Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2018/01024

 

 “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШШ2018/00089 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 635 дугаар магадлалтай

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Р.Г-т холбогдох

Тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 2 493 252 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Илүү төлсөн тээврийн хөлс 2 400 572 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхзулын хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Батзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэрэндаваа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “А” ХХК нь 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдөр БНСУ-ын тээвэр зуучийн Би энд Жи интернэшнл ХХК-иас Р.Г- хүлээн авагчтай 3 машин бүхий ачаатай 1 ширхэг 40 тн бүхий чингэлэг БНСУ-аас Замын-Үүд боомт хүртэл ачигдсан мэдээг хүлээн авсан. Би энд Жи интернэшнл ХХК-аас ачааны хүрэх өртөө Замын-Үүд боомтоос Улаанбаатар хот болж өөрчлөгдсөн, мөн тээврийн хөлс 4 000 ам.доллар болж өөрчлөгдсөн талаар 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр мэдээлсэн. Ачаа хүлээн авах газар нь зөвхөн хүлээн авагчийн хүсэлтийн дагуу өөрчлөгддөг. Чингэлэг БНХАУ-ын Тяньжин боомтод ирсний дараа төмөр замаас чингэлгийг кранаар өргөж доторх ачаа тэнцвэртэй ачигдсан эсэх, жин тонн хэтрүүлж ачсан эсэхийг шалгасан. БНХАУ-ын Tianjin Sheng Shi Yun Tong International ХХК-иас Би энд Жи интернэшнл ХХК-д тухайн чингэлэгт хазайлт үүсч 150 ам.долларын торгууль тавигдсан талаар мэдэгдсэн. Ингээд тээврийн хөлс дээр 150 ам.доллар нэмэгдэж 4 150 ам.доллар болж өөрчлөгдсөн Би энд Жи интернэшнл ХХК-иас манайд тээврийн нэхэмжлэхээ дахин засч явуулсан. Бид нэхэмжлэхийг мэйлээр хүлээн авсан даруйдаа Би энд Жи интернэшнл ХХК-д Хүлээн авагчид Улаанбаатар хот хүртэлх тээвэрт 4 150 ам.доллар төлөх ёстой гэдгийг нь ачаа ирэхээс нь өмнө мэдэгдээрэй хэмээн сануулахад Би энд Жи интернэшнл ХХК-ийн Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газраас Хүлээн авагчид нь хэлчихсэн, өөрөө мэдэж байгаа гэсэн хариу и-мэйл ирсэн. БНХАУ-ын төмөр замаас чингэлгийг цаашид төмөр замаар тээвэрлэх боломжгүй, тээврийн хэрэгслийг авто замаар болгож өөрчлөх шаардлагатай гэж шийдвэрлэсэн. Нэгэнт эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэр тул түүнийг нь дагахаас өөр аргагүй болж тээврийн хэрэгсэл автомашин болж өөрчлөгдсөн. Tianjin ShengShiYunTong International ХХК нь Тяньжины гаалийн сүлжээнд ирүүлсэн байсан гаалийн бүрдүүлэлтээ цуцалж шинээр гаалийн бүрдүүлэлтийг эхлүүлсэн. Ийнхүү өмнөх гаалийн бүрдүүлэлтийг цуцалж, шинээр гаалийн бүрдүүлэлт хийсний төлбөр 250 ам.доллар нэмэгдэж гарсан. Чингэлэг төмөр замаар биш автомашинаар ачигдах болсон тул тээвэрлэлтийн зардал 200 ам.доллараар мөн нэмэгдсэн. Ингээд Р.Г-ийн чингэлгийн Улаанбаатар хүртэлх тээврийн хөлс нийт 4 600 ам.доллар болсон. Р.Г- нь Би энд Жи интернэшнл ХХК-иас үнийн санал аван тухайн үнийг зөвшөөрсний үндсэн дээр тээвэрлэлт хийлгэсэн. Бид хариуцагчид тээврийн үнийг санал болгоогүй. Би энд Жи интернэшнл ХХК-иас манай байгууллагыг Монгол талын тээвэр зуучаар сонгосон. “А” ХХК нь зарим харилцагч нартаа дараа төлбөрт нөхцөлтэйгөөр үйлчилгээ үзүүлдэг. Р.Г- нь манай байгууллагаас дараа төлбөрт нөхцөлтэйгөөр үйлчилгээ авахыг хүссэн учир бид Би энд Жи интернэшнл ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэхийн дагуу зээл олгосон.

Р.Г- тээврийн хөлсийг хүлээн зөвшөөрч, мэдэж байсан учраас 4 600 ам.долларын төлбөрийн нэхэмжлэх дээр гарын үсэг зурж чингэлгээ хүлээн авсан. Хэрэв хариуцагч тухайн үед тээврийн хөлсийг хүлээн зөвшөөрөөгүй, ямар нэг гомдол санал гаргасан бол бид уг асуудал шийдэгдэж хариуцагч төлөх ёстой тээврийн хөлсийг зөвшөөртөл чингэлгийг олгохгүй байх байсан. Гэвч тухайн үед Р.Г- нь тээврийн үнэтэй холбоотой ямар нэгэн гомдол, санал гаргаагүй. Бид Би энд Жи интернэшнл ХХК-д Р.Г-ийн өмнөөс тээвэрлэлтийн хөлсийг төлж барагдуулсан тул төлбөрөө гаргуулах нь зүй ёсны хэрэг юм.

БНСУ-аас Замын-Үүд хүртэлх тээврийн зардал 3 570 ам.доллар, ачаа хүлээн авах газар Замын-Үүдээс Улаанбаатар болж өөрчлөгдөхөд нэмэгдсэн зардал 430 ам.доллар, тэнцвэргүй ачилтаас болж БНХАУ-ын төмөр замаас авсан торгууль 150 ам.доллар,Тяньжин боомтод хуучин гаалийн бүрдүүлэлтийг цуцалж, шинээр гаалийн бүрдүүлэлт хийсэн зардал 250 ам.доллар, Төмөр замын тээврээс автозамын тээвэр болж өөрчлөгдөхөд нэмэгдэж гарсан зардал 200 ам.доллар, нийт 4 600 ам.доллар гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: БНСУ-аас Би энд Жи интернэшнл ХХК-д 2015 оны 3 дугаар сарын 27-ны үеэр өөрийн Солонгос улсаас худалдан авсан 3 машиныг агуулах чингэлэг захиалга 2 700 ам.доллароор Замын-Үүд хүртэл тээвэрлүүлэхээр захиалга өгсөн. Тэгээд Солонгос улс дахь Кумарсаны ачилтын компанид 3 машинаа өгч ачуулсан. Ачилтын хөлс 300 ам.доллар төлсөн. Гэтэл Би энд Жи интернэшнл ХХК-иас таны чингэлэгт хазайлт гарсан тул Тяньжин боомтоос автомашинаар ачна гэсэн. Хэдэн төгрөг гарах нь чингэлэг ирсний дараа дагалдах бичиг баримттай цуг ирнэ, тэгээд тодорхой болно гэсэн. Гэтэл чингэлэг ирлээ гэхээр нь бичиг баримтаа авахаар Би энд Жи интернэшнл ХХК дээр очтол уучлаарай, таны чингэлэг Улаанбаатарт андуураад ирлээ гэсэн. Хазайлт, тээврийн хөлс нийлээд 4 600 ам.доллар төлнө гэсэн. Кумарсаны ачилтын компани, Би энд Жи интернэшнл ХХК-ийн буруугаас 2 700 ам.доллароор ачсан контейнер 4 600 ам.доллар болсон. Би хангалттай төлсөн байхад 3 машиныг ийм үнээр тээвэрлүүлэх ямар ч шаардлагагүй, ямар ч ашиггүй. Би контейнер ачаагүй, зөвхөн ачуулсан, тээвэрлүүлсэн гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “А” ХХК-аас гаргаж өгсөн материалыг уншиж танилцаад тус контейнерт хазайлт үүссэн торгууль 150 ам.доллар, шинээр гаалийн бүрдүүлэлт хийсэн 250 ам.доллар гэх мэт зардлууд нь ямар ч баримт байхгүй байна. Мөн Замын-Үүд хүртэлх чингэлгийг Улаанбаатар болгосон 430 ам.доллар, бас авто тээврээр 4 000 ам.доллар гэж хэзээ ч ийм үнэ байхгүй. Хамгийн зөв үнийн тодорхойлолт “А” ХХК-иас гаргаж хотын гаальд гаргаж өгсөн. +CNU9415615 тоот контейнерийг Солонгос улсаас Улаанбаатар хүртэлх тээврийн хөлсийг Р.Г- нь 2 600 ам.доллар төлсөн гэх тодорхойлолтыг үндэслэн илүү төлсөн 987,89 ам.доллар буюу 2 400 572 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “А” ХХК нь БНСУ-ын Би энд Жи интернэшнл ХХК, БНХАУ-ын Шенг ши юн тонг интернэшнл ХХК-иудтай олон жилийн турш хамтран ажиллан олон улсын тээвэрлэлт хийж ирсэн билээ. Бид олон улсын тээвэрлэлтийг хийхдээ хоорондоо мэйлээр харилцдаг бөгөөд ирүүлсэн тооцооллуудыг үндэслэн сард эсвэл улиралд тооцоо нийлэн ажилладаг. Бид сөрөг нэхэмжлэлийн дагуу Би энд Жи интернэшнл ХХК болон Шенгши юн тонг интернэшнл ХХК-иудаас баримт болон мэдээллийг дахин авахаар и-мэйл илгээсэн боловч тэд ч бас хоорондоо зөвхөн мэйлээр харилцаж төлбөрөө баталгаажуулдаг учир баримтуудыг гаргаж өгөх боломжгүй гэх хариуг ирүүлсэн. Бид 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн тайлбартаа тээврийн зардал яагаад 4 000 ам.доллар болсон талаар тодорхой тайлбар өгч байсан. 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Би энд Жи интернэшнл ХХК-иас ирүүлсэн тодруулга мэйл, 2015 оны 3 дугаарсарын 30-ны өдрийн Би энд Жи интернэшнл ХХК-иас ирүүлсэн төлбөрийн нэхэмжлэх зэргээр чингэлэг Монгол Улсад ирэхээс өмнө хүрэх өртөө өөрчлөгдөж, үнэ нь өөрчлөгдсөн байсныг нотолж байна. Р.Г- нь энэ бүхнийг хүлээн зөвшөөрч 4 600 ам.долларын төлбөрийн нэхэмжлэхэд гарын үсэг зурж ачаагаа хүлээж авсан байдаг. Хавсралтад буй мэйлд Би энд Жи интернэшнл ХХК-аас өгсөн 4 600 ам.долларын үнийн бүх задаргааг тайлбарлаж ирүүлсэн. Р.Г- нь Хамгийн үнэн зөв тодорхойлолт “А” ХХК-иас хотын гаальд гаргаж өгсөн TCNU9415615 тоот контейнерийн Солонгос улсаас Улаанбаатар хүртэлх тээврийн хөлс нийт Р.Г нь 2 600 ам.доллар төлсөн... гэж бичсэн байдаг. Р.Г- нь 2015 оны 4 сард чингэлгийг төлбөрийн нэхэмжлэхийн хамт хүлээн авахдаа гаалийн бүрдүүлэлтийг өөрөө хийсэн. Ингэхдээ биднээр тусд нь төлбөрийн нэхэмжлэх дээр БНСУ-аас Замын-Үүд хүртэлх тээврийн хөлсийг тооцуулан бичилт хийлгэж авч гаальд мэдүүлсэн байдаг. Инчоноос Тяньжин хүртэл далайн тээврийн хөлс нийт 600 ам.доллар, Тяньжинаас Замын-Үүд хүртэл автотээврийн хөлс нийт 2 810 ам.доллар, Замын-Үүдээс Улаанбаатар хүртэл төмөр замын тээвэр 1 030 ам.доллар гарсан байдаг.

Иймд 2 600 ам.доллар нь Р.Г-ийн хэлдгээр бодит үнэ биш учир Р.Г-ийн нэхэмжилж буй 987.89 ам.доллар нь илүү төлсөн биш, харин ч төлбөл зохих ёстой байсан мөнгө. БНСУ-аас Улаанбаатар хүртэлх нийт тээврийн үнийн задаргаа нийт 4 600 ам.доллар, Замын-Үүдээс Улаанбаатар хүртэлх тээврийн үнийн задаргаа төмөр замын тээврийн үнэ 1 090 100 төгрөг, элдэв хураамж 27 530 төгрөг, Замын-Үүд Элдэв хураамж 20 000 төгрөг, Элдэв хураамж 14 100 төгрөг, Улаанбаатараас Замын-Үүд хоосон ачилт 459 600 төгрөг, “А” ХХК-ийн ашиг 397 170 төгрөг, нийт 2 008 500 төгрөг.

Төмөр замд нийт 1 611 330 төгрөг төлсөн, 1 ам.доллар 1 950 төгрөг буюу 2 008 500 төгрөг нь 1 030 ам.доллар гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШШ2018/00089 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д заасныг тус тус баримтлан Р.Г-өөс тээвэрлэлтийн гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэлд 1 012.11 ам.доллар буюу 2 493 252 төгрөгийг гаргуулахыг хүссэн “А” ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, “А” ХХК-иас илүү төлсөн хөлс 987.89 ам.доллар буюу 2 400 572 төгрөгийг гаргуулахыг хүссэн Р.Г-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “А” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 55 800 төгрөгийг, хариуцагч Р.Г-өөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 53 900 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 635 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШШ2018/00089 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхзулын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54 842 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтуудыг буруу үнэлэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 12-ны өдрийн 182/ШШ2018/00089 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 635 дугаартай магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

...Иргэний хуулийн 396 дугаар зүйлийн 396.1-д “Нэг гэрээгээр хэд хэдэн тээвэрлэгч тээвэрлэлтийг дамжуулан гүйцэтгэхээр байвал тээвэрлэгч бүр тээвэрлэлтийн үүргийг хооронд нь хариуцах бөгөөд дамжуулан тээвэрлэхээр ачааг хүлээн авч байгаа тээвэрлэгч ачаа болон дагалдах бичгийг хүлээн авснаар гэрээний тал болно” гэж заасан байдаг.

Р.Г-ийн тээвэрлүүлсэн чингэлэг нь 3 улс дамнасан буюу БНСУ-ын Би энд жи штернэшнл ХХК, БНХАУ-ын Шенг ши юун тонг ХХК болон Монгол улсын “А” ХХК-иуудаар тус тус тээвэрлэлтийг гүйцэтгүүлсэн. Нэхэмжлэгч нь дамжуулан тээвэрлэхээр ачаа болон дагалдах бичгийг хүлээн авснаар гэрээний нэг тал болсон учир нэхэмжлэгч хариуцагчийн хооронд эрх зүйн харилцаа үүссэн. Нэгэнт гэрээний тал болсон учир нэхэмжлэгчид шаардах эрх үүснэ. Хавтаст хэрэгт хариуцагч аль ч тээврийн компанитай бичгээр байгуулсан гэрээ авагдаагүй, БНСУ-д байхдаа Би энд Жи интернэшнл ХХК-д тээврийн хөлс төлж байсан удаагүй, тээврийн хөлсийг зөвхөн “А” ХХК-д төлдөг байсан байхад шүүх 2 тээвэрлэгчийг ялгаж нэхэмжлэгчийн эрх зүйн нөхцөлийг дордуулан дүгнэж шийдвэрийн үндэслэл болгосон.

Нэхэмжлэгч нь Би энд Жи интернэшнл ХХК-тай 2015 оны 04 сарын 30, 2015 оны 05 сарын 29-ийн өдрүүдэд тооцоо нийлж, тооцоог дуусгасныг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. /XX 8,9,10 тал/ Мөн энэ талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад удаа дараа тайлбар өгч байсан. Гэвч шүүх хэрэгт цугларсан нотлох баримтаар батлагдаж байгаа үйл баримтыг бүрэн дүүрэн тогтоолгүй шийдсэн нь шийдвэр үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг зөрчсөн.

Нэхэмжлэгч 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа иргэн Р.Г-өөс тээврийн зардлын үлдэгдэл төлбөр болох 1012.11 ам.доллар буюу 2 493 252 төгрөгийг гаргуулан “А” ХХК-д олгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь анхнаасаа зээлийн гэрээний харилцаа бус тээвэрлэлтийн гэрээний харилцаа байхад шүүх зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэдгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон.

Хариуцагч нь 3587.89 ам.долларыг 8 удаа цувуулж төлсөн байдаг. Төлөлтийн явцад буюу 4 дэх удаад /2016.02.22 XX 11 тал/ гэхэд 2592.64 ам.долларын тээвэрлэлтийн зардлыг хариуцагч төлчихсөн байсан. Гэвч хариуцагч тээвэрлэлтийн зардлын төлөлтийг үргэлжлүүлэн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл дахин 4 удаа төлсөөр 3587.89 ам.доллар болсон. Ялангуяа сүүлийн 4 удаагийн төлбөр төлөлт нь хариуцагч анхнаасаа 4600 ам.доллар төлөхийг зөвшөөрсөн буюу талууд харилцан тохиролцсон байсныг нотлох үйлдэл юм. Хариуцагч хэрэв тээвэрлэлтийн үнэ анхнаасаа 2600 ам.доллар гэж бодож байсан бол 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс хойш 1000 орчим ам.доллар нэмж төлөхгүй байх байсан.

Гэвч шүүх эдгээр бодит үйлдлийг ямар ч баримтгүй зүгээр дарамтлаад байсан болохоор илүү төлчихсөн гэдэг үгэнд итгэн хэргийг шийдвэрлэж байгаа нь хэргийн үйл баримтыг бодитоор үнэлэх зарчмыг алдагдуулсан.

Хариуцагч төлбөрийн нэхэмжлэхэд гарын үсэг зурсан нь тээврийн хөлсийг хүлээн зөвшөөрснийг илтгэх үйл баримт юм. Харин хариуцагч зөвшөөрөөгүй байсан бол бид чингэлгийг олгохгүй байх байсан гэх бидний тайлбар нь тухайн үед тээврийн үнийг зөвшөөрсөн байсан учраас л бид үүргээ биелүүлж чингэлгийг олгосон гэдгийг илтгэж байгаа юм. Гэвч шүүхээс талуудын өгсөн тайлбарыг буруу тайлбарлан, дүгнэж шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчмыг алдагдуулсан.

Тээвэрлэлтийн хөлс нэмэгдэх болсон анхны шалтгаан нь ачаа хүлээж авах газар нь Замын-Үүд боомтоос Улаанбаатар болж өөрчлөгдсөнтэй холбогдон гарсан зардал. Р.Г-ийн 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Би энд Жи интернэшнл ХХК-нд утсаар ярьж гаргасан хүсэлтийн дагуу ачаа хүлээн авах газар нь Улаанбаатар хот болж өөрчлөгдсөн байдаг /XX 45/.

Чингэлгийн ачилтыг хариуцагч өөрөө БНСУ-ын Кумарсан компаниар үйлдүүлсэн бөгөөд энэ нь анхан шатны шүүхэд өгсөн бичгийн тайлбараар нотлогддог. Тээвэрлэлт БНХАУ-ын Тианжин боомтод хүрэхэд чингэлэгт тэнцвэргүй ачилт үүссэн байсныг тээвэрлэгчид анх мэдсэн. Тухайн үед Р.Г- энэ талаар мэдэж зөвшөөрөл өгсөн нь түүний шүүхэд гаргасан бичгийн тайлбараар нотлогддог. Р.Г- тээвэрлэлтийн үнэ нэмэгдсэнийг хүлээн зөвшөөрөөгүй байсан бол БНХАУ-ын Шенг ши юун тонг ХХК өөртөө эрсдэл үүрэн Р.Г-ийн өмнөөс БНХАУ-ын гаальд торгуулийг төлж тээвэрлэлтийг гүйцэтгэхгүй байсан. Өөрөөр хэлбэл Таньжин боомтоос цааш тээвэрлэлтийг хийхгүй байсан.

Хариуцагчийн өөрийнх нь хүсэлтээр тээвэрлэлтийн хөлс нэмэгдэж ачаа хүлээн авах газар солигдсон нь “А” ХХК-д тээвэрлэлтийн зардлын үлдэгдлийг төлөхгүй байх үндэслэл болохгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч Р.Г-т холбогдуулан тээврийн зардлын үлдэгдэл төлбөр 1 012.11 ам доллар буюу 2 493 252 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, илүү төлсөн 987.89 ам доллар буюу 2 400 000 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн байх бөгөөд “А” ХХК иргэн Р.Г- нарын хооронд байгуулагдсан гэрээ хэрэгт авагдаагүй, гэрээгээр талууд хүлээсэн үүргээ хэн хэрхэн зөрчсөн нь тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3.-т заасан “шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана” гэсэн заалтад нийцээгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч “А” ХХК нь тухайн харилцаанд өөрөө тээвэрлэгч, эсхүл зуучлагчаар оролцсон нь тодорхойгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Түүнчлэн үйл баримтыг нотлосон баримт болох талуудын хоорондоо харилцаж байсан цахим захидал нотлох баримтын шаардлага хангаагүй байхад дээрх баримтыг шүүх хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн гэж үзнэ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүйгээс талуудын хооронд үүссэн гэрээний эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүй, улмаар хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй байхад давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дээрх алдааг зөвтгөлгүй шийдвэрийг хэвээр үлдээсэн нь магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 168 дугаар зүйлийн 168.1.1. дэх заалтад нийцээгүй байна.

Анхан шатны шүүхийн дээрх алдааг хяналтын шатны шүүхээс зөвтгөн засах,  түүнчлэн хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШШ2018/00089 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 635 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54 842 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х. СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                    Х.ЭРДЭНЭСУВД