| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 180/2020/0108/Э |
| Дугаар | 112 |
| Огноо | 2020-06-04 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Б.Бямбасүрэн |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2020 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 112
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2020/0108/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Д.О
Улсын яллагч Б.Б
Шүүгдэгч Б.Ө, Д.О, Б.Г
Шүүгдэгч Б.Г өмгөөлөгч П.Адъяасүрэн /онлайнаар/ нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Ө, Д.О, Б.Г нарт холбогдох 1939003400257 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Б.Ө, Б.Г, Д.О нар нь бүлэглэн Хэнтий аймгийн Норовлин сумын 1 дүгээр баг Тохой булаг гэх газарт 2019 оны 06 дугаар сарын 03-04-ны хороонд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын ашиглалт явуулж, байгаль орчинд 659.567 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны үед дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч Г.Мөнхзулын өгсөн:... би 193900340257 дугаартай хэрэгт хохирогч иргэний нэхэмжлэгчээр оролцоход татгалзах зүйл байхгүй байна...Би Норовлин сумын 1 дүгээр багийн “Тохой булаг“ гэх газарт хохирсон хохирол болох экологи эдийн засгийн үнэлгээг нэхэмжилж байна...Би сумын төрийн сангийн данс болох 1001811300952 тоот дансанд хүү торгуулийн орлогын дансанд хийлгэнэ...надад өөр нэмж ярих зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 54 хуу/
Иргэний нэхэмжлэгч Ж.Баатарын өгсөн:...Хэнтий аймгийн Цагдаагийн газар нь эрүүгийн 1939003400257 дугаартай хэрэгт Ойт бүс ХХК-иар байгаль орчинд учирсан хохирлын шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулсан. Шинжилгээний байгууллагаас үнэлгээ гаргуулсны төлбөр 5.000.000 төгрөг нэхэмжлэл ирүүлсэн. Манай байгууллага уг зардлыг мөрдөн шалгах ажиллагааны зардлаас 5.000.000 төгрөг гаргаж Ойн бүс ХХ-нд шилжүүлсэн. Ийм эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан этгээдүүдээс мөрдөн шалгах ажиллагааны зардалд гаргасан 5.000.000 төгрөгийн зардлыг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх –ийн 58 хуу/
Гэрч Д.Батбаярын өгсөн:..Хэнтий аймгийн Норовлин сумын 1 дүгээр баг Тохой булгийн алтны хэсэгт 1998 оноос Бэрхийн Уул ХХК-ийн нэр дээр Тохой булгийн алтны уурхай үйл ажиллагаа явуулж эхэлсэн байдаг. 2014 онд Бэрх Уул ХХК-иас Адуляргео-д худалдан борлуулснаар тус компаний мэдэлд орж 2015 оноос үйл ажиллагаа нь зогссон байсан. 2016 оноос 2019 оныг хүртэл үйл ажиллагаа зогссон байсан. 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс Тохой булгийн алтны уурхайн хэсэгт хүмүүс ирж нүх ухаж гар аргаар алт олборлож эхэлсэн. Хамгийн сүүлийн байдлаар 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр том машинууд ирсэн мөн 2 эксковатор ирсэн, мөн иргэд гар аргаар алт олборлож байна гээд миний бие болон Засаг даргын орлогч, тамгын газрын дарга нарын хамт Тохой булгийн алтны уурхайн хэсэгт 2019 оны 06 дугаар сарын 03-ны шөнийн 02 цагийн орчим болоход Адуляргео ХХК-ийн ашиглалтын лицензийн талбай дээр 2 ширхэг экскаватор ажиллаж мөн талбай дотор хуурай шигшүүр хоёрыг байрлуулсан үйл ажиллагаа явуулсан байдалтай мөн нилээд олон тооны машин тэрэг хүмүүс ирсэн зарим нь эксковатороор шанагаар шороо хутгуулж тэвшин дээрээ тавиулсан зарим нь гараар ухаж байсан эмх замбараагүй байдалтай байсан...Бид нарыг очихоос өмнө үйл ажиллагаа явуулаад эхэлсэн байсан. Хичнээн тонн шороо гаргасныг тодорхойлох боломжгүй...гэх мэдүүлэг/хх-ийн 63-64 хуу/
Гэрч И.Энхбатын өгсөн:..Би Норовлин сумын 2-р баг Бүрд гэх газар нутагладаг. Манайхаас зүүн урд зүгт 17 орчим км зайд 1-р багийн нутагт Тохой булгийн алтны уурхайн хэсэг байдаг. Тэнд хүмүүс байгаад шороо аваад байна. Мөн эксковатор ирсэн байна гэж сонсоод 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 23 цагийн орчим би өөрийн 2814 УБН улсын дугаартай хөх өнгийн Бонго маркийн автомашинтайгаа ганцаараа Тохой булгийн алтны уурхайн хэсэгт ирэхэд уурхайн хэсэгт олон машинтай хүмүүс цугласан байсан. Мөн 2 ширхэг экскаватор шороо гаргаж байсан хажууд нь машинууд оочирлоод зогсож байсан ба машинууд араас оочирлоод зогсож байхад нэг экскаватор нь машинууд дээр шороо гаргаж тавьж өгч байсан. Би оочирлож байгаад машиныхаа тэвшин дээр 5 шанага шороо тавиулсан харин нөгөө экскаватор нь шороо гаргаж ирээд бууддаг шигшүүр дээрээ асгаж байсан тэгээд би хөдлөөд гэрлүүгээ явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 65-66 хуу/
Гэрч Т.Наранболдын өгсөн:...Манайх Норовлин сумын 2 дугаар баг Адуун чулуу гэх газар нутагладаг. 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн өглөөгүүр ягаан хоёр автомашин, суудлын хөх өнгийн кроун машин, мөн суудлын дэлика маркийн автомашин мөн дахиад суудлийн авто машин нийт 5 машинтай хүмүүс ирсэн. Ягаан өнгийн хоёр автомашин дээр нь улбар шар өнгийн, шар өнгийн хоёр эсковатор ачсан ирсэн. Тэдгээр хүмүүс нь манай гадаа ирээд Тохой булгийн алтны уурхай явна гэж байсан. Тэгээд явсан манай гэрийн гадаа хөх өнгийн дэлика маркийн машинаа үлдээгээд явсан... Шигшүүр гэмээр 4 хөлтэй 2 том төмөр ачсан явж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 67-68 /
Гэрч Ч.Ууганбаярын өгсөн:...Би Өвөрхангай аймагт хувиараа машин техник механизм янзлах зэрэг янз бүрийн л ажил хийдэг юмаа. Тэгсэн манай сумын танил ах Г надтай уулзаад Хэнтий аймаг руу хоёр унагалдай трактор ачаад Хэнтий аймаг руу явах ажил байна чи өөрийнхөө машин дээр нэг тракторыг нь ачаад эндээс 2 ачааны машинтай гармаар байна ирж очихын 4 сая төгрөгний хөлс өгнө гэж тохиролцсон. Г ах болохоор хотод байдаг Өлзий гэх ахтай ярилцаад Хэнтий аймгийн нэг суманд л газар шорооны ажил хийхээр хоорондоо тохиролцсон юм шиг байна лээ нөгөө жолооч бид хоёр яг ямар ажлаар трактор ачаад Хэнтий аймагт ирж байгааг нь мэдээгүй, 1 машинд нь ирж очихын 4 сая төгрөгний хөлс өгнө гэж тохиролцсон. Тэгээд Өвөрхангай аймгаас 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр гараад хотод 3 хоночихоод Хэнтий аймагт 06 сарын 02-ны орой орж ирээд аймгаас хойш байдаг нэг суман дээр алт гарч байгаа гэх газар 22 цагийн үед очсон. Тэгээд шөнө унтаж байхад 03 цагийн үед цагдаа нар ирээд бид хэдийг авчирсан. Би өөрөө зам мэдэхгүй болохоор хаана ирсэнээ мэдээгүй. Хотоос гарахад л дагуулаад гарсан Өлзий гэх ах бид хэд хэдэд зам зааж явсаар алт гарч байгаа гэх газар авчирсан...гэх мэдүүлэг /хх-ийн 71 хуудас/
Гэрч Э.Наранбаатарын өгсөн:..Би 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумаас Улаанбаатар хотод ажил хийхээр ирсэн. Тэгээд Үнэгүй.мн сайтаас Хэнтий аймаг операторчин ажилд авна гэсэн зар олж харсан. Би 2014 онд Өвөрхангай аймгийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж, операторчин мэргэжилтэй болсон. Зарын дагуу утсаар ярихад Ө гэдэг ах байсан. Ө гэдэг ах удахгүй 2-3 хоног хийх ажил байна гэсэн. Утсаар холбогдож байгаад 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотоос гарсан. Улаанбаатар хотоос гарахдаа ачааны 2 машинд 2 эксковатор, алт угаадаг 2 гар хийцийн төхөөрөмж ачаад Хэнтий аймаг руу гарсан. Замдаа нэг хоноод 2019 оны 05 дугаар сарын 29-ний шөнө Хэнтий аймгийн Норовлин сум руу гарсан. Норовлин суманд нэг айлын гадаа очсон. Тэнд айлын гадаа тээврийн хэрэгслүүдээ засаж амарсан. 2019 оны 06 дугаар сарын 03-ны шөнө 22 цагийн орчим алт ухах газар дээрээ очсон, тэнд очоод экскавотороо буулгасан шороо сэгсэрдэг гар хийцийн төхөөрөмжөө буулгаж угсарсан. Тэгээд 00 цагийн орчмоос газар ухаж эхэлсэн. Тэр алт ухаж байсан газар хүмүүс аймар их байсан. Би шар өнгийн эксковаторыг барьж шороо гаргаж буудаж байсан, 2 удаа буудсан... Нэг цаг буудаад шалам буюу балжмалаа авдаг юм. Би ойролцоогоор 100 гаруй шанага шороо буунд хийсэн. Шөнийн 03 цагийн орчим эрээн цамцтай хүмүүс ирчихсэн гар утсаар бичлэг хийгээд байсан. Би тэр хүмүүсийг ирж байхыг хараагүй нэг мэдэхэд ирчихсэн хажууд зогсож байсан, тэгсэнээ миний эксковаторын цонх руу хэсэг шороо шидсэн. Би тэгэхээр нь зогссон...гэх мэдүүлэг /хх-ийн 73-74 хуу/
Гэрч О.Чинбаатарын өгсөн:...Би Адуляргео ХХК-д ерөнхий геологич ажилтай... Манай компаний оффис Хан-Уул дүүрэг 15 дугаар Рапид харш 11-400 тоотод үйл ажиллагаа явуулдаг юм. Манай ерөнхий захирал С.Н.Руденко гэдэг хүн байдаг захирал П.Мөнхцэцэг гэж хүн байдаг. Манайх Хэнтий аймгийн Норовлин Батноров суманд ашиглалтын А лицензтэй. Манай компани Норовлин сум Тохой булаг гэх газар үйл ажиллагаа явуулах ашиглалтын лиценз 2 байдаг. Манай компани 2014 оноос 2017 онд хүртэл үйл ажиллагаа явуулсан. 2017 онд манай компаний байгаль орчинд нөлөөлөх нарийвчилсан үнэлгээний хугацаа дууссан юм. Ингээд хугацаагаа сунгуулах гэсэн боловч манай компаний үйл ажиллагаа явуулж байгаа ашиглалтын лицензтэй газрыг байгалийн нөөцийн газартай давхацсан гэсэн шалтгаанаар байгаль орчинд нөлөөлөх нарийвчилсан үнэлгээний төлөвлөгөө Байгаль орчны газар баталж өгөхгүй байгаа. Манайх Норовлин сумын 1 дүгээр баг Тохой булаг гэх газар ашигт малтмал олборлох ашиглах лицензийг 2014 онд Бэрх-Уул ХХК-наас худалдаж авсан...Манай ашиглалтын лицензтэй газар иргэд маш олноороо гар аргаар ашигт малтмал олборлоод байгаа. Манай компаниас 5 ажилтан харуул хамгаалалт хийгээд ажиллаж байгаа боловч дийлдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 81 хуудас/
Гэрч Д.Чимэддоржийн өгсөн:...Би зарын дагуу утсаар холбогдож Ө гэх хүнтэй танилцсан. Би утсаар Ө гэх хүнээс ямар ажил байгаа юм гэж асуухад газар шорооны ажил байна эксковатор барих хүн хэрэгтэй байна гэсэн. Би хаана газар шорооны ажил хийх юм гэхэд Хэнтий аймагт хөдөө гээд байсан. Яг юу хийх юм гэхээр хэлэхгүй газар шорооны ажил гэсэн. Өдрийн 50000 төгрөг өгнө гээд байсан. Би зөвшөөрсөн. 2019 оны 06 дугаар сарын 01-ний орой Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн чиглэлд гарсан. Хэнтий аймагт шөнө 03 цагийн орчим ирсэн. Улаанбаатар хотоос ачааны машин дээр техник ачаад гарсан. Хэнтий аймаг ирээд унтаж амарсан. 2019 оны 06 дугаар сарын 02-ны өглөө Хэнтий аймгаас зүүн зүгт явсан. Би Хэнтий аймагт газар мэдэхгүй Ө гэх хүнийг дагаад явсан. Нилээд хол газар зүүн зүгт явсаар байгаад хөдөө айлд очиж хоносон. 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр бүтэн унтаж амарч байгаад шөнө 00 цагийн орчим нөгөө айлынхаас гараад зүүн зүгт явж нинжа нар нүх ухаж байгаа газар очсон. Тэнд эксковатороо буулгаад тэнд байсан хүмүүст шороо ухаад ачиж өгсөн. Тэнд байсан хүмүүс гараараа шороо ухаж байсан. Бид тэнд 2 эксковатортай очсон. Нөгөө эксковаторыг Наранбаатар гэх залуу жолоодож байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 87-88 хуудас/
Гэрч Ц.Өнөрцэцэгийн өгсөн:..Би хувиараа хөдөлмөр эрхлэдэг юм. Би 2016 онд Мөнхдэлгэр гэх хүнээс 1915 ун улсын дугаартай эксковаторыг худалдаж авч байсан. Мөн 3745 УН улсын дугаартай эксковаторыг Цэвээнсүрэн гэх хүнээс 2018 онд худалдаж авч байсан юм. Би энэ хоёр эксковаторыг түрээслэж амьдардаг юм. Энэ хоёр эксковаторыг худалдаж аваад бичиг баримтыг нь өөрийн нэр дээр шилжүүлээгүй байсан. Тэгээд өөрийн эксковаторыг саатуулагдсан гэж мэдээд Цэвээнсүрэн Мөнхдэлгэр нарыг олж уулзаж худалдаж худалдан авах гэрээ байгуулж нотариатоор батлуулж ирсэн...2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр би Улаанбаатар хотод байсан. Ө надтай утсаар яриад ирж уулзсан. Ө надад хэлэхдээ Гтой уулзахад таныг эксковатор түрээсэлдэг гэнэ би 7-10 хоногийн хугацаантай таны эксковаторыг чинь түрээслье би 7-10 хоногийн хугацаатай түрээслээд 8 сая төгрөг өгье урьдчилгаа 2 сая төгрөг бэлэг өгье ажлаа хийж ирээд үлдсэн 6 сая төгрөгийг өгье гэсэн. Би бол эксковатораа түрээсэлж амьдардаг болохоор зөвшөөрч эксковатороо Ө гэх хүнд өгч явуулсан...2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Ө утсаар яриад та эксковаторныхаа бичиг баримтыг аваад Хэнтий аймагт ирэх хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд Хэнтий аймагт ирээд хууль бусаар ашигт малтмал олборлосон гэдгийг мэдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 90-91 хуу/
1915 ун улсын дугаартай Hyundai robex 555w-7 маркийн эксковаторыг 18.000.000 төгрөгөөр, 3745 ун улсын дугаартай Daewoo solar 55v маркийн эксковаторыг 15.000.000 сая төгрөгөөр, 2 ширхэг шороо сэгсрэгч гар хийцийн төхөөрөмжийг 1.700.000 төгрөгөөр, 2 ширхэг kemage маркийн зөөврийн цахилгаан үүсгүүрийг 700.000 төгрөгөөр нийтэд нь 35.400.000 төгрөгөөр үнэлгээ тогтоосон хөрөнгийн үнэлгээний Фэйр валуэшн ХХК-ий шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 160 дугаартай дүгнэлт /хх-ийн 105-106 хуу/
Байгаль орчинд учруулсан хохирлыг 659.567 төгрөгөөр тогтоосон Ойт бүс ХХК-ий шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн №19/04 дугаартай дүгнэлт, ажлын тайлан /хх-ийн 113-114, 115-132 хуу/
Гэрч Э.Мөнхдэлгэрийн өгсөн:...1915 ун улсын дугаартай Hyundai маркийн эксковаторыг анх 2014 онд хүнээс худалдаж авч ашиглаж байгаад 2019 онд Өвөрхангай аймгийн гаралтай Б.Г гэх хүнд гэрчилгээгээ шилжүүлсэн...Г надаас гэрчилгээгээ шилжүүлж аваагүй байж байгаад 2019 оны хавар ирээд гэрчилгээгээ өөрийнхөө нэр дээр болгоод аваад явсан. Гэхдээ худалдах худалдан авах гэрээг би Гтой хийгээгүй цуг явж байсан Өнөрцэцэг гэх хүнтэй нь гэрээ хийсэн...гэх мэдүүлэг /2 хх-ийн 164 хуу/
Гэрч Ч.Цэвээнсүрэнгийн өгсөн:...3745 ун улсын дугаартай эксковаторыг худалдаж аваад 2019 оны зун хэдэн сард гэдгийг нь санахгүй байна Г, Өнөрцэцэг гэх 2 хүн худалдах худалдан авах гэрээ хийгээд аваад явсан. Тухайн үед би Өнөрцэцэг гэх хүнтэй нь гэрээ хийсэн...гэх мэдүүлэг / 2 хх-ийн 165 хуу/
Д.Гийн яллагдагчаар өгсөн:..Би энэ тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна... 2019 оны 05 дугаар сард шиг санаж байна өдрийг нь санахгүй байна. Би энэ үед Улаанбаатар хотод ирчихээд байсан. Ө О хоёр намайг уулзая гэсэн. Бид нар тэгээд хоолны газар уулзсан. Онамайг Хэнтий явья тэнд очиж алт ухмаар байна техникээ өгчих, олборлолт хийх бичиг баримт байхгүй гэж хэлсэн. Би 2019 оны 05 дугаар сарын 20-ны үед шиг санаж байна өөрийн бага оврын 2 ширхэг экскаваторыг Улаанбаатар хотод оруулж ирээд засвар үйлчилгээ хийлгэж байсан юм. 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Онад руу залгаад нөгөө ажил бүтлээ олборлолт явуулах бичиг баримт гарчихлаа надад техникээ авчраад өгчих гэж хэлсэн. Би тэгэхээр нь техникээ ачаад Хэнтий аймаг Норовлин суманд Одбаярын хамт ирсэн. Зар өгч жолооч нар ажилд авсан. Улаанбаатар хотоос 4 жолооч болон Онарын хамт ирсэн. Хэнтий аймгийн Бэрх тосгонд ирчихээд байхад араас Ө ирсэн. Өг Оутсаар дуудсан. 2019 оны 06 дугаар сарын 04-ний орой 23 цагийн орчим алт ухах газраа ирсэн. Алт ухах газар машинтай хүмүүс энэ тэнд л газар ухаад байж байсан, техникээ буулгасан. Би тэгээд буцаж Хэнтий аймагт ирсэн. Намайг Хэнтий аймагт ирээд байж байхад 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Оутсаар яриад цагдаа ирсэн баригдсан гэж хэлсэн... Онадад 2 3 хоног хүлээж бай гэж хэлсэн. Бичиг баримт гарч байгаа Чинбаатар гэдэг хүн ирнэ, зөвшөөрөл нь гарах гэж байна гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 153-154/
Д.Оын яллагдагчаар өгсөн:...2019 оны 06 дугаар сарын 03-04-ний шөнө 2 ширхэг бага оврын эксковатортай алт олборлохоор Хэнтий аймгийн Норовлин сумын Тохой булаг гэх газарт Ө, Г нарын хамт алт олборлохоор хайсан. Гэхдээ алт олборлож чадаагүй, цагдаа нар ирж үйл ажиллагааг зогсоосон. Бид Тохой булаг гэх газарт очоод техник угсарч экскаватороо буулгаад ажиллаад эхлэнгүүд цагдаа нар ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 157 хуу/
Б.Өгийн яллагдагчаар өгсөн:... Би энэ тогтоолын хүлээн зөвшөөрөхгүй байна... 2019 оны 06 дугаар сард өдрийг нь санахгүй байна. Би Улаанбаатар хотод гэртээ байсан. Тэгсэн Онад руу утсаар яриад Норовлингийн алт руу орох гэж байна чи хүрээд ир би Бэрх тосгонд ирчихсэн байна гэж хэлсэн. Би тэгэхээр нь за гэж хэлээд өөрийн 0508 унц улсын дугаартай автомашинтай эхнэр Дашнанжидыг дагуулаад Улаанбаатар хотоос гарсан. Бэрх тосгонд шөнө ирсэн. Намайг Бэрх тосгонд ирэхэд Г, Оболон жолооч операторчингууд байсан...Тэгээд Батноров сумаар дайраад Норовлин сум явсан. Шууд Норовлин сумын алт руу явсан. Тохой булаг гэх газраас баруун зүгт хээр хоёр ачааны автомашин экскаватор болон Гинй болон миний тээврийн хэрэгсэлийг үлдээгээд Одбаярын Delica маркийн автомашинтай шөнө Тохой булаг гэх газар очсон...Тохой булаг гэх газар шөнийн ОО цагийн орчим очсон. Тохой булаг гэх газар очиход тэнд нинжа нар байсан. Тэнд экскаватораа буулгаад газар ухах гэтэл нутгийн хүмүүс ирж та нар бидэнд та нар бидэнд шороо экскаватороор гаргаж өг гэсэн. Тэнд нутгийн иргэдтэй хэрүүл маргаан хийгээд яахав гэж бодоод тэнд байсан иргэдэд экскаватороор шороо шангадаж авч өгсөн. Нинжа нар газар ухаад хөндий нүхнүүд үүссэн байсан тэр нүхнүүдийг нь экскаваторын чанагаар дарж нураагаад нутгийн иргэдэд шороо ачиж өгсөн... Энэ хооронд хуурай шороо сэгсрэгчийг угсарсан. Тэгээд байж байтал Норовлин сумаас эрээн хувцастай хүмүүс ирээд нүхнүүдээ бул гэсэн нүхнүүдийг булаад байж байтал цагдаа нар ирсэн...гэх мэдүүлэг хх-ийн 160-161 хуу/
1939003400257 дугаартай эрүүгийн хэрэгт Норовлин сумын Засаг даргын Тамгын газрын Байгал орчны хяналтын улсын байцаагч ажилтай Г.Мөнхзулыг иргэний нэхэмжлэгчээр оролцуулахаар томилсон Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/98 дугаартай захирамж /хх-ийн 48 хуу/
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тооцох маягт, зардал тооцсон тэмдэглэл, Ойт бүс ХХК-ий Хэнтий аймаг дахь Цагдаагийн газраас байгал орчны үнэлгээ тогтоосон ажлын хөлсөнд 5.000.000 төгрөг нэхэмжилсэн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн нэхэмжлэх / хх-ийн 59-61 хуу/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1 хх -ийн 35-40 хуу/
1915 ун улсын дугаартай Hyundai robex 555w-7 маркийн эксковаторыг 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Э.Мөнхдэлгэрээс Ц.Өнөрцэцэгт худалдсан тухай тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах нотариатаар гэрчлүүлсэн гэрээ, 3745 ун улсын дугаартай Daewoo solar 55v маркийн эксковаторыг 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Ч.Цэвээнсүрэнгээс Ц.Өнөрцэцэгт худалдсан тухай тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах нотариатаар гэрчлүүлсэн гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар болон Ц.Өнөрцэцэг, Ч.Цэвээнсүрэн, Э.Мөнхдэлгэр нарын иргэний үнэмлэхний хуулбарууд / 100-102 хуу/
1915 ун улсын дугаартай Hyundai robex 555w-7 маркийн эксковатор нь Э.Мөнхдэлгэрийн нэр дээр бүртгэлтэй, 3745 ун улсын дугаартай Daewoo solar 55v маркийн эксковатор нь Сидар капитал ББСБ-ын нэр дэр бүртгэлтэй байгаа болохыг тодорхойлсон Автотээврийн үндэсний төвийн лавлагаа / 2 хх-ийн 171-174 хуу/
Яллагдагч нарын алт олборлох зорилгоор ухсан Хэнтиий аймгийн Норовлин сумын нутагт орших 112о 17,32.51Е, 48о14,17.75 N, 112о 17,32.79Е, 48о14,17.61 N, 112о 17,33.34Е, 48о14,17.56 N, 112о 17,33.31Е, 48о14,17.88 N солибол бүхий бүхий талбай нь Адуляргео ХХК-ий MV-000167 тоот хүчин төгөлдөр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайтай 3.22 га талбайгаар хэсэгчлэн давхцалтай байгаа, мөн 1998 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн УИХ-ын 28 дугаар тогтоолоор авсан улсын тусгай газартай бүхэлдээ давхцалтай байгаа, Улсын тусгай хамгаалалттай газар нутаг /Тосон хулстайн БНГ/-тай давхцалтай байгаа тухай Ашигт малтмал, газрын тосны газрын 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 7/4677 дугаартай албан бичиг, Байгал орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 06б/4482 дугаартай албан бичиг /хх-ийн 170, 174 хуу/
Б.Ө, Б.Г, Д.О нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх-ийн 178, 239, 246хуу/
Д.Г, Д.О, Б.Ө нар нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 196, 248, 249 хуу/
Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл / 2 хх-ийн 119-123 хуу/
Д.О нь 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Төрийн сангийн 100181300952 тоот дансанд 659.567 төгрөг тушаасан тухай Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт /2 хх-ийн 124 хуу/
Б.Г нь 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Төрийн сангийн 100181300952 тоот дансанд 1.033.834 төгрөг тушаасан тухай Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт / 3 хх-ийн 32 хуу/
Яллагдагч Б.Г, Б.Ө, Д.О нарын гаргасан “гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай” хүсэлтүүд / 2 хх-ийн 245-247 хуу/
