Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 192

 

    Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

     Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр баг, 8-45 тоотод оршин суух, 1992 онд төрсөн, эмэгтэй, РД:ОЮ92112627, Таргад овогт Цогтбаатарын Одгэрэлийн нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: Увс аймгийн Тэс сумын 5 дугаар багт оршин суух, 1985 онд төрсөн, эрэгтэй, ОО85081936, Цагаагч овогт Уртнасангийн Бямбахүүд холбогдох,

     Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Одгэрэл, хариуцагч У.Бямбахүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

    Нэхэмжлэгч Ц.Одгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Ц.Одгэрэл нь 1992 онд төрсөн. 2014 оны 7 дугаар сард У.Бямбахүүтэй танилцаж, найзлах болсон. 2014 оны 12 дугаар сарын сүүлээр У.Бямбахүү нь хадаг сүү тавиагүй байхад намайг хулгайлж Увс аймгийн Тэс сумын 5 дугаар багт байрлах өөрийн гэрт авч очсон. Бид 2 хамт амьдраад 1 жил гаруй болсон. Энэ хугацаанд миний бие жирэмсэн болж 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр өөрийн охин О.Батцэцэгийг төрүүлсэн. Охиноо Увс аймгийн Улаангом суманд орж ирж төрүүлсэн. Охиноо төрүүлэх гэж байхад У.Бямбахүү нь хамт Улаангом сум орж ирсэн бөгөөд хүүхдээ төрүүлээд бид хамтдаа Увс аймгийн Тэс суманд байрлах У.Бямбахүүгийн гэр рүү хамт явцгаасан. Тэнд очоод 3 хоноод бид 2 маргалдаж намайг охины минь хамт гэрээсээ хөөсөн. Ингээд би өөрийн охиныг авч Улаангом суманд аавынхаа гэрт ирсэн. Одоо охиныхоо хамт аавынхаа гэрт аав, ээж, дүү нарын хамт амьдарч байна. Тухайн үед бид 2 гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй байсан. Охиноо би өөрийн нэрээр овоглож төрсний гэрчилгээ авсан. Охиноо аваад аавынхаа гэрт ирснээс хойш надтай огт холбоо бариагүй, охиноо эргэж ирж байгаагүй. Одоо охин маань 1 нас өнгөрч байна. У.Бямбахүү нь Увс аймгийн Тэс суманд амьдарч байгаа бөгөөд өнгөрсөн зун хүнтэй суусан. Иймд миний охин О.Батцэцэгт эцэг У.Бямбахүүгээс тэтгэлэг тогтоолгож өгнө үү” гэжээ.  

     Хариуцагч У.Бямбахүү шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Ц.Одгэрэл бид хоёр 1 жилийн хугацаанд хамт амьдарсан. Ц.Одгэрэл нь охиноо төрүүлж гэртээ ирээд хэдхэн хоноод Улаангом руу аавынх руугаа буцаад явчихсан. Би араас нь зөндөө ярьж хүлээсэн боловч ирээгүй. Одоо би эхнэртэй болсон. Хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна” гэжээ.

    Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Ц.Одгэрэл нь хариуцагч У.Бямбахүүд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

     Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд хэдийгээр Ц.Одгэрэл, хариуцагч У.Бямбахүү нар нь гэрлэлтээ албан ёсоор бүргүүлээгүй боловч тэдний дундаас 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр охин О.Батцэцэг төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 57 тоот шинжээчийн дүгнэлт, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна. 

    Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасны дагуу охин Таргад овогт Одгэрэлийн Батцэцэгийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг У.Бямбахүүгээр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.

    Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Одгэрэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

     Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч У.Бямбахүүгээс 28.526 төгрөгийг гаргуулж улсын орлогод буюу Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулах зүйтэй.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

     1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар Таргад овогт Одгэрэлийн Батцэцэгийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг У.Бямбахүүгээр тэжээн тэтгүүлсүгэй.

    2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Одгэрэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч У.Бямбахүүгээс 28.526 төгрөг гаргуулж улсын орлогод буюу Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулсугай.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                П.БОЛОР