Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 0725

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд, улсын яллагч Х.Анхцэцэг, шүүгдэгч Ц.У нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар мөн дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос М овгийн Ц.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 01247 0907 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

М овгийн Ц.У, Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын **-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа чулуугаар хөөрөг хийдэг, ам бүл тав, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Хангайн ** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ** дугаар байрны ** тоотод түр оршин суудаг, регистрийн дугаар: ****, урьд:

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2001 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 8 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял,

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2004 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 6 cap хорих ял,

- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 160а дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт зааснаар өмнөх 3 жил 1 cap 27 хоногийг нэмж, 200 000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 16 жил 1 cap 27 хоног хорих ял,

- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 21a дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт зааснаар 12 жил, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 cap хорих ял тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 12 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялын зарим болох 1 жилийг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 13 жилээр тогтоосон, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 170 дугаар шүүгчийн захирамжаар ялаас чөлөөлөгдсөн,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1167 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Ц.У 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ** дугаар байрны ** тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.М-ийг эр эмийн хардалтаас үүдэлтэйгээр нүүрэн тус газар нь цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн баруун нүдний зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч М овгийн Ц.У нь 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ** дугаар байрны ** тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.М-ийг эр эмийн хардалтаас үүдэлтэйгээр нүүрэн тус газар нь цохиж, түүний бие махбодод  “...баруун нүдний зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, ууцанд зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсанүйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Ц.У-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Би 2017 онд суллагдаж гарч ирээд хүүхдээ бодоод энхэртэйгээ нийлсэн. Хэн хэн нь нэлээн хартай, хардалтаас үүдээд хэрүүл болдог. Миний сошиал орчны бүх зүйлийг шалгадаг, түүнээс болоод хэрүүл болдог. Би өдөр шөнөгүй ажил дээрээ хөөргөө хийгээд байж байдаг. Эхнэр ажил хүн ирэхээр шууд ирээд цонх хаалга руу чулуу шидээд, архи ууж агсам тавиад хэцүү байдаг. Байнга архи ууж хаалга цонх эвддэг. Би гэртээ хүүхдүүдийнхээ хажууд нэг ч архи уудаггүй. Гэтэл эхнэр байнга л найз нөхдөө дуудаад ууж, идэж архидаж байдаг. Гэхдээ эхнэртээ гар хүрсэн нь миний буруу. Би өөрийн гэм буруугаа ойлгож байгаа. Дахиж алдахгүй юм сан гээд хичээж байгаа...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би У гэх залуутай танилцаад 2002 оноос эхэлж хамтран амьдраад 2002 онд Анунгоо мэндэлсэн. Бид хоёр нэг жил орчим амьдраад У хэрэгт холбогдоод явсан. 2017 онд ялаа эдэлж гарч ирээд буцаж хамтран амьдарч эхэлсэн. 2019 онд бага хүү М мэндэлсэн. У намайг 2019 оны 07 дугаар сард зодож биед хөнгөн хохирол учруулаад шүүхээр орж 800,000 төгрөгөөр торгуулж байсан. 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Ууганбаярын Ганданд байдаг ажил дээр нь очиход манай нөхөр хуучин явалддаг байсан Номин гэх хүүхэнтэй хамт сууж байсан бөгөөд надад хаалгаа тайлж өгөхгүй байснаа өөрөө эхэлж гарч ирээд намайг барьж байгаад Номиныг явуулчихсан. Бид хоёр У-ын ажил дээр 2.5 литрийн пиво хувааж уусан. Тэгээд 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ** дугаар байрны ** тоот буюу гэртээ ирсэн. У бид хоёр гэрт ирээд Н-оос болж хоорондоо маргалдахад У миний зүүн талын нүд рүү нэг удаа цохисон. Баруун нүд, шанаанд учирсан гэмтлийг гэрт байхдаа гараараа цохиж учруулсан, харин ууцанд учирсан гэмтлийг Ганданд байрлах ажил дээрээ намайг барьж авах гээд байхад нь би ухарч байгаад шатан дээр унахдаа авсан  гэмтэл... Миний биед учирсан гэмтлүүд бүрэн эдгэрсэн, Ууганбаярт гомдол санал байхгүй... ” гэсэн мэдүүлэг (хх-ийн 17, 21 дүгээр хуудас);

3. Насанд хүрээгүй гэрч М.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...У ээжийг жижиг өрөөнд оруулж унтуулна гээд хэвтүүлсэн чинь ээж нэг юм хэлээд Ууганбаярын дургүйг хүргэсэн. У “ёстой гоё, үнэнээ хэллээ” гээд зодоод эхэлсэн. У ээжийн толгой руу ханатай хавсарч 3-4 удаа цохиод ор луу шидээд, гэдэс рүү нь өшиглөсөн. У ээжийг зодчихоод гараад зугтаачихсан, би ээжийн утсаар цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 26 дугаар хуудас);

4. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2848 дугаартай: “...Б.М-ийн биед баруун нүдний зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, ууцанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь амь насанд аюул учруулахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хх-ийн 28 дугаар хуудас);

5. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт (хх-ийн 85 дугаар хуудас), Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хх-ийн 84 дүгээр хуудас);

6 . Шүүгдэгч Ц.У-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 49 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 52 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.М-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.

Шүүгдэгч Ц.У-ын үйлдэл хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Б.М-гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг өөрийн үйлдлээ хүсэж үйлдсэн гэж үзэн гэмт хэрэг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүгдэгч Ц.У, хохирогч Б.М нар нь албан ёсны гэр бүлийн баталгаагүй хэдий ч, эхнэр нөхрийн харилцаатай хамтран амьдарч байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад “...хамтран амьдрагч...” гэж зааснаар тэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс болно.

Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт Энэ хуулийн ... үйлчлэлд хамаарах хүний ... эрүүл мэндэд гэм хор учруулсан, ... үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” хэмээн хуульчилсан тул шүүгдэгч Ц.У нь “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэж үзэх үндэслэл болж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь заалтад “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж;” гэж тус тус хуульчилсан тул хүндрүүлэн зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж энэ хууль үйлчлэх цаг хугацааг тогтоосон бөгөөд шүүгдэгч Ц.У-ын гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа болох 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн гарчиг болон уг зүйлийн 1 дэх хэсэгт “санаатай” гэсэн агуулга тусгагдаагүй байсан болно.

Эрүүгийн эрх зүйн онолоор, гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш батлагдсан болон нэмэлт, өөрчлөлт оруулсан Эрүүгийн хуулиар аливаа үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн бол дагаж мөрдөхөөс нь өмнөх үеийн үйлдэл, эс үйлдэхүйд шинэ хуулийг буцааж хэрэглэх явдлыг хууль буцаан хэрэглэх гэж тодорхойлдог.

Харин 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс хүчин төгөлдөр болсон Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 дугаар зүйлээр 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн гарчгийн, мөн зүйлийн 1 дэх хэсгийн “хохирол” гэсний дараа “санаатай” гэж тус тус нэмэлт оруулсан боловч хууль тогтоогч оногдуулах ялын төрөл, хэмжээг огт хөндөөгүй байна.

Иймд шүүгдэгч Ц.У-ын үйлдсэн гэмт хэргийн хувьд Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлгүй гэж дүгнээд, хууль үйлчлэх цаг хугацаа тогтоосон журмын дагуу гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Шүүхийн энэхүү дүгнэлт, техникийн шинжтэй өөрчлөлт нь шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнээс хэтрэхгүй, гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болохыг дурдах нь зүйн хэрэг. 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ц.У-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Б.М нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн байх тул шүүгдэгч Ц.У-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ц.У-т эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч Ц.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж эрүүгийн хариуцлагын талаар: “...тусгайлан хэлэх зүйлгүй..” гэв.

Шүүгдэгчийн эхнэртээ урьд нэг удаа халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүх улсын яллагчийн мөнгөн торгууль оногдуулах саналыг хүлээн авах боломжгүй гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.У-т дөрвөн зуун наян цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Сонгинохайрхан дүүрэг дэх “Тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээ” ОНӨААТГ-т өдөрт наймаас дээшгүй цагаар ажиллуулахаар тогтоох нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх болон нийгэмшүүлэх бодит үр нөлөөтэй гэж үзэв. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.У-т нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.М овгийн Ц.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.У-т дөрвөн зуун наян цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.У-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Сонгинохайрхан дүүрэг дэх “Тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээ” ОНӨААТГ-т өдөрт наймаас дээшгүй цагаар ажиллуулахаар тогтоосугай.

4.Шүүгдэгч Ц.У-т нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.У-т нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.У-т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА