Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 221

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын ахлах прокурор Д.Энхтуяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,

Шүүгдэгч О.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х овогт О.О-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2008001840142 дугаартай эрүүгийн хэргийг Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1998 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, 17 дугаар хороолол, ........... тоотод оршин суух Х овогт О.О,

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч О.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч О.О нь 1.2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иргэн Н.О “утсаар чинь яриад өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, “Айфоне Экс маркийн гар утсыг нь залилан авч, 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Н.О “... Он найз бид хэд Баянгол дүүрэг Модны 2 руу явж О найзыг буулгаж хүргэж өгчхөөд, би эмэгтэй хоёр найзтайгаа утсаар ярьтал 2 найз маань хороололд байна гэхээр нь очиж аваад зайсан орж 11В таун гэх байрны гадаа машины зогсоол дээр машин дотор О манай 2 эмэгтэй найз бид хэд үлдээд пиво ууж байгаад дууссан. Г гэр рүүгээ ороод эргэж гарч ирээгүй гэртээ үлдээд Г дүү болох *****гэх залууг гэрээсээ гаргаад миний машиныг жолоодуулаад явсан. Бид хэд *****хүргэж өгөх гээд Төмөр зам руу явсан. Явж байх замд О миний машины урд сандал дээр суугаад явж байсан юм. Миний Айфоне-Экс загварын хар өнгийн гар утсыг утсаар чинь яриад өгье гэж аваад үргэлжлүүлээд дуу сонсоод яваад байсан юм. Би машины арын сандал дээр хоёр эмэгтэй найзтайгаа хамт суугаад явж байсан юм. Тэгээд явж байгаад Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг болох Богд ар хорооллын гандангийн урд хэсэгт очиж зогсоод О машины урд талын суудал дээрээс буугаад явсан юм. Бид хэд удалгүй хөдлөөд явчихсан юм. Би уг нь тухайн өдөр машин дотор О хүн рүү залгаад утсаа авахгүй байна гэж хэлэхээр нь би миний утсаар залга гээд өгч байсан юм. Тухайн үед миний утсаар хүнтэй ярьж чадаагүй цаад хүн нь утсаа аваагүй санагдаж байна. Үргэлжлүүлээд миний гар утсыг тэр үедээ өгөлгүй дуу сонсоод яваад байхаар нь өгчих л байх гэж бодсон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 127, 171-172/,

 

Ашид билгүүн ХХК-ийн “...Айфоне Экс маркийн гар утасны зах зээлийн үнийг 2019 оны 11 дүгээр сарын байдлаар 1,500,000 төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн 145-147/,

 

Шүүгдэгч О.О "... Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бичил хорооллын орчимд О ахын 2 эмэгтэй найзыг нь аваад, тэндээсээ буцаад Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах UBTOWN нэртэй хотхонд очоод зогсоолд нь автомашинаа байрлуулаад тэнд нь юм ярьж суугаад байж байтал, цүнхээ алга болгосон найз нь ирж цүнхээ аваад, тэндээс хөдлөхөөр болоод би жолоочийн хажуу талын урд суудал дээр суугаад Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Богд-Ар хороололд очсон юм. Тухайн үедээ миний гар утасны цэнэг дуусчихсан байсан учраас*****ахын гар утсыг түр гуйж аваад утсаар яриад явж байгаад, буухдаа гар утсыг нь буцааж өгөлгүйгээр авч буугаад, танил эмэгтэй найз***** гэрт ороод угаалгын өрөө орчхоод гараад ирсэн “чиний утас руу хүн залгаад байхаар нь тийм хүн байхгүй гэж хэлээд тасалчихсан шүү” гэж хэлэхээр нь тэр чигт нь гар утасны сим картыг салгаж аваад, маргааш орой нь өөрийн найз ***** дуудаад цуг Теди төв ороод замынх нь эсрэг талд, зам дагуу явж байсан хүнд үзүүлээд 500,000 төгрөгөөр зараад, мөнгийг нь өөрөө аваад Дархан хотод очсон юм...*****ах Айфопе Экс загварын гар утас барьдаг байсан юм. “Утсаар ярьмаар байна” гэж хэлээд авсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 168- 169/ зэрэг нотлох баримтуудаар,

 

2. 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр “Фэйсбүүк” олон нийтийн цахим сүлжээ ашиглаж, “Луска Луска” гэх хаягнаас “Швед дэх Монголчууд” гэсэн фэйсбүүк пэйж хуудсанд “Монгол мөнгийг крон болгоно” гэж зар тавин хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар*****төөрөгдөлд оруулж залилан 1,100,000 төгрөг шилжүүлэн авч, иргэн Ч.Б 1,100,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч С.Н “...12 дугаар сарын 27-ны өдөр Швед дэх Монголчууд гэсэн фэйсбүүк хаягаар нагац эгч Б ороод Монгол Хаан банкны ........ тоот дансаараа крон болгуулах гэж Луска Луска гэсэн хүнтэй холбогдож ........... гэсэн данс руу 1,100,000 төгрөг шилжүүлчихсэн юм байна лээ. Тухайн мөнгийг Швед улсын крон гэх мөнгөн дэвсгэрт болгоод миний данс руу шилжүүлэх гэж байсан юм билээ. Харин тэгтэл тухайн крон болгуулах гэж шилжүүлсэн мөнгийг нь “Луска Луска гэсэн фэйсбүүк хаягтай хүн аваад, шууд фэйсбүүк хаягийг нь блок хийчихсэн” гэж байсан. Уг 1,100,000 төгрөгийг над руу явуулах гэж байсан болохоор би хохирогч нь болж байгаа юм. ..***** эгч “Шведэд очоод мөнгийг чинь явуулна түр зээлээч” гэхээр нь би 1,100,000 төгрөгийг бэлнээр өгч, зээлж байсан. ***** эгч надад “чиний мөнгийг өгөх гэж байгаад хүнд залилуулчихлаа. Чи энэ хүнээс мөнгөө олоод аваарай” гэж надтай ярьсан бөгөөд тухайн хүнтэй чаталсан зургаа над руу явуулсан. Би уг чатыг нь цаасан дээр буулгаад авч ирсэн байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 10/,

 

Гэрч Ч.Л “....Ч.Б бол миний хамгийн бага дүү бөгөөд одоо Швед улсад нөхөр хүүхдийн хамт амьдарч байгаа юм. Саяхан миний охин Н мөнгө шилжүүлнэ гэж байгаад бусдад залилуулчихлаа гэж надтай ярьж байсан. Тэгээд би тухайн үед юу болсон талаар асуухад Монголд 2019 оны 11 сард ирэхдээ миний охин Н 1,100,000 мянган төгрөг зээлж аваад очоод явуулна гэж байсан юм билээ. Тэр мөнгөө л Швед улсын мөнгөн дэвсгэрт крон болгож нааш нь шилжүүлэх гэж байгаад бусдад залилуулчихсан юм шиг байгаа юм. Надад өөр мэдэх зүйл байхгүй байна. Манай охин надтай хамт үсчин гоо сайханч ажил эрхэлдэг болохоор бид хоёрын данс орлого бол өдөрт 100,000 мянган төгрөгний дундаж орлоготой байдаг юм. Охин бид хоёр дансныхаа орлогын хуулгыг аваад ирсэн байгаа. Миний дүү ***** одоо Шведэд байдаг. Бараг ирэхгүй байх” гэх мэдүүлэг /хх-ийн 28/,

 

