Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2022/0061

 

“М м” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Д.Баатархүү,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч А.Сарангэрэл,

Илтгэгч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар,

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагч Хэнтий аймгийн Засаг дарга,

Нэхэмжлэгч: “М м” ХХК,

Хариуцагч: Хэнтий аймгийн Засаг дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: “Хэнтий аймгийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн “Гэрээ цуцлах тухай 9/496 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах тухай“,

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 19 дүгээр шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.З, өмгөөлөгч М.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, Б.Д нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Мөнгөнзул,

Хэргийн индекс: 127/2021/0011/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “М м” ХХК Хэнтий аймгийн Засаг даргад холбогдуулан “Хэнтий аймгийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн “Гэрээ цуцлах тухай 9/496 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 19 дүгээр шийдвэрээр: ”Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4. а, Барилгын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, 25 дугаар зүйлийн 25.1.2 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч “М м” ХХК-ийн, Хэнтий аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, аймгийн Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 9/496 дугаар “Гэрээ цуцлах тухай шийдвэрийг хүчингүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “М м” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулж, “М м” ХХК-д олгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Анхан шатны шүүх дотор засал, гадна тохижуулалтын ажлын зураг төсөв нь бүрэн шийдвэрлэгдээгүйгээс тайз угсралтын ажлыг гүйцэтгэх чадамжгүй болсныг гадна тохижилтын ажлын зургаас болсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

3.2. Хэнтий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас гаргасан нотлох баримтыг үнэлээгүй, өөр байгууллагаар дүгнэлт гаргахыг дурдсан нь ямар хуулийг үндэслэж байгаа талаар дурдаагүй.

3.3. Сонсон ажиллагааг явуулж, нэхэмжлэгчээс хариу тайлбарыг авсан байхад хийгдээгүй мэтээр дурдсан.

3.4. Захиалагчийн шаардлагаар дахин хийсэн ажилд санхүүжилт олгох боломжгүй.

3.5. Хэнтий аймгийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед дэд бүтцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг хүлээн авч, ажил гүйцэтгэх боломжоор хангаж ажиллаж байсан ч нэхэмжлэгч компаниас ямар нэгэн хүсэлт ирүүлж байгаагүй.

3.6. Иймд Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 19 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгч хариуцагчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Шүүх хариуцагчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангалаа. Үүнд:

2.1. Нэхэмжлэгч “М м” ХХК Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газартай 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр “Хэнтий аймгийн Чингис хотод баригдах 600 хүний суудалтай “Хан Хэнтий чуулга”-ын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан бөгөөд уг гэрээний 1.4-д “ ... барилга угсралтын ажлын /бусад ажил/-ын хамт 2015 оны 08 дугаар сарын 30-нд эхэлж, 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ашиглалтад оруулах”-аар, 5.2-т “Санхүүжилтийг гүйцэтгэлээр санхүүжих ... ”-ээр, 5.9-д “Гэрээг 2016 оны 07 дугаар сарын 01-ний дотор дүгнэх”-ээр харилцан тохиролцож тусгасан.

2.2. Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “захиргааны гэрээний агуулгын голлох ач холбогдол бүхий харилцаа тухайн гэрээг байгуулснаас хойш бүхэлдээ өөрчлөгдсөн, гэрээний аль нэг тал гэрээний анхны зохицуулалтыг цаашид баримтлах боломжгүй гэж үзсэн бол уг гэрээнд өөрчлөлт оруулахыг шаардах эрхтэй” гэж заасан.

2.3. Нэхэмжлэгч “М м” ХХК “Хан Хэнтий чуулга”-ын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг хариуцагч Хэнтий аймгийн Засаг даргатай 2017 оны 02 дугаар сарын 16, 2018 оны 01 дүгээр сарын 12, 2019 оны 07 дугаар сарын 08, 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрүүдэд “Хан Хэнтий чуулга”-ын барилга угсралтын ажлыг 2017 оны 10 дугаар сарын 01, 2018 оны 09 дүгээр сарын 01, 2020 оны 06 дугаар сарын 01, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ашиглалтад оруулахаар тус тус сунгаж байжээ.

2.4. Хариуцагч албан тушаалтан гэрээний дагуу уг барилгыг ашиглалтад оруулах хугацаанаас хойш 2 сар 8 хоногийн дараа буюу 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр “2020 онд 2 удаагийн нийт 773,0 сая төгрөгийн ажлын гүйцэтгэлийг баталгаажуулж, санхүүжилтийг олгосон ч тайзны технологийн ажлыг гүйцэтгэх боломжгүй, цаашид үргэлжлүүлэн дараагийн ажлыг гүйцэтгэх санхүүгийн чадавхигүй, технологи, зохион байгуулалтын оновчтой шийдлийг хэрэгжүүлэх чадамжгүй болсон” үндэслэлээр 9/496 дугаар албан бичгээр “Хэнтий аймгийн Чингис хотод баригдах 600 хүний суудалтай “Хан Хэнтий” чуулгын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-г цуцалсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж дүгнэх боломжгүй.

2.5. Учир нь 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн “Хэнтий аймгийн Чингис хотод баригдах 600 хүний суудалтай “Хан Хэнтий чуулга”-ын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу тус чуулгын барилга угсралтын ажлыг ашиглалтад оруулах хугацаа 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөр дууссан байна.

