| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2020/0700/Э |
| Дугаар | 0719 |
| Огноо | 2020-06-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Сансарсайхан |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 0719
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд, улсын яллагч М.Сансарсайхан, хохирогч, шүүгдэгч О.Б, хохирогч, шүүгдэгч Д.Х нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар мөн дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос О овгийн О.Б, Т овгийн Д.Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 05950 0964 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. О овгийн О.Б, Монгол Улсын иргэн, *** оны ** дүгээр сарын **-ний өдөр Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хуваариа том тэрэгний жолоочийн ажил эрхэлдэг, ам бүл тав, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ****, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
2. Т овгийн Д.Х, Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүнд машин механизмын инженер мэргэжилтэй, хуваариа бизнес эрхэлдэг, ам бүл зургаа, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо, ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ****, урьд:
- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 1021 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч О.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Техникийн зах” дээр “өр, авлага”-ын асуудлаас үүдсэн үл ойлголцлоос шалтгаалан Д.Х-тай маргалдаж, улмаар харилцан зодолдож, түүний биед “хүзүүнд шалбаралт уруулын шарх, цус хуралт, 1 шүд хагас мултрал” бүхий гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Д.Х нь 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Техникийн зах” дээр “өр, авлага”-ын асуудлаас үүдсэн үл ойлголцлоос шалтгаалан О.Б-той маргалдаж, улмаар харилцан зодолдож, түүний биед “тархи доргилт, баруун хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “О овгийн О.Б, Т овгийн Д.Х нар нь 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Техникийн зах дээр “өр, авлага”-ын асуудлаас үүдэн маргалдан харилцан зодолдож, шүүгдэгч О.Б нь хохирогч Д.Х-ын бие махбодод “...хүзүүнд шалбаралт уруулын шарх, цус хуралт, 1 шүдний хагас мултрал...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл, шүүгдэгч Д.Х нь хохирогч О.Б-ын бие махбодод “...тархи доргилт, баруун хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл тус тус учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч О.Б, Д.Х-ын нарын шүүх хуралдаанд өгсөн: “...Яллах дүгнэлтэд бүх зүйл үнэн зөв тусгагдсан тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг;
2. Шүүгдэгч О.Б-ын шүүх хуралдаанд хохирогчийн хувиар өгсөн: “...Х намайг зүүн гараараа шанаа руу цохисон. Түүнээс болж шанаа хөхөрч няцарсан. Одоо гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг;
3. Шүүгдэгч Д.Х-ын шүүх хуралдаанд хохирогчийн хувиар өгсөн: “...Бид хоёр 2019 оны 11 дүгээр сард техникийн зах дээр тааралдаад урьд өмнөх авлагын 400,000 төгрөгийн асуудлаас болоод маргалдсан. Би Б-ын цамцны захаас нь барьж авсан, Буян-Оргих намайг цохисон. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг;
4. Шүүгдэгч О.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хувиар өгсөн: “...би хувьдаа том тэрэгтэй ба түүгээрээ ачаа зөөдөг ажил хийдэг. 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр би өөрийнхөө том тэргэнд чиргүүл бичиг баримтыг нь бүрдүүлэх гээд Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байх техникийн зах дээр явж байгаад өмнө нь ачаа ачуулж байсан Х гэх хүнтэй таарсан. Би эхлээд Х-ыг таниагүй ба намайг хойноос нэрээр дуудаад, “наашаа хүрээд ир” гэж их ширүүн дуугаар хэлсэн. Тэгэхээр нь би очоод яасан гэхэд миний мөнгийг аваад ир гэхээр нь ямар мөнгө яриад байгаа юм бэ гэж хэлсэн. Би учрыг нь олоогүй ба ажилтай байна, чамтай хэрэлдэж байх зав алга гээд явах гэтэл миний куртикний захаас татаж байгаад зүүн хацар луу цохисон. Би ухаан алдаад уначихсан байсан. Х бид хоёр урьд 2019 оны зун миний машинаар 1 экскаватор, мөн 2 шигшүүр ачуулж байсан. Тэр үед 1 экскаваторыг 2,500,000 төгрөгөөр ачихаар болсон. Ачаагаа ачсаны дараа миний чиргүүл урт байсан болохоор үлдсэн зайнд нь 2 шигшүүр ачъя гээд нэмж 500,000 төгрөг өгөхөөр тохирч байсан юм. Тэр мөнгөө нэхсэн юм байна лээ...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 28 дугаар хуудас);
5. Шүүгдэгч Д.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хувиар өгсөн: “...тухайн өдөр би Б-оос 400,000 төгрөг нэхсэн, түүнээс болж бид 2 маргалдсан. Тэгээд маргалдаж байснаа Б гэнэт миний зүүн талын шанаа хэсэгт цохиод, цамцны захаар миний хоолойг боож байгаад халтираад газар уначихсан. Би боолгож байхдаа тавиулах гэж ноцолдож байгаад баруун гараараа зүүн талын шанаанд л нэг удаа алгадсан. Б халтираад газар унахаар нь би явсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 21-24 дүгээр хуудас);
6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 14297 дугаартай: “...О.Б-ын биед тархи доргилт, баруун хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хх-ийн 33 дугаар хуудас);
7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 13899 дугаартай: “...Д.Х-ын хүзүүнд шалбаралт уруулын шарх, цус хуралт, 1 шүдний хагас мултрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хх-ийн 30 дугаар хуудас);
8. Шүүгдэгч О.Б-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 98 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 91 дүгээр хуудас), шүүгдэгч Д.Х-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 101 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 92 дугаар хуудас),
9. Шүүгдэгч О.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би эхлээд Х-ыг хараагүй ба намайг явж байхад Х миний хойноос нэрээр дуудаад байхаар нь эргээд харахад наашаа хүрээд ир гэж их ширүүн дуугаар хэлсэн. Тэгэхээр нь би очоод яасан гэхэд миний мөнгийг аваад ир гэхээр нь ямар мөнгө, юу нь мөнгө яриад байгаа юм бэ гээд би учрыг нь олоогүй. Тэгээд би ажилтай байна, чамтай хэрэлдэж байх зав алга гээд явах гэтэл миний куртикний захаас татаж байгаад миний баруун хацар руу зүүн гараараа цохисон. Би унаад ухаан алдчихсан байсан. Намайг сэргэхэд өөр газар аваачаад тавьчихсан байсан ба би шууд цагдаа дээр очиж өргөдөл гаргаж өгсөн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 71-72 дугаар хуудас);
10. Шүүгдэгч Д.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би гараараа нүүр лүү нь нэг удаа түлхсэн тэр үед цастай байсан болохоор Б халтираад газар унасан. Газар унахдаа хаагуураа яаж унасныг нь мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 65-66 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч О.Б, Д.Х нарын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.
Шүүгдэгч О.Б, Д.Х нарын үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэд харилцан бие биедээ хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул тэднийг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэнд тус бүр тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж энэ хууль үйлчлэх цаг хугацааг тогтоосон бөгөөд шүүгдэгч О.Б, Д.Х нарын гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа болох 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн гарчиг болон уг зүйлийн 1 дэх хэсэгт “санаатай” гэсэн агуулга тусгагдаагүй байсан.
Эрүүгийн эрх зүйн онолоор, гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш батлагдсан болон нэмэлт, өөрчлөлт оруулсан Эрүүгийн хуулиар аливаа үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн бол уг өөрчлөлтийг дагаж мөрдөхөөс өмнөх үеийн үйлдэл, эс үйлдэхүйд буцааж хэрэглэх явдлыг хууль буцаан хэрэглэх гэж тодорхойлдог.
Харин 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс хүчин төгөлдөр болсон Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 дугаар зүйлээр 2015 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн гарчгийн, мөн зүйлийн 1 дэх хэсгийн “хохирол” гэсний дараа “санаатай” гэж техникийн шинжтэй нэмэлт оруулснаас бус оногдуулах ялын төрөл, хэмжээг огт хөндөөгүй байна.
Иймд шүүгдэгч О.Б, Д.Х нарын үйлдсэн гэмт хэргийн хувьд Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлгүй гэж дүгнээд, эрүүгийн хууль үйлчлэх цаг хугацаа тогтоосон журмын дагуу гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан агуулгаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Шүүхийн энэхүү дүгнэлт, техникийн шинжтэй өөрчлөлт нь шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнээс хэтрэхгүй, гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болохыг дурдах нь зүйн хэрэг.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч О.Б, Д.Х нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
О.Б, Д.Х нар нь харилцан бие биедээ гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн байх тул тэднийг бусдад төлөх төлбөргүй гэж тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч О.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байгааг, шүүгдэгч Д.Х нь бусдад төлөх төлбөргүй байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Шүүгдэгч О.Б-ыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 нэгж буюу 480,000 төгрөгөөр, шүүгдэгч Д.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 нэгж буюу 480,000 төгрөгөөр тус тус торгож хуульд заасан хугацаа буюу 3 сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна. Шүүгдэгч О.Б, Д.Х нар нь харилцан бие биедээ төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон хураагдсан эд хөрөнгөгүй...” гэв.
Шүүгдэгч нар өөрсдийгөө өмгөөлж эрүүгийн хариуцлагын талаар: “...тусгайлан хэлэх саналгүй...” гэцгээв.
Иймд анхан шатны шүүх улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б, Д.Х нарт тус бүр дөрвөн зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун наян мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, тэдний хөрөнгө, цалин хөлс, орлогод нийцүүлэн дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоох нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлын хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдалд тохирсон бөгөөд тэднийг цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Б, Д.Х нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэд бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, тэдэнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.О овгийн О.Б, Тайж овгийн Д.Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б, Д.Х нарт тус бүр дөрвөн зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун наян мянган төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б, Д.Х нарт оногдуулсан торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.
4.Шүүгдэгч О.Б, Д.Х нарт шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Б, Д.Х нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэд бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч О.Б, Д.Х нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА