| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2017/00182/И |
| Дугаар | 189 |
| Огноо | 2017-02-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 189
Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, 1-93 тоотод оршин суух, 1962 онд төрсөн, 55 настай, эмэгтэй, РД:ОВ62031603, Булгадар овогт Шийтэвийн Оюуны ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Оюун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Оюун шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1962 онд төрсөн, 55 настай. Би 1987 онд Увс аймгийн Завхан сумын Техникумын Нийтийн хоолны ангийг эчнээгээр төгсөөд 1988 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн Аймгийн Нисэх онгоцны буудлын гуанзанд анх ахлах тогоочоор ажилд орж 1998 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажилласан юм. Би ажилд орсон тушаал болон хөдөлмөрийн дэвтэр, бусад бичиг баримтаа хулгайд алдсанаас болоод маш их хохирч байна. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох шаардлагатай болсон тул шүүхэд хандаж байна. Архивын тасагт ямар ч баримт байхгүй байсан. Иймд намайг 1988 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 1998 оны 12 дугаар сарыг дуустал Увс аймгийн Нисэх онгоцны буудлын гуанзанд ахлах тогоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Оюун нь Увс аймгийн Нисэх онгоцны буудлын гуанзанд 1988 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 1998 оны 12 дугаар сарыг дуустал ахлах тогоочоор ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. Увс аймгийн Нисэх онгоцны буудалд ажиллаж байхдаа буюу 1989, 1990, 1991, 1993 онуудад хамт олноороо авахуулсан фото зургууд,
2. 1995 онд Увс аймаг дахь Агаарын тээврийн газрын 70 жилийн ойд зориулсан номонд “Гуанзны тогооч Д.Дуламсүрэн, Ш.Оюун нар нисэх багийнхныг ямагт амт чанартай хоолоор дайлж тэднээс талархал хүлээдэг” хэмээн бичжээ,
3. Монгол улсад Нисэх хүчин байгуулагдсаны 70 жилийн ойд зориулсан мэндчилгээг Ш.Оюунд 1995 оны 5 дугаар сард ирүүлж байжээ,
4. Увс аймгийн МСҮТ-ийн захиргаанаас 1995 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Ш.Оюуныг шагнасан баярын бичиг,
5. Увс аймгийн Нисэх буудлаас 1996 оны 5 дугаар сарын 25-ны өдөр шагнасан баярын бичиг,
6. Увс аймгийн Архивын тасгаас 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр ирүүлсэн тодорхойлолт,
7. Гэрч Х.Чогсомын шүүхэд өгсөн: “Би 1990 оноос эхлэн Увс аймаг дахь Агаарын тээврийн газарт чиглүүлэх радио станцын сахиулаар ажилд орж одоог хүртэл ажиллаж байна. Ш.Оюун нь намайг 1990 онд нисэх буудалд ажилд ороход тэнд гуанзны ахлах тогоочоор ажиллаж байсан бөгөөд 1998 он хүртэл ажилласан юм. Би Ш.Оюуныг 1990 оноос эхлэн таньж мэдэх бөгөөд манай нөхөр нисэх буудлын няраваар ажиллаж бид гэр бүлээрээ нисэхийн хашаанд амьдарч байсан учраас ажилчидаа бүгдийг нь сайн таньж мэддэг юм. Ш.Оюуны нөхөр н.Пүрэвдорж нь мөн манай байгууллагад цэнэглэгч машины жолооч хийж байсан юм” гэх мэдүүлэг,
8. Гэрч Д.Одгэрэлийн шүүхэд өгсөн: “Би 1987 оноос эхлэн Увс аймгийн Нисэх буудалд үйлчлэгчээр ажилд орж одоог хүртэл ажиллаж байна. Ш.Оюун нь намайг ажилд ороод нэг жил болсоны дараа буюу 1988 онд нисэх буудлын гуанзны ахлах тогоочоор ажилд орсон бөгөөд 1998 он хүртэл ажилласан юм. Би Ш.Оюуныг 1988 оноос эхлэн таньж мэдэх бөгөөд түүний нөхөр н.Пүрэвдорж нь мөн манай байгууллагад цэнэглэгч машины жолооч хийж байгаад 2016 онд өндөр насны тэтгэвэрт гарсан юм. Ш.Оюуны хувьд н.Даваажав даргыг байх үед байгууллагын аваргаар шалгарч байсан, мөн Иргэний нисэхийн баярын бичгээр мөн шагнагдсан санагдаж байна” гэх мэдүүлэг,
9. Гэрч Х.Чогсомын Увс аймгийн Нисэх буудалд ажиллаж байсныг нотлох Увс аймаг дахь Агаарын тээврийн газрын даргын 1990 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 22 тоот “Ажлаас чөлөөлж шинээр ажилд авах тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Д.Одгэрэлийн Увс аймгийн Нисэх буудалд ажиллаж байсныг нотлох түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч Ш.Оюун нь Увс аймгийн Нисэх онгоцны буудлын гуанзанд 1988 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 1998 оны 12 дугаар сарыг дуустал ахлах тогоочоор ажиллаж байсан болох нь Увс аймгийн Нисэх онгоцны буудалд ажиллаж байхдаа буюу 1989, 1990, 1991, 1993 онуудад хамт олноороо авахуулсан фото зургууд, 1995 онд Увс аймаг дахь Агаарын тээврийн газрын 70 жилийн ойд зориулсан номонд “Гуанзны тогооч Д.Дуламсүрэн, Ш.Оюун нар нисэх багийнхныг ямагт амт чанартай хоолоор дайлж тэднээс талархал хүлээдэг” хэмээн бичигдсэн байдал, Монгол улсад Нисэх хүчин байгуулагдсаны 70 жилийн ойд зориулсан мэндчилгээг Ш.Оюунд 1995 оны 5 дугаар сард ирүүлж байжээ, Увс аймгийн МСҮТ-ийн захиргаанаас 1995 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Ш.Оюуныг шагнасан баярын бичиг, Увс аймгийн Нисэх буудлаас 1996 оны 5 дугаар сарын 25-ны өдөр шагнасан баярын бичиг, гэрч Х.Чогсом, Д.Одгэрэл нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Ш.Оюуны Увс аймгийн Нисэх онгоцны буудлын гуанзанд 1988 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 1998 оны 12 дугаар сарыг дуустал 10 жил, 7 сар, 25 хоног ахлах тогоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ш.Оюуны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Булгадар овогт Шийтэвийн Оюуны Увс аймгийн Нисэх онгоцны буудлын гуанзанд 1988 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 1998 оны 12 дугаар сарыг дуустал 10 /арав/ жил, 7 /долоо/ сар, 25 /хорин тав/ хоног ахлах тогоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ш.Оюуны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР