Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 138/ШШ2017/00058

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

       

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, шүүхийн хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Сэргэлэн сумын 3 дугаар багт оршин суух, /РД:ЖЯ61021377/ Пүрэвсүрэн овогт Пүрэвсүрэнгийн Мөнхбатын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын 4-20 тоотод оршин суух, /РД:ЖВ35020512/ Шарайд овогт Сэрээтэрийн Жамсранд холбогдох,

 “Хэрлэн сумын Зангиатын 4-20 тоотод байршилтай өрхийн хэрэгцээний П.Мөнхбат, Ж.Энхтуяа, М.Энхжаргалмаа, М.Чинбаатар, М.Мөнхжаргал нарын өмчлөлийн газрын өмчлөх эрхийг сэргээж, 2005.9.26-ны өдрийн газар өмчлөх эрхийн гэрчилгээг бусдад бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн” иргэний хэргийг 2016 оны 01 сарын 05-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Мөнхбат, түүний өмгөөлөгч З.Нямсүрэн, хариуцагчийн төлөөлөгч Ж.Энхчимэг, түүний өмгөөлөгч О.Баярбаатар, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Мөнхжаргал, М.Энхжаргалмаа, М.Чинбаатар гэрч Ж.Энхтуяа, И.Энхтуяа, Л.Долгорсүрэн, Ж.Өлзийтөмөр, Ж.Баттөмөр, нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  НЬ:

Нэхэмжлэгч П.Мөнхбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие 2003 оны 8 сард Улаанбаатар хот руу хувийн ажлаар шилжсэн. Тухайн үед хүүхдүүд маань их дээд сургуульд суралцах болсон тул тэдний ахуй амьдралд тус дэм болохоор эхнэр Ж.Энхтуяагийн хамт Улаанбаатар хотод очиж ажилласан. Энэ хугацаанд өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох Хэрлэн сумын 4-р баг, Зангиатын 4-20 тоотын хашаа, байшин доторх эд хогшил, граж, вюмкос, тахианы байр, зуны галалгааны пин зэрэг гэр бүлийн дундын өмчийг эхнэр Ж.Энхтуяагийн төрсөн эцэг С.Жамсран, эх Л.Долгорсүрэн нартаа үлдээж, Улаанбаатар хотод хүүхдүүдээ сургуулийг нь төгсөгчихөөд зүг чигийг нь олоод буцаж ирэхдээ өөрсдөө амьдарна гэж хэлээд хадмуудаа үлдээгээд явсан. Миний хувьд хадам эцэг С.Жамсран, эх Л.Долгорсүрэн нартайгаа энэ талаар эхнэр Ж.Энхтуяаг ярилцсаныг мэдээгүй. Зангиатын 4-20 тоотод байрлах газрын өмчлөгч П.Мөнхбат, Ж.Энхтуяа, М.Энхжаргалмаа, М.Чинбаатар, М.Мөнхжаргал нар нь дээрх үл хөдлөх хөрөнгийг эцэг, эхдээ үлдээж орхисон гэж бодсон. Миний хувьд 2015 оны 7 сард Дорнод аймагтаа ирээд өөрийн өмчилдөг газар дээрээ байшин барих санаатай байгааг хадам аав С.Жамсран, эх Л.Долгорсүрэн нартай уулзаад хэлэхэд энэ газрыг танай эхнэр Энхтуяа манайд бэлэглэсэн гэж ярьсан юм. Энэ талаар би мэдэхгүй байсан болохоор охин М.Энхжаргалмаа, хүү М.Чинбаатар, М.Мөнхжаргал нартайгаа ярихад:...бид мэдэхгүй, энэ газар чинь бидний өмч шүү дээ, бид хэнд ч өгөхгүй та ээжээс асуу гэсэн. Би эхнэрээсээ асууж гэр бүлд хэрүүл болж 2015 оны 10 сард үл хөдлөх хөрөнгийн газраас лавлагаа авч бидний 5 хүний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох газрыг эхнэр Ж.Энхтуяа нь өөрийн эцэг С.Жамсранд 2005.9.26-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр П.Мөнхбат, М.Энхжаргалмаа, М.Чинбаатар, М.Мөнхжаргал нарт хэлэлгүйгээр тэр үеийн нотариатч Амарсайхантай хувилдаж хууль бусаар бидний газрыг шилжүүлсэн болохыг мэдсэн. Манай гэрт миний хэрэглэж байсан гэр бүлийн эд хөрөнгө одоог хүртэл тэр хэвээрээ байгаа. Би Сэлэнгэ аймагт ферм байгуулаад хөдөө ажилладаг байсан хүн. Харин намайг эзгүйг далимдуулаад миний өмчлөлийн газар, хашаа, байшинг манай хадам эцэг Жамсран өөрийнхөө өмчлөлд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байна. Энэ гэрээг яаж хийсэн бэ гэхээр манай эхнэрийг дарамталж байгаад хийлгэсэн байна. Би энэ бэлэглэлийн гэрээ хийгдсэн гэдгийг мэдээд хадам аав, ээж, эхнэрийнхээ хамт бид нар уулзахад хадам аав над руу хайч барьж дайраад манай гэрээс зайл гэж намайг хөөсөн. Мөн хадам намайг чи чаддаг юм бол шүүхээр ороод бид нарыг энэ хашаа байшингаас зайлуулаарай гэж хэлсэн. Би шүүхэд нэхэмжлэл өгөөд жил гаран дарамтанд амьдарсан. Нотариатын байгууллагыг би хуулийн байгууллага гэж боддог байсан боловч тухайн хүмүүс нотариатчтай хамтран миний гарын үсгийг хуурамчаар үйлдээд бэлэглэлийн гэрээг байгуулсан байна. Намайг 2004 онд Улаанбаатар хотод ажил хийхээр явах үед манай эхнэрийн утас руу хадмууд залгаад танайх хашаа байшингаа зарах юм бол манайх авна шүү гэж хэлсэн гэдэг. Энэ байдлыг хараад байхад энэ бэлэглэлийн гэрээг зохион байгуулалтайгаар хийж өөрийн мэдэлд газрыг минь шилжүүлж авсан байна. Би хадам эцгийнхээ хашаа байшинг шүүхээр ороод булаах гээд байгаа зүйл огт байхгүй. Би өөрийнхөө эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгийг л авах хүсэлтэй байна. Жамсран шүүх хуралдаанд оролцох эрх зүйн бүрэн чадамжтай хүн. Яагаад шүүх хуралдаанд ирж оролцохгүй байгааг гайхаж байна. Манай хадам дүү надтай хамт архи ууж байх үедээ та шүүхэд нэхэмжлэл гаргаад яахав дээ Энхчимэг эгч цагдаа, прокуророор танил ихтэй хүн учраас та нэхэмжлэл гаргаад хэрэггүй гэж намайг дарамталж байсан. Миний газар, хашаа, байшин тухайн үеийн ханшаар 6.000.000 төгрөгийн үнэтэй үл хөдлөх хөрөнгийг манай хадмууд 3.000.000 төгрөгөөр надаас худалдаж авсан гэж худал хэлээд байгааг үнэхээр гайхаж байна. Жамсран гэдэг хүн намайг ач хүү Баттөмөрөөр байнга дарамтлуулдаг нэг өдөр согтуу манайд ирээд танай гэр бүлийг шатаана гэж дарамталсан. Иймд Хэрлэн сумын 4-р баг Зангиатын 4-20 тоотын өрхийн хэрэгцээний П.Мөнхбат, Ж.Энхтуяа, М.Энхжаргалмаа, М.Чинбаатар, М.Мөнхжаргал нарын хууль ёсны өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-0614000964 дугаарт бүртгэгдсэн, 000049686 дугаартай өмчлөх эрхийг сэргээж, 2005.9.26-ны өдрийн бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бус учир хүчингүй болгож өгөхийг хүсч байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Нямсүрэн шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч П.Мөнхбат нь хариуцагч С.Жамсранд холбогдуулан Хэрлэн сумын 4-р баг Зангиатын 4-20 тоотод байрлалтай 988 м.кв газрын хууль ёсны өмчлөгч нь П.Мөнхбат, Ж.Энхтуяа, М.Энхжаргалмаа, М.Чинбаатар, М.Мөнхжаргал нар тул тэдний өмчлөх эрхийг сэргээж, 2005 оны 9 сарын 26-ны өдрийн газар өмчлөх эрхийн гэрчилгээг бусдад бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шүүхэд гаргасан нэхэмжлэл нь хэрэгт авагдсан баримт, шүүх хуралдааны хэлэлцүүлэгээр нотлогдож байна. 5 хүний өмчлөлийн газрыг Ж.Энхтуяа нь өөрийн эцэг С.Жамсран, эх Л.Долгорсүрэн нарт бусад 4 өмчлөгч нарт мэдэгдэлгүй, тэдний зөвшөөрлийг авалгүй ганцаараа дур мэдэн бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар өөрөө хүчин төгөлдөр бус хэлцэл байгаа юм. Иймд нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүсэж байна гэв.  

Хариуцагчийн төлөөлөгч Ж.Энхчимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хүргэн ах П.Мөнхбат нь гэр бүлээрээ Улаанбаатар хот руу 2005 оны зун шилжих болсон ба Мөнхбат ах түрүүлээд явчихсан. Хашаа байшингаа газартайгаа зарна гэж хөөцөлдсөн боловч зарагдахгүй байсан. Бид ярилцаад аав Жамсрандаа Мөнхбат ахын хашаа, байшин, газрыг авч өгье, хэдэн төгрөг нь ч шилжиж байгаа хэдэд хэрэг болоод байсан болохоор гэр бүл үр хүүхдүүдтэй нь ярилцаад 3000000 төгрөг /бас бус юм оролцуулаад/-өөр худалдаж авсан. Тэгэхдээ эгч Энхтуяа нь нөхөртэйгөө ярилцаад мөнгөө яаруулаад бид нар тал талаасаа мөнгө цуглуулж 3000000 төгрөгийг нь өгсөн. Энхтуяа эгч газрын бичиг баримтыг нь аав, ээж хоёрын нэр дээр шилжүүлж өгнө гээд гардан явж шилжүүлсэн. Тэр үед бид чухам ямар байдлаар шилжүүлснийг мэддэггүй байсан. Нэг удаа ээж маань надад Энхтуяа газрын гэрчилгээ авчраад өгсөн гэж хэлж байсан. Ингээд уг газар хашаанд аав, ээж хоёр маань 11 дэх жилдээ амьдарч байна. Гэтэл Мөнхбат ахынхан энэ жил буцаж аймагтаа шилжиж ирсэн. Газар, хашаа, байшин савгүй болохоор аавын хашаанд байшин барина гэхэд нь бариулаагүй. Гэтэл үүнээс болж муудалцаад маргаан үүсч шүүхэд өгсөн байна. Эгч Ж.Энхтуяа уг хашаа, байшин, газрыг аавын нэр дээр шилжүүлэхдээ ямар бичиг баримт бүрдүүлж, яаж яаж хөөцөлдсөнийг мэдэхгүй байтал хөрөнгө худалдсаны татвар төлөхгүйн тулд бэлэглэлийн гэрээ хийж хүүхэд болон нөхрөө байхгүйд ямар ч байсан гэрээ хийсэн юм шиг байна. Энэ байдлаа далимдуулж бэлэглэлийн гэрээ хүчингүй учир газраа авна гэж төрсөн эцэг, эхээ манай эгч нөхөртэйгөө нийлж шүүхэд өгсөн байна. Бид үүнийг зөвшөөрөхгүй. Энэ олон жилийн дараа маргахаараа шүүхэд өгч байдаг. Тухайн үед чухам л төрсөн аав, ээж, ах, дүү нар минь л аминд орж харж хандаж, боломжийн үнэ хүргээд зарчихсандаа бүгдээрээ л баярлаж байсан. Гэтэл одоо авсан мөнгөө аваагүй мэт, худалдсан зүйлээ буцааж авах гэж гэнэт санаа төрж нөхөр хүүхдүүдийнхээ зөвшөөрөлгүй ганцаараа бэлэглэсэн гээд, энэ байдлыг далимдуулан залилан мэхэлж эцэг, эхдээ худалдсан газраа буцааж авах гэж оролдож байгаа учир П.Мөнхбатын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Мөнхбат ахын хашаа байшинг манай эцэг, эх хуулийн дагуу нотариатаар орж худалдаж авсан. Харин манай талаас П.Мөнхбат ахыг дарамталж байсан зүйл байхгүй. Мөнхбат ахыг Улаанбаатар хотод байхад И.Энхтуяа эгчээр дамжуулан 1.000.000 төгрөг өгсөн. Үүний дараа Дорнод аймгийн Хэрлэн сумын 4-р баг Зангиатын 4-20 тоот хашаанд манай ээж Долгорсүрэн, миний охин Энэрэл, Мөнхбат ахын хүү Чинбаатар, Мөнхжаргал нарыг байхад нь эгч Ж.Энхтуяад үлдэгдэл 2.000.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн. Тухайн үед Ж.Энхтуяа эгч худалдах худалдан авах гэрээ хийсэн манай талаас худалдаж авсан хашаа байшингийн мөнгө болох 3.000.000 төгрөгийг шилжүүлж байсан. Харин миний өгсөн 3.000.000 төгрөгөөр П.Мөнхбатын гэр бүл граж худалдаж авсан байж одоо шүүхэд 3.000.000 төгрөг авч байгаагүй гэж хэлээд байгаа юм. Үүнийг нь ойлгохгүй байна одоог хүртэл уг гражаа ашиглаж байгаа. Миний эцэг, эх энэ газрыг Ж.Энхтуяагаас худалдаж аваад 10 гаруй жил болж байна. Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд П.Мөнхбатын хүүхдүүд ганц ч удаа хашаандаа ирж байгаагүй. Харин жилийн өмнө П.Мөнхбатын бага хүү М.Мөнхжаргал ирээд гэрийнхээ бурхан тахилыг сэргээмээр байна гээд орж ирсэн. Би тухайн үед уурлаад хөөгөөд гаргаж байсан. Бүхэл бүтэн 10 гаруй жилийн хугацаанд танай гэр бүл ганц ч ирж байгаагүй. Мөн манай эцэг, эх энэ газрыг худалдаж аваад 10 гаруй жил болж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсч байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч О.Баярбаатар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний хувьд ийм шүүх хуралдаанд анх удаагаа орж байна. 5 хүний өмчлөлийн газрыг эгч, дүү нар болох Энхчимэг, Энхтуяа нар хууль бусаар авч, өгсөн юм шиг болж байна. Энхтуяагийн хувьд тухайн үед хариуцлагагүй зүйл хийсэн байна. Энхтуяа нотариатч дээр анх очихдоо ээж, аавдаа хашаа байшингаа зарах зорилготой байсан боловч далд санаандаа бэлэглэлийн гэрээ байгуулсан байна. Ж.Энхтуяа нь цагдаагийн газарт мэдүүлэг өгсөн байдаг. Энэ гэрээг хамтран өмчлөгч нарын зөвшөөрөлтэйгээр хийх ёстой байсан боловч хууль зөрчсөн байна. Яагаад хуулийн заалтыг зөрчөөд байгаа юм бэ гэхээр, Энхтуяа энэ үйлдлийг анхнаасаа санаатайгаар бэлэглэлийн гэрээ байгуулсан байна. Иргэний хуулийн 128 дугаар зүйлд заасан эрхээ эдэлсэн гэж үзэж байна. Харин гуравдагч этгээд нар Ж.Энхтуягаас зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхтэй. Бэлэглэлийн гэрээг анх хийхдээ бэлэглэлийн гэрээ гэж мэдэлгүйгээр авсан бол хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үздэг. Хамгийн гол нь бэлэглэлийн гэрээгээр газар, хашаа, байшинг авсан хүмүүс ямар буруутай юм бэ? Энхтуяа гэдэг хүнээс та нар зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломжтой. Энхтуяаг буруутгах ёстой заалтуудыг нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэлсэн. Ж.Энхтуяагийн хувьд хуульд заасан үүргээ биелүүлэлгүй бүдүүлгээр хууль зөрчсөн байна. Харин Энхчимэг нь Энхтуяаг чи яваад газраа манай эцэг, эхийн нэр дээр шилжүүлээд ир гэж шаардсан зүйл байхгүй байна. Энэ маргааны хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул гуравдагч этгээд нар эрхээ сэргээлгэх эрхгүй болжээ. Иргэний хуулийг төсөөтэй хэрэглэдэг хуулий заалт байдаг. Авсан хүнд буруу алга харин зарсан хүн л буруутай байна. Хэрэгт болон шүүх хуралдаанд өгсөн зарим нэг гэрчүүдийн мэдүүлгүүд маш их зөрүүтэй байна. Энэ байдлыг үнэхээр ойлгохгүй байна. Гэхдээ энэ болгон хэргийг шийдэхэд ач холбогдолгүй. Уг газрыг хуваах юм бол сонирхолтой асуудал болно. Тухайн үед Мөнхжаргал насанд хүрээгүй байсан. Харин насанд хүрээгүй хүний өмнөөс түүний эх болох Ж.Энхтуяа гарын үсэг зурсан байж болно. Ийм учраас Жамсран нь энэ газрын 3/2-г эзэмших эрхтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсч байна гэв.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:                                                                                                                                     

Нэхэмжлэгч П.Мөнхбат нь хариуцагч С.Жамсранд холбогдуулан Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын 4-20 тоотод байршилтай өрхийн хэрэгцээний П.Мөнхбат, Ж.Энхтуяа, М.Энхжаргалмаа, М.Чинбаатар, М.Мөнхжаргал нарын 5 хүний өмчлөлийн газрын өмчлөх эрхийг сэргээж, 2005.9.26-ны өдрийн газар өмчлөх эрхийн гэрчилгээг бусдад бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.

Маргааны зүйл Дорнод аймгийн Хэрлэн сумын 4-р баг Зангиатын 4-20 тоотод байршилтай өрхийн хэрэгцээний зориулалттай 988 м.кв газрын хууль ёсны өмчлөгч нь П.Мөнхбат, Ж.Энхтуяа, М.Энхжаргалмаа, М.Мөнхжаргал, М.Чинбаатар нарын 5 хүн байсан болох нь өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-0614000964 дугаарт бүртгэж, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 000049686 дугаар гэрчилгээг 2005 оны 05 сарын 02-ны өдөр олгосон баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 5/

Дээрх 5 хүний өмчлөлийн газрыг зөвхөн нэг өмчлөгч нь болох Ж.Энхтуяа 2005 оны 9 сарын 26-ны өдөр “Газар өмчлөх эрхийн гэрчилгээг бусдад бэлэглэх гэрээ”-гээр Сэрээтэрийн Жамсранд шилжүүлсэн болох нь нэхэмжлэгч П.Мөнхбат, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Энхжаргалмаа, М.Чинбаатар, М.Мөнхжаргал, гэрч Ж.Энхтуяа, хариуцагчийн төлөөлөгч Ж.Энхчимэг нарын тайлбар, хэрэгт авагдсан Газар өмчлөх эрхийн гэрчилгээг бусдад бэлэглэх гэрээгээр нотлогдож байна. /хх-ийн 6/

Маргааны зүйл Хэрлэн сумын 4-р баг Зангиатын 4-20 тоотод байршилтай өрхийн хэрэгцээний 988 м.кв газрыг Ж.Энхтуяа нь 2005 оны 9 сарын 26-ны өдөр “Газар өмчлөх эрхийн гэрчилгээг бусдад бэлэглэх гэрээ”-гээр шилжүүлэхдээ бусад 4 өмчлөгч болох П.Мөнхбат, М.Энхжаргалмаа, М.Чинбаатар, М.Мөнхжаргал нарын зөвшөөрлийг авалгүй, ганцаараа Улаанбаатар хотоос Дорнод аймагт 2005 оны 9 сард ирсэн үедээ дур мэдэн тухайн хэлцлийг хийсэн болох нь нэхэмжлэгч П.Мөнхбатын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд “...би 2015 оны 7 сард Дорнод аймагтаа буцаж ирээд өмчлөлийн газар дээрээ байшин барих санаатай хадам аав Жамсран, эх Долгорсүрэн нартайгаа уулзахад энэ газрыг танай эхнэр Энхтуяа манайд бэлэглэсэн гэж ярьсан, энэ талаар би мэдээгүй байсан болохоор охин Энхжаргалмаа, хүү Чинбаатар, Мөнхжаргал нартай ярихад бид нар мэдэхгүй, бид хэнд ч өгөөгүй, та ээжээс асуу гэсэн. Би эхнэрээс асууж гэр бүлд хэрүүл болж 2015 оны 10 сард үл хөдлөх хөрөнгөөс лавлагаа авч бидний газрыг эцэг С.Жамсранд 2005.9.26-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлснийг анх мэдсэн” гэсэн,

бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Энхжаргалмаа, М.Чинбаатар, М.Мөнхжаргал нарын “...ээж Энхтуяа нь бидний өмчлөлийн газрыг өвөө Жамсранд шилжүүлэх гэж байгаагаа огт хэлээгүй, биднээс зөвшөөрөл аваагүй, бид нотариатч дээр очоогүй...” гэсэн,

хариуцагчийн төлөөлөгч Ж.Энхчимэгийн “...эгч Ж.Энхтуяа уг хашаа, байшин, газрыг аавын нэр дээр шилжүүлэхдээ ямар бичиг баримт бүрдүүлж, яаж яаж хөөцөлдсөнийг мэдэхгүй байтал хөрөнгө худалдсаны татвар төлөхгүйн тулд бэлэглэлийн гэрээ хийж хүүхэд болон нөхрөө байхгүйд ямар ч байсан гэрээ хийсэн юм шиг байна...” гэсэн,

гэрч Ж.Энхтуяагийн “...би аавыгаа бодоод, эхлээд нотариатч дээр очоод худалдах худалдан авах гэрээгээр аавдаа газрыг шилжүүлбэл болох уу гэж асуухад бүгд өмчлөгч нар байх шаардлагатай гэж нотариатчийг хэлэхээр нь тэгвэл яаж шилжүүлбэл болох вэ гэж асуухад бэлэглэлээр шилжүүлж болно гэхээр нь би 2005 оны 9 сард Улаанбаатар хотоос Дорнод аймагт ганцаараа ирсэн үедээ нөхөр Мөнхбат, 3 хүүхдүүддээ хэлэлгүй, тэдний өмнөөс гарын үсэг зурж бэлэглэлийн гэрээг хийж эцэг Жамсран, эх Долгорсүрэн нарт шилжүүлж өгсөн” гэсэн,

гэрч Л.Долгорсүрэнгийн “...охин Ж.Энхтуяа 2005 оны 9 сарын орчим газрын гэрчилгээг нөхөр Жамсран болон миний нэр дээр болгосон гэж өвгөн бид хоёрт өгсөн. ...хашаа, байшин, газрыг танай юм боллоо гэж хэлээд газрын гэрчилгээг өгсөн тэрнээс биш энэ газрыг би зарж байгаа юм та хоёрт ах дүү нар худалдан авч өгч байгаа талаар хэлсэн зүйл байхгүй” гэсэн мэдүүлгүүд тус тус нотолж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” хүчин төгөлдөр бус байна гэж заажээ.

Өөрөөр хэлбэл, "зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл" гэдэгт тухайн хэлцлийг хийхэд тодорхой этгээдийн зөвшөөрлийг авах хуулиар тогтоосон шаардлага зөрчигдсөн байхыг ойлгодог.

Гэтэл маргааны зүйл дээрх газрыг Ж.Энхтуяа нь бусад хамтран өмчлөгч П.Мөнхбат, М.Энхжаргалмаа, М.Чинбаатар, М.Мөнхжаргал нарын 4 хүнээс бэлэглэх талаар зөвшөөрөл авалгүй эцэг С.Жамсранд шилжүүлэх “Газар өмчлөх эрхийн гэрчилгээг бусдад бэлэглэх гэрээ”-г хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухйа хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг зөрчиж шилжүүлсэн болох нь дээр дурдсан тайлбарууд, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч П.Мөнхбатын 2005 оны 9 сарын 26-ны өдрийн “Газар өмчлөх эрхийн гэрчилгээг бусдад бэлэглэх гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэл болж байна.   

Хариуцагчийн өмгөөлөгч 2005 оны 9 сарын 26-ны өдөр хийгдсэн “Газар өмчлөх эрхийн гэрчилгээг бусдад бэлэглэх гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулахаар гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж мэтгэлцдэг.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д “хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж заажээ.

