Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
Хэргийн индекс | 102/2015/04813/И |
Дугаар | 001/ХТ2018/00752 |
Огноо | 2018-05-10 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 001/ХТ2018/00752
Ж.Ч-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 184/ШШ2017/02542 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 265 дугаар магадлалтай,
Ж.Ч-ийн нэхэмжлэлтэй,
Б.Д-д холбогдох
Граж албадан буулгуулж, газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг таслан зогсоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржготов, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Баярмагнай, хариуцагч Б.Д-, хариуцагчийн өмгөөлөгч А.Түвшинтулга, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.
Нэхэмжлэгч Ж.Ч-ийн нэхэмжлэлд: Миний бие Нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 сарын 12-ны өдрийн 495 тоот захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 5-р хороо, одоогоор 27-р хорооны нутаг дэвсгэрт 962 м.кв амины орон сууцны зориулалттай газар эзэмшдэг. Энэ газар нь Орчлон хорооллын 46-р байрны баруун талд байрлалтай. Уг газрыг 2007 оноос эхлэн 2012 оныг хүртэл "Орлчон констракшн” ХХК барилгын материалын талбай, контор, ажилчдын байр зэрэгт ашиглаж байсан. Ж.Ч- би өөрийн газар дээр 9х24 м хэмжээтэй граж бүхий орон сууцны зураг хийлгүүлж Нийслэлийн газрын албаны удирдах зөвлөлийн хурлаар оруулан батлуулж авсан. Техникийн нөхцлийг хөөцөлдөж зарим зүйлийг авсан. Энэ бүх зүйлийг амжуулж явсаар 2012 онд дахин хүсэлт гаргаж газар эзэмших гэрчилгээгээ 2013 оны 09 сарын 05-ны А-829 тоот шийдвэрийг үндэслэн дугаар №000475419 бүхий гэрчилгээ авч дахин 5 жилээр сунгаж Нийслэлийн газрын албатай 5 жилийн гэрээ байгуулсан. Энэ бүх хугацаанд газрын төлбөрөө тухай бүрд нь төлж байсан болно. Гэтэл тус газрын хажууд 2012 онд гражууд барьж эхэлж байна гэсэн сургаар очиж барилгын ажилчдад “энэ газар нь Ж.Ч-ийн газар, бусдын газар дээр зөвшөөрөлгүй барилга барьж болохгүй” гэж мэдэгдсэн, бичиг баримтаа үзүүлсэн боловч үр дүнд хүрээгүй. Тус зөвшөөрөлгүй баригдсан гражийн эзэн хэн болохыг судалж эрэн сурвалжилсаар Б.Д- гэгч хүн барьж зарсан болохыг олж мэдсэн. Уг гражуудийн асуудлаар Нийслэлийн засаг дарга, СХД-ийн засаг дарга болон газрын албанд өргөдөл гаргахад уг гражуудад хууль ёсны газар эзэмших эрх олгоогүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж албан тоот өгсөн. Энэ 23 ширхэг гражийг Б.Д- барьсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг түүнд холбогдуулж гаргасан. Энэ хүнээс граж худалдаж авсан хүмүүс хохирсон тохиолдолд тэд Б.Д-гээс л хохирлоо нэхэмжлэх ёстой, тиймээс хариуцагчийг солихгүй. Би тухайн эзэмшил газартаа барилга барихаар төлөвлөж барилгын архитекторын даалгавар, зураг хийлгэж Нийслэлийн хот төлөвлөлтийн газраар орж батлуулсан бөгөөд тухайн барилгын орц, гарцыг дээрх 23 ширхэг граж шууд хааж байгаа. Мөн барилгын ажил эхлүүлэх ямар ч боломжгүй болгосон байдаг. Өөрөөр хэлбэл, барилгын ажил эхэлсэн тохиолдолд хашаа нь тухайн гражуудад шууд тулахаар байна. Иймд Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар хариуцагч Б.Д-гийн бариулсан 23 ширхэг гражийг албадан буулгаж, газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг таслан зогсоож өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Д-гийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Уг гражийг миний бие Орчлон хорооллын 46, 48 дугаар байрны оршин суугчдын захиалга, хүсэлтийн дагуу барьж, оршин суугчдад худалдсан. Гражийг 2012 оны 3 дугаар сард барьж эхлээд 12 сард дууссан, 6 сарын хугацаанд барьсан. Энэ 23 ширхэг гражийг 2012, 2013 онд оршин суугчдад худалдсан. Одоо миний эзэмшлийн граж энэ 23 ширхэг граж дотор нэг ч байхгүй, яагаад надад холбогдуулж нэхэмжлэл гаргаад байгааг ойлгохгүй байна. Гражийг барьж байх хугацаанд надад хэн ч миний эзэмшлийн газар гэж хэлж ирээгүй. Харин нэхэмжлэгч Ж.Ч- 3 жилийн дараа энэ асуудлаар намайг цагдаад мэдэгдсэн байсан. Нэхэмжлэл гарснаас хойш граж хаана баригдсан, энэ хүний захирамжтай газар хаана байгааг бүрэлдэхүүнтэй шинжээчийн баг тогтоогоод нэхэмжлэгчийн газар, гражийн хооронд ямар нэг давхцал байхгүй гэсэн шийдвэр гарсан. Нэхэмжлэгчийн эзэмшлийн энэ газрыг тухайн үед “Орчлон констракшн” ХХК нь Орчлон хорооллыг барьж дуусаад 46, 48 дугаар байрны нийтийн эзэмшлийн талбай болгож, улсын комисст хүлээлгэж өгсөн. Тиймээс энэ хүний газар эзэмших эрхийг “Орчлон констракшн” ХХК л зөрчсөн байх боломжтой гэж үзэж байна. Би энэ хүний газар эзэмших эрхийг зөрчөөгүй. Нэхэмжлэгчийн эзэмшлийн газрын баруун талаар үерийн далан байдаг нэхэмжлэгчийн эзэмшлийн газраас баруун тал руугаа орц, гарц байх боломжгүй. Харин орц гарц одоо машин тэрэг ороод байгаа хэсгээрээ чөлөөтэй байгаа. 23 ширхэг граж энэ үерийн далангийн дагуу зурвас газарт баригдсан, нэхэмжлэгчийн эзэмшлийн газартай ямар нэг байдлаар давхцаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 184/ШШ2017/02542 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Ч-ийн гаргасан хариуцагч Б.Д-д холбогдох 23 ширхэг гражийг албадан буулгаж, газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг таслан зогсоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Ч-ээс шинжээчийн ажлын хөлс 553,102 төгрөгийг гаргуулж “Геомэл” ХХК /Голомт банкин дахь 1405006459 данс/-д олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 265 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 184/ШШ2017/02542 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржготовын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржготовын хяналтын журмаар гаргасан гомдолд: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 184/ШШ2017/02542 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 265 тоот магадлалыг эс зөвшөөрч, анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж хяналтын шатны шүүхэд дараах гомдлыг гаргаж байна. Анхан болон Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд доорх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ: Үүнд:
Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар хөрш залгаа газрын өмчлөгч буюу эзэмшигчээс эрх зөрчиж байгаа үйлдлийг таслан зогсоохыг шаардах эрхтэй боловч энэ шаардлага гаргах эрхээ алдсан, мөн 23 ширхэг граж нь нэхэмжлэгчийн газартай ямар нэг байдлаар давхцаагүй, нэхэмжлэгч газар дээрээ ямар нэгэн барилга байгууламж бариагүй, орц гарц хаасан гэх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэсэн. Энэхүү дүгнэлтийг дараах байдлаар няцааж байна. Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой маргаан нь Иргэний хуулийн хөршийн эрхийн харилцааг зохицуулсан зохицуулалтад ямар нэг хамааралгүй асуудал. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь төрийн эрх бүхий байгууллага буюу газар ашиглах, эзэмших эрх олгодог байгууллагын зөвшөөрөлгүйгээр дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьсан байдаг. Хууль ёсны эзэмшилгүй учир дээрх хөрөнгүүдийг хууль бусаар бий болгосон гэж үзэхээс өөр аргагүй. Хөршийн эрхийн харилцааны зохицуулалтад субьектүүд тухайн газрынхаа хууль ёсны эзэмшигч байхыг шаардана. Мөн Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.1 дэх хэсэгт “хил зөрчин барилга барьсан байхыг” шаардаж байгаа. Хариуцагч Б.Д- нь нэхэмжлэгчийн эзэмшил газрын хил зөрчин барилга бариагүй. Харин нэхэмжлэгчийн эзэмшил газрын хилд тулган граж барьснаас үүдэн нэхэмжлэгчийн эрх зөрчигдөж байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн газартаа барих орон сууцны барилгын зураг болон архитектур төлөвлөлтийн батлагдсан даалгавар, тухайн газарт холбогдох зураг, сансрын зураг, шинжээчийн дүгнэлтээр тухайн гражууд нэхэмжлэгчийн газартай хэр ойр байрлаж байгааг харуулсан хэмжилт зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Нэхэмжлэгчийн газрын өргөн нь 25.588 метр, урт нь 46.217 метр. Тухайн газрын зүүн талд Орчлон хорооллын 46 дугаар байр байрлаж байгаа бөгөөд барилгын норм, дүрмийн дагуу шинээр баригдах барилга дор хаяж 8-10 метрийн зайтай байх ёстой. Иймд нэхэмжлэгч нь орон сууцны барилгаа газрынхаа баруун талд шахаж барихаас өөр арга байхгүй бөгөөд тухайн гражуудтай 32 сантметрээс 3 метр хүртэлх зайнд байгааг шинжээч тогтоосон. Энэ нь барилга барих хашаа татах, барилгын суурь ухах, улмаар барилга баригдахад тухайн гражуудтай тулахаар байгааг нотлох баримтаар хангалттай нотолсон. Гэтэл шүүх нэхэмжлэгчийг ямар нэг үйлдэл хийгээгүй байна гэж дүгнэсэн. Заавал гражуудыг хааж хашаа татаж иргэд хоорондын зөрчилдөөн бий болсоны дараа асуудлыг шүүх шийдэх ёстой гэж үзэж болохгүй. Нэхэмжлэгч нь Б.Д-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Учир нь нэхэмжлэгчийн эзэмшил газрын дэргэд Б.Д- 23 ширхэг граж барьсан талаар ямар нэг маргаан байхгүй. Хариуцагч үүнийгээ хүлээн зөвшөөрч байгаа. Шүүхэд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нар тухайн гражуудыг эзэмшиж байгаа талаар тайлбар ирүүлсэн боловч тухайн гражийг эзэмшдэг, өмчилдөг болохоо мөн Б.Д-гээс худалдан авсан гэдгээ нотлох баримт шүүхэд ирүүлээгүй. Үнэхээр дээрх иргэд Б.Д-гээс граж худалдан авсан бол худалдах, худалдан авах гэрээ, мөнгө шилжүүлсэн баримт зэрэг нотлох баримт гарган өгөх боломжтой байсан. Хариуцагч нь хууль бусаар үл хөдлөх эд хөрөнгө барьж бусдын газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан үйлдэл гаргасан бол үйлдлийнхээ үр дагаврыг өөрөө хариуцах ёстой. Нэхэмжлэгчийн зүгээс анх тухайн газарт граж барьж эхлэнгүүт 2012 оны 03-04 сард Сонгинохайрхан дүүргийн газрын албанд гомдол гаргасан. Энэ гомдлын дагуу газар зохион байгуулагч н.Отгонбаяр албан ёсны шаардлагыг бичгээр 2 удаа өгсөн. Тухайн шаардлагыг биелүүлэхгүй байсан учир Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт гомдол гаргасан боловч Прокуророос гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Ингээд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын нэр дээр гомдол гаргасан. Сонгинохайрхан дүүргийн газрын албанаас Нийслэлийн Засаг даргын захирамжтай учир Нийслэлийн газрын албанд ханд гэдэг хариу өгсөн. Нийслэлийн газрын албанд гомдол гаргахад асуудлаа шүүхэд хандаж шийдвэрлүүл гэдэг хариу өгсөний үндсэн дээр шүүхэд 2014 онд нэхэмжлэл гаргасан. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч Ж.Ч- нь хариуцагч Б.Д-д холбогдуулан гарааш албадан буулгуулж, газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг таслан зогсоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 2012 онд гараашийг барьж байх хугацаанд надад хэн ч миний эзэмшлийн газар гэж хэлж ирээгүй, миний эзэмшлийн гарааш нэг ч байхгүй, оршин суугчдад худалдсан, нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэхэмжлэгч Ж.Ч- нь амины орон сууцны зориулалтаар нэгж талбарын 18635311215573 дугаар бүхий 962 м.кв газрыг 2007 оноос газар эзэмших эрхийн дагуу эзэмшиж эхэлсэн, эзэмшлийн газартаа 2 давхар мансардтай орон сууц барихаар 2009 онд барилга, архитектурын эскиз зураг гаргуулан батлуулсан боловч тухайн газарт ямар нэгэн барилга байгууламж баригдаагүй, тус газрын зэргэлдээ 2012 онд гараашууд баригдаж, Орчлон хорооллын 46, 48 дугаар байрны зарим оршин суугчид ашиглаж байгаа үйл баримт нь газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ, зохигчдын тайлбараар тогтоогдсон байна.
Шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 2016-А/204 дугаартай дүгнэлтийн 2-т “... хариуцагч Б.Д-гийн барьсан гэх 23 авто гараашийг нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санд байх иргэн Ж.Ч-ийн эзэмшиж буй 962 м.кв талбайтай газартай давхцуулж үзэхэд байршлын хувьд давхцалгүй ...” гэжээ.
Нэхэмжлэгч нь өөрийн газар дээр баригдсан бус харин хөрш зэргэлдээ газарт баригдсан гараашийн барилгыг буулгуулах замаар эрхийн зөрчлийг арилгуулахаар шаардсан байх боловч хэрэгт авагдсан баримтаар газраа эзэмшиж ашиглахад нь хариуцагчийн зүгээс саад болж буй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж анхан шатны шүүх дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлжээ.
23 ширхэг гараашийг 2012 оны 04 дүгээр сараас 10 дугаар сарын хооронд барьж дуусгасан үйл баримтын талаар талууд маргаагүй ба нэхэмжлэгч барилгын суурийн ажил хийгдэх үеэс шаардлага гаргасан гэж тайлбарласан боловч энэ байдал нь хариуцагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг болон нэхэмжлэгчээс 2014 онд гарааш зөвшөөрөлгүй баригдсан асуудлаар эрх бүхий байгууллагад хандаж өргөдөл гаргаж байсан талаар Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 2014 оны 5/5961 тоот албан бичиг, Сонгинохайрхан дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2014 оны №50, №869 тоот албан бичиг, бүртгэл хяналтын карт зэрэг бичгийн баримтуудаар үгүйсгэгдсэн байх тул нэхэмжлэгчийг тухайн гараашийг буулган зайлуулах талаар шаардах эрхгүй гэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт нийцсэн байна.
Нэхэмжлэгчийн эзэмшил газар дээр хашаа болон ямар нэгэн барилга, байгууламж баригдаагүй, тухайн газрын хойд, урд хэсгээр оршин суугчдын автомашинууд дамжин орж, гарч байгаа нөхцөл байдлаас үзэхэд орц, гарц хаасан гэх, улмаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд хөрш залгаа эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчээс ямар нэгэн зүй бус нөлөөлөл үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржготовын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 184/ШШ2017/02542 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 265 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржготовоос хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Д.ЦОЛМОН