Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 045

 

              Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

              Нэхэмжлэгч: “Э.Ө” ХК-ийн  нэхэмжлэлтэй;

              Хариуцагч:  Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагч У.Ед  холбогдох;

             “Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн “Илүү шилжүүлсэн мөнгийг нөхөн төлүүлэх тухай” 18-05/59 дүгээр актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “Э.Ө” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, хариуцагч У.Е, шүүх  хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч “Э.Ө” ХК-ийг төлөөлж захирал М.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани Баян-Өлгий аймгийн Өлгий сумын хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 18-05/59 дугаартай актаар Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газрын 2013, 2014, 2015, 2016 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд  хийсэн шалгалтын дүнг үндэслэн манай компанид илүү төлсөн халаалтын үнэ 10.436.424 төгрөгийг байгууллагын төсвөөс нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ. Энэ талаар манай компанид огт мэдэгдээгүй. Дээрх 10.436.424 төгрөг нь илүү төлсөн мөнгө биш юм.

1. Манай компани 2013 онд Биеийн тамир, спортын газрын удирдлагаас тавьсан хүсэлтийн дагуу хуучин спорт заалны дулааны шугамын угсралтыг 4.700.000 төгрөгөөр хийж гүйцэтгэсэн. Энэ ажлыг хоёр байгууллага хооронд 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан “Засварын ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу мэргэшсэн төсөвчин А.Абылайханы зохиосон төсвөөр өөрсдийн зардлаар хийж гүйцэтгэж, 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдөр албан ёсоор хүлээлгэж өгсөн. Гэхдээ тухайн үед санхүүгийн боломж байгаагүй учраас ярилцаж үзээд жилийн эцэст халаалтын зардлаас тодорхой хэмжээний хэмнэлт гарсан үед төлөхөөр болж, тухайн жилийн эцсээр 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 197 дугаар төлбөрийн нэхэмжлэх явуулж, энэ нэхэмжлэлийн дагуу тус газар нь манай компанид 4700000 төгрөгийг төлсөн байгаа.

2. Мөн актаар 2016 онд байгууллага хооронд байгуулсан “Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх аж ахуйн гэрээ”-нд дулаан өгөх  хугацааг 7 сараар, халаалтын үнийг сар бүр 28.895.438 төгрөгөөр, тухайн жилд 202.268.066 төгрөг төлөхөөр тохиролцож гэрээ хийсэн боловч гүйцэтгэлээр 208.005.484 төгрөг төлж, 5.736.424 төгрөг илүү төлсөн гэж төлүүлэхээр шийдвэрлэжээ.

2015 оноос өмнө халаалтын улирлын үргэлжлэх хугацааг аймгийн Засаг дарга тогтоосноор мөрддөг байсан ба аймгийн хэмжээнд тухайн жилийн 09 дүгээр сарын 15-ны өдрөөс дараа оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 8 сараар тогтоодог байсан. 2015 онд Эрчим хүчний тухай хуульд орсон өөрчлөлтөөр Эрчим хүчний сайд тогтоодог болж 2015-2016 оны халаалтын улиралд халаалт өгөх хугацааг 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 7 сараар тогтоож энэ дагуу гэрээ хийгдсэн. Энэ асуудал аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 17 дугаар хуралдаанаар яригдаж төлөөлөгчдийн болон холбогдох албан тушаалтнуудын гаргасан саналын дагуу 10 хоногоор нэмж төсвийн боломжийн хэмжээнд шийдэх асуудал хуралдааны тэмдэглэлд тусгагдсан.  Үүний дагуу “Э.Ө” ХК нь 2016 оны 05 дугаар сарын 01-ээс 05 дугаар сарын 10-ыг хүртэл 10 хоног бүх байгууллагуудад халаалт өгсөн байдаг. Манай компанид нийтдээ 920-оод хэрэглэгч байгаа ба үүнээс төсөвт байгууллага 33, тэрний нэг нь аймгийн Биеийн тамир, спортын газар байгаа. Тухайн үед манай байгууллага халаалт өгч, нэхэмжлэхээр төлбөрийг шилжүүлж авсан. Харин аймгийн Биеийн тамир, спортын газар нь халаалт авсан  асуудлыг  ямар нэгэн байдлаар үгүйсгээгүй юм. Акт тавигдсан 5.736.4.24 төгрөг нь дээрх 10 хоногийн халаалтын хөлс юм. Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч аймгийн Биеийн тамир, спортын газрын санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийж акт тогтоохдоо манай компанид энэ талаар огт мэдэгдээгүй, ямар нэгэн тайлбар тодруулга аваагүй.

Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн акт нь захиргааны акт бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.-т  “захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцоно”, 13 дугаар зүйлийн 13.3-т “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсхүл захиргааны байгууллага өөрийн санаачилгаар оролцогчийн зөвшөөрснөөр шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулна” гэж тодорхой зааж өгсөн. Мөн хуулийн 15 дугаар зүйлд оролцогчдын эрхийг тодорхойлсон байдаг. Түүнчлэн хуулийн 26 дугаар зүйлд зааснаар оролцогчийг сонсох, 27 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагаа явуулах, 43 дугаар зүйлд зааснаар захиргааны актыг мэдэгдэх ёстой. Эдгээр ажиллагаанууд огт хийгдээгүйн улмаас манай компанийн хууль ёсны эрх ашиг ноцтой зөрчигдөж байна. Манай компани нь энэ талаар аймгийн Биеийн тамир, спортын газраас 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцах үед мэдэж актын хуулбарыг авсан. Гэхдээ акт тогтоосон байгууллагаас уг актын талаар манай байгууллагад албан ёсоор мэдэгдсэн, гардуулсан зүйл байхгүй юм. Дараа нь 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор батлагдсан “Дотоод аудитын дүрэм”-д заасны дагуу Сангийн сайд, Санхүүгийн хяналтын шалгалтын улсын ерөнхий байцаагчид гомдол гаргасан боловч 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 13-1/402 дугаартай албан бичгээр “Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн  18-05/59 тоот төлбөрийн акт, танай байгууллагаас ирүүлсэн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 311 дугаартай гомдол гаргах тухай албан тоотуудын хугацаа нь дээрх Дотоод аудитын дүрэмд заасан хугацаатай нийцэхгүй байгаа тул танай хүсэлтийг хүлээн авах боломжгүй болно” гэсэн хариу өгсөн. Гомдол гаргах хугацаа хэтэрсэн нь манай компанийн буруутай үйл ажиллагаа биш бөгөөд бид тухайн актыг мэдсэнээс хойш дүрэмд заасан хугацаанд Сангийн сайдад гомдол гаргасан. Иймд улсын байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 18-05/59 дугаар акт манай байгууллагын эрх ашгийг зөрчиж байгаа учраас уг актыг хүчингүй болгож өгөхийг шүүхээс хүсэж байна гэв.

Хариуцагч аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагч У.Е шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын баталсан 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 09 тоот удирдамжийн дагуу Биеийн тамир, спортын газрын 2013, 2014, 2015, 2016 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалтыг санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч У.Е хийж гүйцэтгэн Баян-Өлгий аймгийн “Э.Ө” ХК-д илүү төлсөн халаалтын үнэ болох 10.436.424 төгрөгийг тус байгууллагаас нөхөн төлүүлэхээр улсын байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 18-05/29 дугаар бүхий акт тавигдсан болно.

“Э.Ө” ХК нь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ”манай компани 2013 онд аймгийн Биеийн тамир, спортын газрын удирдлагаас тавьсан хүсэлтийн дагуу хуучин спорт заалны дулааны шугамын угсралтыг 4.700.000 төгрөгөөр хийж гүйцэтгэсэн. Энэ ажлыг хоёр байгууллага хооронд 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан “Засварын ажил гүйцэтгэх” гэрээний дагуу мэргэшсэн төсөвчин А.Абылайханы зохиосон төсвөөр өөрийн зардлаар хийж гүйцэтгэж,2013 оны 07 дугаар сарын 29-ний өдөр  албан ёсоор хүлээлгэж, 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 197 дугаар төлбөрийн нэхэмжлэх явуулж энэ нэхэмжлэлийн дагуу тус газар нь манай компанид төлсөн” гэсэн байна.

Биеийн тамир, спортын газрын 2013 оны жилийн санхүүгийн мемориалын баримтад Биеийн тамир, спортын газар болон “Э.Ө” ХК-ийн хооронд байгуулсан “Засварын ажил гүйцэтгэх” гэрээний талаар огт баримт байхгүй байсан. Зөвхөн “Э.Ө” ХК-ийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 265 тоот нэхэмжлэл, Соёл,спорт, аялал жуулчлалын газрын халаалтын үнийг зөрүү гэж төлсөн 4.700.000 төгрөгийн 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 197 тоот төлбөрийн хүсэлтээс өөр санхүүгийн баримт байхгүй байсан. Өөрөөр хэлбэл анхан шатны баримтгүй байсан юм. Мөн нэхэмжлэлд “Э.Ө” ХК нь засварын ажлыг Биеийн тамир, спортын газрын удирдлагаас тавьсан хүсэлтийн дагуу хийж гүйцэтгэсэн гэсэн байна. Биеийн тамир, спортын газрын санхүүгийн баримтад хүсэлт гаргасан ямар нэгэн албан тоот, эсвэл тухайн байгууллагын удирдлагаас гаргасан ямар нэгэн шийдвэр мөн байхгүй байсан. “Э.Ө” ХК-ийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 265 тоот нэхэмжлэлийн гүйлгээний утга гэсэн хэсэгт “халаалтын хөлсний зөрүү” гэж бичиж 4.700.000 төгрөгийг нэхэмжилсэн байна. Уг нэхэмжлэлийн дагуу Соёл, спорт, аялал жуулчлалын газрын 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 197 тоот төлбөрийн хүсэлтээр мөн гүйлгээний утга  хэсэгт “халаалтын хөлсний зөрүү үнэ” гэж бичиж 4.700.000 төгрөгийг шилжүүлсэн байна. Хэрэв хоёр байгууллага гэрээ хийж, гэрээний дагуу ажил үйлчилгээ хийж гүйцэтгэсэн бол нэхэмжлэл болон төлбөрийн хүсэлтэд “гэрээгээр хийж гүйцэтгэсэн ажил үйлчилгээний хөлс” гэж тодорхой бичих ёстой байсан. Аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэс нь мөн адил халаалтын үнийн зөрүү гэж зөвшөөрч гүйлгээ хийсэн байна. Энэ талаар шүүхээс аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн Т.Назым, Х.Өмирзах нараас мэдүүлэг авсан ба эдгээр хүмүүс үндэслэлтэй тайлбар өгсөн гэж үзэж байгаа болно. “Э.Ө” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 197 дугаар төлбөрийн нэхэмжлэх явуулсан” гэж бичсэн байна. Биеийн тамир, спортын газрын 2013 оны санхүүгийн баримтад тийм нэхэмжлэл байгаагүй бөгөөд зөвхөн “Э.Ө” ХК-ийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 265 дугаар бүхий нэхэмжлэл байсан. Эндээс харахад нэхэмжлэлийн он, сар, өдөр,  дугаар нь мөн зөрүүтэй байна. Хэрэв дээрх хоёр байгууллага “Засварын ажил гүйцэтгэх” гэрээ хийсэн бол тухайн үед мөрдөгдөж байсан Засгийн газрын 2012 оны 205 тоот тогтоолоор баталсан “Төрийн сангийн үйл ажиллагааны журам”-ын  7.6-д заасны дагуу гүйлгээний утгыг үнэн зөв бичих ёстой байсан. Мөн энэхүү журмын 7.8-д заасны дагуу Биеийн тамир, спортын газар нь халаалтын зардлаас засвар үйлчилгээ хийлгэхийг зөвшөөрсөн бол тухайн байгууллагын удирдлагаас гаргасан шийдвэр, ажил үйлчилгээ гүйцэтгэх, бүтээгдэхүүн худалдан авахтай холбоотой гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээ, бараа, ажил үйлчилгээ хүлээн авсан актуудыг Санхүү, төрийн сангийн хэлтэст хянуулж, тамга даруулах ёстой байсан юм.

Сангийн сайдын 2013 оны 73 дугаар тушаалаар баталсан “Төсвийн захирагчийн төсөвт зохицуулалт хийх журам”-ын 4.2.1-д заасны дагуу тухайн байгууллагын төсөвт зохицуулалт хийхийг хүссэн албан бичиг, 4.2.2-д заасны  дагуу төсвийн захирагчийн  шийдвэр, зөвшөөрөл, 4.2.3-т заасны дагуу төсөвт зохицуулалт хийх шаардлага, нарийвчилсан тооцоо, тайлбарыг аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэст гаргаж өгөх ёстой байсан. Мөн энэ журмын 5.1, 5.2-д заасны дагуу аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэс нь тухайн байгууллагаас ирүүлсэн саналыг үндэслэн 10 сая төгрөг хүртэлх зохицуулалтыг ТЗБ№01 маягтын дагуу бүртгэн баталгаажуулах ёстой байсан.Өөрөөр хэлбэл халаалтын хөлснөөс засвар үйлчилгээний хөлсөнд зохицуулалт хийх зөвшөөрөл олгоно. Гэтэл тус хэлтсээс зөвшөөрөл аваагүй, зөвхөн халаалтын хөлсний зардал гэж Санхүү, төрийн сангийн хэлтсийг хууран мэхлээд гүйлгээ хийлгэсэн гэж үзэж байна “Э.Ө” ХК нь Биеийн тамир, спортын газрын засварын ажил үйлчилгээг 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хийж дуусгасан бол нэхэмжлэлийг яагаад жилийн эцэст буюу 2013 оны 12 дугаар сарын  19-ний өдөр нэхэмжилсэн буюу тухайн жилийн эцэст халаалтын зардлаас хэмнэсэн мөнгийг авсан бэ гэдэг нь сонирхол татаж байгаа. “Э.Ө” ХК нь өөрөө ашгийн төлөө байгууллага бөгөөд дандаа хэмнэсэн мөнгөнөөс хөлс төлбөр авдаг байгууллага болох нь шалгалтын үеэр харагдсан байгаа. Өөрөөр хэлбэл халаалтын зардлын хэмнэлтэд тааруулж бичсэн нь эндээс тодорхой харагдаж байна. Байгууллагууд жилийн эцэст хуулийн хүрээнд тооцоо нийлсэн актыг үйлдэж, өр, авлагагүй гэдгийг нотлох ёстой байсан. “Э.Ө” ХК болон Биеийн тамир, спортын газар нь 2013 оны халаалтын тооцоо нийлсэн актыг 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хийж, талууд зөвшөөрч гарын үсэг зурсан бөгөөд уг тооцоо нийлсэн актад 4.700.000 төгрөгийн талаар огт дурдаагүй байна. Тооцоо нийлсэн актад 2013 оны 12 дугаар сард 28.460.375 төгрөг төлж халаалтын өрийг бүрэн дуусгана гэж талууд гарын үсэг зурсан байна. Улсын байцаагчийн үйлдсэн энэ актыг Биеийн тамир, спортын газрын дарга асан Х.Хайнарт 2017 оны 07 дугаар  сарын 16-ны өдөр танилцуулж, хэрэв уг актыг хүлээн зөвшөөрөхгүй бол тайлбар бичиж бидэнд хариу өгөөрэй гэж өөрийн гарт өгсөн боловч 2 өдрийн дараа Х.Хайнар ямар ч тайлбар өгөхгүй гэж хэлээд явчихсан. Ямар нэгэн тайлбар, гомдол бичээгүй. Мөн 4700000 төгрөг ямар учиртай вэ гэдгийг тус газрын нягтлан бодогч К.Гүлнураас асуухад, энэ талаар надад мэдэх зүйл байхгүй, тухайн үед нягтлан бодогчоор ажиллаж байгаагүй, тухайн үед З.Жанарбек гэдэг хүн ажиллаж байсан гэж хариулсан. Дараа нь гудамжинд явж байгаад З.Жанарбектэй тааралдаж,  таны тооцоо нийлсэн акт 11 дүгээр сар хүртэл байна, гэхдээ 4700000 төгрөгийн талаар ямар нэгэн тооцоо нийлсэн акт байхгүй, энэ ямар учиртай вэ гэхэд  З.Жанарбек нь энэ талаар би юу ч мэдэхгүй, гэрээ хийсэн эсэхийг ч мэдэхгүй гэсэн хариулт өгсөн. Тийм учраас 1 дүгээр гарын үсгийг зурсан Х.Хайнар, 2 дугаар гарын үсгийг зурсан К.Гүлнур, мөн З.Жанарбек ямар нэгэн хариу өгөөгүй учраас энэ нь аймгийн Биеийн тамир, спортын газрын буруутай үйлдэл гэж тухайн газарт акт тавьсан байна.

Иймд дээрх хоёр байгууллагын хооронд байгуулсан гэрээг хууль ёсны гэж үзэх боломжгүй бөгөөд дээрх үйлдлүүд нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т “үнэн зөв байх”, 13 дугаар зүйлийн 13.1-т “анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан мэдээллийг үнэн зөв гаргах үндэслэл болно”, 13.7-т “анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх ,санхүүгийн тайлан тусгахыг хориглоно”, 20 дугаар зүйлийн 20.1.4-т “хүчин төгөлдөр бус анхан шатны баримтаар эсхүл анхан шатны баримтаар баталгаажаагүй ажил, гүйлгээг бүртгэхгүй байх”, 20.2.4-т “нягтлан бодох бүртгэл хөтлөлт нь энэ хууль болон санхүүгийн бусад хууль тогтоомжид заасан шаардлагад нийцэж байгаа эсэхийг хянах”, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-т “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, 41 дүгээр зүйлийн 41.2.3-д “төсвийн гүйцэтгэлийг хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлж тайлагнах” гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

Дараагийн асуудал нь мөн халаалтын үнийг 5.736.424 төгрөгийн илүү төлөлттэй холбоотой байна.

Үүнийг би хууль зөрчсөн байна гэж үзсэн,өөрөөр хэлбэл Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалт, Төсвийн тухай хуульд заасан төсвийн шууд захирагч төсвийг үр ашигтай, хэмнэлттэй зарцуулах гэснийг тус тус зөрчсөн байгаа.Мөн Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.11 дэх хэсэгт халаалтын улирал эхлэх, дуусах огноог тогтоох нь Эрчим хүчний асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхэд хамаардаг бөгөөд үүнийг өөр нэгэн этгээд өөрчлөх боломжгүй гэж хуулиар тодорхой зааж өгсөн байгаа. Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн  24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт зааснаар Эрчим хүчний сайд бүрэн эрхийн хүрээнд Баян-Өлгий аймагт халаалтын улирлын үргэлжлэх хугацаа 7 сар гэж тушаал гаргасан байна. Гэтэл энэхүү Эрчим хүчний сайдын тушаалыг зөрчсөн гэж үзсэн болно. Эрчим хүчний сайдын гаргасан журмыг мөрдөх ёстой бөгөөд уг журмыг хөндлөнгөөс өөр эрх бүхий албан тушаалтан өөрчлөх боломжгүй юм. “Э.Ө” ХК-ийн захирал Д.Мурат Биеийн тамир, спортын газрын дарга асан Х.Хайнар нарын 2016 онд хооронд хийсэн гэрээнд халаалтын үргэлжлэх хугацааг мөн 7 сараар, халаалтын үнийг 202.268.066 төгрөгөөр баталсан бөгөөд тухайн жилд гэрээнд өөрчлөлт ороогүй байна. “Э.Ө” ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд “...аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар ...10 хоногоор нэмж төсвийн боломжийн хэмжээнд шийдэх асуудал хуралдааны тэмдэглэлд тусгагдсан” гэсэн байна. Хэрвээ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өөрийн эрхлэх асуудлын хэмжээнд эдийн засгийн асуудлыг аймаг, орон нутагт бүрэн шийдвэрлэнэ гэж үзвэл хуульд нийцүүлэн тогтоол гаргах ёстой. Тийм тогтоол байгаагүй, зөвхөн 2016 оны 03 дугаар сарын 04-ний  өдрийн хурлын тэмдэглэл байсан ба уг тэмдэглэлтэй танилцаж үзэхэд, тэмдэглэлд зөвхөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нарын санал байсан. Хэрвээ халаалтын хугацааг 10 хоногоор сунгасан байвал нэгдүгээрт тогтоол гаргах ёстой байсан, хоёрдугаарт хурлын тэмдэглэлийн шийдвэрлэх нь гэсэн хэсэгт халаалтын хөлсний үнийг 10 хоногоор нэмэхээр шийдвэрлэв гэж тодорхой тусгах ёстой байсан. Мөн энэ асуудлыг Биеийн тамир, спортын газрын дарга асан Х.Хайнарт 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдөр танилцуулж, хэрэв уг актыг хүлээн зөвшөөрөхгүй бол тайлбар бичиж, бидэнд хариу өгөөрэй гэж өөрийн гарт өгсөн боловч 2 өдрийн дараа Х.Хайнар ирээд ямар ч тайлбар өгөхгүй гэж хэлээд явчихсан. Ямар нэгэн тайлбар гомдол гаргаагүй болно. Захиргааны ерөнхий хуулийн дагуу дээрх асуудлыг эхлээд тухайн үед нэгдүгээр гарын үсэг зурж байсан Х.Хайнарт танилцуулж тайлбар авах гэсэн боловч хариу тайлбар өгөөгүй, “Э.Ө” ХК-ийн холбогдох эрх бүхий албан тушаалтнуудыг Биеийн тамир, спортын газрын ня-бо К.Гулнураас дуудуулсан боловч шалгалтын хугацаанд ирээгүй болно.

Дээрх байдлаар хууль зөрчсөн учраас Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн акт тавигдсан бөгөөд уг актыг аймгийн Биеийн тамир, спортын газар хүлээн зөвшөөрч актад тусгасан төлбөрийг тухайн үед төлсөн байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

              Маргаан  бүхий захиргааны акт болох Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн “Илүү шилжүүлсэн мөнгийг нөхөн төлүүлэх тухай” 18-05/59 дүгээр актаар[1]  “Э.Ө” ХК-д 2013, 2016 онд илүү төлсөн халаалтын үнэ болох 10436424 төгрөгийг аймгийн Биеийн тамир, спортын газрын төсвөөс нөхөн төлүүлэхээр тогтоосон байна.

              Нэхэмжлэгч “Э.Ө” ХК нь уг маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “2013 онд аймгийн Биеийн тамир, спортын газрын хуучин спорт заалны дулааны шугамд хийсэн  засварын ажлын хөлс 4700000 төгрөг болон 2016 онд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас халаалтын улирлын 7 сарын хугацаан дээр нэмж 10 хоног халаалт өгөхөөр болж, төсвийг шийдвэрлэсний дагуу тухайн байгууллагыг дулааны эрчим хүчээр 10 хоног хангасны төлбөр 5736424 төгрөгийг тус  тус илүү шилжүүлсэн халаалтын үнэ гэж үзсэн нь үндэслэлгүй, мөн тухайн актыг тогтоохдоо эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд болох “Э.Ө” компанийг татан оролцуулаагүй, тайлбар тодруулга аваагүй, гаргасан улсын байцаагчийн актыг  мэдэгдээгүй зэргээр эрх, хууль ёсны ашиг сонирхлыг  зөрчсөн” гэж тодорхойлжээ. 

              1. Аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн “Илүү шилжүүлсэн мөнгийг нөхөн төлүүлэх тухай” 18-05/59 дүгээр актаар 2013 онд “Эрчим” ХК-д /хуучин нэрээр/ илүү төлсөн халаалтын үнэ 4700000 төгрөгийг аймгийн Биеийн тамир, спортын газрын  төсвөөс нөхөн төлүүлэхээр  тогтоосон хэсгийн хувьд:

              Хариуцагч аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчаас аймгийн Биеийн тамир, спортын газар нь 2013 онд  “Эрчим” ХК-д дулааны төлбөрт 216720075 төгрөг төлөх ёстой байснаас жилийн эцэст 221420075 төгрөг төлж, 4700000 төгрөгийг илүү шилжүүлсэн гэсэн үндэслэлээр уг 4700000 төгрөгийг  нөхөн төлүүлэхээр акт тогтоосон байна.

              2013 онд аймгийн Биеийн тамир, спортын газар болон “Эрчим” ХК нь сард  дулааны төлбөрт 28895438  төгрөг төлөхөөр “Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх аж ахуйн гэрээ” байгуулж, гэрээнд халаалтын  үргэлжлэх хугацааг хангагч байгууллага 8 сар, хэрэглэгч байгууллага 7 сар гэж  тус тус  тусгасан байх боловч тухайн жилд 7 сар 15 хоног дулааны эрчим хүчээр хангасан,  тухайн хоёр байгууллага нь 2013 оны 11 дүгээр  сарын 18-ны өдөр   дулааны төлбөрийн  тооцоог нийлж,  нийт төлөх 216720075 төгрөгөөс 165629300 төгрөг төлөгдсөн, 51090775 төгрөг дутуу гэсэн дүн гаргаснаар  хэрэглэгч байгууллага болох аймгийн Биеийн тамир, спортын газар дулааны төлбөрт 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 166 дугаар  төлбөрийн хүсэлтээр 22630400 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн  186 дугаар  төлбөрийн хүсэлтээр 28460375 төгрөг, нийт 51090775 төгрөгийг  “Эрчим” ХК-д шилжүүлснээр  2013 оны  дулааны төлбөрийг  төлж дууссан  болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[2] тогтоогдож байна.

              Үүний дараа “Эрчим” ХК-ийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 265 дугаар  төлбөрийн нэхэмжлэлээр[3] “халаалтын хөлсний зөрүү” гэж 4700000 төгрөг нэхэмжилснээр аймгийн Биеийн тамир, спортын газраас /хуучнаар Соёл, спорт, аялал жуулчлалын газар/  2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 197 дугаар төлбөрийн хүсэлтээр[4] 4700000 төгрөгийг шилжүүлсэн  байх ба нэхэмжлэгчээс  уг 4700000 төгрөгийг аймгийн Биеийн тамир, спортын газрын хүсэлтийн дагуу хуучин спорт заалны дулааны шугамд хийсэн засварын  ажлын хөлс гэж тайлбарлаж маргасан.

              Засгийн газрын 2013 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 287 дугаар тогтоолоор баталсан “Төрийн сангийн үйл ажиллагааны журам”-ын 7.5-д “Тухайн байгууллага бүртгэлийн данснаас гүйлгээ хийхдээ байгууллагын 1 болон 2 дугаар гарын үсэг, байгууллагын тамга, тэмдгээр баталгаажсан төлбөрийн хүсэлтийг энэхүү журмын 1 дүгээр хавсралтаар баталсан №ТТ-1 маягтын дагуу 2 хувь, ...үйлдэн харьяалагдах Төрийн санд хүргүүлнэ”,  7.6-д  “№ТТ-1 маягт нь  төлбөрийн нийт хэмжээ тоогоор болон үсгээр /7.6.8/, төлбөрийн нийт дүн, эдийн засгийн ангилал болон үнийн дүнгийн задаргаа /7.6.9/, гүйлгээний утга /7.6.10/ зэрэг  мэдээллийг агуулна”, 7.8-д “Тухайн байгууллага төлбөрийн хүсэлтийг үндэслэх баримт, хяналтын хуудасны хамт ирүүлэх үүрэг хүлээнэ. Үндэслэх баримтад: төсвийн ерөнхий менежерийн тушаал,...ажил, үйлчилгээ гүйцэтгэх, бүтээгдэхүүн  худалдан авахтай холбоотой гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээ,бараа, ажил үйлчилгээ хүлээн авсан акт ... хамаарна” гэж тус тус заасан байна.

              Гэтэл дээр дурдсанаар  “Эрчим” ХК нь аймгийн Биеийн тамир, спортын газраас   4700000 төгрөгийг засварын ажлын хөлс гэж нэхэмжлээгүй, төлбөрийн нэхэмжлэлд  “халаалтын хөлсний зөрүү” гэж  тусгаж нэхэмжилснээр  аймгийн Биеийн тамир, спортын газрын  /хуучнаар Соёл, спорт, аялал жуулчлалын газар/ 197 дугаар төлбөрийн хүсэлтээр гүйлгээний утга гэсэн хэсэгт “халаалтын хөлсний зөрүү үнэ” гэж тусгаж түлш халаалтын зардлаас 4700000 төгрөгийг шилжүүлсэн, ингэж гүйлгээ хийхээр төлбөрийн хүсэлтийг төрийн санд хүргүүлэхдээ засварын ажилтай холбогдолтой ямар нэгэн баримт бичиг хүргүүлээгүй[5], мөн “Эрчим” ХК болон аймгийн Биеийн тамир, спортын газрын 2013 оны санхүүгийн анхан шатны баримтад уг засварын ажилтай холбоотой ямар ч баримт байхгүй[6] байх тул уг 197 дугаар төлбөрийн хүсэлтээр шилжүүлсэн 4700000 төгрөгийг засварын ажлын хөлс гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.  Мөн нэхэмжлэгч “Э.Ө” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд “уг засварын ажлын  хөлсийг халаалтын зардлаас халаалтын үнэ гэж нэхэмжилж авахаар аймгийн Биеийн тамир, спортын газартай тохиролцсон байсан” гэх боловч энэ нь хэрэгт авагдсан  нотлох баримтуудаар тогтоогдоогүйгээс гадна  энэ тохиолдолд  Монгол Улсын Сангийн сайдын 2013 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 73 дугаар тушаалаар баталсан “Төсвийн захирагчийн төсөвт зохицуулалт хийх журам”-ын дагуу төсөвт зохицуулалт хийсний үндсэн дээр гүйлгээ хийхээр зохицуулсан. Өөрөөр хэлбэл “Төсвийн захирагчийн төсөвт зохицуулалт хийх журам”-ын 4.2, 4.2.1, 4.2.2,4.2.3-т тус тус зааснаар төсвийн захирагчийн төсөвт зохицуулалт хийх санал нь  төсөвт зохицуулалт хийхийг хүссэн албан бичиг, холбогдох төсвийн захирагчийн шийдвэр, зөвшөөрөл, төсөвт зохицуулалт хийх шаардлага, нарийвчилсан тооцоо тайлбар зэргийг агуулах ба 5.2-т  “Төсвийн байгууллага зардлын бүлэг хоорондын зохицуулалтын хүсэлтийг  ТЗБ№1 маягтаар бэлтгэн, энэ журмын 4-т заасан шаардлагыг хангасан материалын хамт харьяа  төрийн санд хүргүүлнэ” гэж заасан. Гэтэл  аймгийн Биеийн тамир, спортын газрын даргаас буюу төсвийн шууд захирагчаас тус  байгууллагын түлш халаалтын зардлаас хуучин спорт заалны дулааны шугамын засварын ажлын зардлыг гаргуулах буюу төсөвт зохицуулалт хийх саналыг аймгийн төрийн санд хүргүүлээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[7] тогтоогдсон болно.

Иймд аймгийн Биеийн тамир, спортын газар нь 2013 онд дулааны төлбөрт “Эрчим” ХК-д 216720075 төгрөг төлөх ёстой байснаас жилийн эцэст 221420075 төгрөг төлж, 4700000 төгрөгийг илүү шилжүүлсэн нь  Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн  6.1-д “Төсвийг төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх, тайлагнахад эрх бүхий байгууллага, төсвийн захирагч нь төсвийн зарчмыг мөрдлөг болгож, хэрэгжүүлэх үүрэгтэй”,6.4.1-т “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, 41 дүгээр зүйлийн 41.2-т ”Бүх шатны төсвийн захирагч төсвийн хэрэгжилтийн талаар дараах үүрэг хүлээнэ”, 41.2.3-т “Төсвийн гүйцэтгэлийг хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлж, тайлагнах” гэж тус тус заасныг  зөрчсөн гэж үзэж Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5-д /акт тогтоох үед хүчин төгөлдөр үйлчилж байсан/ зааснаар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд хуульд нийцсэн байна гэж үзлээ.

              2. Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн “Илүү шилжүүлсэн мөнгийг нөхөн төлүүлэх тухай” 18-05/59 дүгээр актаар 2016 онд “Э.Ө” ХК-д  илүү төлсөн халаалтын үнэ 5736424 төгрөгийг аймгийн Биеийн тамир, спортын газрын төсвөөс нөхөн төлүүлэхээр тогтоосон хэсгийн хувьд:

              Хариуцагч аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчаас аймгийн Биеийн тамир, спортын газар нь 2016 онд  “Э.Ө” ХК-д дулааны төлбөрт 202268066 төгрөг төлөх ёстой байснаас жилийн эцэст 208005484 төгрөг төлж,  5736424 төгрөгийг илүү шилжүүлсэн гэсэн үндэслэлээр уг 5736424 төгрөгийг  нөхөн төлүүлэхээр акт тогтоосон байна.

              2016 онд аймгийн Биеийн тамир, спортын газар болон “Э.Ө” ХК нь  дулааны төлбөрт сард 28895438  төгрөг төлөхөөр “Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх аж ахуйн гэрээ” байгуулсан, гэрээнд халаалтын үргэлжлэх хугацааг 7 сар гэж тусгасан, гэрээний дагуу жилд 202268066 төгрөг   төлөх үүрэгтэй боловч тухайн жилд дулааны төлбөрт нийт 208005484 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[8] тогтоогдож байна.

              Нэхэмжлэгч “Э.Ө” ХК-аас уг илүү шилжүүлсэн  гэх 5736424 төгрөгийг  “2016 онд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас халаалтын улирлын  7 сарын хугацаан дээр нэмж 10 хоног халаалт өгөхөөр болж,  төсвийг шийдвэрлэсний дагуу аймгийн Биеийн тамир, спортын газрыг 10 хоног дулааны эрчим хүчээр хангасны төлбөр” гэж тайлбарлаж маргасан ба хариуцагч улсын байцаагчаас “халаалтын үргэлжлэх хугацааг Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу сайд тогтоодог, үүнийг хөндлөнгөөс өөр албан тушаалтан өөрчлөх боломжгүй, хэрвээ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас  халаалтыг 10 хоногоор сунгасан байвал нэгдүгээрт тогтоол гаргах ёстой байсан, хоёрдугаарт, хурлын тэмдэглэлийн шийдвэрлэх нь гэсэн хэсэгт халаалтын хөлсний үнийг 10 хоногоор нэмэхээр шийдвэрлэв гэж тодорхой тусгах ёстой байсан, иймээс 5736424 төгрөг шилжүүлсэн нь  хууль зөрчсөн”  гэж  тайлбарласан.

              Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн ээлжит 17 дугаар хуралдаанаар “Аймгийн 2016 оны төсөвт тодотгол оруулах” тухай асуудлыг хэлэлцэж, үүнд  Эрчим хүчний  сайдын тогтоосон халаалтын үргэлжлэх  7 сарын хугацаанаас гадна нэмж 10 хоног тус аймгийн төсвийн байгууллагуудыг  дулааны эрчим хүчээр хангахаар болж, төсөв нь хүрэлцэхгүй байгаа байгууллагуудын 10 хоногийн дулааны төлбөрийг төсөвт тодотгол хийх замаар шийдвэрлэсэн, уг шийдвэрийн дагуу “Э.Ө” ХК-аас төсвийн байгууллагууд үүний дотор аймгийн Биеийн тамир, спортын газрыг гэрээнд заасан хугацаа болох 7 сараас гадна 10 хоног дулааны эрчим хүчээр хангасан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[9] тогтоогдож байна. Мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас халаалтын улирал эхлэх, дуусах хугацааг тогтоосон шийдвэр гаргаагүй, Төсвийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.2-т заасан бүрэн эрхийн хүрээнд зөвхөн  10 хоногийн дулааны төлбөрийг төсөвт тодотгол хийж шийдвэрлэсэн байх ба энэхүү асуудлыг хуралдааны тэмдэглэлээр шийдвэрлэсэнд аймгийн Биеийн тамир, спортын газар болон “Э.Ө” ХК-ийг  буруутгах  үндэслэл байхгүй болно.

              Иймд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дээрх байдлаар шийдвэрлэсний дагуу “Э.Ө” ХК-аас аймгийн төсвийн байгууллагууд, үүний дотор Биеийн тамир, спортын газрыг гэрээнд заасан 7 сарын хугацаанд нэмж 10 хоног дулааны эрчим хүчээр хангасан нь тогтоогдож байх тул тус компанийн төлбөрийн нэхэмжлэлийг үндэслэн Биеийн тамир, спортын газраас 2016 онд 7 сар 10 хоногийн дулааны төлбөр 208005484 төгрөгийг шилжүүлсэн нь “Төрийн сангийн үйл ажиллагааны журам”-ын 7.5, 7.6,7.8-д  заасантай нийцсэн, мөн Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 41 дүгээр зүйлийн 41.2.3 дахь заалтыг зөрчөөгүй гэж байх тул  5736424 төгрөгийг нөхөн төлүүлэхээр акт тогтоосон нь  үндэслэлгүй байна гэж үзлээ.

              Захиргааны ерөнхий хуулийн  13 дугаар зүйлийн 13.3-т “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг ...шийдвэр гаргах ажиллагаанд татан  оролцуулна” гэж заасан ба хариуцагч улсын байцаагчаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа эрх ,хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд болох “Э.Ө” ХК-ийг татан оролцуулаагүйгээс тус компани нь захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах, мөн хуулийн 15 дугаар зүйлд заасан оролцогчийн эрхээ эдлэх боломжгүй болсон, үүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь дээрх байдлаар зөрчигдсөн байх ба хариуцагч захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд эрх ,  хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг татан оролцуулаагүй, хууль заасан эрхээр хангаагүй гэдгээ хүлээн зөвшөөрснийг дурдах нь зүйтэй. 

            Иймд дээрх үндэслэлүүдээр  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, маргаан бүхий захиргааны актын аймгийн Биеийн тамир, спортын газраас “Э.Ө” ХК-д 2016 онд халаалтын үнэд илүү шилжүүлсэн 5736424 төгрөгийг нөхөн төлүүлэхээр тогтоосон хэсгийг хүчингүй болгож,  2013 онд халаалтын үнэд илүү шилжүүлсэн 4700000 төгрөгийг нөхөн төлүүлэх тухай хэсгийг хүчингүй болгуулах   шаардлагыг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.            

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1,106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 41 дүгээр зүйлийн 41.2.3, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2 дах хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 18-05/59 дүгээр “Илүү шилжүүлсэн мөнгийг нөхөн төлүүлэх тухай” актаар “Э.Ө” ХК-д илүү төлсөн халаалтын үнэ болох 10436424 төгрөгийг аймгийн Биеийн тамир, спортын газрын  төсвөөс нөхөн төлүүлэхээр тогтоосон  хэсгийн 5736424 төгрөгийг нөхөн төлүүлэх хэсгийг хүчингүй болгож, үлдсэн хэсэг болох  4700000 төгрөгийг нөхөн төлүүлэх хэсгийг хүчингүй болгуулах тухай  нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгосугай.              

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       С.ЕРКЕШ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


[1]Хэргийн 6-7-р хуудас

[2]Хэргийн 136-137,140-141,149-150,154-164,165,166,189-190,208-209-р хуудас

[3]Хэргийн 167-р  хуудасны ар тал

[4]Хэргийн 167-р хуудас

[5] Хэргийн 63-64, 2 дугаар хавтасны 9-10-р хуудас

 

[6]Хэргийн 237-238, 248-249-р хуудас

[7]Хэргийн 2 дугаар хавтасны 9-10-р хуудас

[8]Хэргийн 143,149-150,168-184-р хуудас

[9]Хэргийн 21-45, 75-131,149-150, 217-218, 2 дугаар хавтасны 8-р хуудас