Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2022/0014

 

“Уг” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал

Илтгэсэн шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч “Уг” ХХК

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “Уг” ХХК-ийн захирлаар Б.Ц болгон өөрчилсөн Кадастрын цахим бүртгэлийг хууль бус болохыг тогтоолгох”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 682 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батмаа

Хэргийн индекс: 128/2020/0904/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Уг” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д зааснаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “Уг” ХХК-ийн захирлаар Б.Ц болгон өөрчилсөн Кадастрын цахим бүртгэлийг хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 682 дугаар шийдвэрээр: “... Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-т заасныг баримтлан нэхэмжлэгч Уг ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн "Уг" ХХК-ийн захирлаар Б.Ц болгон өөрчилсөн Кадастрын цахим бүртгэлийг хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “... Анхан шатны шүүхийн шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Уг” ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “Уг” ХХК-ийн захирлаар Б.Ц болгон өөрчилсөн Кадастрын цахим бүртгэлийг хууль бус болохыг тогтоож шийдвэрлэжээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д “... дээд шатны байгууллага, албан тушаалтан эсхүл тухайн актыг гаргасан байгууллагаас гадна хууль сахиулах байгууллагад хуульд заасан зөрчлийн болон гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэх болон бусад хяналт шалгалтын эрх бүхий байгууллагад хандаж, дүгнэлт гаргуулах эрхийг дээрх хуулиар олгосон байна. Энэ тохиолдолд ....... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 30 хоногийн дотор гомдол, нэхэмжлэл гаргах хугацаа алдсан гэж үзэх боломжгүй байна” гэжээ.

3.2. Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтаас харахад 1. О.Э нь Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын системд “Уг” ХХК-ийн захирлаар Б.Ц болгон өөрчилснийг 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 1/3591 дугаартай албан бичгийг хүлээн авч мэдсэн гэдэг бөгөөд үүнээс хойш 34 хоногийн дараа төрийн захиргааны байгууллагад урьдчилан шийдвэрлэх журмаар хүсэлт гаргасан.

3.3. Мөн Ашигт малтмал, газрын тосны газарт 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр залруулга хийлгэх хүсэлт гаргасан зэргээс харахад О.Энхжаргал нь Геологи, уул уурхайн кадастрын системд “Уг” ХХК-ийн захирлаар Б.Ц болгон өөрчилсөн бүртгэлийг 2018 онд мэдсэн гэж зөрүүтэй тайлбар хэлдэг.

3.4. “Уг” ХХК-ийн захирал О.Э нь “Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана” гэж заасныг зөрчсөн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой” гэж заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нэг үндэслэл болж байгаа юм.

3.5. “Ургах говь” ХХК-ийн захирал О.Э нь 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 20/23 тоотоор Уул уурхай хүнд үйлдвэрийн яаманд гомдол гаргасныг 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хариу хүргүүлсэн байдаг.

3.6. Гэтэл тус компани нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр буюу 32 хоногийн дараа нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д энэ хуулийн 14.1-14.4-д заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах бас нэг үндэслэл болж байна .

3.7. Гэтэл анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсгийг буруу тайлбарлаж “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 30 хоногийн дотор гомдол, нэхэмжлэл гаргах хугацаа алдсан гэж үзэх боломжгүй” гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм.

3.8. Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт : “.... Тусгай зөвшөөрлийн бүртгэлд мэдээлэл, өөрчлөлтийг бүртгэхдээ батлагдсан” хуулийн этгээдийн тодорхойлолт " Маягт К-4 ... О.Э-ын нэрийг Б.Ц болгон өөрчлөн бүртгэсэн. Ингэхдээ утга агуулгын илэрхий алдаатай .......... итгэмжлэлийг голлох үндэслэлээ болгосон байна” гэжээ

3.9. Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн системд бүртгэлийг Б.Ц болгон өөрчлөхдөө хуурамч гэх итгэмжлэлийг үндэслэл болгоогүй, харин “Уг” ХХК-ийн захирал О.Энхжаргал нь иргэн Б.Ц-той 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”, “компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай” нотариатаар баталгаажуулсан гэрээ Авлигатай тэмцэх газрын 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 05/4259 тоот албан бичгийг үндэслэсэн гэж гэрч Д.Мягмарсүрэн мэдүүлдэг.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.3-д “анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах” гэж заасны дагуу Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 682 дугаартай шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү...” гэжээ.

4. Нэхэмжлэгч, хариуцагчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

3. Шүүх хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангалаа. Үүнд:

3.1. Нэхэмжлэгч “Уг” ХХК-д Дорноговь аймгийн Сайншанд сумын Олдвор нэртэй газарт 65 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XV-013337 тоот тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал,газрын тосны хэрэг эрхлэх газрын 2008 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 240 дугаар шийдвэрээр олгосон, 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 251 дүгээр шийдвэрээр тусгай зөвшөөрлийг 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл сунгасан байна.

3.2. Гэтэл “Уг” ХХК-ийн захирал О.Эл болон иргэн Б.Ц нар 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр “Компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ”, “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”-г тус тус байгуулсны улмаас тус хуулийн этгээдийн удирдлага өөрчлөгдөж, уг гэрээнүүд нотариатаар баталгаажиж хариуцагчид Авлигатай тэмцэх газрын 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 05/4259 тоот албан бичгийн хамт хүргэгдснээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Кадастрын бүртгэлийн мэдээллийн санд XV-013337 тусгай зөвшөөрлийн эзэмшигч О.Э-ын нэрийг Б.Ц болгон өөрчлөн бүртгэжээ.

3.3. Дээрх бүртгэлийг эс зөвшөөрч нэхэмжлэгч “Ургах говь” ХХК-ийн захирал О.Э “...миний гарын үсгийг Б.Ц гэгч хуурамчаар зуран итгэмжлэл хийсэн...” гэсэн үндэслэлээр хүчингүй болгуулахаар, харин хариуцагчаас “Уг” ХХК-ийн захирал О.Э болон иргэн Б.Ц нар 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан “Компанийн эрх шилжүүлэх тухай”, “Компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай” тус тус нотариатаар баталгаажуулсан гэрээ болон Авлигатай тэмцэх газрын 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 05/4259 тоот албан бичгийг үндэслэн кадастрын цахим бүртгэлд өөрчлөлт оруулсан хариуцагч захиргааны байгууллагын шийдвэрийг буруутгах боломжгүй гэж тайлбарлан маргаж байна.

3.4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д зааснаар маргаан бүхий захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол шүүх тус актыг хууль бус болохыг хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэдэг.

3.5. Энэхүү тохиолдолд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Кадастрын цахим бүртгэлд “Ургах говь” ХХК-ийн захирлаар Б.Ц болгон өөрчилсөн боловч анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газар хийсэн бичиг баримтын үзлэгээр 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Залруулга хийлгэх тухай О.Э-ын хүсэлт, хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа зэргийг хариуцагч байгууллага хүлээн авч, хянан үзээд 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 08:52 цагт О.Э-ыг “Уг” ХХК-ийн захирлаар буцаан бүртгэсэн болохыг тогтоосон бөгөөд энэ талаар нэхэмжлэгчид Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 1/3591 дүгээр албан бичгээр мэдэгдсэн байна.

3.6. Нэгэнт Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн кадастрын цахим бүртгэлийн мэдээллийн санд “Уг” ХХК-ийн захирлаар О.Э-ыг бүртгэсэн, хариуцагч захиргааны байгууллагаас өмнө гаргасан шийдвэрээ зассан өөрчлөлт оруулсан, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас /1 жил 9 сарын/ өмнө О.Э нь тус хуулийн этгээдийн захирлаар бүртгэгдсэн байх тул нэхэмжлэгч “Уг” ХХК-ийн хувьд зөрчигдсөн эрх ашиг байхгүй бөгөөд нэхэмжлэгчээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон атал анхан шатны шүүхээс уг бүртгэлийг 106.3.1-д заасан “хууль бус болохыг тогтоосон” шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.

3.7. Энэ тохиолдолд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “Уг” ХХК-ийн захирлаар Б.Ц болгон өөрчилсөн Кадастрын цахим бүртгэлийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласнаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д заасны дагуу хууль бус байсан болохыг тогтоосноор нэхэмжлэгчид аливаа сэргэх эрх ашиг байхгүй гэж үзлээ.

Иймд дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ  нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 682 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Уг” ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “Уг” ХХК-ийн захирлаар Б.Ц болгон өөрчилсөн Кадастрын цахим бүртгэлийг хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА