний хүү спорт урлагт сайн, зан ааш сайтай хүүхэд байсан. Саяхан эмээ нь нас барсан, хүүгээ хараа хяналтгүй орхисон нь миний буруу, удахгүй хүрээд ирнэ гэж гарч яваад ийм хэрэг хийсэн байна, хүүгээ засарч хүмүүжинэ гэдэгт итгэж байна” гэж, өсвөр насны шүүгдэгч Т.Н “ээжээсээ уучлалт гуйж байна, засарч хүмүүжихээ амлаж байна” гэж тус тус мэдүүлсэн байна.

 

Өсвөр насны шүүгдэгч Т.Н эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх, нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 2 түүнээс удаа үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Өсвөр насны шүүгдэгч Т.Н нь үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, засарч хүмүүжихээ амласан болон шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, гэмт хэрэг үйлдэх үедээ 16 нас 5 сар 11 хоногтой байсан байх тул Эрүүгийн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялыг 2 хоёр дахин багасгаж, биечлэн эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоов.

 

Өсвөр насны шүүгдэгч Т.Н нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 434 дугаартай шийтгэх тогтоолоор бусадтай бүлэглэн 3 удаагийн үйлдлээр орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, хорих ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар зан үйлээ засах үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлджээ.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан хорих ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж, зан үйлээ засах үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг хүчингүй болгож *****д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан эдлэх ялыг 2 хоёр дахин багасгаж, биечлэн эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх тогтоолоор тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн болон хураасан хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1.  Х овогт Т.Н-г хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээний хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар Х овогт Т.Н-д 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Х овогт Т.Н-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 434 дугаартай шийтгэх тогтоолоор өсвөр насны шүүгдэгч Т.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан хорих ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж, зан үйлээ засах албадлагын арга хэмжээ авсныг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан эдлэх ялыг 2 хоёр дахин багасгаж, биечлэн эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Т.Н-д энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 434 дугаартай шийтгэх тогтоолоор тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж, зан үйлээ засах албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 2 / хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Н-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Өсвөр насны шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч болон түүний хууль ёсны төлөөлөгчөөс гаргуулах төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс тоолсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ГЭРЭЛТ-ОД