Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 048

 

 

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Д.сумын 9 дүгээр багийн оршин суугч Ы.А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Д.сумын Засаг даргад холбогдох;

Нэхэмжлэлийн шаардлага: “Д.сумын Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 35 дугаартай захирамжийг хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ы.А, гуравдагч этгээд К.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Бахыт, гуравдагч этгээдийн өмгөөлөгч К.Ержан, орчуулагч А.Еркегүл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Еркежан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн нэхэмжлэлийн талаарх тайлбарын агуулга:

Миний эцэг болох н.Ыханбай нь тус багийн нутаг дэвсгэрт болох “Арцат” гэх газар 1993 оноос эхлэн өвөлжөө эзэмшиж, ашиглаж байсан ба 1996 онд нас барсан тул уг өвөлжөөг Д.сумын Засаг даргын 2000 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 58 дугаартай “Газар эзэмшүүлэх, ашиглах тухай” захирамжаар хүү нь болох надад 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэн ашиглуулахаар шийдвэрлэсэн юм. Үүнээс өмнө мөн өвөлжөөг Д.сумын Засаг даргын 1993 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн “Өвөлжөө эзэмшүүлэх тухай” 56 дугаартай захирамжаар миний эцэг н.Ыханбайд эзэмшүүлж байсан.

Уг өвөлжөөнд миний хадам аав болох К.Т гэдэг хүн мөн манайтай хамт өвөлждөг байсан ба манайх сумын төвд амьдарч байсан тул тэр айл тэнд өвөлжөөд байсан юм. Гэтэл 2017 оны зун уг өвөлжөөг К.Т нь өөр хүнд зарах гэж байгааг сонсож сумын газрын даамалд хандахад тэрээр надад “таны газарт давхар гэрчилгээ олгосон юм байна” гэж хэлсэн. Түүнийг судлах үед тус сумын Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 35 дугаартай захирамжаар К.Тд уг өвөлжөөг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна. Уг захирамж гарах үед миний газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусаагүй байсан, нэг байршилд давхардуулан газар эзэмшүүлэх талаар шийдвэр гаргасан нь газар эзэмшигч миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэж байна.

К.Тд газар эзэмшүүлэх гэрчилгээ олгосон байгааг мэдээд даруй Д.сумын Засаг дарга А.Ат хандаж “миний өвөлжөөний газарт давхар гэрчилгээ олгосон байна, үүнийг шийдвэрлэж өгнө үү” гэж албан ёсоор хандсан боловч хүлээж аваагүй ба Засаг даргаас надад “та шүүхэд хандаж шийдвэрлүүлэх боломжтой” гэсэн хариуг өгсөн.  Тухайн захиргааны актыг гаргасан Д.сумын Засаг даргаар ажиллаж байсан М.Силамбек нь шүүхэд гэрчээр асуугдаж өгсөн мэдүүлэгтээ “иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэхэд тухайн газар нь эзэмшүүлэх боломжтой газар мөн эсэхийг эхлээд багийн Засаг дарга, газрын даамал нар урьдчилан судлаад,  эзэмшүүлэх боломжтой бол газрын даамал надад танилцуулж, захирамжийн төслийг боловсруулдаг байсан, 2008 оны 35 дугаар захирамж гарахаас өмнө Ы.А  нь уг газрыг 2000 оны 58 дугаартай захирамжаар эзэмшдэг байсныг би мэдээгүй, газрын даамал надад танилцуулаагүй” гэж мэдүүлснээс үзэхэд тухайн үед сумын газрын даамал нь Засаг даргыг буруу мэдээллээр хангаж шийдвэр гаргуулсан гэсэн дүгнэлтэд хүрч байгаа.

Газар эзэмших эрхийн хугацааны хувьд 2000 онд 15 жилийн хугацаагаар газар эзэмшүүлсэн. Гэтэл уг хугацаа дууссан. Энэ талаар нэхэмжлэгч  өөрөө мэдээгүй, газрын гэрээ, гэрчилгээгээ хараагүй, хадам эцэг оршин сууж байсан болохоор маргаан гарна гэж бодоогүй гэж тайлбарладаг. Хэдийгээр газар эзэмших хугацаа дууссан боловч нэгэнт хоёр хүнд давхар уг газрыг эзэмшүүлсэн учраас энэхүү маргааныг хуулийн дагуу Засаг даргын эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэх байх гэж үзэж байгаа. Иймд Д.сумын Засаг даргын 2008 онд гаргасан 35 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Д.сумын Засаг даргаас шүүхэд ирүүлсэн тайлбарын агуулга:

Д.сумын 9 дүгээр багийн иргэн Ы.А нь 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр сумын Засаг даргад өргөдөл гаргаж, “сумын Засаг дарга И.Хулыбекийн 2000 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 58 тоот захирамжаар 7 дугаар багт орших “Арцат” хэмээх газарт 700 м2 газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн ба газар эзэмших эрх нь дууссан тул хугацааг сунгаж өгнө үү” гэж хандсан.

Тухайн үед иргэн Ы.А нь сумын төв суурьшилтай байнгын оршин суугч байсан учраас миний бие 7 дугаар багийн Засаг дарга Д.Баратаас тус багийн нутаг дэвсгэр болох “Арцат”-д хэн өвөлжиж байгаа талаар лавлахад тус багийн иргэн К.Т өвөлжиж байна гэсэн хариу өгсөн. Тиймээс газрын даамалд К.Тн ирүүлсэн материалыг нь шалгаж үзэхэд 1996 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 28 тоот сумын Засаг даргын захирамжаар 30 жилийн хугацаатайгаар 973 дугаар газар эзэмших гэрчилгээний дагуу “Арцат” дахь газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмшсэн байна. Мөн сумын Засаг дарга М.Силамбекийн 2008 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 35 тоот тус өвөлжөөний бэлчээрийн хил заагийг тогтоож өгсөн захирамжтай, иргэн К.Т нь насаараа тус багт  мал маллаж ирсэн иргэн юм. Харин иргэн Ы.А нь сумын төвд 9 дүгээр багт байдаг, хөдөө өвөлжиж байгаагүй, энэ газар нь маргаантай учраас газар эзэмших эрхийн  хугацааг сунгах боломжгүй болсон байгаа гэжээ.

Гуравдагч этгээд түүний өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Би 1990  оны үед сумын нэгдэл тарж эхэлсэн үеэс хойш хөдөө мал маллаж, малын бэлчээр даган Д.сумын 7 дугаар багт өвөлжиж, хаваржиж эхэлсэн бөгөөд тухайн өвөлжөөг н.Шаймурат гэгч эзэмшиж байх үеэс хамт өвөлжиж ирсэн. 1993 онд н.Шаймурат нь Казахстан улс руу нүүж явахад миний бие н.Шаймуратын тус өвөлжөөний газрыг байшингийн хамт анх уг өвөлжөөг хувьчилж авсан хувьцааг мөнгөөр үнэлэн худалдан авч үлдсэн. Үүний дараагаар 1993 онд надтай хамт иргэн н.Кауек, н.Ыханбай нар хамт өвөлжихөөр нүүж ирсэн бөгөөд н.Ыханбайн эхнэр нь нас барснаар тус өвөлжөөнд хоёр сар оршин суугаад нүүж явснаас хойш огт эргэж ирээгүй, маргаан  гаргаагүй болно. Дараа нь Д.сумын Засаг даргын  1996 оны 28 дугаар бүхий захирамжаар надад уг өвөлжөөний газрыг 30 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр захирамж гарч, 973 дугаар бүхий газар эзэмших гэрчилгээ олгосон. Харин 2006 онд н.Кауек мөн Казахстан улс руу нүүж явсан тул миний бие бэлчээрийн заагийг дахин тогтоолгож, “Арцат” дахь өвөлжөөний газрыг үргэлжлүүлэн 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр тус сумын Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 35 дугаар захирамж дахин гарч, 0169938 дугаар бүхий газар эзэмших гэрчилгээ олгосон. Ийнхүү миний бие уг “Арцат” гэх өвөлжөөний газрыг 1990 оноос хойш 28 жилийн турш байнга эзэмшиж ирсэн юм. Харин Ы.А нь 1993 оноос хойш уг өвөлжөөнд огт өвөлжихөөр ирж байгаагүй, маргаан гаргаж байгаагүй мөртлөө өнөөдөр 2000 онд газар олгосон гэх захирамж гаргаж, маргасан нь хуульд нийцэхгүй юм. Миний бие 28 жилийн хугацаанд өөрийн өвөлжөөний малын хашаа, хороо болон байшин, сууцаа сайжруулан барьж бэлчээрийн газраа экологийн тэнцвэрт байдлыг хадгалан арчилж байсныг нутгийн олон бүгд мэдэх билээ. Нэхэмжлэгч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өөрөө тайлбарласнаар,  1994, 1995 онд 2 жилийн хугацаагаар маргаан бүхий газарт амьдарсан. 2000 онд уг газрыг  эзэмшилд авснаас хойш огт ашиглаагүй гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрч байгаа.  Газрын тухай хуульд зааснаар 2000 онд нэхэмжлэгч газрыг өөрийн эзэмшилд авсан бол Газрын тухай хуульд зааснаар 2 жилийн хугацаанд тухайн газрыг зориулалтын дагуу ашиглаагүй бол  газар эзэмших эрх нь дуусгавар болж, хүчингүй болдог хуульд зохицуулалттай.

Одоогийн байдлаар газрын гэрчилгээний хугацаа дууссанаа мэдэлгүй 3 жил өнгөрсний дараа 2015 онд миний гэрчилгээний хугацаа дууссан гэж байгааг шүүх анхаарах хэрэгтэй. Тухайн өвөлжөөний газарт  Ы.Аийн эд хөрөнгө гэхээр ямар ч зүйл байхгүй, газрыг ашиглаж байгаагүй, өмнө нь эцэг н.Ыханбайн амьдарч байсан байшинг 1994 онд нүүлгээд аваад явсан. Иймд Ы.Аийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөх хүсэлттэй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Маргаан бүхий захиргааны акт болох Д.сумын Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 35 дугаартай захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-т заасныг баримтлан тус сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр болох “Арцат” хэмээх  бэлчээрийн бүс нутгаас 500 м2 газрыг гуравдагч этгээд К.Тд өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлснээс гадна бэлчээрийн заагийг тогтоожээ. Уг шийдвэрийн дагуу сумын газрын даамлаас мөн оны 07 дугаар сарын 14-ний өдөр гуравдагч этгээдэд уг газрыг эзэмших эрхийн 0169938 дугаартай гэрчилгээг олгосон байна.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 1993 онд анх уг газрыг түүний эцэг н.Ыханбай  эзэмшдэг байсан, дараа нь  сумын Засаг даргын 2000 оны 58 дугаартай захирамжаар өөрт нь 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн, уг газрыг эзэмших эрхтэй хугацаанд гуравдагч этгээдэд дээрх 35 дугаар захирамжаар давхцуулж газар эзэмшүүлсэн нь хууль бус, уг газрыг цаашид эзэмших эрхтэй гэж тайлбарлаж маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримт болон нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн тайлбаруудаас үзэхэд  анх маргаан бүхий  газрыг иргэн н.Шаймурат өвөлжөөний зориулалтаар эзэмшин сууж байгаад Казакстан улсад нүүсэн байх ба 1993 оны байдлаар уг газарт тус сумын иргэн н.Кауек, гуравдагч этгээд К.Тохтаубай, мөн нэхэмжлэгч Ы.А нь эцэг н.Ыханбайтай хамт тус тус  оршин сууж байгаад 1995 онд  өрх тусгаарлан гарснаар өөр газарт буюу Д.сумын төвийн  9 дүгээр багт нүүж тус багт одоог хүртэл оршин суудаг байна.

1993 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Д.сумын Засаг даргын 56 дугаартай “Өвөлжөө эзэмшүүлэх тухай” захирамжийн холбогдох хэсгээр маргаан бүхий газрыг иргэн н.Кауек болон нэхэмжлэгчийн эцэг н.Ыханбай нарт эзэмшүүлсэн байх ба газар эзэмшигч н.Ыханбай нь 1996 онд нас барснаар нэхэмжлэгч маргаан бүхий газарт байрлах эцгийнхээ гэрийг буулгаж, өөр газар буюу “Ахуунт” гэх газарт нүүлгэжээ. Уг газрыг хамтран эзэмшигч байсан иргэн н.Кауек нь мөн Казакстан улсад нүүсэн байх ба  гуравдагч этгээд К.Т нь тухайн газарт 1993 оны өмнөөс одоог хүртэл оршин сууж, амьдарч ирсэн зэрэг эдгээр үйл баримтын талаар талууд маргаагүй болно.

Д.сумын Засаг даргын 1993 оны 56 дугаар захирамжийн дагуу маргаан бүхий газрыг эзэмшигч болох нэхэмжлэгчийн эцэг н.Ыханбай нас барснаар тус сумын Засаг даргын 2000 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 58 дугаартай “Газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай” захирамжаар 1994 оны Газрын тухай хуулийн 27, 28, 29, 30, 31, 32, 34  дүгээр зүйлүүдийг баримтлан “7 дугаар багийн иргэн К.Ыханбай нас барсан учир” гэх үндэслэл зааж, түүний хүү болох нэхэмжлэгч Ы.Ат маргаан бүхий газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж, мөн оны 12 дугаар сарын 18-ны өдөр 030800072 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байжээ.

Нэхэмжлэгч Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д зааснаар газар эзэмшигчийн хувьд  гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах, 35.3.1-д зааснаар газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг хэрэгжүүлэх,  35.1.5-д зааснаар газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах зэрэг эрх, үүргийг хэрэгжүүлэх байтал эрх бүхий этгээдээс 2000 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 15 жилээр эзэмшүүлсэн хугацаанд нэхэмжлэгч бодит байдлаар уг газрыг өвөлжөө, хаваржааны зориулалтаар эзэмшиж, ашиглаагүй, газар эзэмших эрхийн хугацаа нь 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс дууссан үед газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулахаар хүсэлтээ гаргаагүй зэрэг нь  нэхэмжлэгчийн өөрийнх нь тайлбар болон бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч ийнхүү уг газрыг зориулалтын дагуу эзэмшиж ашиглаагүй нөхцөл байдал нь Газрын тухай хуулийн  35 дугаар зүйлийн 35.1.1,  35.3.1-д  тус тус заасан эрх, үүргээ газар эзэмшигчийн хувьд хэрэгжүүлээгүй байх тул 1993 оноос хойш тухайн газрыг эзэмшиж, амьдарч ирсэн гуравдагч этгээдэд уг газрыг эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан нөхцөлд хамаарахгүй буюу бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газартай давхацсан гэж үзэх үндэслэлгүй юм. Газрын эзэмшил, ашиглалт нь тухайн газраа зориулалтын дагуу буюу энэ хэргийн хувьд өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмшигч өөрөө эзэмшиж байгаагаар хэрэгжих ёстой учир  дээрх байдлаар нэхэмжлэгч тус газрыг эзэмших эрхтэй 15 жилийн хугацаанд уг газарт оршин сууж зориулалтаар нь эзэмшиж, ашиглаагүй тохиолдлыг  Газрын тухай хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болох тул хуулийн 31.3-т заасныг зөрчсөн гэж үзэхээргүй байна.

Мөн Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д зааснаар  газар эзэмших эрхийн гэрчилгээ болон гэрээний хугацаа дуусахад 39.1-д зааснаар газар эзэмших эрх дуусгавар болох бөгөөд  нэхэмжлэгчийн маргаан бүхий газрыг эзэмших эрхийн хугацаа 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр дуусгавар болсон, хуулийн 37.1-д зааснаар нэхэмжлэгч эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө газар эзэмшигчийн хувьд хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн үед Засаг даргад гаргаагүй, нэхэмжлэгчээс мөн зүйлд заасан хүсэлтийг сумын Засаг даргад 2017 оны  05 дугаар сарын 31-ний  өдөр гаргасан гэж тайлбарласан боловч хуулийн 37.2-т зааснаар Д.сумын Засаг даргаас нэхэмжлэгчийн маргаан бүхий газрыг эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргаагүй байна. Энэ нөхцөлд нэхэмжлэгчийг уг газрыг эзэмших эрхтэй гэж үзэхгүй юм.

Нэхэмжлэгчээс уг газрыг эзэмших эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр байсан хугацаанд маргаан бүхий захиргааны акт гаргаж, гуравдагч этгээдэд миний эзэмшлийн газрыг давхцуулж эзэмшүүлсэн нь хууль бус  гэх боловч түүний тухайн газрыг эзэмших эрхийн хугацаа нь 2 жил  6 сарын өмнө дуусгавар болсон нөхцөлд энэ нь гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн Д.сумын Засаг даргын 2008 оны 35 дугаар захирамжийг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзлээ.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг  шүүх хамгаалах бөгөөд нэхэмжлэгч дээрх байдлаар маргаан бүхий газрыг эзэмшиж, ашиглаагүй, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусаж уг газрыг эзэмших эрхгүй болсон зэрэг нь тогтоогдсноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 35 дугаар 35.1.1, 35.1.5, 35.3.1, 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ы.Аийн тус шүүхэд гаргасан Д.сумын Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 35 дугаартай захирамжийг хүчингүй болгох“-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.РИЗА