Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2020 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 100

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2020/0144/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн даргаар                             Г. О,

Улсын яллагч                                               Ж. Б,

Шүүгдэгч                                                       Б.Б

Шүүгдэгч                                                      Ц.М нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б, Ц.М нарт холбогдох 2039000000121  дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 14-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын  биеийн байцаалт:

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр  Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Тулга” дэлгүүрийн гадна архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  Ц.Мтай  маргалдаж зодсоны улмаас Ц.Мн биед дээд уруулын дотор салстанд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, эрүүнд зулгаралт, зүүн чихний  дэлбэн духанд  шарх, цээжинд цус хуралт гэмтэл учруулан эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан,

 

Шүүгдэгч Ц.М нь 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Тулга” дэлгүүрийн  гадна архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Бтай маргалдаж зодолдсоны улмаас Б.Бын биед зүүн дээд 1-р шүдний булгарал, уруулын  дотор салст, баруун сарвууны ар хэсэгт мэс заслын оёдол бүхий шарх, баруун  хацарт зулгаралт гэмтэл А55 дугаар байрны 01 тоотод иргэн Л.Оюунболдын нүүрэн тус газарт нь цохисны учруулан  эрүүл мэндэд  хөнгөн хохирол санаатай  учруулсан гэмт хэрэгт тус тус  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Батсүхийн Б, Ц.М нар нь 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр  Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Тулга” дэлгүүрийн гадна архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондоо  маргалдаж зодолдсоны улмаас тус тусын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Ц.Мгийн  мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын цэвэрлэх байгууламжийг засварлахаар ажлын газрын  хамт олонтойгоо 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр ирсэн. Хэнтий аймагт ирээд Хэрлэн сумын 5 дугаар багт байрлах Тулга дэлгүүрийн дээд талд байр түрээслэж амьдарсан. Хэрэг  учрал гарсан өдөр буюу 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Тулга дэлгүүрийн түрээсийн байранд ажлын газрынхаа Энхбаатар гэдэг ахтай хамт Хараа нэртэй 1 шил 0,75 литрийн архи 1 ширхэгийг хувааж уусан. Манай ажлын газрын хүмүүс цэвэрлэх байгууламж орж хоол идэхээр явахаар нь би архи уучихсан даргад баригдчихна гэж бодоод яваагүй үлдсэн. Үлдээд хашааны гадаа тамхи татаад зогсож байхад нэг танихгүй согтуу залуу ирээд хашаа руу орох гэхээр нь би оруулахгүй гэж хэлээд хоорондоо маргалдсан. Бид хоёр хоёр биенийгээ цохиод зууралдаад газар  унацгаасан. Газар унаад зууралдаад байж байхад цагдаагийн алба хаагч ирсэн....Дээд уруулын дотор тал язарсан, зүүн талын чих бага зэрэг зулгарсан...Надад гомдол санал  байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 тал/

 

Хохирогч Б.Бын мөрдөн байцаалтанд өгсөн: “ ... Би 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 18 цагийн үед Хэрлэн сумын 5 дугаар баг Саригт байх Адилбиш гэдэг таньдаг ахтайгаа гэрт очиж  Цагаан ханиад гэх нэртэй  0,75 лмтрийн архинаас 1 ширхэгийг Гантөмөр ах, Адилбиш ах бид гурав  хувааж уусан. Ууж дуусаад гэр рүүгээ явах гээд 19 цагийн үед гарсан. Гэр рүүгээ явж байхдаа Тулга дэлгүүр рүү орох гээд  урд хаалган  дээр нь очсон. Урд хаалган дээр очиход нэг залуу зогсчихоод оруулахгүй байсан. Тэгэхээр нь маргалдаж байгаад барьцалдаж аваад бие биеийгээ цохиод газар унацгаасан. Газар унаад ноцолдож байхад цагдаагийн алба хаагч ирсэн....Миний дээд уруулын дотор тал язарсан, зүүн талын чих бага зэрэг зулгарсан... надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 тал/

 

Гэрчээр Н.Эрдэнэбулган мөрдөн байцаалтанд өгсөн: “... Би 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 18 цагаас 21 цагийн хооронд урүүлжүүлэх саатуулах байрны жижүүрийн цагдаа Б.Эрхэмбаярын хамт эргүүлийн үүрэг гүйцэтгээд чиглэлдээ явж байх үед жижүүрээс залгаад Хэрлэн сумын 5 дугаар баг хэрлэн сум Тулга дэлгүүрийн гадаа 2 хүн зодолдож байна гэж хэлсэн. Очиход Б, М хоёр хоорондоо зодолдсон байдалтай байж байсан. Тухайн хоёр хүний биеийн гаднах хэсэгт гэмтэл шарх учирсан. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир эрүүлжүүлэх саатуулах байр руу аваад явсан. Эрүүлжүүлэх дээр ирээд харахад Бын шүд унасан, Мгийн нүүр нь халцарсан байсан. Гараараа бие биенийгээ цохисон юм шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 тал/

 

Гэрчээр Б.Эрхэмбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “... Би 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 18 цагаас 21 цагийн хооронд Хэрлэн сумын 5 дугаар багт харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Эрдэнэбулганы хамт эргүүлийн үүрэг гүйцэтгээд Тунсаг дэлгүүрийн ойролцоо явж байхад жижүүрээс залгаад Хэрлэн сум Тулга дэлгүүрийн гадаа 2 хүн зодолдож байна гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хамт очиход Б, М хоёр хоорондоо зодолдсон байдалтай байж байсан. Тухайн үед Быг харахад шүд унасан, Мгийн нүүр нь халцарсан байсан. Тухайн хоёр хүн согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учир эрүүлжүүлэх саатуулах байранд авч ирэхэд гэмтэлтэй байсан учир хүлээж авахгүй гэсэн тул мөрдөгч Ганхуягт хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 30 тал /

 

            2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх шинжилгээний шинжээч эмчийн 188 дугаартай дүгнэлтээр: “...Б.Бын зүүн дээд 1-р шүдний  булгарал, уруулын дотор салст, баруун  сарвууны  ар хэсэгт  мэс заслын  оёдол бүхий  шарх, баруун хацранд  зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх зүүн дээд  1-р шүдний булгарал нь  ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5% алдагдуулна, бусад гэмтлүүд  нь ерөнхий хөдөлмөрийн  чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 42 тал/,

            2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх шинжилгээний шинжээч эмчийн 189 дугаартай дүгнэлтээр: “...Ц.Мгийн биед дээд уруулын  дотор салстанд шарх,  зөөлөн эдийн няцрал,  баруун хацар, эрүүнд зулгаралт, зүүн чихний дэлбэн, духанд шарх, цээжинд цус хуралт   гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид  ерөнхий хөдөлмөрийн  чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 45 тал/ гэх зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Б.Б, Ц.Мөнгөншөгай нарт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Б.Б, Ц.М нарт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Б, Ц.М нарт холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт тус тус 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгч нарт  ял оногдуулахдаа хохирогчид төлөх төлбөргүй, сайн дураараа эвлэрсэн хохирол, гомдол санал байхгүй гэсэн байдал зэргийг харгалзан ялын саналын хүрээнд шийдвэрлэж, уг ялыг шүүгдэгч нарын саналаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр 150.000 төгрөгөөр төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйл үгүй, шүүгдэгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлээгүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Б, Ц.М нарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Б, Ц.М нарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус  шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Б.Б, Ц.М  нарт оногдуулсан 450 /дөрвөн  зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сард 150.000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Ц.М нар нь оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 /арван таван мянга/ төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Б, Ц.М нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Б, Ц.М нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                        Ц.МӨНХТУЛГА