Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 171

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

        Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  П.Болор  би,

    Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж, өөрийн байранд байрлах, регистрийн дугаар 2556375, Капитал банкны нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр баг, 2 дугаар гудамжны 12 тоотод оршин суух, 1974 онд төрсөн, эрэгтэй, ОЖ74080316 регистртэй, Шангас овогт Пунцагийн Нямсүрэн,

      Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр баг, 2 дугаар гудамжны 12 тоотод оршин суух, 1981 онд төрсөн, эмэгтэй, ОЗ81112001 регистртэй, Гомын Жавзан нарт холбогдох,

   Зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 6.350.218,84 төгрөг, зээлийн хүү 2.956.573,03 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 591.314,61 төгрөг, нийт 9.898.169,48 төгрөг гаргуулах, мөн барьцаа хөрөнгө болон бусад орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

      Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Азбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Капитал банк нь Пунцаг овогтой Нямсүрэн болон Гомбо овогтой Жавзан нар 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр №641 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 14.950.000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, жилийн 30 хувийн хүүтэй олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон Увс аймаг, Улаангом сум, 9 дүгээр баг, 2 дугаар гудамжны 12  тоотод байрлах улсын бүртгэлийн Г-1520001020, ГД:000061242 дугаартай 700 м.кв газар, Увс аймаг, Улаангом сумын 9 дүгээр баг, 2 дугаар гудамжны 12 тоотод байрлах улсын бүртгэлийн Г-1520002569, ГД:000182368 дугаартай 700 м.кв газар, Увс аймаг, Улаангом сумын 9 дүгээр баг, 2 дугаар гудамжны 12 тоотод байрлалтай 20.000 ширхэг тоосго, 8 ханатай гэрийн хамт тус тус барьцаалсан. Зээлдэгч П.Нямсүрэн, Г.Жавзан нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлээгүй ба гэрээнээс үндсэн зээл 8.599.718,16 төгрөг, зээлийн хүү 6.201.987,84 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 6.350.281,84 төгрөг, зээлийн хүү 2.956.573,03 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 591.314,61 төгрөг, нийт 9.898.169,48 төгрөгийг төлөөгүй байгаа тул иргэн П.Нямсүрэн, Г.Жавзан нараас 9.898.169,48 төгрөгийг түүний барьцаа хөрөнгө болон бусад орлогоос банкинд гаргуулж өгнө үү” гэжээ.

   Хариуцагч П.Нямсүрэн, Г.Жавзан нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Капитал банкны нэхэмжилсэн 9.898.169,48 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг барьцаа хөрөнгө болон бусад орлогоос төлж барагдуулна” гэжээ.

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Азбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: “Хариуцагч П.Нямсүрэн, Г.Жавзан нарын гаргасан тайлбартай танилцлаа. Нэхэмжилсэн дүнг  хүлээн зөвшөөрч барьцаа хөрөнгө болон бусад орлогоороо барагдуулна гэж тайлбар гаргасан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Капитал банк нь хариуцагч П.Нямсүрэн, Г.Жавзан нарт холбогдуулан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 6.350.218,84 төгрөг, зээлийн хүү 2.956.573,03 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 591.314,61 төгрөг, нийт 9.898.169,48 төгрөг гаргуулах, мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

      Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П.Нямсүрэн, Г.Жавзан нар нь нэхэмжлэгч Капитал банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 6.350.218,84 төгрөг, зээлийн хүү 2.956.573,03 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 591.314,61 төгрөг, нийт 9.898.169,48 төгрөгийг төлж барагдуулах, хэрэв мөнгөө төлж чадахгүй тохиолдолд барьцааны эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хүлээн зөвшөөрсөн болох нь П.Нямсүрэн, Г.Жавзан нарын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

       Хариуцагч П.Нямсүрэн, Г.Жавзан нар нь Капитал банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 9.898.169,48 төгрөгийг төлж барагдуулах, хэрэв мөнгөө төлж чадахгүй тохиолдолд барьцааны эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй. 

        Нэхэмжлэгч Капитал банк нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 173.321 төгрөг төлсөн ба тал хувь болох 86.661 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 14.489 төгрөг, хариуцагч П.Нямсүрэн, Г.Жавзан нараас 86.661 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Капитал банкинд олгож шийдвэрлэлээ.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус  удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

   1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Капитал банкны үндсэн зээл 6.350.218,84 төгрөг, зээлийн хүү 2.956.573,03 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 591.314,61 төгрөг, нийт 9.898.169,48 төгрөг гаргуулах, зээлдэгч нарын барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч П.Нямсүрэн, Г.Жавзан нар төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Капитал банкнаас тэмдэгтийн хураамжид төлсөн 173.321 төгрөгөөс 86.661 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 86.661 төгрөг, хариуцагч П.Нямсүрэн, Г.Жавзан нараас 86.661 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Капитал банкинд олгосугай.

    3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч П.Нямсүрэн, Г.Жавзан нар шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                                 П.БОЛОР