| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2020/0690/Э |
| Дугаар | 0728 |
| Огноо | 2020-06-25 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.2., |
| Улсын яллагч | Х.Онолт |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 0728
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд, улсын яллагч Х.Онолт, хохирогч Б.Ш, хохирогч, шүүгдэгч О.Т, О.З нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос А овгийн О.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, Б овгийн О.З-г мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус бүр холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 05670 0787 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. А овгийн О.Т, Монгол Улсын иргэн, *** оны ** дүгээр сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “***” ХХК-д ажилладаг, ам бүл гурав, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн ** дугаар хороо, Булгийн **дугаар гудамжны ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ****, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
2. Б овгийн О.З, Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл гурав, нөхөр хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн ** дугаар хороо, Булгийн ** дугаар гудамж, ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: *****, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч О.Т нь 2019 оны 10 дугаар сарын 29-оос 30-нд шилжих шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ** дүгээр хорооллын автобусны буудлын орчимд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч О.З-г “хамт явсангүй” гэх шалтгаанаар, түүнийг жирэмсэн гэдгийг мэдсээр байж нүүрэн тус газар нь гараараа цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн зовхи, хацар, уруул, хоолой, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
- Мөн 2019 оны 10 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ** дүгээр хорооллын автобусны буудлын орчимд иргэн Б.Ш-ийг “...З-г өмөөрлөө..” гэх шалтгаанаар толгой хэсэгт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь зүүн хоншоор ясны хугарал, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруулд шарх, дээд, доод уруул, буйланд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,
Шүүгдэгч О.З нь 2019 оны 10 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо ** дүгээр хорооллын автобусны буудлын орчимд өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай О.Т-тэй “архи уулаа..” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар толгой, нүүр, гар хэсэгт нь хумсаараа маажиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь дагз, баруун чихний дэлбэн, эрүү, баруун хацар, хүзүү, дух, хамрын нуруу, дээд уруул, зүүн хацарт зулгаралт, хүзүүнд цус хуралт, баруун зүүн гарын сарвуун зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч А овгийн О.Т нь 2019 оны 10 дугаар сарын 29-оос 30-нд шилжих шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ** дүгээр хорооллын автобусны буудлын орчимд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч О.З-г “хамт явсангүй” гэх шалтгаанаар, түүнийг жирэмсэн гэдгийг мэдсээр байж нүүрэн тус газар нь гараараа цохиж, түүний бие махбодод “тархи доргилт, зүүн зовхи, хацар, уруул, хоолой, зүүн гуянд цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан”, мөн Б.Ш-ийг “...Золзаяаг өмөөрлөө..” гэх шалтгаанаар толгой хэсэгт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, түүний бие махбодод “зүүн хоншоор ясны хугарал, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруулд шарх, дээд, доод уруул, буйланд цус хуралт” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан, шүүгдэгч Б овгийн О.З нь 2019 оны 10 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо ** дүгээр хорооллын автобусны буудлын орчимд өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай О.Т-тэй “архи уулаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар толгой, нүүр, гар хэсэгт нь хумсаараа маажиж, түүний бие махбодод “...дагз, баруун чихний дэлбэн, эрүү, баруун хацар, хүзүү, дух, хамрын нуруу, дээд уруул, зүүн хацарт зулгаралт, хүзүүнд цус хуралт, баруун зүүн гарын сарвуун зулгаралт...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч О.Т, О.З нарын шүүх хуралдаанд өгсөн: “...яллах дүгнэлтэд бүгд үнэн зөв тусгагдсан тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэсэн мэдүүлэг;
2. Шүүгдэгч О.Т, О.З нарын шүүх хуралдаанд хохирогчийн хувиар өгсөн: “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг;
3. Хохирогч Б.Ш-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...Энэ хэрэг 10 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө болсон. Би 10 дугаар сарын 25-нд өөрийн хувийн компаниа байгуулаад найзуудтайгаа уулзаж ажлын санал тавихаар очсон. Тэгээд Т З хоёр муудалцаад байхаар нь салгах гээд Т-ийг түлхэхэд намайг зөрүүлээд цохисон. Эмчилгээний зардал 2,536,220 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг;
4. Хохирогч Б.Ш-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...З, Т хоёр маргалдаад байхаар Н, Б бид гурав очиж салгах гэсэн чинь салахгүй байсан байхаар нь би дундуур нь ороод Т-ийг цааш түлхэхэд Т З-гийн нүүрэн тус газар нь гараараа цохиод авсан. Тэгээд миний зүүн талын шанаа руу мөн цохисон...Т миний үснээс зулгааж доош нь тонгойлгож байгаад миний нүүр лүү гараараа болон хөлөөрөө цохисон. Т З-гийн нүүр лүү нь гараараа цохиход З нүүрээ дараад суусан....Т-ийн хоёр найз нь намайг огт цохиж, зодоогүй....Би эмчилгээний зардлаа авчихвал гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 15-16 дугаар хуудас);
5. О.З-гийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хувиар өгсөн: “...Т намайг авч явна гээд миний хувцаснаас татаад байсан...би явахгүй гэсэн чинь намайг чирээд байхаар нь би нүүр лүү нь гараараа цохисон. Тэгтэл Т намайг цамцаар боохоор нь би нүүрийг нь маажсан. Би газар сууж байгаад боссон чинь манай найз Ш-ийн хамраас цус гарчихсан байхаар нь чи яагаад манай найзыг цохиж байгаа юм бэ гэхэд юм хэлэхгүй байхаар нь би уурласандаа “энэ хүүхэд чинийх биш, чи аав нь байх эрхгүй” гэж хэлэхэд миний зүүн талын шанаа руу гараараа цохисон...Т-ийн биед учирсан гэмтлийг би учруулсан. Тухайн үед уурласандаа Т-ийг маажсан. Надад одоо гомдол, санал байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 20-21 дүгээр хуудас);
6. О.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хувиар өгсөн: “...Би машинд суутал З “чи одоо архи уусан юм уу” гээд уурлаад маргалдсан. Би машинаас буухад араас З гарч ирсэн. Намайг архи уулаа гээд машины хойд талд миний дагз, баруун чих, эрүү, баруун хацар, хүзүү, дух, хамрын нуруу, дээд уруул, зүүн хацар, хүзүү, баруун гарын сарвууг маажсан...Ш намайг хальт цохисон. Миний шанаанд ямар нэгэн гэмтэл учраагүй..Золзаяа намайг маажиж энэ гэмтлүүдийг учруулсан. Өөр хүн цохиогүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 26 дугаар хуудас);
7. Гэрч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т З-гийн нүүр лүү цохисон. Тэр үед Ш машинаас бууж ирээд Т-ийг цааш нь түлхэхэд Т Ш-ийг цохисон. Т Ш-ийг доош нь тонгойлгочихсон нүүр лүү нь өшиглөөд байсан. Г, Б гэх 2 залуу Ш-ийг цохиогүй. Харин Т-ийг боль, явъя гээд байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 33-34 дүгээр хуудас);
8. Гэрч О.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т З-гийн нүүр лүү нь нэг удаа цохиод авсан. Манай найзыг цохилоо гээд Ш Т хоёр муудалцаж байгаад Т, Ш-ийн нүүр лүү цохисон...З Т хоёр маргалдаж байхдаа З чи хүүхдийн эцэг байж чадахгүй юм байна гэж хэлэхэд Т орилоод чи юу гэнээ гээд нүүр лүү нь гараараа цохисон...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 36-37 дугаар хуудас);
9. Гэрч Н.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...маргалдах дуу чимээ гарахаар нь Б бид хоёр машинаас буугаад очиход найз охин нь Төгөлдөрийг үсдээд цохиод байсан. Золзаяа Төгөлдөр хоёр дахиад муудалцаад зогсож байхаар нь би очоод одоо боль, явъя гэж хэлсэн. Ш ирээд Т-өө эмэгтэй хүн цохичихлоо гэж хэлэхэд Т Ш-ийн нүүр лүү нь гараараа цохиж байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 39-40 дүгээр хуудас);
10. Гэрч Ж.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...З нь Т-ийг үсдээд цохиж байсан. Тэгэхээр нь би З-г салгаад цааш нь аваад явсан. Манай найз Г нөгөө эрэгтэй найзыг нь салгасан. З-тай хамт явж байсан охин Т-өө чи З-г цохисон шүү гээд орилоод байсан. Тэгээд Г би хоёр очоод юу болсон талаар асуусан чинь араас Ш ирээд Т-ийн араас татахад Т эргэж хараад Ш-ийн нүүрэн тус газар нь гараараа цохиж, толгойгоороо мөргөсөн. Г бид хоёр салгаад Т-ийг аваад зам хөндлөн гараад явж байхад цагдаа нар ирээд Төгөлдөрийг аваад явсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 42 дугаар хуудас);
11. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 13184 дугаартай шинжээчийн: “...О.Т-ийн биед дагз, баруун чихний дэлбэн, эрүү, баруун хацар, хүзүү, дух, хамрын нуруу, дээд уруул, зүүн хацарт зулгаралт, хүзүүнд цус хуралт, баруун зүүн гарын сарвуун зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хх-ийн 44 дүгээр хуудас);
12. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 13141 дугаартай: “...Б.Ш-ийн биед зүүн хоншоор ясны хугарал, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруулд шарх, дээд, доод уруул, буйланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хх-ийн 49 дүгээр хуудас);
13. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн 13130 дугаартай шинжээчийн: “...О.З-гийн биед тархи доргилт, зүүн зовхи, хацар, уруул, хоолой, зүүн гуянд цус хуралт хаван хавдартай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хх-ийн 56 дугаар хуудас);
14. Хохирогч Б.Ш-ийн гаргасан хохирлын талаарх баримтууд, хохирлын тооцоо (хх-ийн 59-63 дугаар хуудас);
15. Шүүгдэгч О.Т-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 79 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 76 дугаар хуудас), шүүгдэгч О.З-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 106 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 103 дугаар хуудас),
16. Шүүгдэгч О.Т, О.З нарын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хх-ийн 71, 92 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр О.Т, О.З нарын биед хөнгөн, Б.Ш-ийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн болон хүндэвтэр хохирол учирсан гэж үзэв.
