| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2017/00149/И |
| Дугаар | 176 |
| Огноо | 2017-02-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 176
Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Увс аймгийн Тэс сумын 1 дүгээр багт оршин суух, 1966 онд төрсөн, 51 настай, эмэгтэй, РД:ОО66070567, Борлууд овогт Цэвээний Оюуны ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Оюун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Оюун шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 1966 онд Увс аймгийн Тэс суманд төрсөн, 51 настай. Би 1982 онд Тэс сумын 10 жилийн сургуулийн 8 дугаар анги төгсөөд 1982 оны 7 дугаар сараас эхлэн Тэс сумын “Лениний зам” нэгдэлд илгээлтээр малчин болж 1989 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт орох нас болж бичиг баримтаа бүрдүүлэхэд хөдөлмөрийн дэвтрээ авч чадаагүй, дахин нөхөн бичүүлэх боломжгүй болсон тул шүүхэд хандсан. Иймд миний 1982 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Тэс сумын “Лениний зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Оюун нь Увс аймгийн Тэс сумын “Лениний зам” нэгдэлд 1982 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гаргаж ирүүлсэн Цэвээний Оюуны Увс аймгийн Тэс сумын “Лениний зам” нэгдэлд 1982 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,
2. Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйн захиргаанаас 1987 оны 5 дугаар сарын 20-ны өдөр шагнасан “Талархал”,
3. Гэрч Н.Раашийн шүүхэд өгсөн: “Би 1976 оноос Тэс сумын Тэжээлийн аж ахуйн ХЗЭ-ийн үүрийн нарийн бичгийн даргаар 1983 он хүртэл, 1983 оноос Тэс сумын намын үүрийн орлогч нарийн бичгийн даргаар 1987 он хүртэл ажиллаад Намын дээд сургуульд элсэн суралцсан юм. Тухайн үед Тэс сумын “Лениний зам” нэгдэл нь намын хороонд харьяалагдаж байлаа. Ц.Оюун нь 8 дугаар анги төгсөөд илгээлтээр Х.Цэнджав гэх айлд хамтарч мал маллаж эхэлсэн. Ц.Оюуны гэр нь сумын төв дээр байсан учраас айлд хөдөө айлд байж тэдний малтай малаа нийлүүлж ажиллаж байсан юм. Ц.Оюун намайг 1987 онд их сургуульд явахад Тэс сумын “Лениний зам” нэгдэлд Нуур бригадад малчнаар ажиллаад үлдсэн хүн байгаа юм. Тэр үед 3 айл нийлж 360 хонь нийлүүлж нэг суурь хонь болж, хүн бүл багатай айлд туслуулахаар илгээлтээр хүүхдүүдийг явуулж байсан юм” гэх мэдүүлэг,
4. Гэрч Ж.Найдангийн шүүхэд өгсөн: “Би 1968 оноос 1976 он хүртэл Тэс сумын “Лениний зам” нэгдлийн Ендэрт бригадад малчнаар ажиллаж байгаад 1976 оноос Тэс сумын 10 жилийн сургуульд 1981 он хүртэл аж ахуйн захирлаар, 1981 оноос 1986 он хүртэл сургууль цэцэрлэгийн няраваар, 1986 оноос “Лениний зам” нэгдлийн орон тооны бус намын үүрийн дарга, хэвлэл түгээгч, Ендэрт бригадын даргаар 1992 он хүртэл тус тус ажилласан юм. Ц.Оюун нь 1982 онд 8 дугаар анги төгсөөд илгээлтээр Тэс сумын “Лениний зам” нэгдлийн Нуур бригадад малчнаар ажиллаж эхэлсэн бөгөөд яг хэдэн он хүртэл ажилласныг сайн санахгүй байна. Түүний нөхөр нь мөн нэгдэлд малчнаар ажиллаж байсныг би мэдэх юм. Ц.Оюун нь манай нутгийн охин учраас би түүнийг багаас нь таньж мэддэг, аав, ээж ах дүү нарыг нь сайн мэддэг юм” гэх мэдүүлэг,
5. Гэрч Н.Раашийн Увс аймгийн Тэс сумын Намын үүргийн даргаар ажиллаж байсныг нотлох Увс аймгийн Намын хорооны товчооны 1983 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 275 тоот “Зарим ажилтныг ажилд батлах, үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” тогтоол, Ж.Найдангийн Увс аймгийн Тэс сумын “Лениний зам” нэгдэлд ажиллаж байсныг нотлох түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 399 тоот шийдвэр болон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч Ц.Оюун нь Увс аймгийн Тэс сумын “Лениний зам” нэгдэлд 1982 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гаргаж ирүүлсэн Ц.Оюуны цалингийн тодорхойлолт, ажиллаж байхдаа шагнуулсан талархал, гэрч Н.Рааш, Ж.Найдан нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Ц.Оюуны Увс аймгийн Тэс сумын “Лениний зам” нэгдэлд 1982 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал 7 жил, 6 сар малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Оюуны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Борлууд овогт Цэвээний Оюуны Увс аймгийн Тэс сумын “Лениний зам” нэгдэлд 1982 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал 7 /долоо/ жил, 6 /зургаа/ сар малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Оюуны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР