| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2020/0159/Э |
| Дугаар | 111 |
| Огноо | 2020-06-04 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Ж.Батбаатар |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2020 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 111
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2020/0159/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Отгонзаяа,
Улсын яллагч Ж.Батбаатар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Бадамгэрэл,
Шүүгдэгч С.Г нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.Г-д холбогдох 2039........ дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, С.Г
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч С.Г нь Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 4 дүгээр багийн нутаг “Аваргын боом” гэх газраас 2020 оны 04 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө тус багт оршин суух У.Аийн 1 тооны ягаан зүсмийн шүдлэн эр үхрийг хээр зүсмийн мориор тууж хулгайлан 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Г нь Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 4 дүгээр багийн нутаг “Аваргын боом” гэх газраас 2020 оны 04 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө тус багт оршин суух У.Аийн 1 тооны ягаан зүсмийн шүдлэн эр үхрийг хулгайлан 700.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
1. Хохирогч У.Аийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2020 оны 04 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө үхрээсээ 1 тооны улаан халзан зүсмийн эр шүдлэн үхэр хулгайд алдсан. Би 04 дүгээр сарын 07-ны өдөр үхрээ бүртгэж үзэхэд манай үхэр Аваргын Боом, мал угаадаг хашааны орчмоор бэлчиж байсан. Ингээд үхрээ алдаад ойр орчмоор үхрээ хайгаад явахад ямар нэгэн сураг гараагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-8 тал/
2. Гэрч Л.Хүдэрчулууны мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Манайх Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 4 дүгээр баг Аваргын Боом гэх газарт нутаглаж байна. 2020 оны 04 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө үхрээсээ 1 тооны улаан халзан эр шүдлэн үхэр хулгайд алдсан. Тухайн үед манай нөхөр А ойр орчмоор яваад ямар нэгэн сураг гараагүй. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан... Манай үхэр гэрээсээ хойшоо Аваргын гол орчмоор бэлчдэг... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10 тал/
3. Шүүгдэгч С.Гын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 4 дүгээр баг сумын төвд эхнэр 5 хүүхдүүдийн хамт амьдардаг. 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн орой харанхуй болох үеэр хулгай хийх зорилгоор өөрийнхөө тамга тэмдэггүй хээр морио унаад Дэлгэрхаан сумаас баруун урагш 12 км орчим зайтай газар хэсэг үхэр байсан. Тэгээд би 1 тооны улаан халзан бяруун шүдлэн үхрийг тууж Дэлгэрхаан сумын төвд байх гэртээ авчраад махалж ажилласан... Жижиг биетэй үхэр байсан тул би ганцаараа ажилласан... Би ямар имтэй үхэр гэдгийг анзаарч хараагүй... Уг үхэр нь манай сумын Аваргын боомоор нутагладаг А гэх хүний үхэр байсан. Би анх хулгай хийх үедээ А гэх хүний үхэр гэдгийг мэдээгүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна... хээр морь миний эзэмшлийн морь одоо 5 настай соёолон морь байгаа... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-13 тал/
4. Хөрөнгийн үнэлгээний Фэйр Валуэшн ХХК-ны 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 175 дугаартай: “... Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 4 дүгээр баг Аваргын боом гэх газраас 2020 оны 04 дүгээр сарын 08-09-ний шилжих шөнө хулгайд алдсан нэг тооны үхрийн зах зээлийн үнэлгээг 700.000 /долоон зуун мянга/ төгрөг байх боломжтой гэж тодорхойлж байна... ” гэсэн дүгнэлт /хх-ийн 18 тал/
5. Шүүгдэгч С.Гын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “... Би Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын төвөөс 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн орой харанхуй болох үеэр өөрийнхөө тамгагүй хээр морио унаад Дэлгэрхаан сумаас баруун урагш Аваргын боом гэх сумаас 12 км орчим зайд байх газар луу явсан. Тэнд очиход 100 гаран үхэр байхаар нь нэг улаан халзан шүдлэн хөөгөөд Дэлгэрхаан сумын төв дээр ирээд өөрийнхөө хашаанд оруулсан. Тэгээд өглөө 04 цагийн үед босоод ганцаараа ажилласан. Тухайн үед манай гэрт хүн байхгүй байсан. Ганцаараа ажиллаад сэвсийг нь сумын хогийн цэг дээр авч очиж хаяад махыг нь идшинд хэрэглэх зорилгоор байшиндаа хийж хэрэглэсэн... Би хохирлоо барагдуулах гээд тамгагүй хээр морио ажиллаад махыг нь зараад мөнгийг нь хохирогчдоо өгчихсөн... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч С.Гын бусдын малыг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч У.Ад 700.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 45 тал/ гэсэн нотариатаар баталгаажуулсан тодорхойлолтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн, шүүх хуралд оролцуулах зорилгоор шүүх хурлын тов мэдэгдэж, дуудахад “...нэхэмжлэх зүйлгүй... ” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоо нөхөн төлсөн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр буюу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г-г бусдын малыг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гад тэнсэгдсэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч С.Гад анхааруулсугай.
5. Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч С.Гын тэнсэгдсэн хугацаанд болон үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан морины үнэ болох 855.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Гад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