Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2020 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 101

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2020/0132/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                                 Г. О,

Улсын яллагч                                                              Б.Б,

Шүүгдэгч                                                                       Д.Г нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгээс Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Г холбогдох 2039000..........дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Д.Г нь 2019 оны 10 дугаар сарын 23-ны орой Хэнтий аймгийн Батширээт сумын Онон багийн  нутаг “Улаан бургас” гэх газарт иргэн  Д.Д  хувийн таарамжгүй харилцааны улмаас марган түүний нүүрэнд  нь гараараа цохих  хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д нь 2019 оны 10 дугаар сарын 23-ны орой Хэнтий аймгийн Батширээт сумын Онон багийн нутаг “Улаан бургас” гэх газарт иргэн Д.Д  хувийн таарамжгүй харилцааны улмаас марган түүний нүүрэнд нь гараараа цохих  хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:

 

Хохирогч Д.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2019 оны  10 дугаар сарын 21-ний өдөр Хэнтий  аймгийн Батширээт сумын Онон багийн нутаг “Улаан бургас” гэх газарт өөрийн өргөмөл дүү Д.Г, түүний төрсөн ах Энхбаярын Ганзориг нарын хамт явж байгаад Д.Г зодуулсан. Би Г  зодуулсанаас болж  миний хоёр нүд хөхөрч, зүүн нүдний  торлог бүрхүүл  гурван газар урагдсан. Би зодуулсанаас болж  Улсын 3 дугаар эмнэлэгт 2 удаа хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Б0 2019 оны 10 дугаар сарын 18-ны орой Д.Г машинтай Хэнтий аймгийн Батширээт сум руу  явах замдаа  Багануур дүүргээс  Э.Ганзоригийг авч  бид гурав хамтдаа Батширээт сумын Хурах багт очоод Ононбаяр гэдэг айлаас би  өөрийнхөө үхрээ аваад туугаад Батширээт сумын “Улаан бургас” гэх газарт  Ганбатынд очиж тууж явсан үхрээ  хүлээлгэн өгсөн. Тэгээд Д.Г-гийн Энхгэрэл,  Борвоогийн  Сүхбат нартай нэрмэл архи уусан. Би  4-5 аяга   аяга нэрмэл архи уугаад  согтсон. Ингээд 2019 оны  10 дугаар сарын 21-ний  орой  19 цагийн  үед Улаанбаатар луу хоёр дүүгийнхээ хамт машинтайгаа явсан. Би нэрмэл архинд нилээн согтсон байсан. Зарим зүйлсийг санахгүй байгаа юм. Би машины арын суудалд суугаад  Д.Г  машин бариад, Ганзориг жолоочийн хажуу  талд  урд суудалд суугаад  явсан юм.  Би согтуу байсан болохоор дүү  нартаа  хэдэн  үг хэлсэн байх. Тэгтэл  гэнэт машинаас зогсоогоод  Гантулга  намайг  машины арын  хаалгыг  онгойлгоод  намайг  машинаас буулгаад  газар унагааж  өшиглөж зодсон. Ингээд  намайг машинд суулгаад   сумын төв рүү  авч явсан. Тэгээд сумын  төв дээр шатахуун авах үед  нь би машинаас   буугаад Алтанхуягийн гэх  айлд очсон. Тэндээ хоноод  маргааш өглөө  Портерээр Оросоо айлынд хүргүүлсэн. Ингээд  намайг Оросоогийнд байхад Ганзориг  ирээд  миний эд зүйлийг  өгөөд  та өчигдөр  Г гуйлгачин гэж  загнаад байсан. Тэгээд Гантулга  таныг зодсон гэж хэлж байсан. Ганзориг бол намайг  зодсон  асуудал байхгүй. Би анх тэр хоёрыг зодсон байх гэж бодож явсан юм. Би болсон асуудлыг  бүдэг санаж байна. Би эмчилгээний зардалд нийт 5.639.300 төгрөг зарцуулсан.  Үүнээс 3.707.595 төгрөгийг нийгмийн даатгалаас хөнгөлсөн. Би бэлнээр эмчилгээнд 1.931.705 төгрөг зарцуулсан. Би цаашид гарах эмчилгээний зардлыг  иргэний журмаар эмчилгээ  сувилгаа  хийлгэсний дараа  нэхэмжлэх болно. Энэ удаа бэлнээр гарсан мөнгийг нэхэмжлэхээс гадна сэтгэл санааны хохирол болгож 3.000.000 төгрөг нэмж нэхэмжилнэ. Нийт 5.000.000 төгрөг  нэхэмжилж байна. Надад эмчилгээний зардлаас  Гантулга мөнгө төгрөг огт өгөөгүй байгаа нь үнэн. Би тухайн үед өөрийн 67-61 убт  улсын дугаартай автомашинтай  явсан. Уг машиныг Г Ганзориг хоёр  ээлжилж барьж явсан юм....Надад эмчилгээний  зардлыг  төлж барагдуулах юм бол, надад нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 тал/

 

Гэрчээр Э.Ганзоригийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр өгсөн”...Би өөрийн хүнд өргөгдсөн дүү Г болон Д хамт Хэнтий аймгийн Батширээт суманд 2019 оны 10 дугаар сарын 21-ний орой Д.Д ахын машинтай явж байхад согтуу Г бид хоёрт агсан тавиад хэл амаар доромжилж, хөдлөөд явж байсан машины рулийг булааж, машин тэрэг бариулахгүй байсан. Тэгтэл Г машинаа зогсоогоод Д ахыг машинаас буулгаад нэг удаа цохисон байх....” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 тал /

 

Гэрч Д.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 01 дугаар сарын 17-ны өдөр өгсөн”...Тэгээд Ононгийн гүүр рүү өсгөж байхад дахиад машины руль булаасан. Тэгээд гүүрээр гараад 20-иод метр яваад чи муу буу би өөрөө машинаа барина гэхээр нь, би машинаа зогсоогоод та гүүрэн дээр хүн алах гээд л арын хаалгаа онгойлгоод Дагвасүрэн ахын нүүрэн тус газарт нь цохиод хаалгыг нь хаагаад цаашаа явсан. Тэгээд чи муу намайг цохидог хэн бэ? Гээд араас толгой руу цохиод, зүүн гараараа руль булаасан. Тэгээд машинаа зогсоогоод машинаас татаж гаргаж иртэл намайг гараараа нүүрэн тус газарт цохихоор нь би зөрүүлж гараараа цохиод, гараараа цохисон. Тэр үед Ганзориг ах Д ахыг цохиж зодсон асуудал байхгүй. Би Д-н ахыг зодож биед нь гэмтэл учруулсан асуудлаа хүлээн зөвшөөрч байна...”  гэх мэдүүлэг / хх-ийн 19 тал /

 

Гэрч Х.Мөнхбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 20 цагийн орчимд гэрээсээ гараад айл руу явж байгаад манай нутгийн ах Зоригт гэх айлын хашаад хүн хашгираад байхаар нь яваад ороход Зоригт гэх айлд Адъяа Наранхүү түүний эхнэр Оюунгэрэл Баянмөнх нар байсан. Баянмөнхийн толгойноос нь цус их хэмжээгээр гойжсон байсан. Бусад хүмүүс нь бүгд сууцгааж байсан. Тэгээд би тэд нарт хандаж та хэд эмнэлэгт дуудаж үзүүл. Наад чинь болохгүй шүү гэж хэлчихээд юу болсон талаар асуухад дуугарах хүн байхгүй болохоор нь би Зоригт ахынхаас гараад цагдаагийн байгууллагад мэдэгдээд харьсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 26-27 тал /

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн №77 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: “...1.Д.Д биед зүүн нүдний торлогийн хуулрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Уг гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заагдсанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна. 5.Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна....” / хх-ийн 22 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Д.Г холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Д.Г Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Г холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

Хохирогч Д.Д шүүгдэгч Д.Г нь 4600000 төгрөгийг 2021 оны 04 дүгээр сарын 21-ний дотор төлж барагдуулна гэж баримт үйлдэн нотариатаар батлуулсан байна.

 

Шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр  зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г  800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  800.000 /найман зуун  мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Д.Г нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш  8 /найм/ сарын хугацаанд сард 100000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.  

 

4. Шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

 5.  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г 4600000 төгрөгийг 2021 оны 04 дүгээр сарын 21-ний дотор гаргуулж хохирогч Д.Д олгохыг даалгасугай.

 

6. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Г авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                          Ц.МӨНХТУЛГА