| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2017/00142/И |
| Дугаар | 175 |
| Огноо | 2017-02-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 175
Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Увс аймгийн Өлгий сумын Хулст багт оршин суух, 1968 онд төрсөн, 49 настай, эмэгтэй, РД:ОЙ68080101, Зуутраг овогт Цагаандайн Эрдэнэчимэгийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Пүрвээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 1968 оны 8 дугаар 01-ний өдөр төрсөн. Би 16 настайгаасаа буюу 1985 оноос эхлэн Увс аймгийн Өмнөговь сумын Холбоо бригадад 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд илгээлтийн эзнээр мал маллаж байсан. Одоо нас өндөр болсон тул тэтгэврийн бичиг баримтаа бүрдүүлэхэд хөдөлмөрийн дэвтэр тамга тэмдгийн зөрчилтэй гэсэн тул шүүхэд хандаж байна. Иймд миний 1985 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд эхлэн Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Пүрвээ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц.Эрдэнэчимэг нь 1985 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Дандаа бог мал буюу хонь маллаж байсан. Түүний хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч тамга тэмдгийн зөрчилтэй гэсэн тул шүүхэд хандсан. Иймд Ц.Эрдэнэчимэгийн Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд 1985 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг нь тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Эрдэнэчимэг нь Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд 1985 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. Цагаандаагийн Эрдэнэчимэгт 1984 оны 12 дугаар сарын 17-ны өдөр нээсэн 1985 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
2. Увс аймгийн Архивын тасгаас 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр ирүүлсэн тодорхойлолт,
3. Итгэмжлэл,
4. Гэрч Х.Цэдэнбалын шүүхэд өгсөн: “Би 1971 оноос Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдлийн Холбоо бригадад малчнаар 1989 оныг дуустал ажиллаж байсан. Ц.Эрдэнэчимэг нь 1985 оноос эхлэн аав, ээжийн хамтаар Өмнөговь сумын “Цог” нэгдлийн Холбоо бригадад бог мал маллаж 1989 оныг дуустал ажилласан юм. Түүний аав, ээж нь насаараа мал малласан, нөхөр Басан нь Өлгий сумын харьяат “Цог” нэгдэлд мал маллаж байсан, одоо ч Өлгий суманд амьдарч байгаа юм. Тухайн үед нэгдлийн даргаар Н.Юнгэр, Л.Дүүдэй гэх хүмүүс ажиллаж байсан юм” гэх мэдүүлэг,
5. Гэрч Р.Пүрвээгийн шүүхэд өгсөн: “Би 1978 оноос Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдлийн харьяа Худалдаа бэлтгэлийн ангид жолоочоор ажилд орж 1985 он хүртэл ажиллаад Өмнөговь сумын “Цог” нэгдлийн Үйлдвэр бригадад тракторчноор 1990 он хүртэл, “Цог” компанид 1992 оны 6 дугаар сар хүртэл тракторчноор тус тус ажиллаж байсан. Ц.Эрдэнэчимэг 1985 оноос эхлэн аав, ээжийн хамтаар Өмнөговь сумын “Цог” нэгдлийн Холбоо бригадад бог мал маллаж 1989 оныг дуустал ажилласан юм” гэх мэдүүлэг,
6. Гэрч Х.Цэдэнбалын Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд ажиллаж байсныг нотлох түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Сум дундын 24 дүгээр шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 423 тоот шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Р.Пүрвээгийн Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд ажиллаж байсныг нотлох түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч Ц.Эрдэнэчимэг нь Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд 1985 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Ц.Эрдэнэчимэгийн 1984 оны 12 дугаар сарын 17-ны өдөр нээсэн 1985 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал бичилттэй хөдөлмөрийн дэвтэр, гэрч Х.Цэдэнбал, Р.Пүрвээ нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Ц.Эрдэнэчимэгийн Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд 1985 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал 5 жил малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Эрдэнэчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Зуутраг овогт Цагаандайн Эрдэнэчимэгийн Увс аймгийн Өмнөговь сумын “Цог” нэгдэлд 1985 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал 5 /тав/ жил малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Эрдэнэчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР