| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2020/0515/Э |
| Дугаар | 530 |
| Огноо | 2020-07-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Хулан |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 530
2020 07 02 2020/ШЦТ/530
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав,
улсын яллагч Ц.Хулан,
хохирогч Б.Мөнхбилгүүн,
шүүгдэгч Д.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.З-д холбогдох эрүүгийн 2011 00986 0601 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1981 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, Хүнд машин механизмын инженер мэргэжилтэй, “Мөнх Хада” ХХК-д тоног төхөөрөмж хариуцсан инженер ажилтай, ам бүл 2, хүүхдүүдийн хамт Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 84-1015б тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй.
Д.З, регистрийн дугаар / /.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Д.З нь архи,согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын зусланд иргэн Б.Мөнхбилгүүнтэй маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа 2-3 удаа цохиж эрүүл мэндэд нь “2 нүдний зовхины цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.З нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2 дугаар хэлтсийн байцаагч Хулан гэх хүн намайг согтуугаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэсэн. Би тухайн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. 19 дүгээр хорооны байцаагч намайг дуудсан. Намайг очиход “Чи хүний шүд хугалсан байна. Хохирогч шүдээ үзүүлэх гээд шүүх эмнэлэг явсан” гэж хэлсэн. 2-3 хоногийн дараа Азжаргал гэх охин 250.000 төгрөг өг. Тэгвэл өргөдлөө буцааж авна гэж хэлсэн. Би мөнгө өгөхгүй гэж хэлсэн. Хэд хоногийн дараа 2.500.000 төгрөг өг гэсэн. Би хохирогчийн шүд, ам руу цохиогүй учраас “Мөнгө өгөхгүй. Шүүхээр шийдүүлье” гэж хэлсэн. Хулан байцаагч надад “Шүүх эмнэлгийн дүгнэлт гарахаар мэдэгдэнэ. Тэрнээс өмнө мөнгө төлж болохгүй” гэж хэлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Хохирогч Б.Мөнхбилгүүн нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Яргайтын зусланд найз охин Азжаргалын гэрт байхад шүүгдэгч нэг эмэгтэй дагуулаад архи, том пиво авч ирээд хоол хийж иднэ гэж байсан. Миний найз охин архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэх насанд хүрээгүй. Шүүгдэгч миний найз охинд архи аягалаж өгөөд байсан. Би найз охиныхоо өмнөөс уугаад байсан учраас согтсон. Болсон үйл явдлыг сайн санахгүй байна. Болсон үйл явдлыг гэрчүүд мэдүүлсэн байсан. Намайг шөнө 00 цагийн үед эд нар Яргайтын зуслангаас хөөж гаргасан. Миний утас, түрүйвчийг аваад үлдсэн байсан. Би Яргайтын зуслангаас Чингэлтэй дүүргийн 2 дугаар хэлтэс хүртэл алхаж очиж гомдол, мэдүүлэг өгсөн. Хохирогч хэрэг гарснаас хойш өнөөдрийг хүртэл надтай нэг ч удаа утсаар яриагүй, нэг ч удаа уулзаагүй, уучлалт гуйгаагүй. Эмчилгээний зардлаа нэхэмжилж байна. Би шүүгдэгчээс огт мөнгө нэхээгүй. Нэхсэн гэж байвал нотлох баримтаа гаргаж шүүхэд үзүүлээрэй. Миний эмчлүүлж байсан шүд хугарсан. Шүүх эмнэлэгт үзүүлж байхдаа би “Эмчлүүлж байсан цоорхой шүд байсан. Бага зэрэг доргилт аваад хугарсан байх” гэж хэлээд гэмтлийн зэрэг тогтоолгоогүй. Гомдолтой байна....” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Б.Мөнхбилгүүний “...тус өдөр би өөрийн найз охин Азжаргалын зуслангийн байшинд амарч байх үед орой Азжаргалын таньдаг эгч Нямжаргал, Золжаргал гэх залуутай хамт орж ирж байсныг санаж байна тэгээд цааш юу болсон талаар санахгүй байна. Нэг мэдсэн чинь Золжаргал байшингийн таампор дотор намайг цохиж зодож байсан тухайн үед би юу болоод байгааг ойлгоогүй тул “ахаа болье” гээд өөрөөсөө холдуулж салгасан... тухайн үйл явдал болсоны маргааш нь миний гар утас, түрийвч хоёр Азжаргалын гэрээс гарч ирсэн түүнд бол ямар нэг гомдол санал байхгүй... дээрх гэмтлүүдийг бүгдийг нь Д.З гэх хүн надад учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
Гэрч А.Нямжаргалын “...Намайг Азжаргалын гэрт ороход Мөнхбилгүүний биед ямар ч гэмтэл байгаагүй харин тухайн үйл явдал болж өнгөрсний дараа баруун талын уруул хэсэг нь жоохон улайчихсан жоохон цус болчихсон байсан. Намайг харж байх үед Мөнхбилгүүн Д.З-гийн урдаас нь хэрэлдээд дайраад байсан гэхдээ цохиж зодсон зүйл байхгүй харин Д.З Мөнхбилүүнийг нүүр рүү нь 3 удаа цохиж байсныг л харсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22- 23 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 4953 дугаартай “...Б.Мөнхбилгүүний биед 2 нүдний зовхины цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Уг баруун, зүүн нүдний зовхины цус хуралт болон хамрын нурууны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь дан дангаараа болон хамтдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун өвдөгний зулгаралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,
шүүгдэгч Д.З-гийн “...надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна... Мөнхбилгүүний биед учирсан гэмтлүүдийг би учруулаагүй би зөвхөн зүүн шанаа руу нь 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-40 дүгээр хуудас/,
Шүүгдэгч урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 43/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 44/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 45/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 46/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 47/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх 48/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх 49/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.З нь архи,согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын зусланд иргэн Б.Мөнхбилгүүнтэй маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа 2-3 удаа цохиж эрүүл мэндэд нь “2 нүдний зовхины цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Б.Мөнхбилгүүний “...тус өдөр би өөрийн найз охин Азжаргалын зуслангийн байшинд амарч байх үед орой Азжаргалын таньдаг эгч Нямжаргал, Золжаргал гэх залуутай хамт орж ирж байсныг санаж байна тэгээд цааш юу болсон талаар санахгүй байна. Нэг мэдсэн чинь Золжаргал байшингийн таампор дотор намайг цохиж зодож байсан тухайн үед би юу болоод байгааг ойлгоогүй тул “ахаа болье” гээд өөрөөсөө холдуулж салгасан... тухайн үйл явдал болсоны маргааш нь миний гар утас, түрийвч хоёр Азжаргалын гэрээс гарч ирсэн түүнд бол ямар нэг гомдол санал байхгүй... дээрх гэмтлүүдийг бүгдийг нь Д.З гэх хүн надад учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/, гэрч А.Нямжаргалын “...Намайг Азжаргалын гэрт ороход Мөнхбилгүүний биед ямар ч гэмтэл байгаагүй харин тухайн үйл явдал болж өнгөрсний дараа баруун талын уруул хэсэг нь жоохон улайчихсан жоохон цус болчихсон байсан. Намайг харж байх үед Мөнхбилгүүн Д.Згийн урдаас нь хэрэлдээд дайраад байсан гэхдээ цохиж зодсон зүйл байхгүй харин Д.З Мөнхбилүүнийг нүүр рүү нь 3 удаа цохиж байсныг л харсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22- 23 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 4953 дугаартай “...Б.Мөнхбилгүүний биед 2 нүдний зовхины цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Уг баруун, зүүн нүдний зовхины цус хуралт болон хамрын нурууны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь дан дангаараа болон хамтдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун өвдөгний зулгаралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/, шүүгдэгч Д.Згийн “...надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна... Мөнхбилгүүний биед учирсан гэмтлүүдийг би учруулаагүй би зөвхөн зүүн шанаа руу нь 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-40 дүгээр хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.З-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгч Д.З-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгох ял шийтгэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх /гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй/, болон хөнгөрүүлэх /учирсан хохирлыг төлсөн/ нөхцөл байдал тогтоогдсон болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.З-д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.З-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Хохирогч Б.Мөнхбилгүүн нь хавтаст хэргийн хүрээнд 310.000 төгрөгийн баримт өгсөн боловч 182.000 төгрөгийг баримт нь 2010 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр шүдний эмчилгээ хийлгэсэн баримт байх тул 182.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, энэ гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг 128.000 төгрөгөөр тогтоож, уг хохирлыг шүүгдэгч Д.З нь төлж барагдуулсан тул шүүгдэгч Д.Зг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.З нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.З-г 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.З-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.З-д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Д.З нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.
7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Зд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