Шүүгдэгч О.Т, О.З нарын үйлдэл хууль бус болох нь илэрхий атал шүүгдэгч О.Т нь хохирогч О.З-гийн биед хөнгөн зэргийн гэмтэл, Б.Ш-ийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл, шүүгдэгч О.З нь хохирогч О.Т-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл тус тус учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул шүүгдэгч нарыг өөрийн үйлдлээ хүсэж үйлдсэн гэж үзэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тус бүр тооцно.
Шүүгдэгч О.Т, О.З нар албан ёсны гэр бүлийн баталгаагүй хэдий ч, эхнэр нөхрийн харилцаатай хамтран амьдарч байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад “...хамтран амьдрагч...” гэж зааснаар тэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс болно.
Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Энэ хуулийн ... үйлчлэлд хамаарах хүний ... эрүүл мэндэд гэм хор учруулсан, ... үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” хэмээн хуульчилсан тул шүүгдэгч О.Т, О.З нар нь “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэж үзэх үндэслэл болж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.7 дахь заалтад “хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж”, 2.8 дахь заалтад “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж;” гэж тус тус хуульчилсан тул хүндрүүлэн зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан”, мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” шинжийг тус бүр бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж энэ хууль үйлчлэх цаг хугацааг тогтоосон бөгөөд шүүгдэгч О.Т, О.З нарын гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа болох 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн гарчиг болон уг зүйлийн 1 дэх хэсэгт “санаатай” гэсэн агуулга тусгагдаагүй байсан болно.
Эрүүгийн эрх зүйн онолоор, гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш батлагдсан болон нэмэлт, өөрчлөлт оруулсан Эрүүгийн хуулиар аливаа үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн бол дагаж мөрдөхөөс нь өмнөх үеийн үйлдэл, эс үйлдэхүйд шинэ хуулийг хэрэглэх явдлыг хууль буцаан хэрэглэх гэж тодорхойлдог.
Харин 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс хүчин төгөлдөр болсон Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 дугаар зүйлээр 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн гарчгийн, мөн зүйлийн 1 дэх хэсгийн “хохирол” гэсний дараа “санаатай” гэж тус тус нэмэлт оруулсан боловч хууль тогтоогч оногдуулах ялын төрөл, хэмжээг огт хөндөөгүй байна.
Иймд шүүгдэгч О.Т, О.З нарын үйлдсэн гэмт хэргийн хувьд Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлгүй гэж дүгнээд, хууль үйлчлэх цаг хугацаа тогтоосон журмын дагуу гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Шүүхийн энэхүү дүгнэлт, техникийн шинжтэй өөрчлөлт нь шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнээс хэтрэхгүй, гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болохыг дурдах нь зүйн хэрэг.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч О.Т-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд, мөн“хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус, шүүгдэгч О.З-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч О.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч О.З-д мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.Т, О.З нар нь хохирогчийн хувьд харилцан бие биеэсээ нэхэмжилсэн зүйлгүй. Харин хохирогч Б.Ш-ийн баримтаар нэхэмжилсэн 2,536,220 төгрөг нөхөн төлөгдөөгүй байх тул шүүгдэгч О.Т-өөс 2,536,220 гаргуулж хохирогч Б.Ш-т олгуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч О.Т нь хохирол төлөх зорилгоор шүүх хуралдааныг 5 хоногоор завсарлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн бөгөөд уг хугацаанд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч О.Т, О.З нар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч О.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар 550 нэгжтэй тэнцэх буюу 550,000 төгрөгөөр, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр тус тус торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх торгох ялын хэмжээг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгөөр тогтоох, уг торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч О.З-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, мөн 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй...” гэв.
Шүүгдэгч нар эрүүгийн хариуцлагын талаар: “...тусгайлан хэлэх саналгүй...” гэцгээв.
Анхан шатны шүүх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлагын асуудлыг шийдвэрлэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд тэднийг цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх бодит үр нөлөөтэй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Т, О.З нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэд бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, тэдэнд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.А овгийн О.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг хохирогчийг жирэмсэн гэдгийг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Б овгийн О.З-г мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцсугай.
2.Шүүгдэгч О.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун тавин мянган төгрөгөөр торгох ял, шүүгдэгч О.З-д мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял тус бүр шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т-т энэ тогтоолоор оногдуулсан торгох ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх торгох ялын хэмжээг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т, О.З нарт оногдуулсан торгох ялыг тус бүрд нь зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.
5.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч О.Т, О.З нарт сануулсугай.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Т, О.З нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэд бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч О.Т, О.З нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА