Шүүх | Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
Хэргийн индекс | 152/2017/00083/И |
Дугаар | 156 |
Огноо | 2017-02-14 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 156
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багт байрлах Төрийн банкны Увс салбарын Т.Туяа, Ч.Эрдэнэтогтох нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банкны Увс салбарын захирал Т.Отгонжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Төрийн банкны Увс салбарын зээлдэгч Т.Туяа, хамтран зээлдэгч түүний нөхөр Ч.Эрдэнэтогтох нар нь 2015 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр Төрийн банкнаас зээл аваад 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс хойш ямар ч зээлийн төлөлт хийхгүй алга болсон бөгөөд Улаангомд оршин суугаа 3 дугаар баг, 1 дүгээр 36 айлын орон сууцны /Холбооны 36 айлын/ 36 тоот хаягаар нь хайж очиход хаалгаа огт тайлахгүй, гэр нь хүн байгаа эсэх нь тодорхойгүй, мөн утсаар залгаад огт авахгүй, заримдаа утас нь холбогдох боломжгүй байна. Иймд Т.Туяа, Ч.Эрдэнэтогтох нарыг эрэн сурвалжлуулах шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: “Төрийн банкны Увс салбараас зээлдэгч Т.Туяа, Ч.Эрдэнэтогтох нарыг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргарсан бөгөөд Т.Туяа, Ч.Эрдэнэтогтох нар нь оршин суугаа хаяг дээрээ ирсэн тул эрэн сурвалжлуулах нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банкны Увс салбар нь Т.Туяа, Ч.Эрдэнэтогтох нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Төрийн банкны Увс салбар нь нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэсүрэнгийн 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Төрийн банкны Увс салбар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлсөн ба тал хувь болох 35.100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 35.100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банкны Увс салбарт олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Төрийн банкны Увс салбар нь Т.Туяа, Ч.Эрдэнэтогтох нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 35.100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банкны Увс салбарт олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ П.БОЛОР