Хөөн хэлэлцэх хугацааг эрх зөрчигдсөн, эсвэл зөрчигдсөнийг эрх бүхий этгээд мэдсэн үеэс эхлэн тоолдог. Энэ үе хүртэл тухайн этгээд зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандахгүй. Ийм учраас хөөн хэлэлцэх ерөнхий ба тусгай хугацаа эрх бүхий этгээд эрхээ албадан хэрэгжүүлэхээр шүүхэд хандах боломжтой болох үеэс эхлэн тодорхойлогддог учир нэхэмжлэгч П.Мөнхбат нь 5 хүний өмчлөлийн газрыг эцэг, эхдээ бэлэглэлийн гэрээ хийж эхнэр Ж.Энхтуяаг шилжүүлснийг 2015 оны 7 сард Дорнод аймагт шилжиж ирснээс хойш мэдсэн болох нь дээр дурдсан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болон гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтаар тус тус нотлогдож байх тул нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг дуусаагүй байна гэж шүүх дүгнэлээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ж.Энхчимэг, түүний өмгөөлөгч нар нэхэмжлэгч П.Мөнхбат, гэрч Ж.Энхтуяа, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Энхжаргалмаа, М.Чинбаатар, М.Мөнхжаргал нарын хууль ёсны өмчлөлийн Хэрлэн сум 4-р баг Зангиатын 4-20 тоотод байршилтай газар, хашаа, байшинг 3000000 /гурван сая/ төгрөгөөр худалдаж авсан гэж тайлбарлан маргаж байх боловч маргаж байгаа үндэслэлээ бичгийн баримтаар нотолж чадаагүй байна.

Тухайлбал, хариуцагчийн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нарын хүсэлтээр шүүхэд гэрчээр асуугдсан Г.Дашжавхлан “...2005 онд гадаа дулаан байсан үе Хэрлэн сумын 4-р баг Зангиатын 6-5 тоотод ах Одонжавхлангийн хашаанд П.Мөнхбат ахтай таарсан. ...ах нь хот шилжиж байна гэж хэлэхэд нь би “хашаа байшингаа та яасан бэ” гэхэд “хадам аав ээждээ зарсан” гэж хэлсэн...3 сая төгрөгөөр зарсан гэсэн. Би тэгэхэд нь та өндөр зарсан байна ш дээ гэж хэлээд өнгөрсөн...” гэж мэдүүлсэн байхад түүний мэдүүлэг нь мөн шүүхэд гэрчээр асуугдсан Г.Одонжавхлангийн “...Мөнхбат 2005 онд Дорнод аймагт ирээгүй, би л лав уулзаагүй, манайхаар огт ирээгүй. Мөнхбат нь 2003 онд нүүхдээ хадам аав, ээжийгээ хашаандаа үлдээсэн. Мөнхбат нь явахаасаа өмнө Баян-Уул сумаас хадмуудаа нүүлгэж Эхэн бүрд гэдэг газарт авчирсан байсан. Хүүхдүүдээ сургууль төгсөхөөр нутаг руугаа ирнэ гэж анх ярьж байсан” гэсэн мэдүүлэгтэй зөрж байна.

Мөн шүүхэд гэрчээр асуугдсан И.Энхтуяа, Ж.Өлзийтөмөр, Ж.Баттөмөр, Л.Долгорсүрэн нар маргаан бүхий дээрх газрыг Ж.Энхтуяагаас 3000000 төгрөгөөр худалдан авч эцэг С.Жамсран, эх Л.Долгорсүрэн нарын нэр дээр шилжүүлсэн гэж мэдүүлж байх боловч тэдний мэдүүлэгт тухайн газрыг худалдаж авсан гэх огноо, худалдаж авсан үнийг төлсөн гэх мөнгийг хэдийд, хаана, хэнд өгсөн зэрэг нь хоорондоо зөрүүтэй байх бөгөөд уг газар, хашаа, байшинг худалдан авсан талаарх бичгийн нотлох баримт хэрэгт байхгүй байна.

Нөгөөтэйгүүр хариуцагчийн төлөөлөгч Ж.Энхчимэг нь газрыг зарсан гэх хууль ёсны өмчлөгчийн нэг болох Ж.Энхтуяад 2000000 төгрөгийг маргаан бүхий газар, хашаа, байшинд оршин сууж байсан эх Л.Долгорсүрэн, охин Энэрэл, нэхэмжлэгч Мөнхбатын хүү Чинбаатар, Мөнхжаргал нарыг байхад өгсөн гэж тайлбарлаж байна. Гэтэл гэрч Ж.Энхтуяа газрыг зараагүй, 2000000 төгрөгийг Ж.Энхчимэгээс аваагүй гэж мэдүүлж байх бөгөөд хариуцагчийн төлөөлөгч Ж.Энхчимэг нь Ж.Энхтуяагаас тухайн газар, хашаа, байшинг худалдаж авсан болон газрын үнэ гэх 2000000 төгрөгийг хэдийд, хаана өгсөн болохоо бичгийн баримтаар тус тус нотолж чадахгүй байна.

Гэрч И.Энхтуяа “...2002-2003 оны үед Мөнхбатынх УБ хот руу шилжээд нүүгээд явсан. Нүүгээд явахдаа өөрийн амьдарч байсан Хэрлэн сумын 4-р баг Зангиатын 4-20 тоот газар, хашаа, байшингаа зарсан. Үүнийг манай хадам аав, ээж авсан. Энэ хашаа байшингийн үнэ болох 3000000 төгрөг хэрэгтэй боллоо гэж дүү Энхчимэг надад хэлсэн. Мөнхбат ах өнөөдөр мөнгө нь хэрэгтэй гэж ярьсан бэлэн мөнгө хайж явна, банкаар хөөцөлдөж байна гэж хэлсэн. Надаас мөнгө олдох уу гэж асуусан. Тэр үед би хотод явж байсан ба тухайн үед хүнээс 3000000 төгрөг олсон юм. Энхчимэг надад 1000000 төгрөгийг Мөнхбат ахад өгөх хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд би Энхчимэгээс Мөнхбатын утасны дугаарыг авч өөртэй нь холбогдоод 1000000 төгрөгийг Мөнхбатад өөрт нь өөрийн биеэр бэлнээр өгсөн. Энэ нь 2003-2004 оны үед байсан, сар өдрөө санахгүй байна. Үлдсэн 2000000 төгрөгийг Дорнод аймагт ирсэн хойно Энхчимэгт өгсөн” гэж мэдүүлж байхад, нэхэмжлэгч П.Мөнхбат “И.Энхтуяагаас нэг ч төгрөг аваагүй, надад мөнгө өгсөн гэж худал гүтгэж байна” гэж маргаж байна. Иймд гэрч И.Энхтуяагийн мэдүүлэг бичгийн баримтаар нотлогдохгүй байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд нотлох баримт шинжлэн судлахдаа өмнө нь шүүхэд гаргаж өгөөгүй “ХААН банк орлогын мэдүүлэг гэсэн 04/07/2014-ний өдрийн огноотой Жамсрангийн Энхчимэгийн 5405183261 тоот дансанд 3000000 төгрөгийг бэлнээр Энхтуяа-с орлого” гэсэн бичвэртэй баримтыг шүүхэд гарган өгч, гэрч Ж.Энхтуяа хариуцагчийн төлөөлөгч Ж.Энхчимэгээс граж авах гэж 3000000 төгрөг зээлж авсан байснаа түүнд буцааж төлсөн талаархи баримт гэж тайлбарладаг.

Гэтэл хариуцагчийн өмгөөлөгч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүхэд гаргаж өгсөн дээрх баримтыг бичгийн нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаж байна.

Шүүх уг баримтыг нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болгоогүйгээс гадна хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судалсны үндсэн дээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно. 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 9 дүгээр зүйлийн 9.4.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч П.Мөнхбатын хариуцагч С.Жамсранд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “2005.9.26-ны өдрийн газар өмчлөх эрхийн гэрчилгээг бусдад бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Зангиатын 4-20 тоотод байршилтай П.Мөнхбат, Ж.Энхтуяа, М.Энхжаргалмаа, М.Чинбаатар, М.Мөнхжаргал нарын 5 хүний өмчлөлийн өрхийн хэрэгцээний зориулалттай 988 м.кв газрын өмчлөх эрхийг сэргээсүгэй.

     2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлого болгож, хариуцагч С.Жамсрангаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Мөнхбатад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч нар мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.ТҮМЭНЦЭЦЭГ