| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
| Хэргийн индекс | 138/2016/01410/И |
| Дугаар | 138/ШШ2017/00067 |
| Огноо | 2017-01-12 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 138/ШШ2017/00067
Монгол Улсын нэрийн өмнөөс
******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, шүүгч Ш.Алтанцэцэг, Т.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч тоотод оршин суух /РД:*******/ ******* ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч ******* аймгийн ******* гэх газарт оршин суух /РД:*******/ ******* овогт холбогдох,
“Гэм хорын хохирол 16930000 /арван зургаан сая есөн зуун гучин мянга/ төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 2016 оны 11 сарын 11-ний өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат, иргэдийн төлөөлөгч , нэхэмжлэгч , түүний өмгөөлөгч , хариуцагч , түүний өмгөөлөгч нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие 2013 оны 10 сарын 07-ны өдөр эхнэр гэр бүл болж хуримаа хийсэн. Биднийг айл гэр болж байгаа учир манай аав, ээж хоёр бидэнд 6х8 хэмжээтэй дүнзэн байшин бэлэглэж, гал голомт тасалж өгсөн. Мөн эхнэр бид хоёрыг хуримаа хийх үед хоёр талын ах дүү, хамаатан садангууд нийлж хуримын бэлгэнд айл гэрт байж болох бүхий л тавилга, цахилгаан хэрэгслүүд бэлэглэж байсан. Бид хоёр хүүхэдтэйгээ 4-үүлээ амьдарч байсан. Эхнэр маань бие давхар болж 2014 оны 10 сард төрөх байсан. 2014 оны 7 сарын сүүлээр намайг гэртээ байж байхад нутгийн танил ах ирээд “ах нь танай хойно газар авсан. Одоо нүүж ирнэ. Танайхаас тог авах гэсэн юм” гэж гуйсан. Би өөрөө цахилгааны мэргэжилтэй тул “та хүчтэй зүйл залгахгүй биз дээ, хүчдэл дийлэхгүй ш дээ” гэж хэлсэн. Тэгэхэд нь “ах нь зөвхөн зурагт, чийдэн 2-ыг л асаана” гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд сумын цахилгаанчид /монтёрт/ хэлсэн. Цахилгаанчин зөвшөөрсөн. цахилгаан залгаж өгснөөс хойш 3 хоногийн дараа би “Шинь шинь” компани дахь ажил руугаа явсан. Энэ үед эхнэр маань аймгийн төв рүү жирэмсэн эхийн үзлэгт орох гээд бага охинтой явсан байсан. Гэрт миний эмээ, хүү нар үлдсэн. 2017.07.31-ний өдөр намайг ажил дээрээ байхад манай ажлын Өвөрмонгол ажилтан над дээр ирээд “ахын дүү гэр рүүгээ явахгүй бол болохгүй болсон байна. Танай гэр шатсан гэж байна” гэж хэлсэн. Тэгээд манай компаний удирдлагаас надад чөлөө олгосон. Намайг гэртээ ирэхэд гэр маань юу ч үгүй шатаж, үнс болсон байсан. Юу болсон талаар албаны хүмүүсээс асууж тодруулахад нь манай гэрийн пускателийг сольж өөр пускатель дур мэдэн солиулсан байсан. Би өөс яагаад пускатель сольж байгаа юм бэ гэхэд цахилгаан хөрөө, цахилгаан таслагч, цахилгаан дрилл гэх мэт цахилгаан багажнууд ажиллуулахад танай пускатель байн байн буугаад байсан. Тэгэхээр нь өндөр чадалтай пускатель тавьсан гэж байсан. Гэр ахуйн зориулалттай пускатель нь өчүүхэн бага масс үүсэхэд цахилгааныг автоматаар салгаж, цахилгааны утсанд халалт үүсч гал гарах аюулаас сэргийлдэг учиртай. Харин өндөр хүчин чадалтай пускатель нь масс үүсэхэд цахилгааныг салгадаггүй юм. Тиймээс өндөр хүчин чадал даах зориулалтын бус ахуйн зориулалтын цахилгаан утас нь массыг дийлэлгүй гал гаргасан байсан. Ийнхүү гал гарсны улмаас манай байшин бүрэн шатаж, байшин дотор байсан гэрийн бүх тавилга, бидний хувцас, бичиг баримт гэх мэт хэрэгцээт бүхий л зүйлс шатаж устсан. Мөн байшин дотор байсан манай эмээ, том хүү 2 маань арай гэж галд өртөлгүй эсэн мэнд гарсан байсан. Тус галын улмаас манайд учирсан хохирлыг цагдаагийн байгууллага шалгах явцад нийт 16930000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон. Хэрвээ нь манай гэрийн пускателийг дур мэдэн сольж өөр өндөр хүчин чадалтай пускатель тавиагүй байсан бол манай гэрийн цахилгааны утсанд масс халалт үүсэж гал гарахгүй байх байсан. Байшин бүх юмаа шатаалгаснаас болж бид маш их сэтгэлийн дарамтанд орсон бөгөөд 2014 оны 10 сарын сүүлээр төрөх байсан эхнэр маань төрөх хугацаанаасаа 1 сарын өмнө гэнэт өвдөж төрсөн боловч хүүхэд маань хүн болж чадалгүй эндсэн. Яагаад хугацаанаасаа өмнө төрсөн талаар асууж тодруулахад эмч “Сэтгэл санааны цочролоос болж хугацаанаас өмнө төрөлт явагдсан” гэж хэлсэн. нь бидэнд туслана гэж хэлдэг боловч ганц ч төгрөгийн тусламж үзүүлээгүй өдийг хүрсэн. Эхнэр, хүүхдүүд бид одоо болтол өөрийн гэсэн орон гэртэй болж чадаагүй бөгөөд айл айлын тогоо өнгийн амьдарч байна. Иймд өөс 16930000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх 2014 оны 5 сарын 9-нд ******* хойд талд буусан. Бид гэдэг айлаас тог авах гэж байтал тэднийх салгаад байна даа манайхаас авчих гэж өөрөө хэлсэн. Манайх анх тэнд буухдаа тог татуулъя гэж цахилгаанч хэлэхэд ойрхон айлаас авчихгүй юу гэж хэлсэн юм. Ингээд өөрөө манайд тог залгаж өгсөн. Манайх 2014 оны 6 сарын 10-нд байшингаа барьж дууссан. ******* пускателийн пурш нь сулардаг юм уу, яадаг юм байн байн буудаг, залгаад эргэхэд л ямар ч масс үүсээгүй байхад буудаг болчихоод байхад нь би шинэ пускатель авч гэдэг хүнээр тавиулсан юм. Пускатель солихын өмнө тэдний дүү Хумбаан цахилгааны утас муудчихаад масслаад пускатель унаад гээд холбоод лентээр утсаа ороож байсан. 7 сард пускатель сольсон, түүнээс хойш нэг ч цахилгаан хөрөө мэт зүйлүүдийг хэрэглээгүй. Тиймээс пускатель сольсноос болж гал гарсан мэтээр дүгнэснийг зөвшөөрөхгүй байна. Тийм ч өндөр хүчтэй пускатель тавиагүй. Гэхдээ би хэдэн вольтын хүчин чадалтай пускатель тавьсныг мэдэхгүй байна. Монгол хүний хувьд, хөрш залгаа байсны хувьд чадах ядахаараа тусалсан. Гэтэл намайг огт туслаагүй гэж байна. Тэднийд гал гарах үед манай тог унтраагүй, тэднийх хэд хэдэн пускательтай. Миний солиулсан пускатель гадна нь байдаг. Хүүхдийнх нь хэлснээр тэдний гэрэл манас гээд л хөх гал гарсан тэгээд шатсан гэдэг. Иймд юунаас болж шатаж гал гарсныг шалгуулж, тогтоолгох ёстой байтал үүнийг тогтоосон зүйл байхгүй байна. Харин тэдний гэрлийн утас муудсан гэдгийг галын байцаагчийн дүгнэлтэд тодорхой бичсэн байсан учир түүний нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч нь хариуцагч Т. холбогдуулан “гэм хор учруулсны хохирол 16930000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.
2014 оны 7 сарын 31-ний өдөр нэхэмжлэгч М.******* 8 х 6 хэмжээтэй дүнзэн байшинд гал гарч түүний эд хөрөнгө шатсан болох нь хэрэгт авагдсан Онцгой байдлын хэлтсийн гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн гал түймэр гарсан тухай 2014 оны 08 сарын 08-ны өдрийн 34 дүгээр акт, уг актыг үйлдсэн улсын хяналтын байцаагч гэрчээр асуусан тэмдэглэл, гэрч , , нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Харин нэхэмжлэгч “хариуцагч ахуйн зориулалттай бус 65-ын өндөр хүчин чадалтай пускатель сольж тавьснаас цахилгаанд масс үүсч гал гарсан” гэж тайлбарлаж байгааг хариуцагч “...өндөр хүчин чадалтай пускатель тавиагүй, хэдийн пускатель тавьсныг мэдэхгүй” гэж эсэргүүцэн маргаж байна.
Нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэгтэй байхад хариуцагчийн эсэргүүцэн маргаж буй тайлбарыг үгүйсгэж, нотлох баримтаар няцааж чадаагүй байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагч 65-ын өндөр хүчин чадалтай пускатель сольсноос нэхэмжлэгч М.*******д гал гарсныг нотлоогүй байна.
Иймд шүүх бүрэлдэхүүн дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар хариуцагч өөс гэм хорын хохирол 16.930.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М.******* нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Ш.АЛТАНЦЭЦЭГ
Т.БАЙГАЛМАА