Б.Г, Б.Ө, Д.О нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 30 дугаартай тогтоол /3 хх-ийн 01 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Б.Г, Б.Ө, Д.О нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Ө, Б.Г, Д.О нар нь бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Норовлин сумын 1 дүгээр баг Тохой булаг гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор тухайн газарт шороо сэгсрэгч гар хийцийн төхөөрөмж, зөөврийн цахилгаан үүсгүүр зэргийг аваачиж суурилуулан, 1915 ун улсын дугаартай Hyundai robex 555w-7 маркийн эксковатор, 3745 ун улсын дугаартай Daewoo solar 55v маркийн эксковаторуудаар газар ухаж, байгаль орчинд 659.567 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Б.Ө, Б.Г, Д.О нар нь шүүх хуралдааны үед гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн өгсөн бөгөөд тэдгээрийн үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Г.Мөнхзул, гэрч Д.Батбаяр, Н.Энхбат, Г.Наранболд Ө.Даваажаргал, Ч.Ууганбаяр, Э.Наранбаатар, О.Чинбаатар, Д.Чимэддорж, Ц.Өнөрцэцэг нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нар нь шүүх хуралдааны үед хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол хор уршгийн хувьд маргаагүй болно.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч нарын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1.7 дэх заалтад ”ашигт малтмал ашиглах” гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг ойлгоно гэж заасан байх бөгөөд шүүгдэгч нарын дээрх үйлдлийг ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас байгаль орчинд нийт 659.567 төгрөгийн /эдэлбэр газарт 50.000 төгрөг, газрын хэвлийд 185.300 төгрөг, хөрсөн бүрхэвчинд 424.267 төгрөг/ хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 1 дэх заалтад газрын хэвлийд учирсан хохирлыг байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тооцсон хохирлын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 2 дахь заалтад хөрсөнд учирсан хохирол, байгаль орчныг бохирдуулснаас үүсэх хохирлыг байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тооцсон хохирлын хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэж заасны дагуу тооцоход байгаль орчинд учирсан хохирлын хэмжээг 1.693.401 төгрөг гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд шүүгдэгч нар нь 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 659.567 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 1.033.834 төгрөг нийт 1.693.401 төгрөгийг Төрийн сангийн 100181300952 тоот дансанд тушаасан болох нь Төрийн банкны мөнгөн шилжүүлэгийн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хавтаст хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээнүүдийн хуулбар, эксковаторуудыг 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Э.Мөнхдэлгэр, Ч.Цэвээнсүрэн нар нь Д.Өнөрцэцэгт худалдсан тухай худалдах, худалдан авах гэрээнүүд, Э.Мөнхдэлгэр, Ч.Цэвээнсүрэн нарын өгсөн “эксковаторуудыг Өнөрцэцэг гэх хүнд зарж худалдах, худалдан авах гэрээ хийсэн” гэх мэдүүлгүүдээс үзэхэд уг эксковаторууд нь хэрэг гарах үед Э.Мөнхдэлгэр, Ч.Цэвээнсүрэн нарын эзэмшилд байсан болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч нараас уг эксковаторуудын үнэ болох нийт 33.000.000 төгрөгийг хувь тэнцүүлэн тус тус 11.000.000 төгрөг гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэлтэй байна.
Мөн яллагдагч Б.Г нь “цахилгаан үүсгэвэр хоёр ширхэг мотор нь миний эзэмшлийн эд зүйл мөн би хуурай шороо сэгсрэгчийг өөрөө хийж байсан” /1 хх-ийн 153 хуу/ гэж мэдүүлсэн байх тул зөөврийн kemage маркийн цахилгаан үүсгүүр хоёр ширхэг, шороо сэгсрэгч гар хийцийн төхөөрөмж хоёр ширхэгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хурааж, улсын төсөвт шилжүүлэх хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв.
Хэнтий аймаг дахь Цагдаагийн газраас байгаль орчинд учирсан хохирлыг тогтоолгохоор Ойт бүс ХХК-ий шинжээчид төлсөн 5.000.000 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 161 дүгээр тогтоолоор батласан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журам”-ын дагуу баталгаажуулж ирүүлсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулан Хэнтий аймаг дахь Цагдаагийн газарт олгуулах нь зүйтэй байна. Ойт бүс ХХК нь байгал орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрхтэй болох нь Байгал орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрхийн гэрчилгээний хуулбараар / 2 хх-ийн 187 хуу/ тогтоогдож байна гэж үзлээ
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Яллагдагч нараас хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу /1 хх-ийн 245-247 хуу/ прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол /3 хх-ийн 01 хуу/ гарган яллагдагч Д.О, Б.Ө, Б.Г нарт тус тус 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 19-15 УН улсын дугаартай эксковатор, 37-45 УН улсын дугаартай эксковатор үнэ болох нийт 33.000.000 төгрөгийг шүүгдэгч нараас тус тус 11.000.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох, хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг авах саналыг яллагдагч нарт танилцуулсныг яллагдагч Д.О, Б.Ө, Б.Г /3-хх-ийн 08-10 хуу/ нар нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.
Иймд шүүгдэгч яллагдагч Д.О, Б.Ө, Б.Г нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.О, Б.Ө, Б.Г нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1915 ун улсын дугаартай Hyundai robex 555w-7 маркийн эксковатор, 3745 ун улсын дугаартай Daewoo solar 55v маркийн эксковаторуудыг хэргийн хамт шүүхэд ирүүлээгүй бөгөөд Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “Хүсэлтийг хангах тухай” 10 дугаартай тогтоол, /хх-ийн 96 хуу/ мөрдөгчийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Эд мөрийн баримт, шинжилгээний обьектыг өөр байгууллагад хадгалуулах тухай” тогтоолын /хх-ийн 99 хуу/ дагуу Ц.Өнөрцэцэгт хадгалуулахаар шилжүүлэн өгөхөөр шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигин овгийн Балдансамбуугийн Ө, Шарнууд овгийн Доржсүрэнгийн Одбаяр, Галсан овгийн Баяртогтохын Г нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О, Б.Ө, Б.Г нарыг 5400 /таван мянга дөрвөн зүү/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Д.О, Б.Ө, Б.Г нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш нэг /1/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч Д.О, Б.Ө, Б.Г нарт гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эксковаторуудын үнэ болох нийт 33.000.000 /гучин гурван сая/ төгрөгийг хувь тэнцүүлэн тооцож тус тус 11.00.000 төгрөгийг гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх, шүүгдэгч Б.Гоос шороо сэгсрэгч гар хийцийн төхөөрөмж хоёр ширхэг, kemage маркийн зөөврийн цахилгаан үүсгүүр хоёр ширхэгийн тус тус хурааж, улсын төсөвт шилжүүлэх хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.
6. Шинжээчид төлсөн зардал болох 5.000.000 төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу хувьд тэнцүүлэн тооцож шүүгдэгч нараас тус бүр 1.666.667 төгрөгийг гаргуулж Хэнтий аймаг дахь Цагдаагийн газарт олгосугай.
7. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан шороо сэгсрэгч гар хийцийн төхөөрөмж хоёр ширхэг, kemage маркийн зөөврийн цахилгаан үүсгүүр хоёр ширхэгийг тус тус улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1915 ун улсын дугаартай Hyundai robex 555w-7 маркийн эксковатор, 3745 ун улсын дугаартай Daewoo solar 55v маркийн эксковаторуудыг хэргийн хамт шүүхэд ирүүлээгүй бөгөөд Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “Хүсэлтийг хангах тухай” 10 дугаартай тогтоол, /хх-ийн 96 хуу/ мөрдөгчийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Эд мөрийн баримт, шинжилгээний обьектыг өөр байгууллагад хадгалуулах тухай” тогтоолын /хх-ийн 99 хуу/ дагуу Ц.Өнөрцэцэгт хадгалуулахаар шилжүүлэн өгөхөөр шийдвэрлэсэн, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г, Б.Ө, Д.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