Гэрч Л.Н “....Хаан банкны ......... тоот дансыг миний төрсөн дүү Л.Б эзэмшдэг юм. Миний дүү Чингэлтэй дүүрэг 17 дугаар хороо ............. тоотод ой гарантай хүүхэдтэй гэртээ байдаг юм. 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр миний зүс таних эрэгтэй ***** нь фэйсбүүкийн мессенжэрээр орж ирээд надтай фэйсбүүкээр дүрст дуудлага хийж харилцсан бөгөөд тухайн үед надтай харилцахдаа царайгаа өгөхгүй байсан ба дуу хоолойг нь сонсоод би ***** гэх залууг мөн байна гээд чатаар харилцсан. Тухайн үед надаас дансаа өгчих гэж хэлсэн. Би картгүй байгаа дуүгийнхээ дансыг ашигладаг талаар хэлсэн бөгөөд ***** надад дүүгийнхээ дансыг өгчих гэхээр нь би дүү ***** Хаан банкны ***** тоот дансыг чатаар явуулсан. Тэгтэл 1,100,000 мянган төгрөг орж ирсэн байгаа. Чамд шинэ жилийн бэлэг гээд чи 10,000 төгрөгийг нь авчихгүй юу гэсэн. Тэгээд надад Хаан банкны***** гэсэн ........... гэсэн данс өгсөн. Би дүү Баяржаргал руу залгаад саяны орж ирсэн 1,100,000 мянган төгрөгнөөс 1,090,000 төгрөгийг нь явуулчих гэхэд ........ би таны Хаан банкны .......... дансруу явуулчихъя та өөрөө тухайн хүн рүүгээ явуулчих гэхээр нь би *****гийн надад өгсөн Хаан банкны ......... тоот дансруу 1,000,000 төгрөг шилжүүлсэн. Тэгтэл маргааш нь дахиад надруу чат бичээд - найздаа 90,000 мянган төгрөг явуулчих гээд байсан. Тэгээд Фэйсбүүкээр орохдоо өөрийнхөө зургийг бүгдийг нь устгаад дахиж холбоо бариагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 41/,

 

Гэрч Д.Ө “...2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр миний Н М гэсэн фэйсбүүк хаяг руу нэг эмэгтэй хүн чи хүнээс мөнгө авчихсан байна. Намайг яасныг чинь цагдаад хэлсэн гэж хэлэхээр нь би юу яриад байгаа юм. Энэ дугаар руу залга гээд би өөрийнхөө утасны дугаарыг явуулсан. Тэгтэл над руу маргааш нь залгаад “ах аа уучлаарай таны фэйсбүүк доторх зургийг ашиглаад, надаас мөнгө авсан байна” гэж хэлсэн. Би бол ямар нэгэн хүнээс мөнгө авсан асуудал байхгүй. Ямар хаягаар тухайн хүнийг ашигласан талаар би мэдэхгүй байна. Миний цагдаа хувцастай зураг гэр бүлийн зургийг тавиад ашигласан байсан юм шиг байна лээ гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 68/,

 

Гэрч Л.Б “...2019 оны 12 дугаар сарын 27-ны орой 19 цагийн орчим байх аа манай миний төрсөн эгч Л.Н миний .......... гэсэн дугаар руу ......... гэсэн дугаараас залгаад, чиний данс руу би мөнгө явуулчихсан гэж хэлсэн. Би ямар учиртай мөнгө болох талаар асуухад найз нь мобайлтай хүн байна уу? гэхээр нь чиний данс руу явуулчихсан юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би дансаа шалгахад миний Хаан банкны ......... гэсэн данс руу 1,100,000 төгрөгний орлого орж ирсэн байсан. Тэгэхээр нь би мөнгө орж ирсэн болохоор нь аав Л данс руу буюу ............. гэсэн данс руу 1,090,000 төгрөгийг хийсэн бөгөөд Насанжаргал эгч чи 10,000 төгрөгийг нь авчихгүй юу гэж хэлсэн. Тэгээд миний аавын данснаас шууд Н эгчийн ........... гэсэн данс руу 1,090,000 төгрөгийг шилжүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 62/,

 

Гэрч Ц.М "...2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр О Э гэдэг хаягнаас над руу фэйсбүүк чатнаас чат бичиж Хаан банкны данс байгаа юу гэж асуусан. Тэгэхээр нь би надад Хаан банкны данс байгаа гэхэд би өөрөө Голомт банкны данстай болчхоод байна. Хаан банкны данс хэрэгтэй байна гэж хэлэхээр нь би өөрөө Хаан банкны дансаа явуулахад миний Хаан банкны данс руу 1,000,000 төгрөг орж ирсэн. Тэгээд би О асуусан. Одоо энэ мөнгийг яах юм бэ? гэхэд “Чамд үлдээчихье, чи ав” гэж хэлсэн юм. Би О гэдэг хүнийг сайн танихгүй нэг удаа харж байсан. Би О найз Б гэх залуутай найзууд юм. Би Б уулзахад О хамт ирж байсан юм. 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өдөр Н гэсэн утгатай .......... гэсэн данснаас миний .......... гэсэн данс руу 1,000,000 төгрөг орж ирсэн. Тус мөнгийг Голомт банкны ........ дугаартай О гэсэн данс руу 940,000 төгрөг хийсэн. Мөн Хаан банкны ......... гэсэн А гэсэн хүний данс руу 50,000 төгрөг хийлгэсэн юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 69 дүгээр тал/,

 

2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Чулууны *****ийн Хаан банкны .......... дугаартай данснаас 1,100,000 төгрөгийг Л.Б эзэмшлийн ...............дугаартай Хаан банкны данс руу шилжүүлсэн тухай дансны хуулга /хх-ийн 14/,

 

2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ............ дугаарын данснаас “О.О” гэсэн утгатайгаар Хаан банкны ......... дугаартай дансанд 330,000 төгрөг шилжин орж ирсэн талаарх интернет банкны хуулга /хх-ийн 58/,

 

Л.Б эзэмшлийн Хаан банкны ............. дугаартай дансны “2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ........ дугаартай Хаан банкны данснаас 1,100,000 төгрөг шилжиж орж ирсэн, Хаан банкны ......... тоот дансанд 1,090,000 төгрөг шилжүүлсэн тухай” дансны хуулга /хх-ийн 65/,

 

Ц.М эзэмшлийн Хаан банкны ........... дугаартай дансны “2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ........... дугаартай Хаан банкны дансанд 1,000,000 төгрөг шилжиж орж ирсэн болон 940,000 төгрөгийг шилжүүлсэн, Хаан банкны ........... дугаарын данс руу 50,000 төгрөг шилжүүлсэн тухай” дансны хуулганууд /хх-ийн 70/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Иймд О.О 2 удаагийн үйлдлээр хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бага хэмжээнээс дээш буюу 2,600,000 төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргалдаж, мэтгэлцээгүй байна.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Шүүгдэгч О.О хохирогч С.Н, Н.О нарт учруулсан хохирлоо төлж барагдуулсан, хохирогч нар гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг 2 түүнээс дээш удаа үйлдсэн” хүндрүүлэх, “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Шүүгдэгч О.О нь шүүхийн хэлэлцүүлэгт “Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, хохирогч нарт хохирол төлбөрөө төлсөн, цаашид ахин гэмт хэрэгт холбогдохгүй байж чадна, хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү” гэж мэдүүлсэн ба эрхэлсэн тодорхой ажилгүй, цалин орлогогүй тул торгох ял шийтгэх үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ахин гэмт хэрэг үйлдэхгүй гэж амлалт өгсөн, бие, эрүүл мэндийн хувьд ажил хөдөлмөр эрхлэх бүрэн боломжтой байх тул нийгмээс тусгаарлахгүйгээр 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт өдөрт наймаас дээшгүй цагаар ажиллуулахыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч О.О энэ хэрэгт цагдан хоригдсон 7 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцон нийт 56 цагийг эдлэх ялаас хасаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.О авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт О.О хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт О.О 360 /гурван зуун жар/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар О.О-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 7 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 56 цагаар тооцон эдлэх ялаас хасаж, биечлэн эдлэх ялыг 304 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.О-ыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт өдөрт наймаас дээшгүй цагаар ажиллуулахыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

 

5. Энэ хэрэгт шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.О авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.ГЭРЭЛТ-ОД