Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2020 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 96

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2020/0120/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                       М.Долгоржав

Улсын яллагч                                                   Ж.Батбаатар

Шүүгдэгч                                                          П.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                   Г.Баярсайхан нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар   зүйлийн 1 дэх хэсэгт   заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн П.А  холбогдох 2039дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн  биеийн байцаалт :

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч  П.А нь Хэнтий аймгийн  Норовлин  сумын  3 дугаар  багийн нутаг Дарцагт гэх газраас  2018 оны  12 дугаар сард  иргэн  Ц.Бын 1 тооны адууг  хулгайлж  иргэн Ц.Бод  600.000 төгрөгийн  хохирол учруулсан   гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдааны үед шүүгдэгч П.Аын өгсөн: “бусдын адууг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, мөрдөн байцаалтын үед мэдүүлэг өгөхдөө андуурсан гэж мэдүүлэг өгсөн нь худлаа, хулгайлж авсан нь үнэн” гэх мэдүүлэг

Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч Ц.Бын өгсөн:...Би 2018 оны  10 дугаар сард  Норовлин сумын  3 дугаар багийн  нутаг “Эрээн толгой”  гэх газарт өвөлжиж  байхад буюу 2018 оны  10 дугаар сарын  20-ны үед  Норовлин сумын иргэн Баяраа буюу  Дашаа Баяраа гэх  залуу манай өвөлжиж байгаа газраас  өөрийн адуугаа татаж авахдаа  манай нэг тооны зээрд зүсмийн  охин даагыг  хамт аваад явсан,  тэр даага  маань Дашаа Баяраагийн адуунд  2 сар гаран хамт байсан.  Тэгээд энэ талаар би  болон Дашаа Баяраа  мэдэж байсан тэгтэл  2018 оны 12 дугаар  сарын 10-ны  орчим  Дашаа Баяраа над руу утасдаж  манай адуунд  нийлж ирсэн танай зээрд  зүсмийн  охин даагийг  чинь  Норовлин сумын  3 дугаар багийн  иргэн Ариунболд нь ирээд  миний  адуу гээд  аваад  явчихлаа  гэж  хэлсэн... Сүүлд  би 2019 оны 09 дүгээр  сард  Ариунболдтой уулзахад Ариунболд нь  тиймээ  би танай  зээрд  даагын нядласан  гэж  хэлсэн...гэх мэдүүлэг / хх-ийн 11 хуу/

 

Гэрч Д.Наранбаярын өгсөн:...Би 2018 оны 08 дугаар сарын эхээр  Норовлин сумын  3 дугаар багийн  нутаг Далт  гэх газарт зусаж нутаглаж байхад  манай цоохор азаргатай адуунд Батболдын хүрэн зүсмийн даага нийлсэн байсан. Тэгээд би  адуугаа  нутагт  нь үлдээгээд намар  өвөлжөөндөө буюу  Норовлин сумын  Шавартын  хоолой гэх  газарт буусан.  Өвөлжөөндөө  буусны  ар дээр  би өөрийн  цоохор  азаргатай  адуугаа  Батболд  гэх хүний адуунаас  авчирахад  миний цоохор азрагатай адуунд Батболдын  нэг тооны  зээрд зүсмийн даага,  мөн Ариунболдын хүрэн зүсмийн  даага  хамт ирсэн. Тэгээд  өвөл 2018 оны 12 дугаар сард Ариунболд  нь манай  цоохор  азаргатай адуунаас  өөрийн  хүрэн зүсмийн даага  авахдаа  Батболдын  зээрд  зүсмийн  даагатай  хамт аваад  явсан байсан. Тэгээд би  Батболд руу  утасдаад  чиний нэг  тооны зээрд зүсмийн  даагыг чинь  Ариунболд  ирээд  өөрийнхөө  нэг даагыг авахдаа  хамт чиний  даагыг  аваад  явсан шүү  гэх утсаар  хэлсэн... Тухайн үед  манай ээж Ренчинханд  нь надад  утсаар  хэлсэн тэгэхээр нь  би Баярболдод  удалгүй утсаар  хэлж  мэдэгдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 16, 23-24 хуу/

Гэрч С.Ренчинхандын өгсөн:... 2018 оны  11 сард гэж санаж байна. Ариунболд нь  манайхтай айл саахалт  байсан юм. Тэр үед  Ариунболдын нэг даага  манай адуунд  нийлсэн  байсан юм шиг  байгаа юм. Тэгээд тэр үед  үдийн өмнө буюу  11 цагийн  үед  морьтой  манайд ирээд  би танай  адуунд байгаа  даагаа авах   гэсэн юм, адуу чинь хаана байгаа юм гэхэд  нь  мэдэхгүй хойгуур  л байгаа   байх гэж  хэлсэн чинь за гээд  гараад  явсан. Тэгээд манай   гадаа  авчирч  бариагүй, манай зүүн талд байсан Бибиш гэх айлын гадаа  очоод 2 тооны  даага  бариад явсан гэж  надтай  цуг хамтран амьдардаг З.Хүрэлбаатар  хэлсэн байсан. Би тэгэхээр  нь 1 тооны даага  л барих ёстой юмсан гээд хүү Наранбаяр луу  залгаж /тухайн үед хүү хотод ажлаар явж байсан/ нөгөө  Ариунболд  айлын  гадаа  очоод 2 даага  бариад явсан  гэнэ ээ  гэж хэлэхэд хүү Наранбаяр яг  ямар  учиртайг  нь хэлэхгүй  утсаа  тасласан...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуу/

Гэрч Г.Мөнх-Оргилын өгсөн:...Би 2018 оны  өвөл  байсан яг  хэдэн  сарыг  нь   сайн  санахгүй байна. Ариунболд  нь Дашаа  Баяраа  буюу Наранбаяр  гэх хүний  цоохор азаргатай адууг  туугаад манай гадаа ирж  манай адууны  хашаанд  хашаад дотроос 2 тооны хүрэн  зүсмийн даага барьж  авсан.  Тэр хоёр даагыг  Ариунболд нь миний даага  гэж байсан.  Нэг дааганых нь тамгыг  нь харахад  Ариунболдын өөрийн адууны тамгатай  адилхан байсан...Дээрх 2 тооны даагыг  Ариунболд нь  Наранбаярын адуунаас  авахдаа  Ариунболд  нь өөрөө морьтой  ганцаараа ирсэн авсан  хоёр даагаа холбож  уяад  туугаад гэр лүүгээ  аваад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 26 хуу/

П.Аын яллагдагчаар өгсөн:..Надад сонсгосон  Монгол  Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт  заасан ялыг  би хүлээн зөвшөөрч байна...Би Хэнтий аймгийн  Норовлин сумын  3 дугаар  баг хөдөө  хэсэгт эхнэр  хүүхдүүдийн  хамтаар мал маллаж  амьдардаг юм.  Би 2018 оны  12 дугаар сард  Д.Баяраа  гэх хүний адуунаас өөрийн  хүрэн даагыг аваад   мөн цуг байсан  зээрд зүсмийн даагыг  өөрийнхөө  даага гэж бодоод  авч явж гэрийнхээ  гадаа авчирч ажиллаад  зарж борлуулсан. Миний  авсан зээрд зүсмийн  даага  нь минийх  биш харин  Ц.Б  гэх хүний  даага байсан юм байна лээ...Тухайн үед би андуурч  бусдын 1 тооны адууг хулгайлсан юм...би  хохирогчийн  хохирлыг  барагдуулсан. Надад гомдол саналгүй  гэж бичиг  хийж өгсөн....гэх мэдүүлэг /хх-ийн 37 хуу/

 

Хохирогч Ц.Бын  алдсан нэг тооны эм дааганы үнийг 600.000 төгрөгөөр үнэлгээ тогтоосон хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ий шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн ХЦ20-04 дугаартай дүгнэлт /хх-ийн 28-29 хуу/

П.Аын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 38 хуу/

П.А нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39 хуу/

Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 45-46 хуу/

Хохирогч Ц.Бын гаргасан “П.Аод гомдол, санал байхгүй, хохирлоо бүрэн барагдуулж авсан” тухай нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт /хх-ийн 52 хуу/

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч П.Аод  холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

   Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч П.А нь 2018 оны  12 дугаар сард  Хэнтий аймгийн  Норовлин  сумын  3 дугаар  багийн нутаг Дарцагт гэх газраас  хохирогч Ц.Бын нэг тооны адууг /эм даага/ хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч 600.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.  

  Шүүгдэгч П.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь хохирогч Ц.Б, гэрч Д.Наранбаяр, С.Ренчинханд, Г.Мөнх-Оргил нарын мэдүүлэг  болон  бусад нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.

Гэмт хэргийн улмаас 600.000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд хохирогч Ц.Б нь хохирлоо бүрэн барагдуулж авсан, нэхэмжлэх зүйлгүй тухай тодорхойлолт гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.  

 

Аймгийн Прокурорын газраас П.Аын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.

   Иймд  П.Аыг бусдын  малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Шүүгдэгч П.Аод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлуудыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан  Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч П.Аод хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх  үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч П.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар  хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг  удирдлага болгон   ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч П.А бусдын малыг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч П.Аод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдасугай.

 

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдасугай.

 

5. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Аод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Э.ОДХҮҮ