Шүүх | Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
Хэргийн индекс | 152/2017/00023/И |
Дугаар | 149 |
Огноо | 2017-02-09 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 149
Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Төв аймгийн Цээл сумын 4 дүгээр багт оршин суух, 1962 онд төрсөн, 54 настай, эрэгтэй, РД:ОО62070571, Тайж овогт Лхамжавын Ганбаатарын ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мядаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Ганбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 1962 онд Увс аймгийн Тэс суманд төрсөн, ам бүл 8. Би 1979 онд Тэс сумын 8 жилийн дунд сургуулийг төгсөөд илгээлтээр малчин болж аав С.Лхамжавын хамтаар 1981 оны 6 дугаар сар хүртэл хугацаанд Тэс сумын Лениний зам нэгдэлд мал маллаж байсан. Улмаар 1981 оны 6 дугаар сард цэргийн албанд татагдаж 1984 оны 7 дугаар сар хүртэл цэргийн алба хааж ирээд 8 дугаар сараас үргэжлүүлэн тус нэгдэлд 1991 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд эх хонь хариуцан ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэхэд хөдөлмөрийн дэвтэр гээгдсэн учир ажилласан жилээ тогтоолгохоор шүүхэд хандаж байна. Иймд миний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мядаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Л.Ганбаатар нь нь Увс аймгийн Тэс сумын “Лениний зам” нэгдэлд 1981 оны 1 дүгээр сараас 1981 оны 5 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байгаад цэргийн албанд явсан. Цэргээс халагдаж ирээд 1984 оны 8 дугаар сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал Увс аймгийн Тэс сумын “Лениний зам” нэгдэлд малчнаар ажилласан. Тэрээр хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн тул ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандсан. Иймд Л.Ганбаатарын Увс аймгийн Тэс сумын “Лениний зам” нэгдэлд 1981 оны 1 дүгээр сараас 1981 оны 5 дугаар сарыг дуустал, 1984 оны 8 дугаар сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг нь тогтоож өгнө үү. Л.Ганбаатар нь дандаа бог мал маллаж байсан” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Ганбаатар нь Увс аймгийн Тэс сумын “Лениний зам” нэгдэлд 1981 оны 1 дүгээр сараас 1981 оны 5 дугаар сарыг дуустал, 1984 оны 8 дугаар сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. Увс аймгийн Архивын тасгаас 2013 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр гаргаж ирүүлсэн Лхамжавын Ганбаатарын Увс аймгийн Тэс сумын “Лениний зам” нэгдэлд 1981 оны 1 дүгээр сараас 1981 оны 5 дугаар сарыг дуустал, 1984 оны 8 дугаар сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал тус тус ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,
2. Увс аймгийн Тэс сумын Намын хорооноос 1989 оны 2 дугаар сарын 04-ний шагнуулсан Баярын бичиг,
3. Итгэмжлэл,
4. Гэрч Ж.Насангийн шүүхэд өгсөн: “Би 1971-1992 оныг дуустал Увс аймгийн Тэс сумын “Лениний зам” нэгдэлд боловсон хүчний эрхлэгч, нярав, нягтлан бодогч зэрэг ажлуудыг тасралтгүй хийж байсан тул Л.Ганбаатарыг багаасаа аав, ээжийн хамт мал маллаж байсныг сайн мэднэ. 1979 оноос эхлэн Увс аймгийн Тэс сумын “Лениний зам” нэгдлийн Улиастай бригадад хоньчноор 1991 оныг дуустал ажилласан юм. Би тухайн үед нэгдлийн ажилчдын санхүү тооцоо боддог байсан учраас Л.Ганбаатарыг сайн таньж мэднэ, бид хамт ажиллаж байсан нь үнэн” гэх мэдүүлэг,
5. Гэрч Б.Жаргалсайханы шүүхэд өгсөн: “Би 1977 оноос Увс аймгийн Тэс суманд малын бага эмчээр томилогдон 1994 оны сүүл үе хүртэл ажиллаад Улаангом сум руу шилжин ажиллах болсон хүн байгаа юм. Л.Ганбаатар нь 1977 онд намайг Тэс суманд малын эмчээр томилогдоход тэнд “Лениний зам” нэгдэлд малчнаар аав, ээжийн хамтаар ажиллаж байсан бөгөөд удалгүй Зүүнговь сумын Тохой бригадаас эхнэр авч тусдаа бие даан мал маллах болсон юм. Тэгээд намайг 1994 онд шилжихэд тэндээ ажиллаад үлдсэн. Тэс сумын “Лениний зам” нэгдэл нь 1992 оны эхээр хувьчлагдсан санагдаж байна. Би Тэс суманд нэгдлийн шилмэл үржлийн хонь хариуцаж ажилладаг байсан учраас малчдаа сайн таньж мэднэ. Тэр үед хөтлөгдөж байсан малчдын гэрээр орсон тэмдэглэл, малын тоо бүртгэсэн дэвтэр маань одоо ч надад хадгалаатай байдаг юм” гэх мэдүүлэг,
6. Гэрч Ж.Насан, Б.Жаргалсайхан нарын Увс аймгийн Тэс сумын “Лениний зам” нэгдэлд Увс ажиллаж байсныг нотлох тэд нарын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч Л.Ганбаатар нь Увс аймгийн Тэс сумын “Лениний зам” нэгдэлд 1981 оны 1 дүгээр сараас 1981 оны 5 дугаар сарыг дуустал, 1984 оны 8 дугаар сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгаас 2013 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр гаргаж ирүүлсэн Л.Ганбаатарын цалингийн тодорхойлолт, ажиллаж байхдаа шагнуулсан баярын бичиг, гэрч Ж.Насан, Б.Жаргалсайхан нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Л.Ганбаатарын Увс аймгийн Тэс сумын “Лениний зам” нэгдэлд 1981 оны 1 дүгээр сараас 1981 оны 5 дугаар сарыг дуустал 5 сар малчнаар, 1984 оны 8 дугаар сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал 7 жил, 5 сар малчнаар, нийт 7 жил, 10 сар малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Ганбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Тайж овогт Лхамжавын Ганбаатарын Увс аймгийн Тэс сумын “Лениний зам” нэгдэлд 1981 оны 1 дүгээр сараас 1981 оны 5 дугаар сарыг дуустал 5 /тав/ сар малчнаар, Увс аймгийн Тэс сумын “Лениний зам” нэгдэлд 1984 оны 8 дугаар сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал 7 /долоо/ жил, 5 /тав/ сар малчнаар, нийт 7 /долоо/ жил, 10 /арав/ сар малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Л.Ганбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР