Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 05

 

Т.Ө-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгчид Б.Дамба, Н.Мөнхжаргал, нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Э.Ууганзаяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл, нарийн бичгийн дарга А.Тамираа нарыг оролцуулан

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 379 дугаар шүүгчийн захирамжтай, Т.Өд холбогдох эрүүгийн 1725001880106 дугаартай хэргийг прокурорын давж заалдсан эсэргүүцэлийг үндэслэн, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1978 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн Хяргас суманд төрсөн, эрэгтэй, 40 настай, Улаангом сумын 4 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, М овогт Т-гийн Ө нь хохирогч Я.Г-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид: Шүүгдэгч М овогт Т-гийн Ө-д холбогдох 1735001880106 дугаар эрүүгийн хэргийг Увс аймгийн Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очих хүртэлх хугацаанд яллагдагч Т.Ө-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлгэх арга хэмжээг хэвээр хэрэглэж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар диск /CD/ 2 /хоёр/ ширхэг хураагдаж ирсэн болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

Прокурор давж заалдах эсэргүүцэлдээ: “ ...Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 379 дугаартай яллагдагч Т.Өд холбогдох эрүүгийн 1735001880106 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч үзвэл уг захирамж нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь: 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг цагдаагийн байгууллага хүлээн авч бүртгэсэн байна. Үүний дагуу иргэн Я.Г-ийн эрүүл мэндэд хохирол учирсан эсэхийг тогтоох зорилгоор Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шинжээч томилж, шинжилгээ хийлгэсэн. Эрх бүхий албан тушаалтны энэхүү ажиллагаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хийгдсэн бөгөөд хуулийн дагуу хийгдсэн ажиллагаа болно. Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг шалгах ажлын 3 хоногийн дотор тухай байгууллагын харъяаллан шалгах гомдол, мэдээлэл мөн эсэхийг шалгаж тогтоож, харъяаллын бус болох нь тогтоогдвол шилжүүлж байх талаар Зөрчил шалгах шийдвэрлэх тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулинд шинжилгээ хийлгэх ажиллагааг зөрчлийн хэрэг нээсний дараагаар хийх ёстой гэдэг байдлаар дүгнэлт хийж хэргийг прокурорт буцаасан нь хууль ёсны бөгөөд үндэслэлгүй болжээ. Учир нь шүүгч хуулийг буруу ойлгож, тайлбарлаж байгаагаас гадна эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ямар зүйл, хэсгийг ноцтой зөрчсөн болох, зөрчлийн гомдол, мэдээллийг шалгах ажиллагааны явцад авагдсан нотлох баримтыг ямар үндэслэлээр үгүйсгээд байгаа болохоо тодорхой гаргаж дүгнээгүй байна. Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг шалгах явцад цугларсан нотлох баримт, сэлт мэдээлэл, шинжээчийн дүгнэлтийн үндэслэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн.

Шүүгчийн захирамжинд "Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд гомдол, мэдээллийг хүлээн аваад ямар ажиллагаа хийхийг нарийвчлан заагаагүй тул дээрх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиас иш татаж үзвэл 30.7 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5 дахь хэсгүүдэд шинжилгээ хийлгэх ажиллагаа хамаарахгүй байна" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй хуулийг буруу ойлгож дүгнэж байна. Шинжилгээ хийлгэх ажиллагааг эрх бүхий албан тушаалтан хийсэн үү, мөрдөгч хийсэн үү гэдгийг ялгаж салгаж тайлбарлаагүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.7 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5 дахь хэсгүүдэд заасан ажиллагааг мөрдөгч гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг шалгах хойшлуулшгүй ажиллагааны явцад хийж, прокурорт даруй шилжүүлэхээр заасан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт мөрдөгч бие даан явуулах мөрдөн шалгах ажиллагаа явуулна гэж хуульчилсан байх тул гомдол, мэдээллийг шалгах ажиллагааны явцад шинжээч томилж, шинжилгээ хийлгэж байгаа нь хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй юм. Иймд Увс аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 379 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив.”гэжээ

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтэндээ Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж зүйн үндэслэлгүй тул уг захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хягаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Увс аймгийн прокурорын газраас Т.Ө-г 2017 оны 11 дүгээр сарын 17-ны орой Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн нутагт “Үүрэг нуур “ дэлгүүрт хохирогч Я.Гийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд ирүүлсэн байна.

Анхан шатны шүүх Т.Ө-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж нотлох баримт бүрдүүлсэн гэж үзэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий албан тушаалтан хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлэхээр заасан бөгөөд мөн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ажиллагааг  4.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар уг албан тушаалтан энэ хуульд прокурорын зөвшөөрлөөр явуулахаар зааснаас бусад зөрчил шалгах ажиллагааг, тухайлбал: зөрчил үйлдэгдсэн газар, хүн хуулийн этгээдийн эзэмшил газар, барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, хүний бие, эд зүйлд үзлэг хийх, баримт бичиг, мэдээлэл гаргуулан авах, эд зүйл, баримт бичгийг хураан авах, эд хөрөнгийг битүүмжлэх, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хягаарлах, мэдүүлэг авах, шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах, шинжилгээ хийлгэх зэрэг ажиллагааг бие даан явуулах боломжтой байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрх бүхий албан тушаалтан нь хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас зөрчлийн

талаар гомдол гаргасан, эсхүл мэдээлсэнээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, гэмт хэргийн шинжтэй бол харьяаллын дагуу шилжүүлэхээр заажээ.

Дээрх байдлыг үндэслэн эрх бүхий албан тушаалтан буюу хэсгийн байцаагч А.Тогтох нь 2017 оны 11 дүгээр  сарын 17-ны өдөр иргэн Я.Г-ээс ирүүлсэн гомдол мэдээлэлийг хүлээн авч, Я.Г-ийн биед учирсан гэмтлийн шинж, хэр хэмжээг тогтоолгохоор шинжээч томилон дүгнэлт гаргуулан гомдлыг харьяаллын дагуу шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ”, мөн хуулийн 16 .1 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт “ прокурор, мөрдөгч, төрийн байгууллагад иргэд, байгууллагаас ирүүлсэн гомдол, мэдээлэл, өргөдлийг шалгах, эрүүгийн хэсгээс бусад зөрчил, хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа, мэргэжлийн байгууллагын хяналт шалгалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн болон энэ хуулийн Дөчин хоёрдугаар бүлэгт заасан журмаар гадаад улсаас ирүүлсэн баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцож болно” гэж заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үед хуулинд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан, хавтас хэрэгт авагдсан  нотлох баримт болох шинжээчийн дүгнэлтийг үнэлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Нөгөө талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч хохирогч Я.Г-ийн биед үүссэн гэмтлийн талаар 761 тоот дүгнэлтийг гаргасан байх бөгөөд уг дүгнэлтийг эс зөвшөөрч оролцогчдын хэн аль нь санал хүсэлт гаргаагүйгээс гадна уг дүгнэлтийг дахин эсвэл нэмэлт дүгнэлт гаргах хуульзүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд прокруорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 379 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Т.Ө-д холбогдох эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол Т.Ө-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

Гомдол , эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Д.ЖАМБАЛСҮРЭН

                                    ШҮҮГЧИД                                           Б.ДАМБА

Н.МӨНХЖАРГАЛ