| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2020/0146/Э |
| Дугаар | 210 |
| Огноо | 2020-05-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Энхтуяа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 210
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхзул,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын ахлах прокурор Д.Энхтуяа,
Хохирогч Б.Ч,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар,
Шүүгдэгч И.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С овогт И.Г-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2018000770132 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто помпны оператор мэргэжилтэй, “Гангар инвест” ХХК-д бетон зуурмагийн үйлдвэрт авто помпны оператор ажилтай, ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, Сурагчийн 17-134 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, С овогт И.Г,
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас И.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч И.Г нь 2019 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Орхон сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, Ерөө голын эрэг дээр иргэн Б.Ч маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн битүү хугарал, баруун нүдний зовхи, дух, уруул, хүзүү, даланд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч Б.Ч “...Б.Н сэрээх гэсэн боловч сэрэхгүй байсан тул хөнжлөөс нь татсан чинь эхнэр цуг гарч ирсэн. Намайг эхнэр, хүүхдээ дуудаад хэл амаар доромжилсон гэж байна. Гэхдээ огт тийм зүйл болоогүй. Эхнэрээ машин барь гэж л хэлсэн. Би тухайн үед архи уусан ч болсон үйл явдлыг санаж байгаа. Ганбаяр хажуунаас ирээд намайг нүүр хэсэг рүү 2 удаа цохиод газар унагааж байгаад нүүр хэсэг рүү хэд хэдэн удаа өшиглөсөн. Хэрүүл маргаан анх надаас болж үүссэнийг хүлээн зөвшөөрч байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/,
Хохирогч Б.Ч Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар гаргасан өргөдөл /хх-ийн 4/,
Гэрч Э.Ү “...Г эхнэр гээд хүүхэн манай нөхрийн толгойн зүүн талын чих, дагз хэсэгт гурван удаа цохиод авах шиг болсон. Тэгтэл цаанаас нөхөр нь ирээд манай нөхрийн нүүр хэсэгт нь толгой хэсэгт газар унасан байхад нь нүүр хэсэг рүү нь өшиглөж байхыг нь машин дотроос харсан” гэх мэдүүлэг /хх-ийн 9/,
Гэрч Н.О “...Манай нөхөр бид хоёр майхандаа 2 хүүхдийнхээ хамт унтаж байтал Ч манай майхныг сэгсрээд намайг хөлнөөс татаад бос бос гээд гаргаад ирсэн. Тэгтэл Б “чи унтаж байгаа хүмүүсийг яах гээд байгаа юм” гэхэд Ч Б цохих гээд гар далайсан. Тухайн үед Г жирэмсэн хүн цохих гэлээ гээд Ч гараараа нүүр хэсэг рүү нь нэг удаа цохиж унагаагаад нэг удаа нүүр хэсэг рүү нь өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 12/,
Гэрч Ю.Б “...Ч Н майхныг сэгсрээд Он хөлнөөс татаад гаргаад ирсэн. Тэгэхээр нь би машинаас бууж очоод “чи шөнөжин агсам тавиад айлын эхнэр алах нь уу” гэсэн чинь намайг цохих гээд гараа далайсан. Тухайн үед Ганбаяр орж ирээд Ч гараараа нүүр хэсэгт нь нэг удаа цохиод түлхэж унагаагаад нүүр хэсэгт нь нэг удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 14/,
Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 104 дугаартай “...Б.Ч биед баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн битүү хугарал, баруун нүдний зовхи, дух, уруул, хүзүү, даланд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хамар ясны хуучин хугарал, хамрын таславчны мурийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн хүчин үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн боломжтой. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэндийн ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18-19/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд И.Г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Шүүгдэгч И.Г нь гэм хор учруулсны улмаас учирсан хохиролд хохирогч Б.Ч 800,000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгчээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүгдэгч нь үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, 5 хүүхдийн хамт амьдардаг болон дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан торгох ялын доод хэмжээгээр буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт И.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С овогт И.Г-т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд уг хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД