Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 187

 

    Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

      Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сум, 11 дүгээр баг, 6-08 тоотод оршин суух, 1966 онд төрсөн, 51 настай, эмэгтэй, РД:ОЭ66123062, Борлууд овогт Пагчигийн Оюунгэрэлийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Оюунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч П.Оюунгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1966 онд төрсөн, 51 настай. Би 1982 оноос эхлэн Увс аймгийн Барилга угсралтын трестийн барилгын заслын бригадад будагчнаар 1992 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж байсан. Миний хөдөлмөрийн дэвтэр болон ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал байгаа боловч Барилгын биржид ажилд орсон тушаал олдохгүй байгаа тул тул шүүхэд хандаж байна. Иймд миний 1982 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Барилга угсралтын трестийн барилгын заслын бригадад будагчнаар, 1992 оны 1 дүгээр сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Барилгын биржийн барилгын заслын бригадад будагчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

        Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч П.Оюунгэрэл нь Увс аймгийн Барилга угсралтын трестэд 1982 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарыг дуустал будагчнаар, Барилгын биржид 1992 оны 1 дүгээр сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал будагчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд: 

1. Пагчигийн Оюунгэрэлд 1982 оны 6 дугаар сарын 25-ны өдөр нээсэн бүрэн бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

2. Увс аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1982 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 113 тоот “Ажилд томилох тухай” тушаалд “Барилгын бригадад Пагчиг овогтой Оюунгэрэлийг будагчнаар /засалчин/ 1982 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн авч ажиллуулсугай” гэжээ,

3. Увс аймгийн Архивын тасгаас 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдөр гаргаж ирүүлсэн Пагчигийн Оюунгэрэлийн Увс аймгийн Барилга угсралтын трест болон Барилгын биржид 1982 оны 6 дугаар сараас 1992 оны 8 дугаар сарыг дуустал ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,

4. Увс аймгийн Архивын тасгаас 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр гаргаж ирүүлсэн “Пагчиг овогтой Оюунгэрэл нь Увс аймгийн БУТ-ийн Заслын бригадад 1982-1992 оны хооронд будагчнаар ажиллаж байжээ” гэх тодорхойлолт,

5. Увс аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1992 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 1 тоот “Барилгын биржийг зохион байгуулах тухай” тушаал, Увс аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1992 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 2 тоот “Биржийн зөвлөлийн гишүүдийг батлах тухай” тушаал,

6. Увс аймгийн Барилгын биржийн ерөнхий захирлын 1992 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 126 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд “Пагчиг овогтой Оюунгэрэлийг 19992 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон будагчны ажлаас нь чөлөөлсүгэй” гэжээ,

7. Гэрч Б.Уртнасангийн шүүхэд өгсөн: “Би 1979 оноос Увс аймгийн Барилга угсралтын трестийн харьяа Барилга материалын үйлдвэрт дугуй зуухны тоосго өрөгчөөр ажилд орж 1991 оныг дуустал ажиллаад 1992 оноос Барилгын биржийн Барилга материалын үйлдвэрт дугуй зуухны тоосго өрөгчөөр 1994 оныг дуустал ажиллаж байсан. П.Оюунгэрэл нь 1982 оноос эхлэн манай Барилга угсралтын трестэд заслын бригадад 1991 оныг дуустал будагчнаар, 1992 оны 1 дүгээр сараас Барилгын бирж нэртэй  болоход 1992 оны 12 дугаар сарыг дуустал будагчнаар ажилласан. Бид нэг байгууллагын хоёр өөр бригадад ажиллаж байсан боловч яг ашиглалтад оруулах үед хамтарч хүч нийлэн ажилладаг байлаа” гэх мэдүүлэг,

8. Гэрч Б.Цэнджавын шүүхэд өгсөн: “Би 1973 оноос Увс аймгийн Барилга угсралтын трестэд заслын бригадад өрлөгчин, будагчнаар 1991 оныг дуустал ажиллаад 1992 оноос Барилгын биржийн заслын бригадад будагчнаар 1994 оныг дуустал, 1995 оноос “Их барилга Увс” ХК-д будагчнаар 1995 оны 5 дугаар сар хүртэл ажиллаж байсан. П.Оюунгэрэл нь 1982 оноос эхлэн манай Барилга угсралтын трестэд заслын бригадад ажилд орж 1991 оныг дуустал ажиллаад 1992 оноос Барилгын бирж нэртэй  болоход 1992 оныг дуустал тус тус будагчнаар ажилласан. Манай заслын бригад нь 30 гаруй хүнтэй байсан юм” гэх мэдүүлэг,

9. Гэрч Б.Уртнасангийн Увс аймгийн Барилга угсралтын трест болон барилгын биржид ажиллаж байсныг нотлох түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 852 тоот шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн, Б.Цэнджавын Увс аймгийн Барилга угсралтын трестэд ажиллаж байсныг нотлох түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.  

      Нэхэмжлэгч П.Оюунгэрэл нь Увс аймгийн Барилга угсралтын трестэд 1982 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарыг дуустал будагчнаар, Барилгын биржид 1992 оны 1 дүгээр сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал будагчнаар тус тус ажиллаж байсан болох нь П.Оюунгэрэлд 1982 оны 6 дугаар сарын 25-ны өдөр нээсэн бүрэн бичилттэй хөдөлмөрийн дэвтэр, Увс аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1982 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 113 тоот “Ажилд томилох тухай” тушаал, Увс аймгийн Архивын тасгаас 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдөр гаргаж ирүүлсэн Пагчигийн Оюунгэрэлийн Увс аймгийн Барилга угсралтын трест болон Барилгын биржид 1982 оны 6 дугаар сараас 1992 оны 8 дугаар сарыг дуустал ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Архивын тасгаас 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр гаргаж ирүүлсэн “Пагчиг овогтой Оюунгэрэл нь Увс аймгийн БУТ-ийн Заслын бригадад 1982-1992 оны хооронд будагчнаар ажиллаж байжээ” гэх тодорхойлолт, Увс аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1992 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 1 тоот “Барилгын биржийг зохион байгуулах тухай” тушаал, Увс аймгийн Барилгын биржийн ерөнхий захирлын 1992 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 126 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, гэрч Б.Уртнасан, Б.Цэнджав нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

      Иймд нэхэмжлэгч П.Оюунгэрэлийн Увс аймгийн Барилга угсралтын трестэд 1982 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарыг дуустал 9 жил, 6 сар, 5 хоног будагчнаар, Барилгын биржид 1992 оны 1 дүгээр сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал 1 жил будагчнаар, нийт 10 жил, 6 сар, 5 хоног будагчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.   

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч П.Оюунгэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

     1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Борлууд овогт Пагчигийн Оюунгэрэлийн Увс аймгийн Барилга угсралтын трестэд 1982 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарыг дуустал 9 /ес/ жил, 6 /зургаа/ сар, 5 /тав/ хоног будагчнаар, Барилгын биржид 1992 оны 1 дүгээр сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал 1 /нэг/ жил будагчнаар, нийт 10 /арав/ жил, 6 /зургаа/ сар, 5 /тав/ хоног будагчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч П.Оюунгэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.БОЛОР