Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 188

 

    Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

    Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, Бага наран 45 дугаар гудамжны 6-24б тоотод оршин суух, 1957 онд төрсөн, 60 настай, эрэгтэй, ОО57030335 регистрийн дугаартай, Боржигон овогт Самбуугийн Пүрэвжавын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Уламбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч С.Пүрэвжав шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1957 оны 3 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 60 настай. Би 1984 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс Хөдөлмөр нийгэм хангамжийн хэлтсийн шийдвэрээр Тэс сумын Сум дундын нэгдсэн эмнэлэгт 1995 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл жолоочоор ажиллаж байгаад амьдралын шаардлагаар Улаангом суманд шилжин ирсэн. Тухайн үед ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдохгүй байгаа тул намайг 1984 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл Тэс сумын Сум дундын нэгдсэн эмнэлэгт жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Уламбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С.Пүрэвжав нь Увс аймгийн Барилга угсралтын трест болон 2-3 газар ажиллаж байсан ба энэ хугацааны баримтууд нь байгаа тул шүүхээр тогтоолгох шаардлагагүй байгаа. Харин Увс аймгийн Тэс сумын Сум дундын нэгдсэн эмнэлэгт 1984 оны 7 дугаар сараас 1995 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл жолоочоор ажилласан. Бүрэн бичилттэй хөдөлмөрийн дэвтэр нь байгаа боловч түүний тухайн үед ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдохгүй байгаа тул намайг 1984 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл Увс аймгийн Тэс сумын Сум дундын нэгдсэн эмнэлэгт жолоочоор ажиллаж байсан байдлыг нь тогтоож өгнө үү” гэжээ.

        Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч С.Пүрэвжав нь Увс аймгийн Тэс сумын Сум дундын нэгдсэн эмнэлэгт 1984 оны 7 дугаар сараас 1995 оны 1 дүгээр сарын 05-ний өдөр хүртэл жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд: 

1. Самбуугийн Пүрэвжавд 1974 оны 6 дугаар сарын 25-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэрт “1984 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Тэс сумын Сум дундын нэгдсэн эмнэлэгт жолоочоор авч ажиллуулав, 1995 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр жолоочийн ажлаас чөлөөлөв” гэсэн бичилт хийгджээ,

2. Увс аймгийн Тэс сумын Сум дундын нэгдсэн эмнэлэгт ажиллаж байхдаа буюу 1985 онд ажилчдын хамт авахуулсан фото зураг,

3. Увс аймгийн Архивын тасгаас 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдөр гаргаж ирүүлсэн Самбуугийн Пүрэвжавын Увс аймгийн Тэс сумын Хүн эмнэлэгт 1986 оны 1 дүгээр сараас 1988 оны 9 дүгээр сарыг дуустал жолоочоор ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,

4. Увс аймгийн Архивын тасгаас 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдөр гаргаж ирүүлсэн “Увс аймгийн Тэс сумын Хүн эмнэлгийн даргын 1984, 1995 оны тушаалыг шүүн үзэхэд Самбуу овогтой Пүрэвжавтай холбогдох баримт гараагүй нь үнэн болно” гэх тодорхойлолт,

5. Итгэмжлэл,

6. Гэрч Д.Жүүхээгийн шүүхэд өгсөн: “Би 1969 оноос Увс аймгийн Тэс сумын 4 дүгээр бригадын хүний бага эмчээр 1973 он хүртэл ажиллаад 1973 оноос Их эмчийн салбарт бага эмчээр 1981 он хүртэл, 1981 оноос Тэс сумын 8 жилийн сургуульд физикийн лаборантаар 1986 он хүртэл, 1986 оноос Сум дундын нэгдсэн эмнэлэгт эрүүл ахуйч бага эмчээр 1991 он хүртэл ажиллаад өндөр насны тэтгэвэрт гарсан юм. С.Пүрэвжав нь намайг 1986 онд Сум дундын нэгдсэн эмнэлэгт ажилд ороход тэнд жолоочоор ажиллаж байсан юм. Тэгээд 1995 он хүртэл ажиллаад Улаангом сум руу шилжсэн хүн байгаа юм. Бид тухайн үед Тэс сумын бүх баг, бригадуудын дуудлагад хамт явж байсан учраас түүнийг сайн таньж мэдэх юм. Увс аймгийн Тэс сумын Сум дундын нэгдсэн эмнэлгийн даргаар Р.Бадарч гэх хүн ажиллаж байсан” гэх мэдүүлэг,

7. Гэрч Б.Цэдэнгийн шүүхэд өгсөн: “Би 1983 оноос Увс аймгийн Тэс сумын Сум дундын нэгдсэн эмнэлэгт амбулаторын бага эмчээр 1991 он хүртэл ажиллаад өндөр насны тэтгэвэрт гарсан юм. С.Пүрэвжав нь 1984 онд Сум дундын нэгдсэн эмнэлэгт жолоочоор ажилд орж 1991 онд намайг ажлаас чөлөөлөгдөхөд тэндээ ажиллаад үлдсэн юм. Тухайн үед би дуудлага хариуцсан эмчээр ажиллаж байсан учраас С.Пүрэвжав бид хоёр сумын хэмжээний бүхий л дуудлагад явж байлаа. Зарим тохиолдолд хилийн цаана байгаа айлуудын дуудлагад очихоор хил давах тохиолдол ч гарч байсан юм. Би С.Пүрэвжавыг 1983 оноос эхлэн таньж мэдэх бөгөөд манайх тус суманд 1995 он хүртэл амьдарсан юм. Бид нэг байгууллагад 8 жил гаруй хугацаанд хамт ажиллаж байсан нь үнэн” гэх мэдүүлэг,

8. Гэрч Д.Жүүхээ, Б.Цэдэн нарын Увс аймгийн Тэс сумын Сум дундын нэгдсэн эмнэлэгт ажиллаж байсныг нотлох тэд нарын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд болон Б.Цэдэнг ажлаас чөлөөлсөн  Тэс сумын Сум дундын нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн 1991 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 5 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.  

      Нэхэмжлэгч С.Пүрэвжав нь Увс аймгийн Тэс сумын Сум дундын нэгдсэн эмнэлэгт 1984 оны 7 дугаар сараас 1995 оны 1 дүгээр сарын 05-ний өдөр хүртэл жолоочоор ажиллаж байсан болох нь С.Пүрэвжавд 1974 оны 6 дугаар сарын 25-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэрт “1984 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Тэс сумын Сум дундын нэгдсэн эмнэлэгт жолоочоор авч ажиллуулав, 1995 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр жолоочийн ажлаас чөлөөлөв” гэсэн бичилт хийгдсэн байдал, Увс аймгийн Тэс сумын Сум дундын нэгдсэн эмнэлэгт ажиллаж байхдаа буюу 1985 онд ажилчдын хамт авахуулсан фото зураг, Увс аймгийн Архивын тасгаас 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдөр гаргаж ирүүлсэн Самбуугийн Пүрэвжавын Увс аймгийн Тэс сумын Хүн эмнэлэгт 1986 оны 1 дүгээр сараас 1988 оны 9 дүгээр сарыг дуустал жолоочоор ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, гэрч Д.Жүүхээ, Б.Цэдэн нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

     Иймд нэхэмжлэгч С.Пүрэвжавын Увс аймгийн Тэс сумын Сум дундын нэгдсэн эмнэлэгт 1984 оны 7 дугаар сараас 1995 оны 1 дүгээр сарын 05-ний өдөр хүртэл 10 жил, 6 сар, 5 хоног жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.   

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Пүрэвжавын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

     1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Самбуугийн Пүрэвжавын Увс аймгийн Тэс сумын Сум дундын нэгдсэн эмнэлэгт 1984 оны 7 дугаар сараас 1995 оны 1 дүгээр сарын 05-ний өдөр хүртэл 10 /арав/ жил, 6 /зургаа/ сар, 5 /тав/ хоног жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч С.Пүрэвжавын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.БОЛОР