2.6. “М м” ХХК нь туслан гүйцэтгэгчдээ санхүүжилт олгоогүйгээс тоног төхөөрөмж захиалагдаагүй, түүнээс нь үүдэн Портал цамхгийн ажил зогссон, тоног төхөөрөмжийн саатлаас тайзны хөшигнүүдийн ажлууд, бетон дам нурууг цутгаагүйгээс хөгжмийн яамны угсрах зэрэг “Хан Хэнтий чуулга”-ын сан тайзны ажлууд зогссон болох нь хэрэгт авагдсан хариуцагчийн тайлбар, Хэнтий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 03/207 дугаар албан бичиг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

2.7. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-т “Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй” гэж зааснаас гадна гэрээг цуцлах нь гэрээний хэлцлийг зөвхөн ирээдүйд дуусгавар болгож байгаа бөгөөд цуцлах хүртэлх гэрээний үүргийн биелэлттэй холбоотой асуудлаа шийдвэрлүүлэх талуудын эрх нээлттэйг дурдах нь зүйтэй.

2.8. Тиймээс Хэнтий аймгийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр “А к” ХХК-тай байгуулсан “Хан Хэнтий чуулгын барилгын шаардлагатай зураг төсөл боловсруулах гэрээ”-г үндэслэн Барилгын хөгжлийн төв 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр “Хан Хэнтий” чуулгын “Сам тайз, галерей, тайзны технологи-механик”-ийн ажлын төсөвт 1372/2020 дугаар дүгнэлт гарсан, зураг төсөл магадлалаар баталгаажаагүй зэрэг нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохгүй.

2.9. Анхан шатны шүүх энэхүү нөхцөл байдлыг анхааралгүй “зураг төсөл нь магадлалаар баталгаажаагүй асуудал нь 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр гэхэд бүрэн шийдвэрлэгдээгүй байсан” гэж үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

2.10. Үүнээс гадна хариуцагч Хэнтий аймгийн Засаг дарга 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “тайзны технологийн ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан тухайн ажлыг гүйцэтгэх нөхцөл боломжийг бүрдүүлэх, 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор гүйцэтгээгүй тохиолдолд гэрээг цуцлах” болсон талаарх “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 9/264 дүгээр албан бичгийг “М м” ХХК-д хүргүүлсэн.

2.11. 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр “М м” ХХК-ийн гүйцэтгэж байгаа “Хан Хэнтий” чуулгын барилга угсралтын ажлын явцын талаар, ажил гүйцэтгэх гэрээг сунгах эсэхийг нэхэмжлэгч “М м” ХХК болон туслан гүйцэтгэгч компаниудын төлөөлөгч нарыг оролцуулан “Хан Хэнтий” чуулгын барилгын ажил удаашралтай явагдаж байгаа талаар болон бусад асуудлаар сонсох ажиллагаа хийсэн, улмаар “М м” ХХК-аас туслан гүйцэтгэгч этгээдэд 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн дотор санхүүжилтийг шилжүүлэх, сам тайзны ажил үргэлжлүүлэх тохиолдолд гэрээг сунгах, ажил үргэлжлээгүй тохиолдолд гэрээг цуцлахаар мэдэгдсэн зэрэг нь тэмдэглэлээр тогтоогдож байгаагаас үзвэл хариуцагчийг “бодит байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийгээгүй, оролцогчийн сонсож, хамааралтай нөхцөл байдлын талаар тайлбар гаргуулаагүй” гэж буруутгах үндэслэлгүй, энэ талаар анхан шатны шүүх буруу дүгнэлт хийсэн байна.

2.12. Тодруулбал, хариуцагч албан тушаалтан маргаан бүхий захиргааны актыг гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй гэж үзэн “М м” ХХК-ийг оролцуулж, гүйцэтгэх ёстой үүргийн талаарх мэдээлэл болон барилга угсралтын ажлын удаашралт, холбогдох асуудлын талаар тайлбар, санал гаргах боломжийг олгож дээрх байдлаар сонсох ажиллагааг зохион байгуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасанд нийцжээ.

2.13. Монгол Улсад короновируст халдвар тархсаны улмаас эрх бүхий байгууллагуудын холбогдох шийдвэрүүдээр “Бүх нийтийн болон өндөржүүлсэн бэлэн байдал”-ын зэрэгт тус тус шилжүүлсэнтэй холбогдуулж нэхэмжлэгч “М м” ХХК гэрээний дагуу “Хан Хэнтий” чуулгын барилга угсралтын ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэхээр хариуцагч албан тушаалтанд болон холбогдох байгууллагуудад хүсэлт гаргаж байгаагүй нь хэрэгт авагдсан хариуцагчийн тайлбар, бусад баримтуудаар тогтоогдож байна.

2.14. Түүнчлэн “М м” ХХК сам тайзны барилгын ажлыг эхлүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 03-ны өдрийг хүртэл хугацаанд туслан гүйцэтгэгч компанид шилжүүлээгүйг бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотой гэж үзэх боломжгүй.

2.15. Эдгээр нөхцөл байдалд анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийгээгүй энэ тохиолдолд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзэх үндэслэлгүй.

3. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 19 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /2006 оны/ хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-ийн а/, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.3.3 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “М м” ХХК-ийн “Хэнтий аймгийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн “Гэрээ цуцлах тухай 9/496 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                                   Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                   А.САРАНГЭРЭЛ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Д.БАТБААТАР