| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2020/0685/Э |
| Дугаар | 0724 |
| Огноо | 2020-06-25 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | А.Тунгалагтуяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 0724
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд, улсын яллагч А.Тунгалагтуяа, шүүгдэгч Г.Ц, түүний өмгөөлөгч Г.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, мөн дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Д овгийн Г.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1708 00307 0227 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Д овгийн Г.Ц, Монгол Улсын иргэн, *** оны ** сарын **-ны өдөр Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, **** газарт мужаан ажилтай, ам бүл тав, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Сансарын ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ***, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгаснаар:
Шүүгдэгч Г.Ц нь 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 16 цаг 20 минутын орчимд Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт Г.Б-ын эзэмшиж байсан “Хаан” банкны виза картыг эхнэр Ч.Э-гийн нэртэй ижил өнгө загвартай “Хаан” банкны виза картыг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр “хуурч” сольж өгсөн, мөн өдрийн 16 цаг 44 минут, 16 цаг 45 минутанд Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкны АТМ-д уг картыг уншуулан хохирогч Б.О-ын эзэмшлийн **** дугаарын харилцах данснаас 331,000 төгрөгийг авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Дугант овгийн Г.Ц нь 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 16 цаг 20 минутын үед Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Б-ын ашиглаж байсан “Хаан” банкны картыг түүний эхнэр Ч.Э-ийн ижил өнгө, загвартай “Хаан” банкны карттай андуурагдан солигдсон бөгөөд уг карт өөрийнх нь эзэмшлийнх биш гэдгийг мэдсээр байж, мөн өдрийн 16 цаг 44 минут, 16 цаг 45 минутад Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкны бэлэн мөнгөний машинд уншуулан хохирогч Б.О-ын эзэмшлийн **** дугаарын харилцах данснаас 331,000 төгрөгийг авч, завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Г.Ц-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Хохирогч надад картаа өгөөд би АТМ-с мөнгө авч өгсөн. Манай эхнэрт гурван карт өгсөн байдаг болохоор би андуураад солиод өгөөд явуулсан байсан. АТМ-с буудал гаран явж байгаад карт солигдсоныг мэдсэн. Тухайн үед хүүхэд муу байсан болохоор яаралтай мөнгө хэрэг болоод картаас мөнгийг авч хэрэглэсэн...” гэсэн мэдүүлэг;
2. Хохирогч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 16 цаг 10 минутын үед хадам аав Б-т өөрийн “Хаан” банкны картаа өгч 5000 төгрөг аваад ир гээд пин кодоо хэлээд явуулсан. 16 цаг 16 минутад 5000 төгрөгийн зардал гарсан нь гэж миний гар утсанд мессеж ирсэн. Хадам аав гэртээ ирээд 5000 төгрөг, миний картыг надад өгсөн. Тухайн үедээ би анзаараагүй миний ногоон өнгийн карт мөн л байсан. Тэгтэл 16 цаг 44 минутын орчимд миний **** дугаарын данснаас 200,500 төгрөгийн зардал, 16 цаг 45 минутын үед 130,500 төгрөгийн зардал тус тус гарсан. Картыг гаргаад харахад “***” гэх хүний “Хаан” банкны карт байхаар нь хадам ааваас “та АТМ-с мөнгө авахдаа хүнээр авхуулсан юм уу” гэж асуухад пин кодоо хийгээд мөнгө авах гэсэн болохгүй байхаар нь ар талд хүлээгээд зогсож байсан эмэгтэйд кодоо хэлээд мөнгө авч өгсөн” гэж хэлсэн... “ гэсэн мэдүүлэг (хх-ийн 32 дугаар хуудас);
- Хохирогч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Манай хадам аав эрэгтэй, эмэгтэй хоёр хүн явж байсан. Эрэгтэй хүн нь миний картын дугаарыг асууж мөнгө авч өгсөн гэж байсан. Адилхан ногоон өнгийн карт байсан гэсэн. Аав 2020 оны 02 дугаар сард өөд болсон. Картаас авсан мөнгө болох 335,000 төгрөгийг нэхэмжилж байна. Одоо болтол өгөөгүй байгаа...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 149 дүгээр хуудас);
3. Гэрч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хүргэн О-той хамт дугуй засаж байхад хүргэн намайг АТМ-с 5000 төгрөг аваад ирээч” гэж өөрийнхөө “Хаан” банкны картаа өгч явуулсан. Пин код нь “1031” гэж хэлсэн. Би Хөтлийн автобусны буудлын ойролцоо байдаг “Хаан” банкны АТМ дээр очоод кодыг хийсэн чинь буруу байна гээд болохгүй болохоор нь АТМ-ын үүдэнд зогсож байсан чинь хажуугаар нэг эмэгтэй явж байгаа харагдахаар нь гуйж картын пин кодыг хэлсэн. Уг эмэгтэй миний өгсөн карт, пин кодыг хийгээд надад 5000 төгрөгтэй хамт картыг буцааж өгсөн. Би картаа авахдаа анзаараагүй, адилхан л ногоон өнгийн карт байсан. Ирээд гадаа машинд ажил хийж байсан чинь О “ааваа та ямар карт аваад ирсэн юм бэ, энэ чинь Э гэсэн хүний карт байна шүү дээ, миний данснаас 200,000 төгрөгийн гүйлгээ хийгдчихлээ” гэж хэлээд удаагүй байсан чинь ахиад 130,000 төгрөгийн гүйлгээ данснаас хасагдсан гэж мэдээлэл ирсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 66 дугаар хуудас);
4. Гэрч Б.Ө-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр О, аав Б нар хашаандаа автомашинаа засаж байсан. Манай нөхөр аавыг АТМ-с мөнгө аваад ир гээд “Хаан” банкны картаа өгч явуулсан юм байна лээ. Тэгээд байж байтал нөхөр “чи миний картаас мөнгө авчхав уу, надад зарлага гарсан мэдээлэл гар утсанд ирлээ” гэхээр нь “би юу гэж чиний картаас мөнгө авдаг юм, чиний карт чинь чамд байгаа биз дээ” гэж хэлэхэд нөхөр өөрөө халаасаа ухаад ногоон өнгийн “Хаан” банкны картаа гаргаж ирэхэд “Ч.Э” гэх хүний карт байсан. Би “ааваа та хаанаас мөнгө авсан юм бэ” гэж асуухад манай аав “Хөтлийн буудлын ойролцоо байрлах “Өнөртөгс” хүнсний дэлгүүрийн гадна талд байдаг “Хаан” банкны АТМ-с авсан, эхлээд мөнгө авах гэсэн чинь чадахгүй болохоор нь хажуу талд байсан 1 эмэгтэйг гуйгаад мөнгө авхуулсан” гэж хэлсэн. Тэгэх үед л манай нөхрийн картыг солиод өөр карт өгсөн юм шиг байна лээ...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 69-70 дугаар хуудас);
5. Гэрч Ч.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хүүхдэд эм тарианы мөнгө хэрэгтэй байсан учир нөгөө картаас нь мөнгө авч хэрэглэсэн. Хөгшин настай хүний картыг буцаагаад өгөхгүй яаж байгаа юм бэ гэхэд энэ мөнгийг түр хэрэглээд буцаагаад өгчихнө гэж хэлсэн. Би тэгэх байх гэж бодоод өнгөрсөн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 158-159 дүгээр хуудас);
6. Гэрэл зургаар хүн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зураг (хх-ийн 28-30 дугаар хуудас);
7. Шүүгдэгч Г.Ц-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 116 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1хх-ийн 146 дугаар хуудас);
8. Шүүгдэгч Г.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2017 оны 07 сарын 10-ны өдөр тэр хүний картыг аваад кодыг асууж мөнгө авч өгчхөөд эхнэр Э-ийн картыг андуурч өгөөд өвгөний картыг аваад үлдсэн байсан. ...Би кодыг мэдэж байсан тул ханын материалын “Дүүхээ” төвийн АТМ-ээс хүүхдийнхээ эмчилгээнд зориулъя гээд 310,000 төгрөг авсан. Цагдаад мэдэгдвэл бөөн юм болно гэж бодоод эмнэлэг явсан. Хүүхэд түдэгдсэн байсан болохоор мөнгөний хэрэг их байсан юм...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 153-154 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Залилах гэмт хэргийн хувьд өмчлөх эрхийн эсрэг бусад гэмт хэргээс ялгарах гол онцлог нь нэг талаас, хохирогч өөрийн өмч хөрөнгө, түүний эрхийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ, тодорхой болзол нөхцөлтэйгөөр гэмт этгээдэд өөрийн сайн дураар шилжүүлэн өгч явуулдагт оршино.
Харин хохирогч өөрийн хөрөнгийг өөрийн хяналт дор бусдад түр ашиглуулж, эсхүл бусдын дэмжлэгтэйгээр ашиглаж байгаад санамсаргүй байдлаар андуурагдан солигдсон байгааг хохирогч гэмт этгээдэд эд хөрөнгөө шилжүүлэн өгсөн гэж үзэхгүй.
Энэ хэргийн тухайд хохирогч Б.О нь өөрийн эзэмшлийн картыг хадам эцэг Г.Б-т өгч явуулсан байх бөгөөд Г.Б нь бэлэн мөнгөний машинаас мөнгө авч чадахгүй байсан тул шүүгдэгч Г.Ц-т картаа түр өгч бэлэн мөнгөний машинаас мөнгө авхуулсан боловч шүүгдэгч Г.Ц эхнэрийнхээ картыг сольж өгч явуулсныг Г.Б болон Г.Ц нарын хэн аль нь мэдэлгүй хохирогч Б.О-ын карт андуурагдан шүүгдэгч Г.Ц-т үлдсэн болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ц-ын өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “андуурагдсан эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Ц-т холбогдох эрүүгийн 1708 00307 0227 дугаартай хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас биет байдлаар 331,000 төгрөгийн хохирол учирсан нь Эрүүгийн хуульд заасан бага хэмжээ болох 300,000 төгрөгөөс дээш байх тул “алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргийн материаллаг шинжийг хангажээ.
Шүүгдэгч Г.Ц-ын үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсартай үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал шунахайн сэдлээр андуурагдсан эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Г.Ц нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн, түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаан байхгүй тул шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно гэсэн болно.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Г.Ц-ыг “алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргийг андуурагдсан эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн төлөгдсөн талаарх баримтыг шүүгдэгч Г.Ц нь шүүхийн шатанд гаргаж өгсөн нь нотолгооны шаардлагыг хангаж байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж тогтоолд тусгах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Г.Ц нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч Г.Ц-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө төлсөн. Хувийн байдлын хувьд 3-12 насны 3 хүүхэдтэй, эхнэр нь ажил хийдэггүй гэртээ байдаг, Ц ганцаараа гэр бүлээ тэжээдэг. Гэм буруугийн тал дээр маргахгүй байгаа тул улсын яллагчийн гаргасан торгох ялын саналыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц-т найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний цалин хөлс, орлогод нийцүүлэн найман сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоох нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон бөгөөд шүүгдэгчийг цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж дүгнэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус тогтоолд дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Ц-т холбогдох эрүүгийн 1708 00307 0227 дугаартай хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2.Д овгийн Г.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргийг андуурагдсан эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц-т найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу найман зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц-т оногдуулсан найман зуун мянган төгрөгөөр торгох ялыг найман сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.
5.Шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Ц-т сануулсугай.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.Ц-т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА