Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2020 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 106

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:180/2020/0128/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                  Г.О

Улсын яллагч                                               Ж.Б

Шүүгдэгч                                                       Г.Д

Шүүгдэгчийн өмгөөлөгч                             Д.Г нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Д холбогдох 20390002............. дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр  сарын 27-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Яллагдагч  Г.Д нь 2019 оны 12 дугаар сарын 23-24-нд  шилжих шөнө  Хэнтий аймгийн Бэрх тосгоны  1 дүгээр багт бичил  уурхай эрхлэх  зөвшөөрөлтэй “Чимэдийн хөндлөн”  нэртэй нөхөрлөлийн  талбайгаас  бэлтгэсэн 1 тонн 200 кг жоншийг  тээврийн хэрэгсэл ашиглаж  хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдааны үед:

Шүүгдэгч Г.Д нь:...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, учруулсан хохирлоо төлсөн...гэжээ.

 

Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч Ж.Б өгсөн:..2019 оны 12 дугаар сарын 24-ний  өглөө  манай  Чимэдийн нөхөрлөл дээр  ажиллаж байсан хүмүүс  утсаар яриад бидний гаргасан 2 тонн жоншийг  хулгайч машинаар ачаад аваад  явсан байна гэж хэлсэн.  Тэгээд би  тэр үед Бэрхийн  цагдаагийн  тасагт мэдэгдсэн.  Харин жоншийг хулгайлсан нөхөр  нь бол манай  сумын хүргэн  Д гэх залуу байсан.  Д нь өөрийн эзэмшлийн  ногоон өнгийн стана маркийн  машинаар манай  нөхөрлөл дээрээс  1 тонн гаран  жонш хулгайлсан байсан. Тэр хулгайн жоншоо  Бэрхийн жонш авдаг Мераш  гэх хүнд зарсан байсан.  Улаанбаатар хотоос Амар, Ганбат хоёр  миний  нөхөрлөл дээр  шинэ  жил болтол  ажил  хийе гэж надтай  ярилцаад  ирээд  удаагүй байсан юм.  Амар, Ганбат хоёр  хэр хэмжээний жонш гаргаснаас  хамаарч  би  цалинжуулан  ажиллуулж  байсан юм....Миний нөхөрлөлийн жонш бол  92 хувийн сорьцтой  жонш байдаг юм.  Мөн сум орон нутагтай гэрээ хийсэн албан ёсны зөвшөөрөлтэй...Д хулгайлсан жоншоо  төлж барагдуулсан болохоор  одоо ямар нэгэн гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 20 хуу/

 

Иргэний нэхэмжлэгч А.Б өгсөн:..2020 оны 01 дүгээр сарын 16-ны үед байсан байх аа сайн санахгүй байна Facebook дээр  эхнэрийнхээ Солонго Соко  гэх хаяг дээр  Истана  маркийн  машин зарна гэсэн зарын дагуу  98265816 гэх утсаар  холбогдсон.  Тэгээд харилцан ярьж  тохироод  машины наймаа хийсэн.  Урьд өмнө нь тэр залууг  таньдаггүй байсан наймаа хийх гэж анх  удаа Хэнтий аймагт очиж  зүс бараагаа харж  танилцсан...Би Д 7950 убг улсын дугаартай  Истана маркийн машиныг өөрийнхөө унаж байсан Хондо HPV маркийн  машин дээрээ  700.000 төгрөг бэлнээр  нэмээд наймаа хийхээр болсон. 2020 оны 02 дугаар сарын 18-нд  Хэнтий аймагт  очиж хоёр машинаа  солилцож  500.000 төгрөг өгч худалдан авсан.  Худалдах худалдан авах гэрээ  хийж авсан.  Уг машин  нь 200.000 төгрөгийг  торгуультай  байсан болохоор би төлөх байсан 700.00 төгрөгнөөс  бэлэн 500.000 төгрөгийг  өгөөд  үлдсэн 200.000 төгрөгийг  торгуульд нь өгөх гээд  суутгаад аваад үлдсэн.  Худалдах худалдан авах гэрээ хийсэн  байсан тул  өөрийн нэр дээрээ шилжүүлэг  хийлгээгүй байсан...Анх  Д  наймаа хийх үедээ  би машины  бичиг баримтыг бүрэн бүтэн авсан. Би өөрөө машины  тээврийн хэрэгслийн  гэрчилгээг  биедээ авч  явж байгаад  гээгдүүлсэн. Одоо энэ машины гэх бичиг баримт байхгүй...Надад санал хүсэлт болон нэхэмжлэх зүйл байна, өөрийн  эзэмшлийн HPV  маркийн машин, дээр нь  нэмж өгсөн 500.000 төгрөгөө буцааж  авах хүсэлт гаргаж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 17 хуу/

 

Гэрч М.Амарын өгсөн:...Би болон манай найз Г нар нь 2019 оны 12 дугаар сарын 18-ны  өдөр  Улаанбаатар хотоос гараад  Хэнтий аймгийн Бэрх  тосгоны  Чимэдийн уурхайд гар аргаар жонш олборлохоор  ирсэн.  Тэгээд 5-6 хоног ажилласаны дараа бид хоёрын гаргасан  жоншийг  тонн гаран  жонш  гаргасан байна гэж хажуу талын  аманд ажиллаж  байсан хүмүүс нүдээр  харчихаад тэгэж  байсан.  Харин яг хэд байгааг  нь бол бид  хоёр метрлэж үзээгүй. Тэгээд 2019 оны 12 дугаар сарын  23-ны орой  16 цагийн орчим бид хоёрыг ажлаа  хийж  байхад нутгийн залуу болох  Д гэх хүн  бид хоёрын  ухаж байсан нүхны  зүүн талд  байх айлд ирсэн.  Тэгж байтал тэр  Д  гэх хүн бид хоёрын жонш гаргаж  байсан нүхэн дээр ирэн  бид хоёртой  юм ярьж  байгаад  харанхуй  болгоод  ажлаасаа буугаад  байрлаж байгаа  гэрлүүгээ  явахад бид хоёрын байрлаж байгаа  айлын эзэн болох  Болд нь Д  орсон айл руу  орж  байсан тэгээд бид хоёр  араас нэг  аккумлятор цэнэг муу  байна  эндээс  нэг аккумлятор  авчихлаа  гэр лүү явахдаа  аваад  яваарай  гэж хэлсэн.  Болд нь  Д хандан чи  бид хэдийг  машинаараа гэр лүү  хүргээд өгөөч гэж хэлсэн. Тэгээд Д за гээд  бид гурвыг ногоон өнгийн  стана  маркийн  машиндаа суулгаад гэр  лүү  хүргэж өгсөн.  Харин гэрийн гадаа ирж зогсохдоо машины кардан ажиллахгүй  гээд гэрийн  үүдэнд овоолттой  байсан цасыг  мөргөж машинаа  зогсоож  байсан.  Тэгээд маргааш нь буюу 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн өглөө  09 цагийн  орчим бид хоёр   ажилдаа гарах гэж  байхад манай  хажуу талд ажиллаж байгаа  Амараа гэх залуу  орж  ирэн танай манай хоёрын  гаргасан жоншийг  машинаар ачаад  хулгайлаад явсан байна гэж хэлсэн. Тэгээд бид хоёр гараад  жонш хураасан газартаа  очиж харахад бүгдийг нь ачаад аваад явсан байсан.  Цасан дээр гарсан мөрийг нь  харахад дан дугуйтай машины мөр байсан.  Тэгээд цааш нүхний  аман дээр очиж  харахад нөгөө  дан дугуйтай  машины  мөр  ямар  нэгэн тормоз гишгэсэн мөр  байхгүй шууд  очоод хад мөргөж  зогссон байсан. Тэгээд би  бодохдоо  өчигдөр  оройны  ирдэг Д машин  тормозгүй юм мөргөж  зогсож байсан талаар  бодоод  Дөлгөөнмандалыг сэжиглэн  тэгээд  Бэрхийн цагдаагийн тасагт дуудлага өгсөн...Би найз  Ганбатын хамт  Баярбанзрагчийн эзэмшлийн  нөхөрлөл дээр  гар аргаар жонш  олборлохоор ирээд  байсан юм, тухайн  хулгайд алдсан  жонш нь  Баянбанзрагчийн  эзэмшлийн жонш байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 21 хуу/

Гэрч Б.Ганбатын өгсөн:.. 2019 оны 12 дугаар сарын  24-ний  өглөө жоншиндоо  гарах гэхэд  манай хажуу талын нүхэнд  гар аргаар  жонш олборлож байгаа  хүмүүс гэрт орж ирэн бид  хэдийн  жонш алга  болчихсон байна гэж  хэлсэн. Тэгээд  найз Амарын хамт  жонш байсан газартаа  очиж үзэхэд  бид хоёрын гаргасан жонш хулгайд  алдсан байсан. Ойр  орчимоор нь  харахад  дан дугуйтай  машины  мөр байсан.  Тэгээд манай  найз Амар  нь бид  хоёрын жоншийг өчигдөр  оройны ирсэн  Д нь хулгайлсан байж  магадгүй юм байна. Учир нь  манай жоншийг ачсан  машин нь  тормоз байхгүй  хад очиж  мөргөж  зогссон  юм шиг байна. Харин  Д машин  тормоз  байхгүй  зогсохдоо манай гэрийн  урд байх  овоолсон цасыг  мөргөж  зогсож байсан гэж  надад хэлсэн. Тэгээд  манай найз  Амар нь  цагдаагийн  байгууллагад хэлсэн.  Цагдаагийн  байгууллагынхан  шалгаад  та хоёрын   хулгайд  алдсан  жоншийг Д нь  хулгайлсан  байна гэж  л хэлсэн.  Д  уулзахад  ах уучлаарай  та хоёрын гаргасан жоншыг  би  архины  халуундаа  очоод  хулгай хийсэн  байна лээ гэж  хэлсэн. Тэр хулгай  хийсэн жоншоо  зараад  мөнгө  болгосон нийт жонш 1 тонн 200 кг болсон мөнгө  нь 720.000 төгрөг  болсон тэр  мөнгийг  би  эхнэрийнхээ дансанд  хийлгэсэн гэж хэлсэн...Бид хоёрын гаргасан  жонш  барагцаагаар  1 тонн гаран  байсан. Яг хэдэн кг байсан талаар хэмжиж үзээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 24 хуу/

 

Гэрч Д.Амарсанаагийн өгсөн:...Би Хэнтий аймгийн Батноров сумын  7 дугаар баг Бэрх  тосгоны Чимэдийн нөхөрлөл дээр жонш  ялгагчаар  2019 оны  12 дугаар сарын 12-ны өдөр  ирэн ажилласан. Тэгээд 2019 оны 12 дугаар сарын 24-ний өглөө  босоод  ажлаа хийх гээд жонш  ялган хурааж  байсан  газартаа  ирэхэд бид  хэдийн  гаргасан жоншийг  маань  томчлоод  хулгай хийсэн байсан. Нүдээр  харахад илт  мэдрэгдэхээр  авсан байсан. Тэгээд  юу болов гээд  ойр хавиар харахад  дан дугуйтай  машины мөр цасан дээр   гарсан байсан. Тэр машин  нь ухарч  зогсоод  гаргасан жоншийг  маань  ачсан юм шиг  машины  мөр нь  тэгж  харагдсан.  Тэгээд би хажуу талд  мөн  адил  жонш  ялгаж ухаж байгаа  Амар, Ганбат нарын гаргасан  жоншин дээр очин харахад  тэдний жонш бас алга  болсон байсан. Тэгэхээр  би тэр хоёрын  байрлаж байгаа  гэрт орон   өчигдөр  орой буюу  2019 оны  12 дугаар сарын 23-наас  24-нд шилжих шөнө  бид хэдийн гаргасан  жонш  та хоёрын гаргасан  жоншийг  хулгай  хийн аваад  явсан  байна гэж  хэлсэн. Тэгтэл тэр хоёр гарч  ирэн жоншоо  харсан.  Тэдний жоншийг  авсан машины мөр  адил дан дугуйтай  жижиг тэрэгний мөр байсан. Тэгээд бид хэд хоорондоо  ярилцаж байхад  жонш хулгайлсан хүний  машин нь тормоз  байхгүй  байж магадгүй учир  нь манай жоншийг  хулгай хийгээд  ирж зогсохдоо  шороо  мөргөөд  зогссон байсан гэж хэлэхэд  Амар нь тэгвэл өчигдөр оройны  ирсэн истана  маркийн машины тормоз нь  ажиллахгүй манай гэрийн гадаа  зогсохдоо овоолсон  цас мөргөөд  зогссон  гэж байсан. Тэгээд цагдаагийн  байгууллагад хандсан...Тэр истанагийн жолооч  нь манай нөхөрлөлийг  манаж  байгаа манаач болох  Батнасан гэх айлд ганцаараа ирсэн. Тэр залуугийн унаж ирсэн машин нь  ногоон өнгийн  истана байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 30 хуу/

Гэрч С.Батнасангийн өгсөн:...Намайг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр  гэртээ буюу  сахиулынхаа  гэрт  байхад  ногоон өнгийн истана  маркийн машинтай  Д  гэх залуу  ганцаараа  ирсэн. Тэгээд манай гэрт  орж ирэхэд нь би  чи энд  ямар ажилтай яваа  юм бэ  гэж асуухад Д нь би  зүгээр  явж  байна гэж  хэлсэн. Тэгээд гэрээс  гарсан эргээд  орж ирэхдээ 0.5 гр хараа  нэртэй архи  барьж  орж ирсэн.  Тэр архийг  нь хамт уугаад  сууж байгаад чи Бэрх  тосгон орох юм уу  би  айлаас  мах  авах  гэсэн  юм гэж  асуухад  Д нь тийм ээ би Бэрх орно гэж  хэлсэн. Тэгээд  би  Д  машинд  суугаад Бэрх  тосгон  ороод буусан харин Д нь тэгээд  машинтайгаа яваад өгсөн.   Тэгээд би  Бэрх тосгонд  айлд хоночихоод маргааш  нь буюу  2019 оны 12 дугаар  сарын  24-ний өглөө  сумаас  хойш  байх Чимэдийн  жонш  нөхөрлөл  буюу  гэр лүүгээ  очсон гэртээ  очоод удаагүй байтал араас  Бэрх  тосгоны  цагдаа  Шагай  гэх хүн  манайд ирээд  таны  харж  байгаа нөхөрлөлийн  жонш  хулгайд  алдагдсан байна. Өчигдөр орой  танай гэрт  ирэн таньтай  хамт уусан архи уусан Д гэх  хүнийг олох хэрэгтэй  байна. Тийм болохоор  та хамт  машинд суугаад хамт явчих гэж  хэлсэн. Тэгээд Бэрх тосгон дээр  ирээд жонш авч  байгаа газруудаар  хайж явья  гээд жонш авдаг  Хийморь гэх хүний  хашаанд  зогсож байхад  Д нь гаднаас  дугуй унаад ороод ирсэн. Тэгээд Д  уулзаад  гэр лүү  нь очиход Д гэрийн  гадаа  ногоон өнгийн  истана  маркийн  машины  арын хоёр дугуй  нь шатаад хагарсан байсан. Тэгээд  малын саравчийг  нь очиж  үзэхэд нөгөө хулгайлсан жоншоо хураагаад дээгүүр нь юмаар хучсан байсан. Тэгээд  Д суулгаад цагдаагийн хэсэг дээр  ирсэн. Тэр хулгайлсан жонш нь  1 тонн гаран  жонш  харагдаж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 хуу/

Гэрч К.Солтааны өгсөн:..  2019 оны  12 дугаар сарын 24-ний орой  миний 99605336 дугаарын  утас руу  Ононгийн  дүү байна  гээд  над руу утасдсан. Тэгээд  би таньд жонш  өгөх гэсэн  юмаа гээд машинаар  ачаад манай  ажлын  хашаанд ирсэн  байсан. Тэгээд би гараад  авчирсан жоншийг  нь метрээр хэмжихэд 1 тонн  200 кг жонш  байсан.  Тэгээд тэр  хэмжсэн жоншоо  би байгууллагын хашаанд  байгуулсан  жоншин  дээр нэмж  буулгасан. Тэр жоншний мөнгийг  нь манай нөхөрлөлийн  эзэн Мираш  нь өгсөн.  1 тонн 200 кг  жонш нь 720.00 долоон зуун хорин  мянган төгрөг болсон. Тухайн  үед би  тэр жоншийг  хулгайн жонш  гэдгийг нь мэдээгүй харин тэр  орой нь цагдаа ирэн шалгалт хийхэд хулгайн жонш байна  гэдгийг  мэдсэн. Дээрх 1 тонн 200 кг  жоншийг  авчирч  өгсөн хүнийг Д гэдгийг  нь би сүүлд  нь мэдсэн.  Д нь  өмнө нь бол надад  жонш хэд хэдэн удаа  авчирч өгч байсан болохоор  би тэр залууг  би хараад танина  харин нэрийг  нь бол  мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 36 хуу/

Г.Д яллагдагчаар өгсөн:...2019 оны 12 дугаар сарын  23-ны өглөө  Чимэдийн хөндлөн  гэх газраас  хүмүүстэй  нийлж  жонш ухахаар өөрийн эзэмшлийн  7950 УБГ улсын дугаартай  истана маркийн  тээврийн хэрэгсэлтэй  гэрийнхээ  гаднаас  хөдөлсөн. Тэгээд  Бэрхийн төв дээр орж  ирээд  Чимэдийн уурхай  дээр манаач хийдэг таньдаг ахдаа  дэлгүүр орж  0.5 граммын  хараа архи аваад тэндээсээ Чимэдийн  хөндлөн явсан, тэгээд уурхайн манаач  Батнасан ах дээр ирээд авч  очсон архи  гаргаж өгсөн, тэгээд уурхайн шигшээд  хаясан овоолттой  шороонд жонш үзсэн чинь жонш гаргаагүй, тэгсэн Батнасан ах хоёулаа  чиний машинтай  төв орчихоод  ирье ах нь машинд чинь 20 мянган төгрөгөнд  түлш хийчихье гэхээр нь  тэг  гэж  хэлсэн, тэгээд Чимэдийн уурхайгаас дээш байдаг Болдын уурхайд ажиллаж  байсан хоёр хүнийг аваад 4-лээ  Бэрх тосгоны  төв явцгаасан. Тэгээд төв орж  ирээд  дэлгүүрийн  гадаа  зогссон, тэгсэн Батнасан ах дэлгүүр орж гэртээ хүнсний  ойр зуурын  юм аваад гарч  ирсэн, бид хоёртой хамт ирсэн хоёр хүн нь  машинаас буугаагүй тэгээд  тэндээсээ  буцаад  уурхай руу хөдөлсөн, тэгээд  замдаа Батнасан  ах торноосоо  1 шил  0.75 граммын  стандарт  архи гаргаж  ирээд тэр гурав талд  нь ортол   хувааж ууцгаасан. Тэгээд Болдын уурхай дээр  ирэхэд оройны 18 цагийн үед гадаа  харанхуй болчихсон байхад  очсон, тэгээд тэр гурав  үлдсэн архи  ууж байгаад хоорондоо муудаад  байхаар нь  би Батнасан ахыг  тэднийхээс  авч гараад  гэр лүү  нь оруулах  гэсэн чинь  Батнасан ах  ахын  дүү буцаад Бэрх орчих ах нь  20.000 төгрөгөнд түлш  хийж өгье төв орж  мах авах хэрэгтэй байна гэж  хэлэхээр нь би  тэндээсээ дахиад Бэрх  явсан, тэгэхэд  гадаа нилээн цас  шуурч  байсан,  тэгээд  Бэрхэд орж ирээд 68 дугаар байрны  гадаа  ирсэн, тэгсэн Батнасан ах, ах нь буугаад  мах аваад ирье гээд  байр луу  орсон, тэгээд  би машиндаа  хэсэг  сууж  байгаад  гарч  ирэхгүй болохоор  Батнасан  ахын  утас руу  залгасан чинь  утас нь  холбогдохгүй байсан, тэгээд  би гайхаад яагаад гарч  ирэхгүй байна надаас  зөрөөд  уурхай руу  алхачихсан юм болов уу  гээд  тэндээсээ шууд  Чимэдийн  уурхай  явах замдаа  Батнасан ахыг  харж  явсаар  уурхай дээр ирсэн, тэгээд  гэрийнх  нь гадаа  ирээд  харахад гэр нь  цоожтой байсан, тэгээд тэндээсээ харих гэтэл  уурхайн  баруун  талд  ил  гаргачихсан хоёр  хэсэг жонш байхаар  нь зүүн  талынх  нь жоншноос  томчлоод  машиныхаа  ар талд  ачсан, мөн  баруун  талд байсан жоншийг  бүгдийг  нь  ачсан,  баруун  талын жонш бол багцаагаар  700-800 кг жонш байсан, харин  зүүн талын жоншноос 300-400 кг жонш томчилж ачсан,  тэгэхэд зүүн талынх нь  жоншноос  ихэнх нь үлдсэн.  Тэгээд  тэндээсээ  шууд  гэр лүүгээ  явсан, замдаа машины  4 дугуй  хагарсан, мөн  кроп нь  эвдэрээд гэртээ  ирсэн, тэгээд гэрийнхээ  гадаа  ирээд  нөгөө  жоншоо  хашаанд  буулгаад  амарсан. Тэгээд маргааш  нь цагдаа  нар ирээд  жоншны  талаар  асуусан. Тухайн үед  мөнгөний  хэрэг  гараад,  машиндаа  сэлбэг авах  гээд  авсан юм...хоорондоо 100-150 метрийн  зайтай, хоёр  хэсэг  жонш байсан, тэр  хоёр  жонш  нь Б  гэж хүний  жонш гэсэн...900.000 төгрөг  өгч  хохирлоо  төлж  барагдуулсан...Миний өөрийн  эзэмшлийн  тээврийн хэрэгсэл байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 хуу /

 

Хохирогч Ж.Б алдсан 1 тонн 200 килограмм жоншний үнэлгээг 720.000 төгрөгөөр тогтоосон Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ий шинжээчийн 2020 оны 02 дугаар  сарын 12-ны өдрийн хц20-03 дугаартай дүгнэлт /хх-ийн 45 хуу/

Яллагдагч Г.Д гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 7950 УБГ улсын дугаартай  istana маркийн автомашины үнэлгээг 2.800.000 төгрөгөөр тогтоосон Хөрөнгийн үнэлгээний Фэйр валуэшн ХХК-ий шинжээчийн 2020 оны 03 дугаар  сарын 16-ны өдрийн №127 дугаартай дүгнэлт /хх-ийн 47 хуу/

 

            Г.Д гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 7950 УБГ улсын дугаартай  автомашиныг  битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 13-14 хуу/

Г.Д иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 77 хуу/

Г.Д нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 88 хуу/

Г.Д нь өөрийн эзэмшлийн 7950 УБГ улсын дугаартай  Ssangyong istana маркийн автомашиныг 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр  А.Баярсайхан гэх хүнд зарсан тухай “тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээний хуулбар /хх-ийн 65 хуу/

7950 УБГ улсын дугаартай  Ssangyong istana маркийн автомашины тээврийн хэрэгсэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 49, 67 хуу/

“Чимидийн хөндлөн”  нөхөрлөлийн Монгол Улсын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 70 хуу/

Хэнтий аймгийн Батноров сумын Засаг дарга Г.Тайванжаргал болон” Чимидийн хөндлөн” нөхөрлөлийн тэргүүн Ж.Б нарын хооронд 2019 оны 03 дугаар сарын 1-ний өдрөөс  2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл хугацаагаар байгуулсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох” тухай гэрээний хуулбар /хх-ийн 71-74 хуу/

Хохирогч Ж.Б-ийн гаргасан “Г.Д нь учруулсан хохирлоо барагдуулсан тул гомдолгүй” тухай тодорхойлолт /хх-ийн 112 хуу/

Оролцогчдод хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 113-115 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Г.Д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

   Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Г.Д нь 2019 оны 12 дугаар сарын 23-24-нд  шилжих шөнө  Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны  нутаг дэвсгэрт  бичил уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг “Чимэдийн хөндлөн”  нөхөрлөлийн  олборлосон 1 тонн 200 кг жоншийг  хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч  өөрийн эзэмшлийн 7950 УБГ улсын дугаартай  Ssangyong istana маркийн автомашинд ачиж яван хохирогч Ж.Б 720.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.   

Шүүгдэгч Г.Д нь шүүх хуралдааны үед гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь хохирогч Ж.Б, гэрч А.Амар, Б.Ганбат,  Д.Амарсанаа, С.Батнасан, К.Солтаан нарын мэдүүлэг  болон  бусад нотлох баримтуудаар тогтоогдсон, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэмт хэргийн нөхцөл байдал болон учруулсан хохирол, гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно.

 

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Д үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Г.Д нь 1 тонн 200 кг жоншийг 7950 УБГ улсын дугаартай  Ssangyong istana маркийн автомашинд ачин тээвэрлэсэн болох нь тогтоогдсон бөгөөд 1 тн 200 кг жоншийг  нэг хүн ганцаараа нэг дор өргөж, авч явах, зөөвөрлөх боломжгүй учир шүүгдэгчийг  хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор автомашин /машин механизм/ ашиглаж үйлдсэн байна гэж дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Г.Д хулгайлах  гэмт хэргийг  машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож, учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2  дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх  нь зүйтэй  гэж үзлээ. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлэн оногдлуулах журмыг хэрэглэх үндэслэлтэй гэж дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч нь өмнө нь гурван удаа шүүхээр ял шийтгүүлж байсныг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлж оногдуулах журмыг хэрэглэх үндэслэлгүй байна.

Хохирогч Ж.Б нь “Г.Д нь учруулсан хохирлоо барагдуулсан тул гомдолгүй” тухай мэдүүлэг өгсөн, тодорхойлолт гаргасан /хх-ийн 112 хуу/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 7950 УБГ улсын дугаартай  Ssangyong istana маркийн автомашин нь Г.Д-ын эзэмшлийнх болох нь тээврийн хэрэгсэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна гэж үзлээ.

 Г.Д нь уг автомашиныг 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр А.Баярсайхан гэх хүнд зарсан  болох нь “тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээний хуулбараар /хх-ийн 65 хуу/ тогтоогдож байгаа, уг автомашин нь хууль ёсны дагуу хийгдсэн гэрээний үндсэн дээр А.Баярсайханы өмчлөлд шилжсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар автомашины үнэ болох 2.800.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв.

Иргэний нэхэмжлэгч А.Баярсайханы гаргасан “Г.Д-аас 7950 УБГ улсын дугаартай  Ssangyong istana маркийн автомашиныг нь худалдаж авахдаа өгсөн өөрийн  эзэмшлийн HPV  маркийн машин, дээр нь  нэмж өгсөн 500.000 төгрөгөө буцааж  авах” тухай нэхэмжлэл нь уг эрүүгийн хэрэгт хамааралгүй, худалдах худалдан авах гэрээг цуцлах, татгалзахтай холбоотой байх тул хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Д нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж, 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс цагдан хоригдсон нэг хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд заасны дагуу эдлэх ялд оруулан тооцож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 79-50 УБГ улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                   

                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Г.Д-ыг  хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтанд заасан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Д-ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч Г.Д-д гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан автомашины үнэ болох 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгийг гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Шүүгдэгч Г.Д оногдуулсан 2  жилийн хугацаагаар  хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад  эдлүүлэхээр тогтоосугай.

5. Шүүгдэгч Г.Д нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 79-50 УБГ улсын дугаартай истана маркийн автомашиныг битүүмжилсэн 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Шүүгдэгч Г.Д энэ хэрэгт цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг Монгол Улсын Эүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу эдлэх ялд оруулан тооцсугай.

7. Иргэний нэхэмжлэгч А.Баярсайханы гаргасан “Г.Д 7950 УБГ улсын дугаартай  Ssangyong istana маркийн автомашиныг нь худалдаж авахдаа өгсөн өөрийн  эзэмшлийн HPV  маркийн машин, дээр нь  нэмж өгсөн 500.000 төгрөгөө буцааж  авах” тухай нэхэмжлэл нь уг эрүүгийн хэрэгт хамааралгүй, тээврийн хэрэгсэлийг худалдах худалдан авах гэрээг цуцлах, татгалзахтай холбоотой байх тул хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ОДХҮҮ