Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 0739

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүгч Б.Дашдондов, М.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд, иргэдийн төлөөлөгч Б.Эрдэнэсувд, улсын яллагч Г.Яндаг, шүүгдэгч Б.Л, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар мөн дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 01499 0184 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

У овгийн Б.Л, Монгол Улсын иргэн, *** оны ** дүгээр сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл нэг, Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо Зүүн баян-Уулын *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ****, урьд

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1997 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 155 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2 дах хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 1.2-д зааснаар уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнссэн.

- Нийслэлийн шүүхийн 1998 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 84 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар 125.2 дах хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгэгдэж, өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялаас 1 жилийг нэмж нэгтгэн нийт 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн,

- Өвөрхангай аймгийн Хархорин дахь сум дундын шүүхийн 2002 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, өмнө таслан шийдвэрлэх тогтоолуудаар оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 7 cap 12 хоногийг нэмж, нийт 2 жил 1 cap 12 хоногийн хорих ялаар шийтгүүлсэн.

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хорих ялаар,

- Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, мөн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар,

- Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 946 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар,

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 974 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг дүйцүүлэн 1 сарын хугацаагаар тогтоож, нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 5 жил 1 сарын хугацаагаар тогтоосныг эдэлж байна.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Б.Л нь 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг ** хороо Зүүн баян-Уулын *** тоотод оршин суух С.У-ийн орон байранд оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр хүч хэрэглэн нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэнд халдаж дураараа авирласан, мөн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг ** хороо Зүүн Баян-Уулын *** тоотод Б.Х-ыг дүү Б.М-ыг гаднах төрхөөр доромжиллоо гэж Б.Х-ыг согтуурсан, мансуурсан биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж гараараа, модон сандлаар цохиж зодон, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн бие махбодын зовуурь үүсгэж зүүн талын ** дугаар хавирганы зөрөөтэй, зөрөөгүй хоёрлосон хугарал, зүүн уушгины доод дэлбэнгийн няцрал, цээжний зүүн талын хөндий дэх шингэн цус хуралдалт, цээжний зүүн талын арьсан доорх хий хуралдалт, зүүн дал ясны хугарал, зүүн хацар ясны нумын зөрүү багатай далд хугарал, баруун, зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, духанд няцарсан шарх, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн нүдний алимын салстад цус харвалт, зүүн чихний дэлбээнд зулгаралт, цээж хэвлий бүсэлхийнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хоёр хүний эсрэг үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Урианхай овгийн Б.Л нь 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Зүүнбаян-Уулын *** тоотод “дүү Б.М-ыг гаднах төрхөөр доромжиллоо” гэх шалтгаанаар Б.Х-ыг модон сандлаар цохиж зодож, бие махбодын шаналал зовуурь үүсгэж “...зүүн талын 3-10 хавирганы зөрөөтэй, зөрөөгүй хоёрлосон хугарал, зүүн уушгины доод дэлбэнгийн няцрал, цээжний зүүн талын хөндий дэх шингэн (цус) хуралдалт, цээжний зүүн талын арьсан доорх хий хуралдалт, зүүн дал ясны хугарал, зүүн хацар ясны нумын зөрөө багатай далд хугарал, баруун, зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, духанд няцарсан шарх, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний алимын салстад цус харвалт, зүүн чихний дэлбээнд зулгаралт, цээж, хэвлий, бүсэлхийд цус хуралт, зөөлөн эдийн няцрал..” бүхий хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Б.Л-гийн шүүх хуралдаанд өгсөн: “...Яллах дүгнэлтэд бүгд үнэн зөв тусгагдсан тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй. Би Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хорих ял шийтгүүлсэн бөгөөд тэр хэргийг хянан шийдвэрлэх үед энэ хэргийн талаар огт хэлээгүй. Мөрдөгч хэлээд хэрэггүй хэрэг чинь хүндэрнэ гээд байсан юм...” гэсэн мэдүүлэг;

2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1хх-ийн 46- 47, 50-52 дугаар хуудас);

3. Хохирогч Б.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”....Би хэрэг гарсан өдрийг нь санахгүй байна, 11 цагийн үед Х манай гэрт орж ирээд гарья гэж хэлэхээр нь би хамт гараад Х-ын гэрт очсон. Гэрт нь Х-ын хүргэн нь болох Э, У нар “Хандгайт” гэсэн нэртэй 0.75 литрийн архи уугаад сууж байсан. Би Х-ын хамт нөгөө архинаас нь уугаад сууж байтал гаднаас М ганцаараа орж ирсэн. Х М-ыг хочоор нь “доёг М” гэж дуудаад байхаар нь би “доёг доёг” гэж дуурайж дуудчихаад М-ыг гар гэж хэлтэл М над руу хуруугаа заагаад “чамайг би ахыгаа авчирч зодуулна даа” гээд гарсан. У М-ын ардаас гараад явсан ба гарч явахдаа Х, Э бид гурвыг унтаж амар гээд гэрийг гаднаас цоожилчхоод явсан. Харин буцаж орж ирснийг нь би мэдэхгүй байна. Удаагүй М өөрийн ах Л гэх залууг дагуулаад цоожтой байсан гэрийн хаалгыг эвдээд ороод ирсэн. Тэгээд Л гэх залуу үгийн зөрөөгүй Э-ыг цохиод авсан. М ах Л-ээ намайг дооглоод байсан хүн энэ гээд над руу хураагаа заасан. Тэгтэл Л нь газарт байсан дөрвөлжин сандал аваад миний зүүн талын хавирга хэсэг рүү цохиход би ухаан алдсан, нэг сэрэхэд гэмтлийн эмнэлэгт хэвтэж байсан. Намайг Л-гээс өөр хүн цохиж зодоогүй. Би эмчилгээний зардалтай холбоотой баримтуудаа гээчихсэн. Тухайн үед 1,700,000 гаруй төгрөг гарсан байсан. Би нийт 2,000,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 57-58 дугаар хуудас);

4. Хохирогч С.У-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...Би Э гэдэг хүнтэй Сонгинохайрхан дүүрэг, ** дугаар хороо, Зүүнбаян-Уулын *** тоотод хамт амьдарч байсан. 2018 оны 03 сарын 21-ний өдөр Х, Х, Э нарыг гэрт цоожлоод явсан хойгуур манай гэрийн цоожны даруулгыг далийлгаад гэрт орсон байсан. Гэрийн цоож, даруулга эвдсэн гэх асуудал дээр Л-д ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл огт байхгүй...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 61 дүгээр хуудас);

5. Гэрч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...2018 оны 03 сарын 21-ний өдөр гэртээ байж байтал хадам ах Х, дараа нь түүний найз Х ороод ирсэн. Х нэг шил архи авчирсан байсан ба түүнийг бид гурав хувааж ууж дууссан. Дараа нь би дахиад нэг шил архи аваад ууж дуусаагүй байж байтал манай тэр хавьд амьдардаг М гэх залуу тал шил архи барьчихсан ороод ирэхээр нь тэр архийг ууж дуусаж байтал М, Х ах хоёр маргалдаад байх шиг байсан. Би та хоёр одоо болиоч гэж хэлтэл М манай гэрээс гаргаад явчихсан. Удалгүй манай эхнэр У орж ирээд та гурав согтсон байна, унтаж амар гэж хэлээд бид гурвыг гэрийн гаднаас түгжээд явчихсан. Х, Х бид гурав унтаж байтал манай хаалгыг цохиод байх шиг байснаа М Л гэх залууг дагуулаад ороод ирсэн. Л намайг цохиод байх шиг байсан. Намайг гэрээс гараад зугтаахад М, Л хоёр манай гэрт үлдсэн, түүнээс хойш юу болсон талаар мэдээгүй...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 68-70 дугаар хуудас)

6. Хохирогч С.У-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: ”....2018 оны 3 сарын 21-ний өдөр гэртээ байж байтал Б.Х, С.Х, Б.Э нар архи уучихсан согтуу, нэг шил архи барьчихсан орж ирсэн. Би тэр гурвыг та нар согтсон байна одоо унтаж амар гэж хэлээд гэрийг нь гаднаас нь түгжээд айл руу очиж утсаа цэнэглэхээр явсан, манайх тог үгүй байсан. Би утсаа цэнэглэчхээд буцаад гэртээ ирсэн чинь манай гэрийн цоожны даруулгыг далийлгаад хүн орсон байсан бөгөөд Х-ын нүүр ам нь нил цус болсон байхаар нь би чи хөөш болиоч гэж хэлсэн. Л нь Э-ыг цохисон чинь М наад хүн чинь бишээ энэ хүн гээд Х-ыг заагаад байсан. Удалгүй Л, М нар гараад явсан ба түүнээс хойш удалгүй манай эгч С манайд орж ирээд түргэн дуудсан. Х-ыг Л ганцаараа зодож гэмтээсэн, би зодож байхыг нь харсан. Л Х-ыг модон сандлаар цохиод байх шиг байсан. М нь Х-д гар хүрээгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 71-73 дугаар хуудас);

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 4172 дугаартай шинжээчийн: “...Б.Х-ын биед зүүн талын 3-10 хавирганы зөрөөтэй, зөрөөгүй хоёрлосон хугарал, зүүн уушгины доод дэлбэнгийн няцрал, цээжний зүүн талын хөндий дэх шингэн (цус) хуралдалт, цээжний зүүн талын арьсан доорх хий хуралдалт, зүүн дал ясны хугарал, зүүн хацар ясны нумын зөрөө багатай далд хугарал, баруун, зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, духанд няцарсан шарх, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний алимын салстад цус харвалт, зүүн чихний дэлбээнд зулгаралт, цээж, хэвлий, бүсэлхийд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна..” гэсэн дүгнэлт (1хх-ийн 76-77 дугаар хуудас);

8. Шүүгдэгч Б.Л-гийн төрсний бүртгэлийн лавлагаа (1хх-ийн 159 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1хх-ийн 207 дугаар хуудас), шийтгэх тогтоол, шүүгчийн захирамжийн хуулбарууд (1хх-ийн 211-229 дүгээр хуудас)

9. Шүүгдэгч Б.Л-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өсгөн мэдүүлэг (хх-ийн 102-104, 115-117 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Яллах дүгнэлтэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл бүхий хууль ёсны шаардлагыг хангасан байх шаардлагатай байтал тэрхүү шаардлагыг хангаагүй байна. Яллаж байгаа хэргийн агуулгын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулахдаа хоёр хүний эсрэг үйлдсэн гэж байсан боловч хэрэгсэхгүй болгосон. Хохирогчоор У гэдэг хүнийг тогтоосон байна. Хохирогч гэдэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн улмаас амь нас эрүүл мэнд, бусдын эрх эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүнийг хэлнэ гэж заасан байдаг. Гэтэл Уранчимэг гэж хүний эд хөрөнгөд хохирол учраад шинжээчийн дүгнэлт гараад, хэргийн газрын үзлэгээр тогтоосон зүйл байхгүй. Улсын яллагчийн зүгээс хэргийн газрын үзлэгээр тогтоогдоогүй ч гэрч хохирогч нарын мэдүүлгээр тогтоогддог гэж байна. Гэрч хохирогч нарын мэдүүлэг бусад нотлох баримтаар нотлогдох ёстой. Хүнийг үндэслэлгүй давхар зүйлчилж оруулж ирсэн байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дахь заалтад зааснаар зэвсэг зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гээд Л-г яллаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зэвсэг гэдэг тусгайлан бэлтгэсэн зүйлийг ойлгоно. Б.Л-гийн үйлдсэн хэрэг нь 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдөр үйлдэгдсэн байна. Л нь 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 974 дугаартай тогтоолоор Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн байгаа. Тиймээс Лхагвасүрэнгийн үйлдлийг шинээр илэрсэн нөхцөл байдал гэж тооцож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцно гэж заасан. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нэг гэмт хэрэг нэг удаа ял оногдуулна гэсэн заасан байгааг харгалзан, эргэлзээ гарсан гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтай байдлаар шийдэж өгнө үү. Мөн уг хэрэг нь 2018 оны 3 сарын 21-ны өдөр үйлдэгдсэн тул хуулийг буцаан хэрэглэж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Б.Л-гийн урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 974 дугаартай шийтгэх тогтоолоор таван жил нэг сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн гэмт хэрэг нь Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас ирүүлсэн эрүүгийн 1808 01499 0184 дугаартай хэрэгтэй гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг хугацааны хувьд, мөн хохирогчийн хувьд, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөлийн хувьд хоорондоо огт хамааралгүй байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдэлтэй нэг гэмт хэрэгт тооцогдохгүй тул өмгөөлөгчөөс гаргасан “хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцож, нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэсэн хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Харин улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хоёр хүний эсрэг үйлдсэн гэх шинжийг үгүйсгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар яллахаас татгалзсан тул анхан шатны шүүх хэргийг зүйлчлэлийг хөнгөрүүлэх байдлаар зөвтгөх боломжтой.

Прокуророос шүүгдэгч Б.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн хэмээн яллаж ирүүлснийг анхан шатны шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзлээ.

Учир нь, хууль тогтоогч 11.1 дүгээр зүйлд “тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно” хэмээн хуульчилсан тайлбар бүхий хэм хэмжээ тогтоосон байх бөгөөд шүүгдэгч Б.Л-гийн хохирогч Б.Х-ыг цохисон хэргийн газарт байсан модон сандал нь тухайн гэмт хэрэгт зориулан тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан байх хууль зүйн шинжийг хангахгүй байх тул зүйлчлэл хөнгөрүүлэх үндэслэлтэй байна.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгон яллагдагчаар татсан байх боловч түүний үйлдэл холбогдлыг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ. Харин түүнийг дагаж очсон Б.Л-г бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орсон гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь эргэлзээ бүхий болжээ.

Б.М-ын хувьд гэмт хэрэг гарсан газарт хохирогч Б.Х болон бусад хүмүүстэй архидан согтуурч байх үедээ “өөрийг нь доромжиллоо” гэсэн шалтгаанаар ахыгаа дагуулж, тухайн газарт буцаж ирсэн байх бөгөөд хэрэг гарсан монгол гэр лүү ахыгаа дагуулж орсон байна. Хэрэв шүүгдэгч Б.Л-г бусдын орон байранд хууль бусаар нэвтэрсэн гэж үзвэл түүний дүү Б.М ч мөн адил энэ хэрэгт хамааралтай.

Гэхдээ хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээс үзвэл монгол гэрийн цоожийг эвдэлж орсон гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-д ашигтайгаар шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйн хэрэг.

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан байх тул шүүх эдгээрийг нотлох баримтаар үнэлж, хохирогч Б.Хонгорзулын бие махбодод хүнд зэргийн гэмтэл учирсан нь хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзэх үндэслэл болсныг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Л нь хохирогч Б.Х-ыг зодох явцдаа түүний биед олон тооны шарх, гэмтэл үүсгэж, өвтгөн шаналгасан, гэмтлийн улмаас зовж шаналахаар байдал бий болгосон байгаа учраас прокурор түүнийг хохирогчид бие махбодын шаналал зовуурь үүсгэж үйлдсэн хэмээн хүндрүүлэн зүйлчилсэн нь хууль хэрэглээний хувьд зөв болжээ.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хохирогчид бие махбодын шаналал зовуурь үүсгэж үйлдсэн шинжийг бүрэн хангаж байх тул Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Л-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад заасан хэргийн зүйлчлэлийг мөн зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэн өөрчлөв.

Шүүгдэгч Б.Л-гийн үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсарт үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Б.Х-ын биед хүнд зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Л-г “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хохирогчид бие махбодын шаналал зовуурь үүсгэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Х нь “тухайн үед 1,700,000 гаруй төгрөгийн хохирол гарсан байсан. Би нийт 2,000,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн байх боловч энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул түүний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тогтоолд тусгалаа.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:       

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Л гэмт хэрэг үйлдэхэд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр  зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 2 жил 8 сар 29 хоногийг нэмж нэгтгээд нийт биечлэн эдлэх ялыг 8 жил 2 сар 29 хоногоор тогтоох саналтай байна. Шүүгдэгч Б.Л 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 70 хоногийг эдлэх ялд оруулан тооцуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч Хонгорзул нь хохирлын баримт гаргаж өгөөгүй тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хувьд цаашид гарах зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэд: “...Тухайн шүүгдэгчийн хувьд урьд олон удаагийн ял шийтгэлтэй боловч эхнэрийнхээ сайн хань, хүүхдийнхээ сайн эцэг нь юм. Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл нь хохирогч Хонгорзул нь төрсөн дүү болох хөгжлийн бэрхшээлтэй М-ыг шоолсны улмаас болсон. Гэм буруугийн хувьд маргах зүйлгүй хүлээн зөвшөөрч байгаа. Тиймээс дээрх нөхцөл байдлыг харгалзаж тухайн зүйл ангийн хамгийн доод ялын хэмжээ буюу 5 жилийн хорих ял оногдуулж, эдлээгүй үлдсэн 2 жил 8 сар 29 хоногийн ялыг нэмж нэгтгээд 7 жил 2 сар 29 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү...” гэв.

Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн зэрэг нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан өмгөөлөгчийн саналыг хүлээн авах боломжтой гэж дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Л-д таван жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Түүнчлэн, шүүгдэгч Б.Л нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 974 дугаартай шийтгэх тогтоолоор 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлснээс 2 жил 8 сар 29 хоногийг эдлээгүй үлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас элээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял дээр эдлээгүй үлдсэн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хугацааг 7 жил 8 сар 29 хоногоор тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Л нь энэ хэрэгт нийт 68 (жаран найм) хоног цагдан хоригдсон байх тул энэ хугацааг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцож, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул түүнд урьд авсан “цагдан хорих” таслан арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Л нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус тогтоолд дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Л-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

2.Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Л-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3, 2.4 дэх заалтад заасан хэргийн зүйлчлэлийг мөн зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

3.У овгийн Б.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хохирогчид бие махбодын шаналал зовуурь үүсгэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

4.Шүүгдэгч Б.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар таван жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар оногдуулсан таван жилийн хугацаагаар хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 974 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 (тав) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 (хоёр) жил 8 (найм) сар 29 (хорин ес) хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хугацааг 7 (долоо) жил 8 (найм) сар 29 (хорин ес) хоногоор тогтоосугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-д оногдуулсан 7 (долоо) жил 8 (найм) сар 29 (хорин ес) хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-гийн цагдан хоригдсон 68 (жаран найм) хоногийг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцсугай.

8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.Х эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тусгасугай.

9.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Л нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Б.Л-д урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай.

11.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

12.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Л-д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

                        ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА

 

            ШҮҮГЧИД                                          Б.ДАШДОНДОВ

 

                                                                        М.МӨНХБААТАР